Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00275

 

Б.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00333 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаар магадлалтай,

Б.Ш-ын нэхэмжлэлтэй,

М.Б-ид холбогдох

Гэм хорын хохирол 8.758.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ш-, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ш-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах ГОК гарден хотхоны урд талын авто зам дээр согтуугаар 70-33 ОРО улсын дугаартай КИА-5 маркийн авто машиныг жолоодон явсан жолооч М.Б- нь эсрэг урсгал сөрж зам чөлөөлж зогссон 36-50 ОРХ дугаартай ачааны машинаас бууж байсан намайг мөргөж баруун шилбэний шаант ясны дээд хэсгийн үе доторх далд хугарал, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, өвдөгний үеийн гадна хажуугийн холбоос болон булчингийн урагдал, үе дотор цус хуралт, баруун шилбэнд язарсан шарх, зүүн өвдөгний гадна тал 2 тооны зулгаралт, дух нуруунд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг гэмтэл учруулсан. Гэмтэл учруулснаас хойш одоо болтол ажлаа хийгээгүй. Байнга эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэж байна. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин гэж 999.000 төгрөг төлсөн. Листний мөнгийг хасаад цалингийн зөрүү болох мөнгийг төлсөн байгаа. Эрүүгийн хэргийн шүүх хэргийг хэлэлцэхэд эмчилгээний баримтаа гаргаж өгөөгүй учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. 2018 оны 6 дугаар сараас одоо хүртэл эмнэлэгт үзүүлэн тасралтгүй эм тариа авч эмчилгээ хийлгэж байгаа. Үүний зардлыг М.Б-оос нэхэмжилнэ. Орхон аймгийн БОЭТ-д үзүүлэхэд гэмтлийн эмч Улаанбаатар хот руу явж үзүүл. Энд үзээд эмчилгээ хийлгэх боломжгүй байна гэсэн. Үүний дагуу Улаанбаатар хот руу 2018 оны 8 дугаар сарын 7-нд, 16-нд, 28-нд 3 удаа явахдаа машинд бензин хийж явсан. Учир нь автобусаар явах боломжгүй хүнээр өргүүлэн түшүүлэн ар талын суудалд хэвтэж явсан. 2018 оны 12 дугаар сард 2 удаа Улаанбаатар хот явж үзүүлсэн. Замын зардалд 239.000 төгрөг. Эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 785.700 төгрөг. Баримтаар ийм зардал гарсан гэж байгаа боловч баримтгүй маш их зардал гарсан. Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхдээ 1-2 өдөр болдог. Улаанбаатар хот дотор нааш цаашаа автобусаар явна. Эмнэлэгт үзүүлчихээд өдөржин юм идэхгүй явна гэж байхгүй хоол унд, ойр зуурын нойтон сальфитик гэх мэтээр баримтгүй маш их зардал гардаг. Би гэртээ ганцаараа ажил хийдэг. Бага насны 3 хүүхэдтэй, цалингийн зээлтэй, эмчилгээний зардал байнга гарч байгаа нь манай гэрийн санхүүд маш хүндээр тусч байна. Орхон АЗЗА ХХК-д замчнаар 650.000 төгрөгийн цалин авдаг байсан. Би 8 сард группэд орсон. Эрүүл саруул ажил төрлөө хийгээд явж байсан бол банкны зээлээ дараад гэр бүлийнхэн минь хүртэл санхүүгийн асуудалгүй байх байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр УБ СОНГДО эмнэлэгт үзүүлэн МРI зураг авахуулахад өвдөгний зөөлөн эд тасарсан байна. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж өвдөгний зөөлөн эдний хагалгаанд ороорой гэсэн. Хагалгааны төлбөр нь 3.000.000 төгрөг. Мөнгөгүй улмаас өдий хүртэл хагалгаанд орж чадалгүй байж байна. М.Б-ийг сайн дураар эмчилгээний зардал эм тарианы мөнгийг өгчих байх гэж хүлээсэн. М.Б- нь эрүүгийн шүүх хуралдаан болох хүртэл холбоотой байж байгаад тэрнээс хойш холбоогүй болсон. Иймд Улаанбаатар хот руу ирж очсон тээврийн зардалд 239.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 785.700 төгрөг, бусад зардалд 500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.250.000 төгрөг, өвдөгний зөөлөн эдний хагалгааны төлбөр 3.000.000 төгрөг, 9 сарын листны зөрүү 330.000 төгрөг, 3 сарын цалин болох 650.000 төгрөг нийт 980.000 төгрөг, өвчин намдаах эмийн 3.800 төгрөг, нийт 8.758.500 төгрөг болсон үүнээс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 300.000 төгрөгийг хасч 8.458.500 төгрөгийг хариуцагч М.Б-оос гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид нэхэмжлэгчид байнга мөнгө, төгрөг өгч байсан. Нэхэмжлэгчийг хагалгаанд орох гэж байгаа гээд утсаар ярихад нь эрүүл мэндийн даатгал төлдөг юм чинь заавал хувийн эмнэлэг гэхгүй улсын эмнэлэгт үзүүлж хагалгаанд орж болдоггүй юм уу гэхэд улсын эмнэлэг хагалгаанд орох шаардлагагүй гэсэн тул би хувийн эмнэлгээр явж байгаа гэж ярьсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сард 3 удаа Улаанбаатар хот явж байсан гэж байгаа боловч 8 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хурал Орхон аймагт болж нэхэмжлэгч тус шүүх хуралд орсон. Шүүх хурал болохоос өмнө огт Улаанбаатар явж байгаагүй. Бид нарыг байнга дуудаж, бид эмнэлэг рүү хүргэн өгч боолт хийлгүүлж, эм тариа авч өгөөд гэрт нь буцаагаад хүргэж өгдөг байсан. Бид нийт Эрүүгийн шүүх хурал болоход 1.156.446 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 300.000 төгрөг тус тус төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зөрүү төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд 3.000.000 төгрөгийг төлнө бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00333 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.Б-оос 6.109.853 /зургаан сая нэг зуун есөн мянга найман зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.348.647 /хоёр сая гурван зуун дөчин найман мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч М.