Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ү.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            С.Б

            Яллагдагч                                          Ү.Б

Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 841 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Ж

гийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Ү.Бт холбогдох 1812004810257 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус ялыг сольж 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, Б овогт Үгийн Б

 

Ү.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 30-06 тоот байшингийн цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагтын хүлээн авах станц хулгайлан авч 45 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ү.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 841 дугаартай шүүгчийн захирамжаар:

“Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Ү.Бт холбогдох эрүүгийн хэрэгт дараахь мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд:

1. Алдагдсан гэх зурагтын хүлээн авах станцын марк, хүчин чадал, шинж байдал зэрэг нь тодорхойгүй, энэ талаар хохирогчоос тодруулаагүй байх тул уг станцад үзлэг хийж шинж байдал, марк, хүчин чадлыг тогтоох, шаардлагатай бол холбогдох мэргэжилтнийг оролцуулах

2. Шинжээчид алдагдсан гэх станцийг хүргүүлээгүй, /хохирогч нь яллагдагчаас станцаа өөрөө хүлээн авсан гэж мэдүүлэг өгсөн/  мөрдөн шалгах ажиллагааны явцад уг станцийн шинж байдал, марк, хүчин чадлыг тогтоогоогүй байхад шинжээч өөрөө санаачилгаараа “9 сувгаар нэвтрүүлэг гаргах хүчин чадалтай хүлээн авах станц” гэж үзэн үнэлгээ гаргасан, “мөн орон нутгийн худалдааны төвүүдээр худалдаалж байгаа ижил төрлийн телевизийн хүлээн авах станцын үнэ ханшийн мэдээллийг үндэслэсэн” гэсэн боловч ямар станцуудтай харьцуулсан, тэдгээр нь ямар үнэтэй байсан талаар мэдэгдэхгүй байна.  Эдгээр нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш гэж үзэх үндэслэлтэй байх тул захирамжийн 1 дэх заалтад заасан ажиллагааг хийсний дараа шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулах  шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүх хуралдааны үед шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт шинжилгээ хийлгэж болохоор заасан боловч энэ нь талуудаас шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргаж харилцан зөвшөөрсөн тохиолдолд боломжтой бөгөөд шүүх хуралдааны үед шинжилгээ хийлгэх талаар талуудаас хүсэлт гаргах эсэх, энэ талаар харилцан зөвшөөрөх эсэхийг шүүх урьдчилж мэдэх боломжгүй, мөн дээрх алдагдсан гэх станцын шинж байдлыг  мөрдөн байцаалтын үед мөрдөн шалгах ажиллагааны /үзлэг хийх, хохирогчийг байцаах, холбогдох баримт бичгийг хураан авах гэх мэт/ үр дүнд тогтоох ёстой бөгөөд эдгээр ажиллагаануудыг явуулах шаардлагатай гэж үзлээ. Иймд Ү.Бт холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд

Ү.Бт холбогдох  1812004810257 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж; Хэргийг прокурорт очтол яллагдагч Ү.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж; Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн би, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын сарын 29-ний өдрийн 841 дугаартай захирамжийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Ү.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3 дугаар баг, Цогт-Уулын 30-06 тоот Н.Бын байшингийн цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагтын хүлээн авах станц хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас Ү.Бт холбогдох эрүүгийн 1812004810257 дугаартай хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 248 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Үүнд:

1. Алдагдсан гэх зурагтын хүлээн авах станцын марк, хүчин чадал, шинж байдал зэрэг нь тодорхойгүй, энэ талаар хохирогчоос тодруулаагүй байх тул уг станцад үзлэг хийж шинж байдал, марк, хүчин чадлыг тогтоох, шаардлагатай бол холбогдох мэргэжилтнийг оролцуулах,

2. Шинжээчид алдагдсан гэх станцыг хүргүүлээгүй, /хохирогч нь яллагдагчаас станцаа өөрөө хүлээн авсан гэж мэдүүлэг өгсөн/ мөрдөн шалгах ажиллагааны явцад уг станцын шинж байдал, марк, хүчин чадлыг тогтоогоогүй байхад шинжээч өөрөө санаачилгаараа “9 сувгаар нэвтрүүлэг гаргах хүчин чадалтай хүлээн авах станц” гэж үзэн үнэлгээ гаргасан, “мөн орон нутгийн худалдааны төвүүдээр худалдаалж байгаа ижил төрлийн телевизийн хүлээн авах станцын үнэ ханшийн мэдээллийг үндэслэсэн” гэсэн боловч ямар станцуудтай харьцуулсан, тэдгээр нь ямар үнэтэй байсан талаар мэдэгдэхгүй байна. Эдгээр нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш гэж үзэх үндэслэлтэй байх тул захирамжийн 1 дэх заалтад заасан ажиллагааг хийсний дараа шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулах шаардлагатай байна... гэж дүгнэснийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдол, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, 6.15-д “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж болох боловч мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг хянан шийдвэрлэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж болохоор зохицуулж, хуульчилсан байна.

