Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1106

 

  Н.А-, Д.Б- нарт холбогдох

                                                                     эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

хохирогч Г.Оюунбилэгийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,

шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Болортуяа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 841 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Гантөмөр, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.А-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 201626011692 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигон овгийн Н.А-, 1971 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,

            2. Олхонууд овгийн Д.Б-, 1971 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүрэгт түр оршин суух,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 2.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7.530.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн магадлалаар хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан ба Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг болгон өөрчилж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

            Н.А-, Д.Б- нар нь бүлэглэн, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану Болор” ХХК-д борлуулагч, ачигчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 62.347.267 төгрөгийн хөрөнгө завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.А-, Д.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.А-, Д.Б- нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 50.558.187 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүрийг 2 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын 62.347.267 төгрөгийн нэхэмжлэлээс 11.789.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Н.А-гаас 700.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хохирогч Г.Оюунбилэгт 500.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 200.000 төгрөг, шүүгдэгч Д.Б-гаас нийт 19.816.187 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд гаргуулж хохирогч Г.Оюунбилэгт 19.616.817 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 200.000 төгрөг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын бага насны хүүхэд болох А.Энхмаад хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Засаг дарга хууль ёсны асран хамгаалагч томилох хүртэл хугацаанд шүүгдэгч нарын бага насны охин А.Энхмааг хараа хяналтандаа байлгаж асрах үүргийг шүүгдэгч Д.Б-гийн төрөл, садан болох С.Янжмаа, Н.Одхүү нарт хариуцуулж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нарыг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А- гаргасан давж заалдах гомдолдоо: “...өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Миний эх Норов нь өндөр настай, хүнд өвчтэй, гэртээ ганцаараа үлдсэнд нь маш их санаа зовж сууна. Би арьсны архаг хэлбэрийн псироз өвчин тусч, улмаар хорих байгууллагын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч засрал авахгүй байна. Иймээс эдгээр нөхцөл байдлыг болон миний анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шатанд өөрт оногдох хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан надад хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Н.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдсан гомдолдоо нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Д.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...би энэ хэргийг ямар нэгэн санаа зорилготой үйлдээгүй. Бага охины маань эцэг Н.А- нь “Би “Ану Болор” ХХК-д олон жил ажилласан, борлуулалт яаж хийдгийг мэднэ, чи надад туслаад баримт бичээд яв, хоёулаа борлуулалт хийж амьдрал ахуйдаа нэмэрлэе” гэснээр бид хоёр борлуулт хийж эхэлсэн юм. Миний оролцоо бол баримт бичиж, тооцоогоо хийж, орой нь тооцоогоо Н.А-д өгч явуулдаг байсан. Н.А- нь тэр өдрийн орлогын мөнгийг орой нь “Ану Болор” ХХК-д бэлнээр тушаагаад, маргааш, нөгөөдрөөс нь бараагаа авч гардаг байсан. Тухайн үед бидний охин 2 настай байсан тул би ихэнхдээ борлуулалтын дундуур нь охин дээрээ очдог байсан. Зарим тохиолдолд Н.А- ганцаараа борлуулалтад явдаг байсан. Харин миний оролцоотой бараа түгээлтэд явах үед “...Ану Болор” ХХК-иас Н.А-д, хүлээн авсан Д.Б-...” гээд би гарын үсгээ зураад авдаг байсан. Энэ нь хэрэгт авагдсан 38 ширхэг зарлагын баримтаар нотлогдоно. Хохирогч Г.Оюунбилэгийн төрсөн эх Г.Цэвэлмаа бол Н.А-гийн эхийн төрсөн эгч юм. Г.Оюунбилэг, Г.Цэвэлмаа нар нь намайг Н.А-гаас салсанд өс санаж зориуд зохиомол хэрэг үүсгэн, улмаар Г.Цэвэлмаа нь миний гарын үсгийг зарлагын баримт дээр дуурайлган зурж нийт 10.639.000 төгрөгийн хуурамч баримт бүрдүүлсэн байдаг. Эдгээр хуурамчаар бичсэн баримт нотлогдон тогтоогдсон байтал прокурор үнийн дүнгээс хасаж тооцоогүйд гомдолтой байна. Би өөрийн гарын үсэг зурж авсан 38 ширхэг зарлагын баримтаа яах аргагүй хариуцна. 38 ширхэг зарлагын баримтаар 44.862.900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас 43.557.680 төгрөгийн төлөлт хийгдсэн. Үлдэгдэл 1.305.220 төгрөгөөс “Хавцгайт” дэлгүүрт 793.080 төгрөг, “Эрдэнэ-Уул” дэлгүүрт 247.900 төгрөг, “Бяцхан” дэлгүүрт 155.120 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлүүлсэн. Эдгээр дэлгүүрүүд нь биднийг салсныг далимдуулж тооцоогоо одоо болтол өгөөгүй байна. Миний бие Н.А-гаас салах болсон шалтгаан нь тэрээр миний дотны найз эмэгтэйтэй нууц амрагийн холбоо үүсгэсэн, бэлгийн замын өвчин туссан байсан, гадуур хонож мөрийтэй тоглоом тоглодог байсан зэрэг явдал юм. “Ану Болор” ХХК нь Н.А-д итгэж бараагаа өгсөн атлаа зөвхөн надаар төлүүлнэ гээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв төлөлт хийгдэхгүй байсан юм бол борлуулалтаа эртхэн зогсоож болох л байсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хоёр охины минь ирээдүйд гэрэл гэгээ бэлэглэнэ гэдэгт итгэж байна...” гэжээ.

Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас үзэхэд Н.А- нь 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бараа бүтээгдэхүүн хүлээн аваагүй, гарын үсэг зураагүй байдаг тул түүний үйлдэл энэ өдрөөр төгссөн гэж үзэж байна. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. Иймээс шүүгдэгч Н.А-гийн үйлдэл, холбогдлыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Б.Гантөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.А-д оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Шүүхээс гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгч нар гэр бүлийн харилцаатай хүмүүс гэдгийг анхаарч үзээгүй. Шүүгдэгч Н.А-гийн хувьд бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэхээр өөрийн эхнэр Д.Б-тай санаатай нэгдсэн зүйлгүй ба ажил мэргэжил, өрх гэрийн хувьд санхүүг эхнэр Д.Б- хариуцдаг байсан нь хэргээс тодорхой харагддаг. Гэр бүлийн харилцаатай байсны хувьд тэрээр эхнэртээ итгэсээр өдийг хүрсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А- нь хэргийн нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байсан буюу тооцоо, борлуулалт зэргийг өөрөө хариуцдаггүй байсныг шүүх харгалзан үзээгүй. Түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдлыг дурьдаагүй ба “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна” гэж дүгнэсэн боловч мөн зүйлийн 1.2-т зааснаар хохирол төлсөн байдалд дүгнэлт хийгээгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэх боловч тал бүрээс нь харгалзан үзсэн гэж үзэхгүй байна. Иймээс эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн шүүгдэгч Н.А- нь эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, хохирогчид учруулсан хохирлоос 3 жил орчмын хугацаанд 30,0 гаруй сая төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзсэн. Ийнхүү бичсэн давж заалдах гомдлоо дэмжиж байна. Харин өнөөдөр давж заалдсан гомдлын маань үндэслэл  өөрчлөгдсөн. Анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлахад 12 ширхэг зарлагын баримт нь Н.А-, Д.Б- нарт хамааралгүй хэмээн дүгнэж, 11.789.080 төгрөгийг хохирлын дүнгээс хасч тооцсон. Гэвч эдгээрээс гадна Н.А-, Д.Б- нарын гарын үсэг зурж аваагүй буюу 2016 оны 7 дугаар сарын 13-наас 21-ний өдрийн хоорондох 3.403.570 төгрөгийн баримтууд байдаг. Эдгээр баримтуудаар бараа бүтээгдэхүүнийг Д.Б-гийн дүү С.Янжмаад хариуцуулан өгсөн байна. Иймд нийт хохирол болох 50.558.187 төгрөгөөс 3.403.570 төгрөгийг хасч, улмаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Н.А-г тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б- цагдан хоригдсоноор түүний 2 хүүхэд гэртээ үлдсэн. 20 настай охин нь гадаад улсад суралцах боломжоо алдаад одоо 6 настай дүүгээ хараад байж байгаа. Энэ нөхцөл байдалд ач холбогдол өгч, ар гэрийнх нь зүгээс хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаад байна. Д.Б- болон өмгөөлөгч миний зүгээс үйлдэл, холбогдлыг хүлээн зөвшөөрдөггүй.

