Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0074/З |
Дугаар | 0089 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 0089
2020 оны 02 сарын 04 өдөр Дугаар 128/ШШ2020/0089 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “М” ХХК /РД: 55201**/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатар, Т.Энхтамир, хариуцагч татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шинжээч Ц.О, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нарын Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын улсын байцаагчийн дүгнэлтийг прокурорын газар хэрэгсэхгүй болгосныг шийдвэрлэх Татварын хяналт шалгалт хийх 35170900400 тоот томилолтын дагуу, манай компанийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татварын улсын байцаагчийн 24/0000237 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 140 дүгээр дүгнэлт зэрэг баримт материалд үндэслэн төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт хийж 8,301,246,008.12 төгрөгийн зөрчилд 814,824,600.81 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Нэг. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нарын Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолтоор татварын хяналт шалгалт хийж, тус компани дээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 8,301,246,008.12 төгрөгийн зөрчил гарсан гэж үзэн 351730071 тоот шийтгэлийн хуудсаар дээрх шийдвэрийг гаргасан. 351730071 тоот шийдгэлийн хуудас нь дараахь хуулийн заалтуудыг зөрчиж байна. Үүнд:
1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 татвар ногдуулт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх гэснийг,
2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно гэснийг тус тус зөрчсөн.
Хоёр. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “М” ХХК-д холбогдох 2014250003995 тоот эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 140 дугаарын шинжээчийн дүгнэлтээр “М” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000234 тоот дүгнэлтээр 8,228,484,461.96 төгрөгийн зөрчил илрүүлсэн байна. Шинжилгээгээр “М” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд 2,233,235,100.30 төгрөгийн зөрчил илрүүлснээс 2013 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 45,169,551.43 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 223,323,510.03 төгрөг, нийт 268,493,061.46 төгрөг төсөвт төлөх ёстой байсан. Үүнээс Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Шүүх шинжилгээний хүрээлэнд 2414014105 тоот “дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 338,136,600 төгрөгийн илүү төлөлттэй” гэж тодорхойлолт ирүүлсэн байна.
Гурав. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарахаас 8 сарын өмнө тус компанид үүсгэсэн эрүүгийн хэргийг хяналтын прокурор хянаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 4329 дугаартай Прокурорын тогтоол гаргасан, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан хугацаа өнгөрсөн байх тул тус компани 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн болон тус хуулиар олгогдсон татвар төлөгчийн эрхийнхээ хүрээнд уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль ... хуулийн дагуу албан татвар, ... төлөхөөр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах ... хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ гэж, 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт Татварын ... хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд ... санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих ... хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр ... тайлагнасан бол, ... хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй ... хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан ... албан татвар, ... орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэж, мөн 4,1.1 дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 4.1.7 дэх хэсэгт Захиргааны хариуцлагын тухай хууль, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна ... 5.3.4 нэмэгдсэн өртгийн албан татвар гэж заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын холбогдох асуудлыг өршөөлийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байтал татварын улсын байцаагч нар нь 351730071 тоот шийтгэлийн хуудсаар нөхөн татвар ногдуулахдаа тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт энэ хуулийн 4.1, 5.1-д тус тус заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.
Иймд 351730071 тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байна.” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт явуулах ёстой байсан. татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасахгүй акт тавьсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нь зүйтэй байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан байхад үүнийг тоолгүй дүгнэлтийн нийт дүнгээр акт тавьсанд гомдолтой байгаа. Дүгнэлтийг шууд акт болгож байгаа гэсэн үг.
Шүүх шинжилгээний дүгнэлтээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хасагдах зардлыг хасаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг тооцоогүйг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2,233,235,100 төгрөгийн зөрчилд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 45,169,551.43 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 223,323,510.03 төгрөг, нийт 268,493,061.46 төгрөгийг төлөхөөр гарсан. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувьд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн маргаан шүүхээр шийдвэрлэгдээд өөр хүний нэр дээр байгаа.