Гэтэл хохирогч, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаагүй байхад шүүгч өөрийн санаачилгаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.

Мөн яллагдагч Ү.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалагдсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулах эрхтэй болсноор төгсдөг ба түүний үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа төдийгүй хохирогч хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн хүлээж авсан байна.

Өөрөөр хэлбэл хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээнд өөрчлөлт орох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйн дээр уг хэргийн тухайд хохирол нөхөн төлөгдөх асуудал яригдахгүй тул хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үнэлэн хэргийн шийдвэрлэх боломжтой юм. Иймд Ү.Бт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 841 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1-т зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Дараах үндэслэлээр дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байдаг. Үүнд: Ү.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч хулгай хийснээр төгссөн гэмт хэрэг байгаа юм. Ү.Б нь бусдын орон байранд буюу Н.Бын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагтын хүлээн авах станц хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэрэг хохирлын хэмжээг шаардахгүй, тухайн станцыг өөрийн болгож авснаараа гэмт хэрэгт төгссөн гэж үзнэ. Тиймээс дахин шинжээч томилж, хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 841 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Яллагдагч Ү.Бт холбогдох хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Учир нь яллагдагч Ү.Бт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийжээ.

 

 Ү.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 30-06 тоот байшингийн цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, зурагтын хүлээн авах станц хулгайлан, 45 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Хохирогч Н.Бын мэдүүлгээс /хх-ийн 10/ үзэхэд ...зурагтыг орон дээр орхиод  станцыг нь хулгайлсан байсан...манайд ирж уучлалт гуйж зурагтын станцыг маань өгч, хагалсан цонхыг шиллэж, хохиролгүй болгож өгсөн...гэсэн болохоос хулгайд алдагдсан станц нь ямар шинж байдалтай талаар мэдүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хулгайд алдагдсан гэх станцыг ямар шинж байдалтай талаар нотлох баримт цуглуулаагүй, тодруулбал хохирогчоос хулгайд алдагдсан станц ямар шинж байдалтай талаар тодруулаагүй, станцыг эд мөрийн баримтаар тооцох, эсхүл гэрэл зураг авч бэхжүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгээгүй байна.

 

Хэрэгт авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 20/ шинжээчид дүгнэлт гаргуулахаар “Хулгайд алдагдсан зурагтын хүлээн авах станцыг 2018 оны 09 сарын байдлаар үнэлэх” гэсэн асуулт тавьж, шинжээчийн мэдэлд хэргийн материалыг шилжүүлсүгэй гэсэн байхад Шинжээчийн 215 тоот дүгнэлтийн /хх-ийн 21/  Шинжилгээний обьектын талаархи мэдээлэл гэсэн хэсэгт 9 сувагаар нэвтрүүлэг гаргах хүчин чадалтай хүлээн авах станц гэж, Хариулт гэсэн хэсэгт зурагтын 9 сувагаар нэвтрүүлэг гаргах хүчин чадалтай хүлээн авах станц үнэлгээг 2018 оны 9 дүгээр сарын байдлаар 45.000 төгрөг болохыг тодорхойлов гэж шинжээчийн мэдэлд шилжүүлсэн хэрэгт авагдаагүй 9 сувагаар нэвтрүүлэг үзэх хүчин чадалтай хүлээн авах станц гэж хулгайд алдагдсан станцын шинж байдлыг тодорхойлж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, эргэлзээтэй болжээ.

 

Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжээч томилохоор хуульчилсан хэдий ч энэ тохиолдолд хэргийн хүрээнд дахин дүгнэлт гаргуулах аргагүй, шинжилгээ хийлгэхэд шаардлагатай нотлох баримт цуглуулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан ажиллагааг дутуу хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 841 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

     ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                       

                                                                                                М.МӨНХДАВАА