1. 2015 оны 10 дугаар сарын 5, 13-ны өдрүүдэд үйлдэгдсэн “Бүтээгдэхүүний тооцоо төлж барагдуулах тухай” баримт, “Ану Болор” ХХК-д гаргасан өргөдөл, тооцоо нийлсэн баримт зэргээс үзэхэд, ямар нэгэн санхүүгийн баримтад тулгуурлалгүй, шөнийн цагаар, өөрсдийн бэлдсэн бэлдэц дээр гарын үсэг зуруулж, 1 жилийн хугацаа зааж итгэл төрүүлж баримт үйлдэж авчихаад тухайн 1 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан явдал нь хуурч, итгэлж төрүүлж баримт авсныг нотолж байна. Өөрөөр хэлбэл үнэ өртгийг дараа төлүүлэхээр тохиролцсон явдлыг завших гэмт үйлдэл гэж үзэхгүй.

2. “Ану Болор” ХХК-ийн 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01/2011 дугаартай захирал /Х.Гоош/-ын тушаалаар Г.Оюунбилэгийг гүйцэтгэх захирлаар томилжээ. Гэвч  хэрэгт тус компанийн дүрэм, мөн Төлөөлөн Удирдах зөвлөлөөс Г.Оюунбилэгтэй байгуулсан гэрээ байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт Г.Оюунбилэг тус компанийг төлөөлөх эрх олгогдоогүй байхад өөрийгөө захирал гэж гомдол, мэдүүлэг өгсөн байна.

Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалсан тухай 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3417 дугаартай прокурорын тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй бөгөөд уг тогтоолд хохирогч гомдол гаргаагүй байхад 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дээрх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

3. Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх тухай 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн саналд “сэжигтнээр О.Чимэгсүрэнг тооцох, шалгах шаардлагатай, хаана байгаа газар тогтоогдоогүй” гэж, Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1029 дугаартай прокурорын тогтоолд “хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоодоогүй” гэсэн үндэслэлийг зааж хэргийг түдгэлзүүлсэн. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолоор хэргийг дахин сэргээсэн. Гэтэл энэ хугацаанд О.Чимэгсүрэн гэгчтэй холбоотой нэг ч ажиллагаа хийгдээгүй. Өөрөөр хэлбэл хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлж цаг хугацаа алдсанаар миний үйлчлүүлэгч Д.Б-гийн эрх зүйн байдлыг дордоход хүргэлээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх байдалд дүгнэлт хийлгүйгээр, өөрийн үзэмжээр хохирлын хэмжээг гэмт хэргийн шинжид харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой мэтээр дүгнэж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектэд аж ахуй нэгж байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд, албан үүргийн дагуу тухайн эд хөрөнгийг хүлээн авч шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байхыг шаарддаг бөгөөд тухайн эд хөрөнгө нь гэрээ хэлцэл, албан тушаал, ажил үүргийн дагуу гэм буруутай этгээдийн өөрийнх нь мэдэлд байх явдал юм. Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй, татсан байлаа ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байтал шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.   

4. Энэ хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 118 дугаартай шүүгчийн захирамжаар буцааж байсан боловч шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгээгүй. Өөрөөр хэлбэл “Ану Болор” ХХК болон шүүгдэгч нарын санхүүгийн баримтуудыг хангалттай шалгаж тодруулаагүй. Ийм байхад шүүх гэм буруутайд тооцож дүгнэсэн.