Хяналт шалгалтад санхүүгийн анхан шатны материалуудаа гаргаж өгөөгүй тухайд би тус компанийг төлөөлж байгаа, компанийн захирал Н.Уийг гадаадад байсан гэж ойлгож байсан, гэтэл хэрэгт авагдсан хилийн лавлагаагаар гадаад яваагүй тухайн үед Монголд байсан гэдгийг сая л мэдлээ, гэхдээ санхүүгийн анхан шатны баримтгүйгээр татварын хяналт шалгалт хийх боломжгүй, татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийгээгүй, зөвхөн татварын улсын байцаагчийн дүгнэлтийг шийтгэлийн хуудас болгож бичсэн тул үндэслэлгүй гэж маргаж байгаа. зөрчлийн дүнд маргаантай байгаа, зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт явуулах ёстой, хэрвээ зөрчлийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт явуулсан бол татвар ногдуулах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дуусах байсан.
Зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа. гол нь хасагдах зардлыг хасаагүй, зөрчлийн хэрэг үүсгэж шалгаагүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхгүй гэж маргасан. 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тооцоход шийтгэлийн хуудсаар татвар нөхөн ногдуулсан нь хөөн хэлэлцэх хугацаанд багтаж байгаа. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өнгөрвөл хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгээд шалгасан бол татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргасан. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар тайлагнасан. Прокурорын тогтоолд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг авч хэрэглэхгүй гэж байгаа.” гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК, “Т” ХХК-ийн удирдлагууд Н.У, Ж.Э нар нь гэр бүлийн харилцаатай байснаа 2012 оноос салахаар болоод компаниудаа тус тусдаа авахаар болоод шүүхээр маргасан. Шүүхээр маргах явцад “М” ХХК болон Н.У дээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан битүүмжлэх арга хэмжээ авч 2015 онд нээсэн. “М” ХХК дээр техникээ оруулж байгаад маргаан үүсч хөрөнгө хуваагдал явагдах болоход “М” ХХК өөрийн зардлаа гаргаж авсан. Ерөнхийдөө өөрсдийнхөө хөрөнгийг авсан гэсэн үг.” гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б бид “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, татварын улсын байцаагчийн дүгнэлтийг прокурорын газар хэрэгсэхгүй болгосныг шийдвэрлэх Татварын хяналт шалгалт хийх 35170900400 тоот томилолтын дагуу, 5520169 регистрийн дугаартай, Н.У захиралтай. “М” ХХК-ийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалт төлөлтийн тайлан, татварын улсын байцаагчийн 24/0000237 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 140 дүгээр дүгнэлт зэрэг баримт материалд үндэслэн шалгалт хийсэн.
2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Т.О нар 8,228,484,461.96 төгрөгийн зөрчилд татварын улсын байцаагчийн 24/0000237 тоот дүгнэлт үйлдсэн байна. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Ш.Н эрүүгийн 2014250003995 дугаартай "М" ХХК-ийн захирал Н.У-т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 4329 тоот тогтоол үйлдсэн. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О 140 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “Татвар нөхөн ногдуулах алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй", 35.3 “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасныг үндэслэн хяналт шалгалт хийсэн.
“М” ХХК-д хяналт шалгалтаар нийт 8,301,246,008.12 төгрөгийн зөрчил илэрч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Татвар төлөгч үүрэг хүлээнэ”, 18.1.1 “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.14 “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдсон. Үүнд:
1. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдуулна. 8.1.1 “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого” гэж зааснаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.3 “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 74.3 “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”, 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж зааснаар 17 дугаар зүйлийн 17.2 “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ”, 17.1 “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж, дараах хариуцлага хүлээлгэнэ”, 17.1.1 “нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх”, 17.1.2 “нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах” тухай заалтыг тус тус зөрчсөн үйлдэлд 446,647,020.80 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.
2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 1 дүгээр сард 12293731 дугаартай падаанаар 2,029,369,640.00 төгрөгийн, 9 дүгээр сард 12293733 дугаартай падаанаар 1,635,406,167.40 төгрөгийн, нийт 3,664,775,807.40 төгрөгийн төлбөр тооцоо шилжүүлсэн үндсэн баримтгүй худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсон нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх татвараас хасч тооцно”, 14.1.1 “Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.3 “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийн нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3 “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэх заалтыг зөрчсөн үйлдэлд 366,477,580.74 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.
