Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2015/0540/З |
Дугаар | 30 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 30
“Алтанбил” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүн, Б.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, гуравдагч этгээд “Ком трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0694 дүгээр магадлалтай, “Алтанбил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “Ком трейд” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Алтанбил” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “Ком трейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг захирамжийн “Алтанбил” ХХК-д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр захиргааны акт гаргатал түдгэлзүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0694 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
Гуравдагч этгээд “Ком трейд” ХХК-ийн төлөөлөгч Ц.Солонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Алтанбил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Билгүүн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. “Алтанбил” ХХК-ийн захирал Д.Дамдинжамц 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай итгэмжлэлийг Д.Билгүүнд олгосон бөгөөд уг итгэмжлэлийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Итгэмжлэлийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон тул тус өдрөөс хойш Д.Билгүүн нь “Алтанбил” ХХК-ийг төлөөлөх эрхгүй юм.
Гэтэл Д.Билгүүн нь “Алтанбил” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байх үедээ буюу 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийг төлөөлөн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан. Түүний гомдол гаргасан үйлдэл болон тус гомдлыг хүлээн авч, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3-т “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төлөөлөл дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 29.2.5-д “Итгэмжлэлийн хугацаа дууссан” гэж тус тус заажээ.
Давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтуудыг хэрэглэж, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй буюу давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд давж заалдах гомдол гаргасан гэдэг үндэслэлээр Д.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Ком трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Билгүүний итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон, “Алтанбил” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, давж заалдах гомдол гаргах эрхгүй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгох талаар тайлбар, хүсэлт гаргасан боловч шүүх энэ асуудлаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийж, магадлалд огт тусгаагүй байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0694 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, ...;”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “Алтанбил” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “Алтанбил” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “Алтанбил” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргадаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Ком трейд” ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн “Алтанбил” ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж, “Алтанбил” ХХК-д ногдох 5 га газрын гэрээ, гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ маргаан бүхий акттай холбоотой даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой дүгнээгүй /шаардах эрхтэй, эсхүл эрхгүй талаар/, мөн “... Иймд холбогдох гэрээ, гэрчилгээнд эзэмших газрын хэмжээ 5 га гэж тусгагдсанаар нэхэмжлэгчийг 5 га газар эзэмших эрхтэй байна гэж дүгнэх боломжгүй юм...” гэснээр “Алтанбил” ХХК-д 2 га газар олгосон маргаан бүхий актыг зөвтгөж байгаа атлаа Тогтоох хэсэгтээ “”Алтанбил” ХХК-д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр захиргааны акт гаргатал түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл зөв эсэх талаар дүгнэсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх ёстой. Харин түүний хууль зүйн үндэслэлийг эцэслэн дүгнэх боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн "хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай" тохиолдолд уг заалтыг хэрэглэх учиртай. Маргаан бүхий актыг түдгэлзүүлснээр шүүхээс захиргаанд тодорхой хугацаа заан дахин шинэ акт гаргах боломж олгодог ба хэрэв заасан хугацаанд захиргаа дахин акт гаргахгүй бол түдгэлзүүлсэн акт шууд хүчингүй болдог. Ингэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагддаг.
Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу заасан хугацаанд захиргаанаас шинэ акт гаргахгүй /нэхэмжлэгчид одоо байгаа 2 га газар дээр шаардаж буй 3 газрыг нэмж олгосон/ тохиолдолд түдгэлзүүлсэн акт /2 га олгосон байгаа маргаан бүхий акт/ нь хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх нь улам дордох юм.
Мөн нэхэмжлэгчээс гаргасан “... “Ком трейд” ХХК-ийн эзэмшлийн газрын “Алтанбил” ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж “Алтанбил” ХХК-д ногдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна хэмээн давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь маргаан бүхий актаар гуравдагч этгээд “Ком трейд” ХХК-ийн эзэмшил газраас хасагдаж “Алтанбил” ХХК-д олгогдсон гэх 2 га, нэхэмжлэгчид нэмж эзэмшүүлэх ёстой гэх /хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн/ 3 га газар нь бодит байдал дээр хаана байгаа, энэ нь “Ком трейд” ХХК-ийн эзэмшил газартай бүрэн, эсхүл хэсэгчлэн давхцаж буй эсэх, давхцсан бол аль хэсэг, хэмжээгээр давхцаж байгаа зэргийг бүрэн тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх нь тогтоогдох боломжтой.
Гуравдагч этгээд “Ком трейд” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй буюу давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа хууль зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд, хэдийгээр гомдол гаргах цаг хугацаанд /итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш 3 хоногийн дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүний итгэмжлэлийн хугацаа дууссан байсан боловч 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр төлөөлүүлэгч нь төлөөлөгчид дахин итгэмжлэл олгосон, энэ талаар төлөөлүүлсэн этгээд нь маргаагүй буюу итгэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байх тул энэхүү алдааг шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.
Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэх ёстой гэсэн нь буруу болохыг тэмдэглэж байна. Учир нь маргааныг хянан шийдвэрлэх үед /2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр/ шинэ хууль үйлчилж эхлээгүй байсан.
Иймд шүүх бүрэлдэхүүнээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн тогтоож, дүгнэсний эцэст шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” болох тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдэл нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0694 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Ком трейд” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээд “Ком трейд” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