Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0303/З |
Дугаар | 0160 |
Огноо | 2020-03-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 0160
2020 оны 03 сарын 05 өдөр Дугаар 128/ШШ2020/0160 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:20567**/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,
Нэхэмжлэлийн шаардлага: “ “А” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа 13******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ц.Ж, гэрч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Манай компани 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэр Б******* нэртэй газарт 2258 га талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах 5200Х дугаартай тусгай зөвшөөрлийг тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын газраас авсан. 2002 оноос 2008 оны хооронд бид өөрийн зүгээс нийтдээ 1,2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж уг талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсны үр дүнд 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийн тайланг хэлэлцүүлэн батлуулж 13******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан.
Гэтэл 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тухайн газруудын хилийн заагийг Засгийн газраас 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан. 13******* дугаар ашиглалтын зөвшөөрөлтэй талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газартай 6,45 га талбайгаар хэсэгчлэн давцхалтай, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 309,64 га талбайгаар хэсэгчлэн давхцсан байна. Эдгээр тогтоолуудаар манай компанийн эзэмшлийн 13******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хориглосон талбайтай давхцаж ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Бид улс орны төсөв санхүүгийн байдлыг ойлгож хандахын зэрэгцээ манай компанийн нөхөх олговрын асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүсэн хүлээж байсан. Нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид “нөхөх олговор авах хүсэлтээ Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандана уу” гэх хариу ирүүлсэн бол Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 1/2083 дугаар албан бичгээр “тухайн жилийн төсөвт нөхөх олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй” гэх үндэслэлээр нөхөх төлбөрийн асуудлыг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан тухай бидэнд мэдэгдлээ.
Ашигт малтмал, газрын тосны газар нь 2019 оны 1/2083 дугаар албан бичгээр хуулийн дагуу нөхөх олговор төрөөс авах тухай хүсэлтээ зохих ёсоор төрийн эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.
Бид Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13 дугаар зүйлийг 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн үндэслэлээр төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөх олговрыг авах эрхтэй гэж үзэж байгаа ба энэхүү эрхээ эдлэх боломжтой эсэхийг шийдвэрлүүлэх хүсэлтэй, хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь анх 2002 онд Төв аймгийн ******* сумын нутаг Б******* нэртэй газарт 2258 га талбайтай газарт ашигт малтмалын хайгуулын 5200Х дугаартай тусгай зөвшөөрөл аваад өөрсдийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд хуулийн дагуу хайгуулын үйл ажиллагааг явуулсны үр дүнд 2008 онд уг талбай дээр 13******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваад ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлж байсан. Гэтэл 2009 онд Улсын Их Хурлаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар тухайн талбай хориглож хязгаарласан талбайтай давхцсан учраас ашиглах боломжгүй болсон. Үүнээс хойш нэхэмжлэгч нь 2019 он хүртэл тусгай зөвшөөрлийн талбайгаа ашиглаагүй ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөд яваад байсан.
2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслэн Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолыг үндэслэн нөхөх олговороо авах өргөдлөө гаргасан. Яаманд гаргаад давхар Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан. Яамнаас энэ өргөдлийг бид хүлээж авахгүй, Ашигт малтмал газрын тосны газарт ханд гэсэн хариуг ирүүлсэн.
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргана” гэж заасан байдаг. Тиймээс бид энэ өргөдлийг хүлээж авах этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар юм байна гэж үзээд өргөдлөө гаргасан. Өргөдлийн хариунд Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоол, энэ тогтоолын хавсралт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн энгийн хамгаалалттай талбайд олборлолт явуулж эхэлсэн нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөх сэргээлт хийлгэх журмын дагуу танайх давхцсан талбайгаа хасуулаад, үлдсэн хэсэгтээ олборлолт явуулах боломжтой учраас бид нөхөх олговрыг олгох боломжгүй гэсэн. Уг албан бичигт “Хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулаад үлдсэн талбайд олборлолт явуулж, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах боломжтойг үүгээр мэдэгдье” гэсэн.