3. 2013 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Мэдээлэл санд нэмэх хаяг” гудамж. 70 тоот 343.61 мкв Ү-2204046688 дугаартай, 100,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилга, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Нарны зам /13332/ гудамж, 70/1 тоот, 210 мкв, Ү-2204046680 дугаартай 70.000,000.00 төгрөгийн худалдаа үйлчилгээний барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албанд ирүүлээгүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно”, 6.1 “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна”, 8.1 “Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно”, 8.2 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө”, 9.1 “Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 5/16 дугаар тогтоолд "Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах бүсчлэлийн хил хязгаарыг газрын төлбөрийн үнэлгээний бүсчлэлд үндэслэн хавсралтаар баталсан, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заагдсан үнэлгээнээс тооцон 1 дүгээр бүсэд 1.0 хувь, 2, 3 дугаар бүсэд 0.8 хувь, 4, 5 дугаар бүсэд 0.6 хувь байхаар тус тус тогтоосон, 1 дүгээр бүсчлэлд хамрагдах Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 13, 14, 15, 16, 18, 25 дугаар хороо” гэж зааснаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.3 “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 74.3 “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” заалтыг зөрчсөн үйлдэлд 1,700,000.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.
Иймд "М” ХХК-ийн гаргасан нийт 8,301,246,008.12 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.1, 17.2-т зааснаар 814,824,600.81 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.” гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “М” ХХК-ийн 2011-2013 оны татварын төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх томилолтыг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд олгогдсон. Томилолтын дагуу Б.Б байцаагч бид 2 тухайн татвар төлөгчийг дуудаад хянан шалгах шаардлагатай баримт бичгийг шаардсан. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, дараа нь утсаар залган баримт бичгээ авчирч өгөхийг шаардсан боловч баримт ирүүлээгүй.
Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар татварын хууль тогтоомж зөрчсөн нь 5 жил байна гэсэн заалтыг барин 5 жилээр тооцсон. 2014 оны 11 дүгээр сард прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон ч татвар төлөгчийн харьяалал 2 дүүрэг хооронд шилжээд прокурорын тогтоол манай хэлтэст ирээгүй байснаас хугацаа алдаж 2017 онд томилолт олгож шалгасан. Уг нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч дүгнэлт бичсэн байсан, татвар төлөгчийн харьяалал өөрчлөгдөж манай хэлтэст ирсэн тул манайх 2017 онд шалгасан, тэгээд ч бидний томилолт хэсэгчилсэн байсан тул өмнөх дүгнэлтийг акт болгож хувиргасан. Прокурорын тогтоолоор тухайн дүгнэлт нь шийдвэрлэгдээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэдий эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч захиргааны хариуцлага ногдуулахгүй байх үндэслэл болохгүй гэж заасны дагуу дүгнэлтэд заасан зөрчлийг шууд актруу буулгаж, нөхөн татвар тавьсан. Гэхдээ бид тухайн үеийн Өршөөлийн хуулийн дагуу торгууль, алдангийг бүгдийг нь чөлөөлж өгсөн байгаа. Хасагдах зардал хасаагүй гэж байна. Гэтэл бидэнд зардал хасах боломж байгаагүй. Бид 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл удаа дараа баримт шаардсан. Тухайн дүгнэлтийг гаргасан байцаагч иж бүрэн баримтын хүрээнд шалгачихсан, бид хэсэгчилсэн шалгалт хийж байгаа тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шууд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой юм байна гээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Бид 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр татвар төлөгчид энэ зөрчлөө танилцуулж, гарын үсэг зуруулсан. Татвар төлөгчөөс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул шүүхэд хандсан. Захирал Н.У нь өөрөө ирдэггүй, баримтаа ч ирүүлдэггүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдох нотлох баримт нь тодорхой байсан тул бидэнд зөрчлийн хэрэг нээх шаардлага байгаагүй. Энэ компанид сүүлд хийсэн хяналт шалгалтаар татвар ногдуулалт, төлөлтийг үнэн зөв болгох гэж зөрчлийн хэрэг нээж шалгасан ч шаардсан материалаа ирүүлэхгүй байсаар хэргийн хугацааг 58 хоногоор сунгасан ч баримтаа авчирч өгөхгүй байсаар зөрчлийн хэргийг хугацаагаар хэрэгсэхгүй болгосон, ийм л компани.