Б-оос 112.708 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч О.Энхсаруул нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч О.Энхсаруул нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.330 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, өмгөөлөгч О.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагч нь Б.Ш-ын биед гэмтэл учруулсан, гэм буруутай талаар маргаагүй. Зөвхөн гэм хор учруулснаас үүссэн гэмтлийг эмчлэхээр нэхэмжилж буй зардлыг зайлшгүй зардал мөн эсэх, хэрэв зайлшгүй зардал мөн бол бага зардлаар хийх боломжтой эсэх, заавал өндөр үнэтэй хувийн эмнэлгээр хийлгэхээр нэхэмжипж байгааг эс зөвшөөрч маргаж байгаа. Нэхэмжлэгч өвдөгний үений дурангийн мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж Сонгдо эмнэлгийн эмч М.Тэмүүлэн гэх хүний тэмдэг бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг баримт нь албан ёсны эмнэлгийн бланк биш, М.Тэмүүлэн нь Сонгдо эмнэлгийн эмч эсэх нь тодорхойгүй, үнийн дүн нь ойлгомжгүй баримтыг гаргаж өгсөн. Хэрэв уг эмнэлэг хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа бол байгууллагын албан ёсны бланк дээр, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, байгууллагын тамга дарж, санхүүгийн албан ёсны тооцоог, эрх бүхий албан тушаалтан гаргаж, гарын үсгээ зурах ёстой байсан. Иймд хариуцагч талын зүгзэс дээрх эргэлзээ бүхий баримтыг шалгуулахын тулд шүүхэд хүсэлт гаргаж, Б.Ш-т өвдөгний үений дурангийн хагалгаа зайлшгүй хийх шаардлагатай эсэх, уг хагалгааг улсын эмнэлэгт хийх боломжтой эсэх, хэрэв улсын эмнэлэг хийх боломжтой бол ямар зардлаар хийх боломжтой эсэхийг тодруулахаар Иргэний хзрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, дээрх эргэлзээ бүхий баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд зохигчдын мэтгэлцэх эрхийн талаар зохицуулсан бөгөөд зохигчид нэхэмжлэл, татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа гаргаж, тайлбар гаргаж мэтгэлцэхээр заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар зохигчид гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах эрхтэй талаар заасан. Хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагатай асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан ойлголтонд хамааралгүй гэж хангахаас татгалзсан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийг баруун өвдөгний үений дурангийн мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай эсэхийг анагаахын шинжлэх ухааны мэдлэг шаардагдах асуудал байтал анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн эмчлүүлэгчийн дэвтрийг шүүх хуралдаанд судлахад өвдөгний хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай талаар эмчийн заавар байдаггүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд шүүгчийн асуусан асуултанд “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч өвдөгний хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай гэж хэлдэггүй...” гэж хариулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр магадлалдаа “...хариуцагч М.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын талаар зөвшөөрөхгүй маргаж буй татгалзлаа нотлох баримтаар няцааж, өөрийн гэм буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй байна гэдэг дүгнэлт хийж, гомдлыг хангахгүй байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар нэхэмжлэгч уг хагалгааны зардлыг зайлшгүй зардал юм гэдгийг нотлох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зайлшгүй зардал гэдгээ нотолж буй баримт нь эргэлзээ бүхий баримт. Уг баримтын эргэлзээг арилгахаар хариуцагчийн зүгээс мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэн гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх уг байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр гэм хор учруулсан учраас төлөх ёстой гэдэг байдлаар дүгнэлт хийж, гомдлыг хангахгүй орхиж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн Хаан банкны дансруу шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс эм тариа, эмчилгээний төлбөрийг цаг тухай бүрт нь шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас Улаанбаатар хотруу явж онош тодруулах, эм, эмчилгээний төлбөр, нотариатын зардал, унааны төлбөрт нийт 960.920 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, мэс заслын төлбөр 3.000.000 төгрөг, онош тодруулах, эм эмчилгээний төлбөр, нотариатын зардал, унааны төлбөр 960.920 төгрөг, нийт 3.920.960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Б-ид холбогдох гэм хорын хохирол 8.758.500 төгрөг гаргуулах Б.Ш-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч М.Б- өөрийн хууль бус буруутай үйлдлээс нэхэмжлэгч Б.Ш-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул уг үйлдлээс нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хүлээнэ.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.Ш- нь Орхон АЗЗА ХХК-д замчнаар 650.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад осол болсон 2018 оны 6 дугаар сараас хойш эмчилгээ хийлгэж, ажлаа гүйцэтгээгүй 2018 оны 10 сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдаснаас 6 сарын хугацаагаар группт орсон нь тогтоогдсон тул эмчилгээ, түүнтэй холбогдсон зардлыг болон өвчтэй байсан хугацааны листний мөнгө, авах байсан цалин, олгосон тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй бөгөөд шүүх эдгээрт нийт 3.609.853 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэйг зохицуулжээ.

Хариуцагч М.Б-ийн гаргасан ослын улмаас Б.Ш-ын биед баруун шилбэний шаант ясны дээд хэсгийн үен доторхи далд хугарал, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал өвдөгний үений гадна хажуугийн холбоос болон булчингийн урагдал, зэрэг гэмтэл учирсан ба тэрээр 2018 оны 12 сарын 27-28-ны хооронд Эрдэнэтээс Улаанбаатар хотод ирж Сонгдо эмнэлэгт үзүүлж, MRI хийлгэсэн, тус эмнэлэгийн эмч  үений дурангийн мэс засал хийлгэж чагтан холбоос жийргэвч мөгөөрс засах мэс засал хийлгэх шаардлагатай гэснийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Мэс засал хийлгэх шалтгаан нь учирсан гэмтэлтэй холбоотой гэж үзнэ. Иймд мэс заслын зардалд 3.000.000  төгрөг гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч 2018.03.21-ний өдрийн шүүх хуралдаанд Б.Ш-ын өвдгөнд мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэргийн баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжтой гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Урьд нь 2018 оны 8 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд, 2019 оны 2 дугаар сард нийт 1.800.000 төгрөг хариуцагч өгснийг нэхэмжлэгч маргаагүй боловч нэхэмжлэлээр 2018 оны 12 дугаар сараас хойш хийлгэсэн эм, тариа, эмчилгээтэй холбогдсон бусад зардлыг шаардсан тул 2019 оны 2 сард өгсөн 300.000 төгрөгөөс бусдыг хасч тооцох боломжгүйг шүүх дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байв.

Дээр дурдснаар мэс засал хийлгэх зардал 3.000.000 төгрөг, Улаанбаатар хотруу явж онош тодруулах, эм, эмчилгээний төлбөр, нотариатын зардал, унааны төлбөрт 960.920 төгрөг, нийт 3.960.920 төгрөг гаргуулсныг зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00333 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 78.330 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