Бид Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор бидний өргөдлийг хариуцагч маань хүлээж аваад 299 дүгээр тогтоолд заасны дагуу бүртгэлийн ажлыг 30 хоногийн дотор хийгээд Сангийн яамруу албан бичгийг явуулах ёстой гэж үзэж байгаа. Бидний өргөдөлд дутуу материал байж болно. Хэрэв дутуу материал байвал энэ материалаа гаргаж өг гэсэн хариу өгсөн бол нэг өөр. Гэтэл 299 дүгээр тогтоолтой огт хамааралгүй Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолыг үндэслэж бидний өргөдлийг хүлээж авахгүй гэсэн хариу өгч байгааг хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна.
2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу 4.6 дахь заалтыг үндэслээд Засгийн газар 2010 онд 299 дүгээр тогтоолыг баталсан. 299 дүгээр тогтоолын хавсралтын 3.1 дэх заалтад “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий давхцсан хэсэгт нь нөхөх олговрыг тооцож олгоно” гэж заасан.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн хариунд давхцсан хэсгийг 299 дүгээр тогтоол, давхцаагүй хэсэгтээ үргэлжлүүлээд үйл ажиллагаа явуулах харилцааг 120 дугаар тогтоолоор зохицуулж байгаа гэсэн хариуг өгдөг.
120 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.1 “тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл өргөдөл гаргана, 2.5 “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл өргөдөл гаргана” гэж заасан. Давхцсан, давхцаагүйг энэ журам тусад нь гаргаж уг харилцааг зохицуулж байгаа. Гэтэл хариуцагчаас давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулахыг шаардаад байгаа. 120 дугаар тогтоолын 2.1 дэх заалтад “..өөрөө хүсвэл..” , “...давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулахыг хүсвэл...” гэж заасан байгаа. Биднийг хүсээгүй байхад шаардаж байгаа.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль, энэ хуулийг дагаж гарсан Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолыг буруу тайлбарлаж хэрэглээд байгаа. Иймээс бид Ашигт малтмал, газрын тосны газрын тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
2010 оны 299 дүгээр тушаалаар Ашиг малтмал, газрын тосны газрын хийх ёстой ажил бол аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, зардлыг шалгаж үзээд Сангийн яамруу явуулах үүрэгтэй. Тэгээд Сангийн яам энэ мөнгийг ирэх жилийн төсөвтөө суулгах ёстой. Ашигт малтмал, газрын тосны газар бид хэрэгжүүлэгч агентлаг учраас нөхөх олговрыг олгох боломжгүй гэж байгаа. Угаасаа нөхөх олговрыг олгох байгууллага нь эднийх бус Сангийн яам байгаа. Тиймээс шийдвэрийг нь хүчингүй болгож, даалгаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Журамд заасан өдөр тутмын хэвлэлд манай тусгай зөвшөөрөлтэй холбоотой жагсаалт нийтлэгдээгүй. Нийтлэгдээгүй учраас 90 хоногийг тоолох боломжгүй учраас бид нөхөх олговор авах хүсэлтээ гаргаагүй. Өргөдлөө гаргаагүй байж байгаад 2019 оны 03 дугаар сард нөхөх олговор авах хүсэлтээ гаргасан.
Бид яагаад Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан гэхээр Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор баталсан давхцсан талбай дээрээ нөхөх олговор авах журмын дагуу хандаж байгаа. Бид хориглосон, хязгаарласан талбайдаа нөхөх олговор авъя гэж хүсэлт гаргасан. Энэ нөхөх олговор авах асуудал Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журмаар зохицуулагдаж байгаа. 299 дүгээр тогтоолоор баталсан журмын 4.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргана” гэж заасан. Журмандаа Ашигт малтмал, газрын тосны газарт гаргана гэж заасан учир танайд хандаж гаргасан. Бидний бичгээр гаргасан өргөдлийг хүлээж аваад хянаад манай харьяалан шийдвэрлэх асуудал мөн байна гэсэн албан ёсны танай хариу ирсэн. Иймээс хариуцагчаа зөв тодорхойлсон гэж үзэж байна. Захиргааны акт мөн гэж үзэж байгаа. Манай эрх ашгийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах бүх шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтаар Засгийн газар хариуцах ёстой гэж байна. 9.1.13 дахь заалт “тусгай хэрэгцээнд авах зорилгоор” гэж байгаа. Тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хэрэгцээнд авчих юм бол өөр талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн зохицуулалт. Энэ нь манай хүссэнээс өөр болчихоод байгаа. Бид тусгай хэрэгцээнд авсан учраас өөр газрыг нөхөж олгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаагүй, хуулиар хориглосон, хязгаарласан талбайдаа нөхөх олговрыг авъя гэсэн хүсэлтийг гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нөхөх олговрыг маань олгоод, тусгай зөвшөөрлийг цуцлаад өгөөч гэж хүссэн. Тиймээс Засгийн газрын хамаарах асуудал бус танай хариуцаж шийдэх асуудал болж байгаа.
