Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 172

 

Б.Батсүрэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар магадлалтай, Б.Батсүрэнд холбогдох эрүүгийн 201525010155 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Батсүрэн, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Болдын Батсүрэн нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Онц их хэмжээний хээл хахууль авах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Батсүрэнг давтан үйлдлээр онц их хэмжээний хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Б.Батсүрэнгээс 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 61 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн эд мөрийн баримт Б.Батсүрэнгийн Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт 10.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Б.Батсүрэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гараар бичсэн тайлбарыг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Б.Болдын эзэмшлийн 87-57 УНГ дугаартай “Тоёота ланд круйзер-105” загварын автомашин, Ц.Энхжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын 11б дүгээр байрны 2 тоот 29 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Батсүрэнгээс 62.000.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батсүрэн, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарын  давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… авилга авсан мэтээр үзэж байгаад гомдолтой байгаа учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Байцаалтын явцад чи авилга авсан уу гэж байцаасан болохоос биш чи мөнгө зээлсэн үү, ямар нэг мөнгө төгрөгийн асуудал байгаа юу гэж огт асууж байгаагүй. Намайг заавал яллах гэж байцаалтыг тулган явуулж байсан хэд хэдэн баримт байдаг. Ер нь авилга авсан гэж бодоход аваад буцааж төлнө гэж байх уу. Мөнгө зээлсэн учраас түүнийгээ эргүүлж төлсөн баримтыг авилга авсан болгож байгаад гомдолтой байна. Ажиллаж байсан компанийхаа мөнгийг өөрсдөө завшиж бетон зуурмагийн үйлдвэр байгуулаад ажиллаж байгаа нь шударга явдал уу, эмчилгээний зардлын мөнгө зээлээд түүнийгээ эргүүлж төлөх нь авилгал болох уу гэдэг асуудал үүсээд байна. Хүн бүрт хууль эрх тэгш, шударга үйлчилнэ  гэдэгт итгэлтэй байна. Иймд уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.5-д заасан нөхцөл байдлыг нотлоогүй. Давтан үйлдлүүд нь хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр үйлдэгдсэн, ингэж үйлдэгдэхдээ хэдэн төгрөг авсныг тогтоогоогүй. Үүнийг тогтоо гэсэн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 272 дугаар магадлалд заасан ажиллагаанууд огт хийгдээгүй. Хэргийн талаар нотолбол зохих зүйлсийг тогтоогоогүй байхад шүүх шийтгэх тогтоол гаргасан. Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацааг улирлаар тогтоож болно гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. М.Энхтуяа, Д.Төгсжаргал, Б.Батсүрэн нар үгсэн тохирч “Хонгран Сфеко” ХХК-ийн эд хөрөнгийг завшсан. Энэ завшсан мөнгөө Б.Батсүрэн төлөх тухай баримт гаргаж өгөхдөө л 62.000.000 төгрөг гэж бичсэн нь яллах дүгнэлтэд бичигдсэн мөнгө дүн болсон. Түүнээс биш 6 удаа ямар цаг хугацаанд хэдийг авснаар нийт 62.000.000 төгрөг болсон гэдгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Өмнөх яллах дүгнэлт, прокурорын эсэргүүцэл зэрэгт бүгдэд нь өөр өөр мөнгөн дүн байсан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. М.Энхтуяа 2015 оноос хойш нийт 10 удаа мэдүүлэг өгч 9 байцаалтад авилга өгөөгүй гэж мэдүүлсэн байж өмгөөлөгчгүй өгсөн ганц мэдүүлэгтээ авилга өгсөн гэж мэдүүлээд түүнийхээ төлөө өршөөлд орсон. Д.Төгсжаргал 10 удаа мэдүүлэг өгөхдөө авилга өгөөгүй, хэлэлцэн тохирч түр ашиглаж байгаад шалгалтаар илэрсэн гэдэг. Харин 10 дахь байцаалтаа мөн өмгөөлөгчгүй өгч авилга өгсөн гэж мэдүүлээд өршөөлд хамрагдсан. Мөрдөн байцаагч, прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг биелүүлээгүй. М.Энхтуяа, Д.Төгсжаргал, Б.Батсүрэн нар үгсэн тохирч “Хонгран Сфеко” ХХК-ийн 132.000.000 төгрөгийг завшсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээр зүйлчлэгдэх ёстой. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хэргийн бүрэлдэхүүний шинж болох “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс” юу хийгдсэн байна. Хохирогч “Хонгран Сфеко” ХХК нь М.Энхтуяа, Д.Төгсжаргал нарт мөнгөө алдсан. М.Энхтуяа, Д.Төгсжаргал нар нь газрын албаны мэргэжилтэн Б.Батсүрэнгээс хуурамч баримт бүрдүүлэн компаниа хуурч, мөнгөө хувааж авцгаасан. М.Энхтуяа, Д.Төгсжаргал нарыг хахууль өгсөн гэж үзэж боломжгүй юм. М.Энхтуяа, Д.Төгсжаргал нарт хахууль өгөх шаардлага байхгүй, харин Б.Батсүрэнтэй үгсэн тохирч компанийг хуурах зорилго байсан. Газрын төлбөр төлөгдсөн байх ашиг сонирхол “Хонгран Сфеко” ХХК-нд хэрэгтэй. Гэтэл үнэн хэрэгтээ “Хонгран Сфеко” ХХК зохих ёсоор газрын  төлбөрөө төлсөн гээд л хууртаад байж байсан компани юм. М.Энхтуяа, Д.Төгсжаргал нарыг хахууль өгсөн гэж үзэж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөсөн нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн. М.Энхтуяа Д.Төгсжаргал нар өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтдээ төлбөр төлөхөө илэрхийлээгүй байхад хууль зөрчиж өршөөсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7-д 62.000.000 төгрөгийг улсын орлого болгосон. Тэгэхээр “Хонгран Сфеко” ХХК-ийн хохирлыг өнөөдөр хариуцах эзэнгүй болсон. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ёстой, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөх байсан. Энэ нь Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад тухайн гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр үйлдэж 62 сая төгрөгийг авсан байна гэж дүгнэсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирол барагдуулаад 10 сая төгрөгийг буцааж олгосон тухай баримт хэрэгт байсаар байтал анхан шатны шүүх 62 сая төгрөгөөр шууд тогтоосон нь буруу гэж үзэж байна. Дээрх үйл явдлаас үүдэн шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн юм. Тухайн гэмт хэрэг нь хэдийгээр албан тушаалын гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж арай хөнгөн ял оноох боломжтой бөгөөд мөн ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байсан. Иймд гомдолд дурдсан асуудлуудыг нягтлан шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл “... шүүгдэгч Б.Батсүрэнгийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгчийн өмгөөлөгч мөн гэм буруугийн асуудлаар маргахгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Батсүрэн нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны төлбөрийн байцаагчаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ганц модны аманд байрлах “Хонгран сфеко” ХХК-ийн эзэмшиж ашигладаг 100 га газрын төлбөрийг төлүүлэхгүй байхаар буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёстой үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж тус компанийн гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал, нягтлан бодогч М.Энхтуяа нараас 62 сая төгрөгийг хээл хахууль болгон давтан үйлдлээр өөрөө авч, “Хонгран сфеко” ХХК-ийн 2012 он болон 2013 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрийг төлсөн мэтээр улирал, хагас, бүтэн жилийн тайланд тусгаж, тооцоо нийлсэн акт үйлдэж өгсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Батсүрэн болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Батсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээнд нийцсэн, хувийн байдал нь тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан ба хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй болно.

Шүүгдэгч Б.Батсүрэн нь хувийн гачигдлын улмаас бусдаас мөнгө зээлсэн бус харин Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарын хууль бус ашиг сонирхлыг гүйцэлдүүлж албаны үүргээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө онц их хэмжээний хээл хахууль авсан үйл баримт мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдсон тул шүүгдэгч Б.Батсүрэнгийн гаргасан “мөнгө зээлсэн асуудлыг хээл хахууль авсан болгож ялласан” гэх гомдол болон хэргийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх ёстой гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Албан тушаалтанд давтан үйлдлээр, онц их хэмжээний хээл хахууль өгсөн Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарын хувьд мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдсан байна.

Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчид холбогдох хэргийн хүрээнд явагдах учир шүүхэд шилжүүлээгүй Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ёстой, Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэх өмгөөлөгч Г.Мөнхбатын гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдвол хяналтын шатны шүүх зүйлчлэлийг өөрчилж хөнгөн ялтай хууль хэрэглэн ял, дэглэмийг хөнгөрүүлэх эрхтэй боловч дээрх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбатын шүүх хуралдаанд гаргасан саналыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батсүрэн, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, М.Машбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан санал, гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                             Б.БАТЦЭРЭН

               ШҮҮГЧ                                                             Б.ЦОГТ