Үл хөдлөх хөрөнгийн хувьд Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын лавлагаа шаардахад тухайн үл хөдлөх хөрөнгийн лавлагааг Татварын ерөнхий газрын мэдээлэл солилцох журмын дагуу манайд ирсэн мэдээллээс ав гэсэн, тэр дагуу мэдээлэл авахад “М” ХХК-ийн нэр дээр тухайн 2 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байсан. Эхнэр, нөхөр 2 эд хөрөнгийн маргаантай байсан гэж байна. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгө 2011-2013 онд “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан бол эдний компани л үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх үүрэгтэй. Эхнэр, нөхрийн эд хөрөнгийн маргаан хэрхэн шийдэгдэх нь хамаагүй.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх журам дээр өмнө байцаагч илрүүлсэн зөрчлийг ил тодын тайлангаар тайлагнахгүй гэсэн агуулгатай заалт байгаа.” гэв.
Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудыг ирүүлснээр тэдгээр баримтыг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан, тэр баримтуудаа нотлох баримтаар хуулбарлаж ажлын баримтад авсан нь энэ байна. Эдгээр баримтууд зарим нь нотлох баримтын шаардлага хангана, зарим нь хуулбар хэдий ч нотлох баримтын шаардлага хангасан эрүүгийн хэрэгт байсан эх хувиас хуулбарлаж авсан.
Шинжээчийн дүгнэлтэд татварын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гэсэн нь 8 тэрбумын тухайд үндэслэлтэй байна гэдэг өрөөсгөл ойлголт. Тухайн үед татварын улсын байцаагчийн ирүүлсэн баримтын тухайд дүгнэлт нь үндэслэлтэй. Шинжилгээгээр 2013 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 45,1 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар нь 223,3 сая төгрөг, нийт 268,4 сая төгрөг төлөхөөр байна гэж дүгнэсэн. Татварын улсын байцаагч санхүүгийн анхан шатны баримтуудыг, татвар ногдох орлогоос хасагдах баримтуудыг үзэж байж акт тавих ёстой. Шинжилгээний явцад Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс “илүү төлөлттэй байна” гэсэн тодорхойлолт ирсэн. Тиймээс үүнийг суутган төлж болох юм гэж үзсэн. “Техникфорум” ХХК-ийг манайх мөн шалгасан. “М” ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудыг “Техникфорум” ХХК-ийн баримтуудтай тулгаж үзэж байж шинжээчийн дүгнэлт гарсан. “М” ХХК, “Техникфорум” ХХК-ийн хоорондын өгөлцөж авалцсан кассын орлогын ордер, зарлагын ордер, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авагдсан. 2013 оны 09 дүгээр сарын 30, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2 кассын орлогын ордер байсан. “Техникфорум” ХХК болон “М” ХХК-ийн санхүүгийн 2013 оны 4 дүгээр улирлын тайланд 1 дүгээр гарын үсгийг Н.У зурсан байгаа нь санхүүгийн тайлан мэдээ гаргаж байгаа байдлаараа холбоотой байна гэж гаргасан байгаа. Түүнээс биш үйлдлийг эдийн засгийн шинжээч тогтоодоггүй.
“М” ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудыг “Техникфорум” ХХК-ийн баримтуудтай тулгаж үзэж байж шинжээчийн дүгнэлт гарсан. “М” ХХК нь кассын орлогын ордер, “Техникфорум” ХХК нь зарлагын ордер бичсэн байна. 2 тэрбум нь цэвэр дүн, 1,7 тэрбум 2 кассын зарлагын падаан байгаа. Техникүүдийг гаалиар “М” ХХК оруулж ирээд, “Х” ХХК-иар дамжуулж зардаг баримт байсан.” гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Татварын улсын байцаагчийн ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “М” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Т.О нар “М” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 6 дугаар сарын 19-нийг хүртэл хийж,
1. 2013 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Х” ХХК-д 2,330,473,554.28 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тусган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичсэн боловч “Х” ХХК нь тус компаниас тоног төхөөрөмж худалдан авах иргэн, хуулийн этгээдэд зээл олгож, үүгээрээ орлогоо тооцдог,
2. 2013 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 3,664,775,807.40 төгрөгийн худалдан авалтыг “Т” ХХК-иас хийсэн мэтээр тусган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэсэн ч “Т” ХХК руу төлбөр тооцоо шилжүүлсэн баримтгүй,
3. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй,
4. хөрөнгийн маргаантай шалтгаанаар их хэмжээний хөрөнгийг тайлан балансад тусгаагүй зэрэг зөрчлүүдээр нийт 8,228,484,461.96 төгрөгийн албан татвар ногдох орлогыг тайланд тусгаагүй, татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 24/0000237 дугаартай дүгнэлт[1] бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэс “М” ХХК-ийн захирал Н.У-т холбогдуулан эрүүгийн 2014250003995 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 дугаартай тогтоолоор[2] "орлогоо санаатайгаар нуусан гэх субьектив санаа зорилго тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
“М” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг байсныг Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/07 дугаар “хэлтэс хооронд аж ахуйн нэгж байгууллагыг шилжүүлэх тухай” тушаалаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн[3] бөгөөд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 35170900400 тоот томилолтын[4] дагуу “М” ХХК-ийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсаар[5]
1. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 223,323,510.04 төгрөгийн нөхөн татвар,
2. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 223,323,510.04 төгрөгийн нөхөн татвар,
3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 1 дүгээр сард 12293731 дугаартай падаанаар 2,029,369,640.00 төгрөгийн, 9 дүгээр сард 12293733 дугаартай падаанаар 1,635,406,167.40 төгрөгийн, нийт 3,664,775,807.40 төгрөгийн төлбөр тооцоо шилжүүлсэн үндсэн баримтгүй худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсон зөрчилд нь 366,477,580.74 төгрөгийн нөхөн татвар,
4. 2013 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Мэдээлэл санд нэмэх хаяг” гудамж 70 тоот 343.61 мкв Ү-2204046688 дугаартай, 100,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилга, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Нарны зам /13332/ гудамж, 70/1 тоот, 210 мкв, Ү-2204046680 дугаартай 70.000,000.00 төгрөгийн худалдаа үйлчилгээний барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албанд ирүүлээгүй зөрчилд нь 1,700,000.00 төгрөгийн нөхөн татвар, нийт 814,824,600.81 төгрөгийн төлбөр тогтоож,
дээрх зөрчлүүдэд ногдох 289,112,082.25 төгрөгийн торгууль, 295,750,454.39 төгрөгийн алданги, 669,970.53 төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар чөлөөлсөн байна.
Гомдол гаргагч нь “зөрчлийн хэрэг үүсгэж шалгах байсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаагүй” гэж маргасан бол хариуцагч нар “татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад хамрагдахдаа татварын албанаас шаардсан тайлант хугацааны баримтуудыг огт ирүүлээгүй тул хасагдах зардлыг тооцох боломж байгаагүй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2014 оны 24/0000237 дугаартай дүгнэлт гаргахдаа тухайн тайлант хугацааны баримт бичгүүдийг иж бүрэн шалгасан тул зөрчлийг тогтоогдсон гэж үзээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэж тайлбарлажээ.
Татварын улсын байцаагч 2017 оны 9 дүгээр сарын 25, 11 дүгээр сарын 09-ний өдөр татварын хяналт шалгалтад хамаарах тайлант хугацааны баримтуудыг татвар төлөгчөөс жагсаалтаар шаардсан[6], 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн баримт бичиг шаардах хуудсыг тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал Н.У, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн баримт бичиг шаардах хуудсыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон[7] Х.Х/захирал Н.Уээр гарын үсэг зуруулаад өгнө гээд гарын үсэг зурахаас татгалзсан тэмдэглэлтэй/ тус тус гардан авсан боловч татварын албанаас хяналт шалгалтад шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй зайлсхийсэн, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.13-т заасан “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” татвар төлөгчийн үүргээ зөрчсөн байх тул “татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаагүй” гэх татвар төлөгчийн гомдол үндэслэлгүй.