Гэрчийн мэдүүлгээс болон хариуцагчийн тайлбараас үзвэл Засгийн газрын 120 болон 299 дүгээр тогтоолуудыг зэрэгцүүлэн хориглосон, хязгаарласан талбайд нөхөх олговрыг олгоод 120 дугаар тогтоолоор хориглож, хязгаарлаагүй талбайд ашиглалт явуулах боломжтой гэсэн тайлбарыг хариуцагч хэлж байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг үндэслэн Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоол батлагдсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж заасан. Энэ нь хориглож, хязгаарласан талбайд нөхөх олговор олгох асуудал энэ 120 дугаар тогтоолтой ямар ч хамааралгүй юм гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Мөн 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд зөвхөн давхцсан хэсэгт нь нөхөх олговрыг тооцож олгоно гэж заасан. Давхцаагүй хэсгээ 120 дугаар тогтоолоор ашиглах боломжтой.
Хариуцагч албан бичигтээ “төсөвт энэ хөрөнгө суугаагүй, Сангийн яамнаас төсөвт мөнгө суусан тул танай байгууллага нөхөх олговор авах өргөдөл аваарай гэсэн чиглэл ирээгүй” гэж тайлбарлаж байна. Тэгэхээр төсөвт мөнгө суулгах ажил Ашигт малтмал, газрын тосны газрын ажил биш. Ашигт малтмал, газрын тосны газар нь өргөдлийг хүлээж аваад, тооцоог нь баталгаажуулаад Сангийн яамруу явуулах үүрэгтэй юм. Сангийн яам Ашигт малтмал, газрын тосны газраас ирсэн бичгийн дагуу нөхөх олговрын хэмжээг тогтоогоод төсөвт суулгах ажлыг хийдэг. Түүнээс биш ямар ч өргөдөл ирээгүй байхад Сангийн яам нөхөх олговрын хэмжээг төсөвт суулгах боломжгүй. Энэ мөнгийг Сангийн яам дараа жилийн төсөвтөө суулгадаг. Тиймээс 299 дүгээр тогтоолоор баталсан журамд өргөдөл өгснөөс хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгоно гэж заасан. Сангийн яам эхэлж төсөвтөө суулгачихаад дараа нь өргөдөл авах боломжгүй.
Нөхөх олговор авах хүсэлтдээ аудитын тайлангаа хавсаргаж өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газрын санхүүгийн хэлтэстэй очиж уулзахад “та нар нөхөх олговор авах асуудлаа манайд ханд, бид танай компанийн нөхөх олговор авах хүсэлтийг шалгаж үзээд Сангийн яамруу явуулна. Тиймээс та бүхэн Сангийн яамруу очихоороо зардал, нөхөх олговрынхоо тооцооллыг Сангийн яамтай тохиролцох ёстой” гэсэн. Ашигт малтмал, газрын тосны газар манай өргөдлийг 2010 оны 299 дүгээр тогтоолын дагуу бүртгэж аваад шалгаад, 90 хоногийн дотор нөхөх олговор авах эрхтэй эсэх, жагсаалтад багтаж зарлагдсан эсэхийг шалгах ёстой. Бид танайхаас ийм ийм материалыг авлаа, дутуу материал юу байна, танай гаргаж өгсөн баримт чинь үндэслэлтэй юм уу, төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр чинь үнэхээр төлөгдсөн юм уу зэргийг нягтлах ёстой байтал 2015 оны 120 дүгээр тогтоолын дагуу танай өргөдлийг хүлээж авахгүй, 120 дугаар тогтоолоор давхцаагүй хэсгээ ашигла, давхцсан хэсэгт чинь нөхөх олговор олгохгүй гэж хариу өгсөн. Бидний хүсэж байгаа зүйл бол 299 дүгээр тогтоолын дагуу манай өргөдлийг шалгаад өгөөч гэсэн зүйл байгаа.
