Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2016/0092/Э |
Дугаар | 94 |
Огноо | 2016-09-02 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | С.Болорчулуун |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,
Улсын яллагч С.Болорчулуун,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа,
Шүүгдэгч Н.Равдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхнууд овогт Нохойжавын Равданд холбогдох эрүүгийн 201610010124 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Борхойн бумбат ХХК-д гэрээт ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг Нефтийн 2-8 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнссэн, 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 3/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 04-Б шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хорих ялаар, 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн Олхнууд овогт Нохойжавын Равдан /ЦЕ75082973/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.Равдан нь ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Амарын 3 дугаар гудамж 20 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэбаатарын орон байр буюу байшингийн вакум цонхны жижиг салхивчийг түлхэн нэвтэрч унтлагын өрөөнд байсан 42 инчийн “НКС” маркийн ЛСД зурагт, 0,75 гр архийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 288,733 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Равдан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 19-ний орой гудамжаар явж байхад Амарын 3-20 тоотод байх айл гэрэлгүй, эзэнгүй харагдахаар нь хашааны урд талын хаалгаар ороод, уг байшин руу очиж хаалгыг нь тогшиж үзэхэд ямар нэгэн хүнгүй байсан. Тэгэхээр нь байшингийн баруун талын вакум цонхны жижиг цонхыг гаднаас нь түлхэж онгойлгоод байшин дотор орсон. Байшин дотор ороод унталганы өрөөний хананд тогтоосон байсан 42 инчийн ЛCД зурагтыг хулгайлан авч, мөн гал тогооны өрөөнд байсан хөргөгчнөөс 0.75 гр Соёрхол архийг хулгайлан авч байшингийн хаалгаар гарсан. Гэртээ ирэхэд хоёр хүүхэд маань унтаж байсан. Зурагтаа цонхны хөшигний ард тавиад, авсан архиа уугаад сууж байхад цагдаа нар орж ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр маань өвчтэй, эмнэлэгт хэвтэж байгаа. Хүүхдүүддээ хоол унд аваад өгчих санаатай ийм зүйл хийчихлээ...” гэсэн мэдүүлэг /хx-ийнн 38-39/,
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны 316-30 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...БНХАУ-д үйлдвэрлэсэн 2013 онд Эрээн хотоос худалдаж авсан НКС маркийн 42 инчийн ЛCД зурагт 273,733 төгрөг, 0,75 гр Соёрхол нэртэй архи 15,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41/,
- Хохирогч Ц.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтанд: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө БНХАУ-ын Эрээн хот руу гарч ачаа ачаад хил хаахын өмнө 17 цаг 30 минутын үед Замын-Үүд суманд орж ирсэн. Тэгээд ачаа буулгачихаад орой 23 цагийн үед Амарын гудамжны 2-30 тоотод байх өөрийн эзэмшлийн байшиндаа очиход манай байшингийн жижиг өрөөнд хананд тогтоож өлгөсөн байсан НКС маркийн 42 инчийн ЛСД зурагт хулгайд алдсан байсан. Намайг анх гэр лүү очих үед байшингийн баруун талын цонхыг гаднаас нь түлхэж онгойлгосон байдалтай цонхны доод талд нүцгэн хөлийн мөр л байсан. Би өөрийн зурагтаа 2013 онд БНХАУ-ын Эрээн хотоос 700,000 төгрөгөөр худалдан авсан. Манай зурагтанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, чанар байдал сайн, тийм болохоор анх худалдан авсан үнээрээ үнэлэнэ...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 15-16/,
- Гэрч Д.Содномбаяр мөрдөн байцаалтанд: “...Би цагдаа нарын араас гэртээ ортол зочны өрөөний урд талын цонхны доор хөшигний араас нэг зурагт гарчихсан байсан, тухайн үед ямар учиртай зурагт гэдгийг нь мэдээгүй юм. Ямар ч байсан манай гэрт байдаггүй зүйл гарч ирсэн болохоор уг зүйлийн араас цагдаа нар ирсэн байна гэж дотроо бодсон. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өглөө цагдаа дээр ирээд Н.Равдантай уулзаж чи амьдралдаа гай болсон ийм зүйл хийх хэрэг байсан юм уу гэж асуухад харин тийм ээ ийм зүйл хийчихлээ гэж хэлсэн, өөр ямар нэг зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 18-19/,
- Хэрэг учралын гэзэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8, 12-13/,
- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-29/,
- Замын-Үүд сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42-43/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-63/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: 2016 оны 06 дугаар сарын 19-ний орой шүүгдэгч Н.Равдан нь иргэн Ц.Эрдэнэбаатарын Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг Амарын 3 дугаар гудамж 20 тоотод байрлах гэрт нь орж 42 инчийн НКС маркийн ЛСД зурагт, 0,75 литрийн Соёрхол архийг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Равданг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Амарын 3 дугаар гудамж 20 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэбаатарын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан бага бус хэмжээний буюу 288,733 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Равдан нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3 дугаар баг Амарын 3 дугаар гудамж 20 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэбаатарын гэрийнх нь цонхоор орж 42 инчийн “НКС” маркийн зурагтыг хулгайлан бага бус хэмжээний буюу 288,733 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Байшин дотор ороод унталганы өрөөний хананд тогтоосон байсан 42 инчийн ЛCД зурагт, хөргөгчнөөс 0,75 гр Соёрхол архийг хулгайлан авч байшингийн хаалгаар гарсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Эрдэнэбаатарын “...жижиг өрөөнд хананд тогтоож өлгөсөн байсан НКС маркийн 42 инчийн ЛСД зурагт хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Содномбаярын “...гэртээ ортол зочны өрөөний урд талын цонхны доор хөшигний араас нэг зурагт гарчихсан байсан, тухайн үед ямар учиртай зурагт гэдгийг нь мэдээгүй юм. Ямар ч байсан манай гэрт байдаггүй зүйл гарч ирсэн болохоор уг зүйлийн араас цагдаа нар ирсэн байна гэж дотроо бодсон...” гэсэн мэдүүлэг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны 316-30 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Равдан нь бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Радван нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн, түүнчлэн энэ хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь түүний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилготой шууд холбоотой байна.
Шүүгдэгч Н.Равдан нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2.2-т заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байна.
Шүүгдэгч Н.Равданд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Равдан нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт оногдох хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, ялыг ялгамжтай оногдуулсан болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхнууд овогт Нохойжавын Равданг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Нохойжавын Равданг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Н.Равданд оногдуулсан 3 /гурав/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Равдан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Равданд урд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