Нөгөө талаас татварын албаны шаардсан баримтыг гаргаж өгөөгүй зөрчилд нь хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй атлаа “2014 оны 24/0000237 дугаартай дүгнэлтээр зөрчил нь тогтоогдсон гэж үзсэн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь татварын улсын байцаагчийн 2014 оны 24/0000237 дугаартай дүгнэлтээр үүсгэсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тул хэдий эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь татварын хариуцлага хүлээлгэхэд саад болохгүй ч дээрх дүгнэлтээр зөрчил нь тогтоогдсон гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.
Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн томилолтоор хийж 2017 оны 12 дугаар сарын 06-ны шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсгийг баримталсныг гомдол гаргагчийн “зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бол татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан” үндэслэлээр буруутгах, энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Учир нь татварын хяналт шалгалт хийх ажиллагаа нь татварын хууль тогтоомжоор тусгайлан зохицуулагддаг, татварын улсын байцаагч татварын хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд татварын хяналт шалгалтад хамаарах тайлант хугацааны баримт материалыг шаардсан ч ирүүлээгүй тул тухайн үед хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн давхардсан зохицуулалтын дагуу зөрчлийн хэрэг үүсгээгүй шийдвэрлэсэн нь шийтгэлийн хуудсаар тогтоогдсон зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
“М” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг байсныг Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/07 дугаар “хэлтэс хооронд аж ахуйн нэгж байгууллагыг шилжүүлэх тухай” тушаалаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн гэх шалтгаанаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг Чингэлтэй дүүрэгт хүргүүлээгүй[8] хугацаа алдсан гэх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн томилолтоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар тус компанийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт шалгалт хийж, татварыг нөхөн ногдуулсан нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан татвар ногдуулах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацааны дотор багтсан байна.
Эрүүгийн 2014250003995 дугаартай хэрэгт шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 140 дугаартай дүгнэлт[9] гаргасан, шинжээч эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргахдаа эрүүгийн хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан тус компанийн болон “Т” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэлсэн гэх тул шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон тэдгээр баримтуудыг[10] шүүх хуралдаанд нотлох баримтаар үнэлсэн болно.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 1, 2-т заасан “2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй” зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 223,323,510.04 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварт мөн 223,323,510.04 төгрөг нөхөн төлүүлэхээр тогтоосон ба шинжээчийн дүгнэлтээр эрүүгийн хэрэгт авагдсан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 45,169,551.43 төгрөг, харин нэмэгдсэн өртгийн албан татварт 223,323,510.04 төгрөг төлөхөөр байгааг тогтоож, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2414014105 дугаартай тодорхойлолтоор тус компани нэмэгдсэн өртгийн албан татварын 338,136,600 төгрөгийн илүү төлөлттэй гэж тодорхойлсныг дурдсан байна.
Гомдол гаргагч болон хариуцагч хэн аль нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаарх татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаж төлөгдөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тооцсон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрсөн тул шийтгэлийн хуудсын зөрчлийн энэ хэсгийг шүүх дүгнэх шаардлагагүй, өөрөөр хэлбэл зөрчлийн энэ хэсэгт хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 223,323,510.04 төгрөг нөхөн ногдуулсныг 178,153,958.74 төгрөгөөр бууруулж 45,169,551.43 төгрөг төлүүлэх нь гэж үзлээ.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 3-т заасан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 1 дүгээр сард 12293731 дугаартай падаанаар 2,029,369,640.00 төгрөгийн, 9 дүгээр сард 12293733 дугаартай падаанаар 1,635,406,167.40 төгрөгийн, нийт 3,664,775,807.40 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсоныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохгүй” гэж зааснаар зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Татварын хяналт шалгалтын тайлант хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль /2006 оны/ -ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох”-оор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заажээ. Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.
Хэдийгээр “Т” ХХК-иас 2,029,369,640.00 төгрөгийн үнийн дүнтэй 12293731 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 1,635,406,167.40 төгрөгийн үнийн дүнтэй 12293733 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдсэн, тэр дүнгээр кассын орлогын болон кассын зарлагын баримт бичигдсэн[11] ч нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт бодитой хийгдсэн өөр баримтгүй, “Т” ХХК нь борлуулалтын орлогоор тооцоогүй, борлуулалтдаа тайлагнаагүй нь “Т” ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Г.Б нарын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24/0000234 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтэд “ ... 2013 онд “М” ХХК-д 3,664,775,807.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаанаар сэлбэг хэрэгсэл борлуулсан мэтээр бичилт хийж төлбөр тооцоо нь касс, харилцахад ороогүй” гэж дүгнэгдсэнээр[12], мөн “М” ХХК болон “Т” ХХК-д татварын хяналт шалгалт хийж дүгнэлт бичсэн татварын улсын байцаагч Ж.Э 2014 оны 9 дүгээр сарын 25-нд гаргасан тайлбартаа[13] “харилцан хамаарал бүхий “Т” ХХК-иас 3,664,775,807.40 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч “Т” ХХК борлуулалтын орлогоор тооцоогүй” гэж дурдсанаар тогтоогдож байна.
Иймд “Т” ХХК-иас бичигдсэн 12293731, 12293733 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх 3,664,775,807.40 төгрөгийн үнийн дүнтэй сэлбэг хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийсэн нь тогтоогдохгүй байх тул төсөвт төлөх албан татвараас хасалт хийсэн нь үндэслэлгүй байна.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 4-т заасан “Улаанбаатар хот,Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Мэдээлэл санд нэмэх хаяг” гудамж, 70 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688 дугаарт бүртгэгдсэн, 343.61 м.кв талбайтай 100,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилга, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Нарны зам /13332/ гудамж, 70/1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046680 дугаарт бүртгэгдсэн, 210 м.кв талбайтай, 70.000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилгад 2013 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албанд ирүүлээгүй зөрчилд 1,700,000.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны 7/508 тоотоор ирүүлсэн лавлагаагаар[14] “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам 70 тоот хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688 дугаарт, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам 70/1 тоот хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046680 дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр тус тус “Мон трак групп” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, шүүхийн холбогдох шийдвэрийн дагуу улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр 2017 оны 8 дугаар сарын 11–ний өдөр бүртгэлийг хүчингүй болгосон байна.
Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтын тайлант хугацаанд буюу 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688, Ү-2204046680 дугаарт бүртгэгдсэн 170,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М” ХХК бүртгэлтэй байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна. Иймд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тооцон, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 5/16 дугаар тогтоолоор баталсан 1 хувиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа хуульд заасан хугацаанд тайлагнаж төлөөгүй зөрчилд 1,700,000.00 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Иймд татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, шийтгэлийн хуудсын зөрчлийн 1 дэх хэсгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 223,323,510.04 төгрөг нөхөн ногдуулсныг 178,153,958.74 төгрөгөөр бууруулж 45,169,551.43 төгрөг төлүүлэхээр тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсын тогтоох хэсгээр ногдуулсан нөхөн татварыг 178,153,958.74 төгрөгөөр бууруулж, 636,670,642.07 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж, гомдлын үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 33-35 дугаар хуудас
[2] Хэргийн 2 дугаар хавтсын 14-15 дугаар хуудас
[3] Хэргийн 2 дугаар хавтсын 37-38 дугаар хуудас
[4] Хэргийн 2 дугаар хавтсын 39, 54-56 дугаар хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 49-53 дугаар хуудас
[6] Хэргийн 2 дугаар хавтсын 40-45 дугаар хуудас
[7] Хэргийн 2 дугаар хавтсын 47,53 дугаар хуудас
[8] Хэргийн 2 дугаар хавтсын 13 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 36-39 дүгээр хуудас
[10] Хэргийн 2 дугаар хавтсын 58-172 дугаар хуудас
[11] Хэргийн 2 дугаар хавтсын 63-66 дугаар хуудас
[12] Хэргийн 2 дугаар хавтсын 163-164 дүгээр хуудас
[13] Хэргийн 2 дугаар хавтсын 62 дугаар хуудас
[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 236 дугаар хуудас