Газрын баялаг жигд биш, зарим хэсэг нь өндөр агуулгатай, зарим хэсэг нь бага агуулгатай. 2008 онд энэ талбайг хайгуулын лицензийг А лиценз болгоод 6 ширхэг худаг өрөмдсөн. 18 км зайнаас цахилгааны ******* татсан. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамгийн их орчихоод байгаа хэсэг бол манай ашиглалтын лицензийн талбайд батлагдсан нөөцийн 90 орчим хувь нь байгаа. Жаахан элстэй хэсэгт нөөцийн 10 орчим хувь нь байгаа. Бид нэгэнт 1,2 тэрбум төгрөгийн зардал гаргачихсан.
299 дүгээр тогтоолын нөхөх олговор авах компаниудын нэрс 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “З*******” сонин дээр нийтлэгдсэн. Тус нийтлэлд манай компанийн нэр байхгүй байсан. Манай компанийн нэр байхгүй байна гээд очоод уулзахаар Ашигт малтмал, газрын тосны газраас “одоо дахиад нийтлэгдэнэ, хүлээж бай гэсэн”. Манай компани руу Ашигт малтмал, газрын тосны газраас давхцалтай гэсэн бичиг, мэдэгдэл ирж байгаагүй. Хэрвээ энэ лиценз маань цуцлагдчихвал нөхөх олговор авч чадахгүй байх гэж бодоод төлбөрөө төлөөд яваад байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...А” ХХК нь 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн ******* сум, Улаанбаатар хотын Налайх дүүргийн ******* нэртэй 1281 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн N21******* дугаартай бүртгүүлсэн.
Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV01******* тоот тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV01******* тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн “О******* ******* ХХК-д 54.49 гектар талбайг шилжүүлснийг бүртгэсэн байна.
Нэхэмжлэгч компанийн эзэмшиж буй ашиглалтын MV01******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сантай 6.45 гектар, усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 309.64 гектар талбай нь давхцал үүссэн. Байна.
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр журмаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч компани нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Урсац бүрэлдэх, эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж хэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын дагуу хориглосон талбайн хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайг олборлолт явуулж, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах боломжтой юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага шийдвэрлэхгүй. 299 дүгээр тогтоолоор манайх материал, өргөдлийг хүлээж аваад цааш Сангийн яаманд уламжлах үүрэгтэй. Засгийн газрын 120 дугаар тогтоолоор 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт ороод түүнээс хойш 3 сарын хугацаанд давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуул гэж журамласан. Энэ журмын хүрээнд дахин 2015 онд хандах боломж нь компанид байсан.
Ашигт малтмал, газар тосны газарт гомдлоо гаргасан, гомдолд 120 дугаар тогтоолын дагуу хариуг өгсөн гэж байна. Гэтэл 120 дугаар тогтоолын хүрээнд бус Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд албан бичгээр хандаад, манайхаас албан бичгээр хариуг нь өгсөн байсан. Компанийн эрх зүйн байдал хүнд байгааг ойлгож байна. Иймэрхүү маргаанд Засгийн газар хамтран хариуцагчаар явж байсан.” гэв.
Гэрч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оноос хойш Ашигт малтмал, газрын тосны газарт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байна. Миний хувьд хүлээж авсан ажил, бичиг баримт, мөн архивт байгаа баримтын хүрээнд хариулж чадна.