5. Шинжээчийн дүгнэлтээр Д.Б-, Н.А- нарын хэн нь хичнээн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан, хичнээн төгрөгийн тооцоо хийсэн, хичнээн төгрөгийг завшсан талаар ялгаж зааглаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт “санхүүгийн үндсэн баримт яагаад байдаггүй юм бэ” гэсэн асуултад хохирогч “надаас шаардаж аваагүй, бүх баримт байна” гэж хариулж байсан. Гэтэл үүнд мөрдөгч, прокурор, шүүгч ач холболдол өгөөгүй нь хэргийг хэт нэг талыг барьсан, нотлох баримтуудыг цуглуулах, шалгах, шинжлэх ажиллагааг бүрэн хийгээгүйг нотолж байна. 

Дан ганц зарлагын баримтыг анхан шатны баримтад тооцож, шинжээчийн дүгнэлтэд үндэслэж байгаа бол Д.Б-гийн 38, Н.А-гийн 79 ширхэг буюу “үйлдсэн хүн, зөвшөөрсөн гарын үсэг, тамга тэмдэг дарагдсан” баримтуудыг хүчин төгөлдөр баримт гэж үзэх нь хуульд нийцэх байтал шүүх үүнд үнэлэлт өгөөгүй.

6. Шүүх субъектив санаа зорилго тогтоогдоогүй байхад “гэмт үйлдэлд санаатай нэгдэж, хэн нэгнийхээ хууль бус үйлдлийг мэдсээр байж үргэлжлүүлж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлээ нуух буюу итгэлийг олж урвуулахад чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэрээр гүйцэтгэх ёсгүй үйлдлүүдийг гүйцэтгэсэн” гэж хэд хэдэн гэмт хэргийн шинжүүдийг хамруулж, хэрэгт авагдаагүй үйл баримтыг дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Д.Б-г 2014 оны 7 дугаар сарын 1-нээс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд борлуулагчаар ажиллаж байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтнаар авсан тушаал шийдвэр байдаггүй.

7. Д.Б- нь 38 ширхэг зарлагын баримтаар 44.862.900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас 43.557.680 төгрөгийн төлөлт хийгдсэн. Үлдэгдэл 1.305.220 төгрөгөөс “Хавцгайт” дэлгүүрт 793.080 төгрөг, “Эрдэнэ-Уул” дэлгүүрт 247.900 төгрөг, “Бяцхан” дэлгүүрт 155.120 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлүүлсэн баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр дэлгүүрүүдэд Д.Б- нь хувь хүн гэдгээрээ бус “Ану Болор” ХХК-ийн баримтаар зээлдүүлсэн. Хэргийг шийдвэрлэхдээ нэгэнт зарлагын баримтыг үндэслэж байгаа бол дээрх төлбөрийг мөн тооцох ёстой. Одоо төлбөр тооцоо байхгүй.

Мөн борлуулалтын менежер Дуламсүрэнгийн мэдүүлгээр Д.Б- нь Н.А-д тусалдаг байсан нь нотлогдоно.

Иймд дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт өгсний хувьд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй. Учир нь хийгээгүй хэрэгт юуг шалгуулж, тогтоолгох билээ. Гэтэл шүүх Д.Б-г гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан явдалд гомдолтой байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 12 ширхэг зарлагын баримт нь Н.А-, Д.Б- нарт хамааралгүй хэмээн дүгнэж, 11.789.080 төгрөгийг яллах дүгнэлтэд дурьдсан нийт хохирлын дүн болох 62.347.267 төгрөгөөс хасч тооцсон. Ийнхүү дүгнэлт хийхдээ нэг зүйлийг орхигдуулсан. Тухайлбал 2 дугаар хавтаст хэргийн 35, 36, 37 дугаар талд авагдсан зарлагын баримтуудад С.Янжмаа гарын үсгээ зурсан байдаг. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 13-наас 24-ний өдрийн хугацаанд Н.А-, Д.Б- нар нь эх, охин нарын хамт сувилалд амарч байсан гэх бөгөөд С.Янжмаагаас “ах эгч хоёр хөдөө сувилалд амарч байх хугацаанд би борлуулалт хийж байсан” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэж байгаа тохиолдолд С.Янжмаагийн хариуцан авч борлуулсан эд хөрөнгийн хохирлыг Д.Б-д хариуцуулах үндэслэлгүй. Иймээс нийт 50.558.187 төгрөгөөс С.Янжмаад холбогдох 3.403.570 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй. Ингэснээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөнө.

Иймд Д.Б-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Хохирогч Г.Оюунбилэгийн өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин зүйлчлэлийн хувьд анхаарч үзэлгүй орхигдуулсан асуудал байгаа. Тухайлбал 2 дугаар хавтаст хэргийн 35, 36, 37 дугаар талд авагдсан зарлагын баримтуудад С.Янжмаа гарын үсгээ зурсан, тухайн бараа бүтээгдэхүүнийг төлбөрийг С.Янжмаад хариуцуулсан болох нь тогтоогдож байна. Иймээс нийт 50.558.187 төгрөгийн хохирлоос С.Янжмаад холбогдох 3.403.570 төгрөгийг хасч, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох Н.А-, Д.Б- нар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану Болор” ХХК-д 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл хугацаанд Н.А- нь ачигч жолоочоор, Д.Б- нь борлуулагчаар тус тус ажиллаж байхдаа, тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу мах махан бүтээгдэхүүнийг бусад аж ахуй нэгж байгууллагад борлуулж, олсон мөнгөнөөс нь хувьдаа завшиж, нийт 47.076.727 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо. 

 “Ану Болор” ХХК-ийн гүйцэтгэх захирал хохирогч Г.Оюунбилэг /1хх-ийн 27-29, 106-107, 168-169, 2хх-ийн 190-193, 194-195/, тус компанийн ажилтан гэрч Г.Цэвэлмаа /1хх-ийн 30-31, 183-184, 2хх-ийн 196-198/ нар нь Н.А-, Д.Б- нарыг дээрх хугацаанд ачигч, борлуулагчаар ажиллаж байхдаа, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан орлогын мөнгөнөөс дутаасан, тооцоо нийлэлгүй өр хуримтлуулсан үйл явдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь тус компанийн 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хоорондох Н.А-, Д.Б- нарт хамааралтай зарлагын баримтууд /1хх-ийн 228-250, 2хх-ийн 6-112/, түүнд дүн шинжилгээ хийсэн “Баян Сагсай-Аудит” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 07/01 дугаартай аудитын тайлан /1хх-ийн 40-41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 177, криминалистикийн шинжээчийн 2166 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 52-54, 2хх-ийн 208-211/, шинжээч Ж.Бадамсүрэнгийн /3хх-ийн 83-84/ мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Хохирогч Г.Оюунбилэг, гэрч Г.Цэвэлмаа, Г.Ариунболд, Ч.Ширмэнбаатар, Г.Нямбаяр, Я.Дуламсүрэн, Б.Ариунаа, П.Бямбадорж нарын өгсөн “...Б- тооцоогоо барьдаг, А- ачигч, жолооч хийдэг байсан. А- нь төлбөр тооцооны асуудалд оролцдоггүй, ихэвчлэн Б-тай тооцоо нийлдэг байсан...” гэсэн адил утга агуулга бүхий мэдүүлгүүд нь шүүгдэгч Д.Б-гийн үйлдэл, оролцоо, гэм буруугийн асуудлаар маргасан давж заалдах гомдлыг няцааж байна.  

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан “Ану Болор” ХХК-ийн зарлагын баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, Н.А-, Д.Б- нар нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ану Болор” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг бусад аж ахуй нэгж байгууллагуудад борлуулж, тухайн өдрийн орлогынхоо 5 хувиар цалин тооцож авдаг байсан нь тогтоогдож байна.

Н.А-, Д.Б- нар ийнхүү ажиллахдаа холбогдох хуулийн дагуу тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил олгогчтой садан, төрлийн хамаарал бүхий этгээдүүд болохынхоо хувьд итгэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож, тодорхой ажил үүргийг гүйцэтгэж байсан тул тэднийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Прокуророос Н.А-, Д.Б- нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 62.347.267 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлахад, 12 ширхэг зарлагын баримтуудад зурсан гарын үсэг нь Н.А-, Д.Б- нарынхтай тохироогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...” хэмээн дүгнэн, эдгээр баримтуудын дүн болох 11.789.080 төгрөгийг нийт хохирлын дүнгээс хасч /62.347.267-11.789.080=50.558.187/ тооцсон нь үндэслэлтэй болсон байна.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Оюунбилэгээс “...Н.А-гийн ар гэрийнхэн үлдэгдэл 700.000 төгрөгийг, Д.Б-гийн  ар гэрийнхэн 16.500.000 төгрөгийг  тус тус төлж барагдуулсан. Иймээс би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Харин хавтаст хэргийн 35, 36, 37 дугаар талд авагдсан зарлагын баримтууд дахь бараа бүтээгдэхүүнийг иргэн С.Янжмаад хариуцуулан өгсөн тул үүнийг хохирлын дүнгээс хасч, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн хүсэлтийг, хохирол төлсөн баримтуудтай хавсарган ирүүлжээ.

2 дугаар хавтаст хэргийн 35, 36, 37 дугаар талд авагдсан зарлагын баримтууд буюу С.Янжмаад хариуцуулан өгсөн гэх бараа бүтээгдэхүүний нийт дүн /1.577.860+1.053.600+850.000=3.481.460/ 3.481.460 төгрөгөөр тогтоогдож байх бөгөөд гэрч С.Янжмаа нь “Ану Болор” ХХК-иас бараа бүтээгдэхүүн хүлээн авсан асуудлаар маргаагүй байна.

 Иймд хохирогч Г.Оюунбилэгийн хүсэлтийг үндэслэн, дээрх 3.481.460 төгрөгийг хохирлын хэмжээнээс хасч /50.558.187-3.481.460=47.076.727/, шүүгдэгч Н.А-, Д.Б- нарын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээг 47.076.727 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Н.А-, Д.Б- нарт холбогдох гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх ба 2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн улмаас “үлэмж хэмжээний хохирол учирсан” гэх хүндрүүлэх шинж байхгүй болсноор тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрчээ.

Нөгөөтэйгүүр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заасан тул шүүгдэгч Н.А-, Д.Б- нар нь дээрх гэмт хэргийн улмаас бусдад 47.076.727 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан шүүгдэгч Н.А-, Д.Б- нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, хохирогчоос түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой байна.

Энэ нь “Нэгдсэн Үндэстний байгууллага”-ын хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм /Токиогийн дүрэм/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнүүдийг сонгох бололцоотой нөхцөлд шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйн зөрчил үйлдэгчийг засан хүмүүжүүлэх шаардлага, нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг анхааралдаа авбал зохих бөгөөд хохирогч этгээдтэй шаардлагатай тохиолдолд зөвлөлдөж байгууштай.” гэсэн зөвлөмжид нийцэх ба Монгол Улсын Эрүүгийн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хуульд харшлахгүй юм.

Ингэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах нь түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үйлдэл, оролцооны хэр хэмжээнд тохирно гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.А-г хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан, түүний охин А.Энхмаад хууль ёсны асран хамгаалагч томилох асуудлыг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болговол зохино.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай...” давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын “...холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 841 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6, 7 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Н.А-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Н.А-, Д.Б- нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 50.558.187 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Н.А-, Д.Б- нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.А-г 2 жил 2 сар хорих ялаар, шүүгдэгч Д.Б-г 2 жил 2 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А-, Д.Б- нарын тус бүр эдлэх 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Н.А- нь 31.442.000 төгрөг, Д.Б- нь 16.500.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                      ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН