Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00277

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01214 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1583 дугаар магадлалтай,

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Р-ад холбогдох

Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах, 55.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагч Д.Р-, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Р- нь Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Д.Р- эдгээр компаниудын гэрчилгээ, дүрэм, тамга тэмдэг, санхүүгийн баримт бичгүүд болон компанийн бүхий л хувийн мэдээллийг агуулсан санах ойг ажлын байрнаас авч явсан бөгөөд компанийн харилцагч нар болон санхүүгийн байдал, орлогын талаар нэхэмжлэгчид ямар ч мэдээлэл өгөхгүй, танилцах боломжоор хангахгүй байгаа болно. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна, 59.5-д Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж заасан. Гэтэл Д.Р- нь Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2014 оноос хойш зарлан хуралдуулаагүй тул түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон болно. Нэхэмжлэгчийн зүгээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах талаар хариуцагч Д.Р-аас удаа дараа шаардаж, хүсэж байсан боловч үр дүнд хүрээгүй. Д.Р- бүрэн эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон байхад одоог хүртэл Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийг төлөөлөн компанийн гэрчилгээ тамга, тэмдгийг ашиглан бусад иргэн, хуулийн этгээдтэй хэлцэл, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж хууль зөрчиж байгаа болно. Иймд хариуцагч Д.Р-аас компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулаагүй нөхцөлд тэрээр дээрх тус компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг бусдад төрүүлж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулийн дагуу хуралдуулж, шинээр гүйцэтгэх захирлыг томилсон нөхцөлд ч компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг байхгүй тохиолдолд уг гүйцэтгэх захирлыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж чадахгүй, улмаар шинээр томилогдсон гүйцэтгэх захирал компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд ороод байна. Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна, 97 дугаар зүйлийн 97.1.6-д зааснаар компани нь санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан хадгалах үүрэгтэй, 97.6-д компани нь энэ хуулийн 97.1-т заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална, компанийн дүрмийн 5.4-д зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагааны байдал, санхүүгийн болон бусад бичиг баримт мэдээ тайлантай танилцах эрхтэй гэж тус тус заасан. Гэтэл Д.Р- нь Э ХХК-д Синержи гоул ХХК, Навиволд Монгол ХХК-иудыг үйл ажиллагааны болон санхүүгийн баримт бичгийг огт танилцуулахгүй, компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа болно. Мөн хариуцагч Д.Р- нь 2012 оноос албан тушаалаа хууль бусаар ашиглаж Навиволд Монгол ХХК-ийн данснаас түрээсийн төлбөр хэлбэрээр нийт 55 000 000 төгрөгийг гарган хувьдаа завшиж, уг 55 000 000 төгрөгөөр өөрийн нэр дээр Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой Даваатын амд байрлах амралтын газар худалдаж авсан байдаг. Тэрээр Навиволд Монгол ХХК-ийн компанийн данснаас 55 000 000 төгрөгийн гүйлгээг хийхдээ газрын төлбөр гэсэн утгатайгаар гаргасан байдаг боловч компанийн тайлан, балансад түрээсийн төлбөр гэсэн утгатайгаар бүртгэж, тайлагнасан байдаг. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал гэж үзэн хэрэгсэхгүй болгосон болно. Хариуцагч Д.Р-ыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 25/4 байр 21 тоотод оршин суугаа болохыг эрэн сурвалжлан тогтоож, тодорхойлж өгсөн тул уг хаягийн дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Д.Р-аас Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагч Д.Р-ад даалгах, хариуцагч Д.Р-аас 55.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Р-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Синержи гоул ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011205020 дугаарт бүртгэгдсэн, 5323991 тоот регистрийн дугаартай Синержи гоул ХХК 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Синержи гоул ХХК нь хоёр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтай. Э ХХК нийт хувьцааны 51 хувийн хувьцааг эзэмшдэг. Д.Р- нийт хувьцааны 49 хувийг эзэмшдэг. Израиль Улсын Веринт системс компаниас Синержи гоул ХХК-д шилжүүлэх ёстой байсан 138 535 ам.долларыг Э ХХК-ийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Порат 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авч хэрэглэсэн нь 2014 онд тогтоогдсон байдаг. Үүнээс үүдэн Синержи гоул ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төдийгүй хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүссэн. Э ХХК болон тус компанийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Порат нь Монгол Улсад оршин суух тодорхой хаяггүй. Үүний учир Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00962 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж байна. Гэвч өнөөдрийн байдлаар Э ХХК-ийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Поратын оршин суугаа хаягийг тодорхойлж чадаагүй. Навиволд Монгол ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9019002143 дугаарт бүртгэгдсэн, 5048567 тоот регистрийн дугаартай Навиволд Монгол XXK 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдаж 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. Навиволд Монгол ХХК хоёр хувьцаа эзэмшигчтэй болно. Синержи гоул ХХК, Их Британийн Турк кайро арал улсын хуулийн дагуу байгуулагдсан Навиволд групп ХХК болно. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тухайд Д.Р- миний бие компанийн хувьцаа эзэмшигч хийгээд гүйцэтгэх захирлын хувьд Синержи гоул ХХК, Навиволд Монгол ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар санаачлага гарган хуралдааны товыг Э ХХК-ийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Поратыг мэдэгдэж байсан. Тухайлбал, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг Э ХХК-ийн захирал Яир Жакоб Поратад цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлож мэдэгдэхэд Яир Жакоб Порат мөн оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийхийг хүсэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг өөрчилсөн. Гэвч Яир Жакоб Порат хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй байдаг. Э ХХК болон тус компанийн захирал Израиль Улсын иргэн Яир Жакоб Поратын Монгол Улсад оршин байх хаяг нь тодорхойгүй тул хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг бичгээр хүргэж өгөх боломжгүй тул ийнхүү цахим шуудангаар мэдэгдэж байсан. Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд Д.Р- миний бие компанийн гүйцэтгэх захирал төдийгүй компанийн хувьцаа эзэмшигч болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э ХХК-тай нэгэн адил эрх, үүрэг, хариуцлага хүлээсэн хувьцаа эзэмшигч юм. Түүнчлэн миний бие Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан бусад иргэн, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй. Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд ажилтнууддаа цалин өгөх, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ямар ч орлого, хөрөнгө мөнгөгүй болсон. Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдаж гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн гүйцэтгэх захиралд компаниудын хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй. Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал дээр санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулах болно. 55 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд Навиволд Монгол ХХК-ийн албан тасалгааны зориулалтаар ашиглаж байсан байрыг Израиль Улсын иргэн Яир Жакоб Порат, Израиль Улсын иргэн Маймони Дахан болон Д.Р- бид гурав хамтран өмчлөхөөр харилцан тохиролцож хөрөнгө өмчлөгчдийн гэрээг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Хөрөнгө өмчлөгчдийн гэрээний дагуу өмчилж буй талбайг бусдад түрээслэх тохиолдолд ... ашиглах талбайн түрээсийн төлбөрийг өмчлөгчдийн өмчлөх хувь хэмжээнд тэнцүүлж хувааж авахаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу Навиволд Монгол ХХК нь Израиль Улсын иргэн Яир Жакоб Порат, Израиль Улсын иргэн Маймони Дахан болон Д.Р- нартай түрээсийн гэрээ байгуулж түрээсийг төлж байсан. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Р- миний бие Навиволд Монгол ХХК-д хүсэлт гарган өөрт ногдох түрээсийн төлбөрийг Сэргэлэн тэнгэр ХХК-иас шилжүүлж авсан газрын төлбөрт шууд шилжүүлэхийг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу нийт 53 770 000 төгрөгийг шилжүүлж авсан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Навиволд Монгол ХХК нь Д.Р- надад 37 753 128,09-ний өглөгтэй. Иймд Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01214 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 85 дугаар зүйлийн 85.2, 95 дугаар зүйлийн 95.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Р-аас Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгах, 55 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1583 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01214 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний биө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу 2019.08.28-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заапдах шатны шүүхийн 1583 дугаар магадлалыг үл зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хариуцагчийн гаргасан баримтын хууль ёсны нотлох баримтын шаардлага хангасан эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Тухайлбал 2009 оны 9 дүгээр сар “Түрээсийн гэрээ” гэх бичиг баримт хуурамч бөгөөд иргэн Д.Р- нь “Навиволд Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирап Д.Р-тай хийсэн болохыг нэхэмжлэгчийн зүгээс огт мэдээгүй байсан. Мөн 2016.04.28-ны өдрийн цахим шууданг нэхэмжлэгчид явуулсан гэх боловч тэрхүү шуудангийн хариунд “Амар Инкон” ХХК-ийн 2015 оны санхүүгийн тайланг явуулахыг хүссэн боловч хүсэлтэд хариу өгөөгүйгээс ТУЗ-ийн хурал хийгдээгүй төдийгүй үүнээс хойш нэхэмжлэгч хэд хэдэн удаа төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зарлаад хариу өгөөгүй. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон Хас банкнаас “Навиволд Монгол” ХХК болон “Синержигоул” ХХК-иудын дансны хуулга болон санхүүгийн тайланг гаргуулахыг хүссэн боловч татгалзсан, анхан шатны шүүхээр гаргуулах хүсэлт тавьсан ч хангахаас татгалзсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.Р-ад холбогдуулан Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах, 55.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 85 дугаар зүйлийн 85.2, 95 дугаар зүйлийн 95.1-т заасныг баримтлан Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, уг хүсэлтээ шүүхэд ирүүлжээ.

Хүсэлтэд ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/01214 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1583 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Д.Р-ад холбогдох Синержи гоул ХХК болон Навиволд Монгол ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах, 55.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Э ХХК татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 573.350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