Нөхөх олговортой холбоотой асуудлаар Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд хамаарах 242 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн талаар өдөр тутмын сонинд зар нийтлүүлсэн. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолтой холбогдуулж манайх өдөр тутмын сонинд зар огт өгөөгүй. 2015 онд гарсан Засгийн газрын 120 дугаар тогтоолоор батлагдсан журмаар 194 дүгээр тогтоолд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн асуудал зохицуулагдаж байгаа. “А” ХХК нь ойн сан болон усан бүхий газрын хилийн заагтай давхцалтай. “А” ХХК-ийн 1228 га талбайгаас 309.99 га талбай нь усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй, 6.45 га талбай нь ойн сан бүхий газартай давхцалтай байдаг. Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын дагуу эдний асуудлыг шийдвэрлэхээр манай зүгээс энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулсан эсэхийг судалсны дараа гэрээ байгуулах уу, эсхүл хориглосон талбайтай давхцалтай хэсгийг нь хасуулах уу гэдэг асуудлыг шийдээд, энэ дагуу дараагийн алхмаа хийх ёстой. Эдний компаниас над дээр энэ асуудлаар ирж байсан. Тэгэхээр нь би “танайх энэ нөөцөө хориглосон талбайн заагтайгаа давхцуулаад буулгаад ирээ, тэгэхээр нь дахиж ярилцаад танай асуудлыг шийдье” гэсэн. Ихэнх нөөц нь давхцалтай байвал 299 дүгээр тогтоолыг “А” ХХК-д хэрэгжүүлж болох талтай.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-иас гаргасан “13******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, шаардлагатай шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Төв аймгийн ******* сумын нутагт орших ******* нэртэй 1281 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV01******* дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр “А” ХХК-д олгож, уг талбайгаас 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр 51.49 гектар талбайг “О******* *******” ХХК-д хэсэгчлэн шилжүүлсэн бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 01-нд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2010 оны 127 тоот тушаалын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг WGS-84 тогтолцоонд хөрвүүлэхэд талбайн хэмжээ 1228.22 гектар болжээ.
Улсын Их Хурлаас 2009 онд баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайн солбицлыг Засгийн газар 2011 оны 174, 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд тус компани 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын MV01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалтай эсэх лавлагааг хүсэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 7/1440 тоотоор “ашигт малтмалын ашиглалтын MV01******* дугаартай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сантай 6,45 гектар, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 309,65 гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай” байгааг тодорхойлж, давхцлыг харуулсан кадастрын зургийг хүргүүлжээ.
Ийнхүү 2009 онд уг хууль батлагдаж, солбицлыг 2012, 2015 онд Засгийн газар тогтоосон энэ хугацаанд тус компани тухайн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй ч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөөр ирсэн, энэ нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 7/1440 тоотод уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгааг дурджээ.
“А” ХХК 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үндэслэлээр хориглосон талбайтай давхцалтай хэсэгт нөхөх олговор авах” хүсэлт гаргасан байх бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 06/878 тоот албан бичгээр “Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журмын 4.1-д зааснаар нөхөх олговор авах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад гаргана. Нөхөх олговор авах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж асуудлаа шийвэрлүүл” гэсэн хариуг өгсөн бол энэ хэрэгт хариуцагчаар тодорхойлогдсон Ашигт малтмал, газрын тосны газар 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 тоот албан бичгээр “... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй тул манай газраас дээрх тогтоолоор баталсан хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлээгүй болно. Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмаар давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулж, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах боломжтой” гэсэн хариу өгчээ.
Хуулиар ийнхүү гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосонтой холбоотой Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг баталж, ийнхүү нөхөх олговрыг олгосноор Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэхээр зохицуулагджээ.
Харин Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмыг баталсан байна.
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллага өдөр тутмын хэвлэлд нийтлэхээр, ийнхүү нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлтээ тусгай зөвшөөрөл эзэмшигч геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад гаргахаар, ийнхүү өдөр тутмын хэвлэлд тусгай зөвшөөрлийн дугаарыг жагсаалтаар нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлтээ гаргаагүй бол нөхөх олговор олгохооргүй журамлажээ.
“А” ХХК-ийн ашиглалтын MV01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Кадастрын хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 7/1440 тоотоор тодорхойлсноор Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сантай 6,45 гектар, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 309,65 гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай бөгөөд Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор давхцалтай талбайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй болохоо хариуцагч илэрхийлсэн, өөрөөр хэлбэл уг талбай давхцалтай болохыг, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ гаргах эрхтэй болохыг, энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааг тоолж эхэлснийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулага өдөр тутмын хэвлэлд нийтлүүлээгүй тул “А” ХХК ашиглалтын MV01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хуулиар хориглосон талбайтай давхцалтай хэсэгт нөхөх олговор шаардах эрхээ алдаагүй байна.
Нөхөн олговор авах эрхийг журмаар нэгэнт төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн жагсаалтыг зарласнаас хойш 90 хоногийн дотор хүсэлтээ гаргаагүй бол олгохгүй гэж хязгаарласнаас өөр хязгаарлалт хуулиар байхгүйгээс гадна нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлж тусгай зөвшөөрлийн эрхээ хадгалсаар байгаа тул тусгай зөвшөөрөлтэй холбоотой хуулиар олгогдсон эрхэд өөрөөр халдах боломжгүй юм.
Нэхэмжлэгч нь ийнхүү ашиглалтын MV01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хуулиар хориглосон талбайтай давхцалтай хэсэгт нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргасан байхад Ашигт малтмал, газрын тосны газар “төсөвт нөхөн олговор тусгах талаар чиглэл өгөөгүй тул нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлээгүй” гэж татгалзан “Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журамд зааснаар хориглосон талбайн хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулах боломжтой” гэж хариу өгсөн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь “А” ХХК-ийн ашиглалтын 13******* дугаартай тусгай зөвшөөрлийн 1228.22 га талбайн нөөц бодогдсон хэсэг “Элстэй” талбайд 440,57 га, “Жаахан элстэй” талбайд 33,20 га бөгөөд Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан болон усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй “Элстэй талбай”-н нөөц бодогдсон хэсэг 280,96 га давхцалтай, өөрөөр хэлбэл нөөц бодогдсон талбайн дийлэнх хэсэг ийнхүү хориглосон талбайтай давхцалтай байхад хариуцагч энэ байдлыг судлаагүйн дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зориг “давхцсан хэсэгтээ нөхөх олговор авах” байгааг харгалзалгүй “төсөвт тусгах чиглэл өгөөгүйгээс хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлэхгүй” гэх үндэслэлээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмаар Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, хавсаргасан баримтуудыг шалгаад нөхөн олговрын хэмжээг тодорхойлон 30 хоногийн дотор Сангийн яаманд хүргүүлэхээр, Сангийн яам хянан үзэж нөхөх олговрын хэмжээг баталгаажуулахаар байна. Өөрөөр хэлбэл нөхөх олговор олгох эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэрлэхгүй ч хүсэлтийг хүлээн авч Сангийн яаманд хүргүүлэх чиг үүрэгтэй, энэ ажиллагааг гүйцэтгэхээс хууль бусаар татгалзжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үүнээс өөр үндэслэлээр татгалзаагүй, тухайлбал нөхөх олговрын хэмжээг тодорхойлох баримт хавсаргаагүй зэргээр татгалзаагүй, хариуцагч нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн аваагүй, нөхөн олговрын хэмжээг тодорхойлох ажлыг хийгээгүй тул зардлын задаргааг хүсэлтэд хавсаргаагүй гэж нэхэмжлэгчийг одоо буруутгах шаардлагагүй.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид холбогдуулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн. Учир нь хариуцагчаар тодорхойлсон Ашигт малтмал, газрын тосны газрыг “тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан үндэслэл нь хууль бус, шаардлагатай шийдвэр гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь Ашигт малтмал, газрын тосны газрын эрх хэмжээнээс хальсан шаардлага гэж үзэхээргүй байна.
Тусгай зөвшөөрлийн давхцаагүй нөөц тогтоогдсон “Жаахан элстэй” талбайд нөөцийн хэдэн хувь байгааг тогтоох, эдийн засгийн үр ашгийг тооцох боломжгүй тохиолдолд давхцаагүй талбайг ашиглах боломжтой гэдгээр давхцсан талбайд нөхөн олговор хүсэх эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр тухайн талбайг тусгай хэрэгцээнд аваагүй ч ашигт малтмал олборлохыг хуулиар хориглосон тул нөхөх олговор шаардах эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар тодорхойлох боломжтой.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 13******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА