Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 85

 

Н.Хишигмаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалтай, 201614000096 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Хишигмаа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, С.Төмөрчулуун нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Хад боржигон овогт Нямжанцангийн Хишигмаа нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Н.Хишигмааг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж 6 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хишигмаагаас 29.494.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Наранчимэгт олгуулахаар шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 182 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Хишигмаа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Ч.Даваасүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Хишигмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2015 оны 10 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын хооронд 29.494.000 төгрөгийн хохирол учруулсан гэж “Далайван Аудит” ХХК дүгнэлт гаргасан нь хууль зүйн гэдэгт эргэлзэж байна. Миний бие тус аудитын газраар үнэлгээ хийлгэх үед байлцсан боловч аймгийн сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Миний ашигласан мөнгөн дүн бол 29.494.000 төгрөг биш. Хүүнээс хүү төлж бичиж явсаар 14-15 сая төгрөг болсон. Миний гарын үсэгтэй падан болгоныг шалгаж хүмүүсийг нь дуудаж байцаасан байдаг. Тэр дотор барьцаа хөрөнгөө аваагүй, сунгаад явж байгаа, мөн барьцаа хөрөнгөө авч чадахгүй байгаа гэсэн хүмүүс байцаалт өгсөн байгаа. Энэ бүгд яагаад хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасагдаагүйд эргэлзэж байна. “Ар-залаат” ХХК нь нэхэмжлээд байгаа мөнгөн дүнгээ тайлан тооцоондоо оруулж тусгаагүй. Ш.Наранчимэг эгч бид хоёр 2 сар тутамд тооцоогоо тулгадаг байсан. Өмнө нь ийм алдаа дутагдал гарч байгаагүй. 2016 оны 1 дүгээр сард тооцоогоо шахаж байх үед мөнгө дутаж эхлэхэд Ш.Наранчимэг эгч элдвээр дуудан зодож, “мөнгө олж ирээрэй чи” гэсэн. Миний бие гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Хишигмаагийн өмгөөлөгч С.Төмөрчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Завших, үрэгдүүлэх гэмт хэргийн хохирол нь санхүүгийн шинжээчдийн тусгай мэдлэг шаардсан дүгнэлтээр баталгаажих ба зөвхөн сэжигтэн, яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд, тодруулбал хохирлын хэр хэмжээ хангалттай тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, гэмт хэргийн хохирлын хэр хэмжээ үндэслэлтэй тогтоогдсон эсэхэд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Хишигмаагийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт шүүгдэгч Н.Хишигмааг гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 80.1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” зэрэг байдлууд хангалттай тогтоогдоогүй, хохирлын хэр хэмжээг тогтоосон “Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг мөрдөн байцаагч огт шийдвэрлээгүй. “Ар залаат” ХХК-тай Н.Хишигмаа хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн эсэх, эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдгийг нотолсон эрх зүйн ямар ч баримт, гэрээ байхгүй байдлыг нягтлан шалгаагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдаа гэж үзэж байна.

“Ар залаат” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээтэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага гэж үзэж, Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон. Зөвхөн Ш.Наранчимэгийн хар дэвтэр дээрх тооцооноос гадна, санхүүгийн анхан шатны бүртгэлүүд хөтлөгдсөн эсэх, тайлан тэнцэлдээ хохирсон гэж үзээд байгаа 29.494.000 төгрөгийг тусгасан, тайлагнасан эсэх асуудал хангалттай тогтоогдоогүй. Шүүхэд нотлох баримтаар өгсөн санхүүгийн тайланд дээрх тооцоолол огт тусгагдаагүй. Шүүх үүнд дүгнэлт өгөөгүй. Шинжээч дүгнэлтдээ “хугацаа хэтэрсэн боловч орж ирээгүй, барьцаагүй мөнгөний дүнг явуулж байгаа боловч үүнийг цагдаагийн байгууллага нэг бүрчлэн шалгаж, эзэнтэй эсэхийг тодруулан эцсийн байдлаар хичнээн төгрөгийг ямар замаар авч ашигласныг тогтоох ёстой...” гэснийг байцаагч нарт хуваарилж, шалгасан гэсэн хэдэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн байцаагч нарын тэмдэглэлээр тогтоогдлоо гэж үзэхгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан дүн баталгаажсан, хохирлын хэр хэмжээ тогтоогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд энэ байдал хангалттай тогтоогдоогүй тул хохирлын хэр хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай талаарх өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хохирогч, гэрч, Н.Хишигмаагийн мэдүүлгээр няцаагдаж байна гэж шүүх тоймлон дүгнэлт хийж байгаа нь буруу юм. Завших, үрэгдүүлэх гэмт хэргийн хохирол нь санхүүгийн шинжээчдийн тусгай мэдлэг шаардсан дүгнэлтээр баталгаажих ба зөвхөн сэжигтэн, яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэсэн дэндүү хийсвэр дүгнэлт боллоо. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн субьект нь “аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” байна. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

“Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн дүгнэлтэд “Н.Хишигмаа нь 2012 оны 05 сараас 2016 оны 01 сар хүртэл тус байгууллагад сарын 350.000 төгрөгийн цалин гар дээр авч ажилласан гэх мэдээллийг компанийн захирал Ш.Наранчимэгээс авсан боловч ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, нийгмийн даатгал төлдөггүй, сард өгсөн цалинг батлах гарын үсэг зуруулсан цалингийн хүснэгт байхгүй...” гэснээс үзэхэд Н.Хишигмаа нь “Ар залаат” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эд хөрөнгийн хариуцлагын гэрээтэй ажилтан, эд хариуцагч биш байна. “Ар залаат” ХХК-тай Н.Хишигмаа нь хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн эсэх, эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн итгэмжлэгдэн хариуцсан этгээд мөн эсэхийг нотолсон эрх зүйн ямар ч гэрээ, нотлох баримт хэрэгт байхгүй. Ш.Наранчимэгтэй хөлсөөр ажиллах гэрээ хийгээгүй бөгөөд татварт энэ тухай огт тайлагнаагүй. Шүүхэд энэ талаарх баримтыг гаргаж өгсөн боловч шүүх үнэлсэнгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд хангалттай тогтоогдоогүй байхад хэт нэг талыг барьж, миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд гомдолд дурдсан үндэслэлийг хянаж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Н.Хишигмаа нь энэ гэмт хэргийн субьект мөн эсэх, гэмт хэргийн хохирлын хэр хэмжээ үндэслэлтэй тогтоогдсон эсэхэд санхүүгийн шинжээч дахин томилж, хохирлыг нарийвчлан бодитоор тогтоолгох шаардлагатай байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Хишигмаагийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хуулийн дагуу үнэлэлт, дүгнэлт өгч, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн шийдвэр гаргасан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Хишигмаа нь “Ар залаат” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байхдаа 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын хугацаанд хохирогч Ш.Наранчимэгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн мөнгөнөөс 29.494.000 төгрөгийг завшиж, үрэгдүүлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх Н.Хишигмаагийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн этгээдийг ойлгох ба ийнхүү үүрэг хүлээсэн байдгаараа Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлд заасан “Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэргийн субьектээс ялгагдана.

Шүүгдэгч Н.Хишигмаа нь “Ар залаат” ХХК-ийн захирал, хохирогч Ш.Наранчимэгээс сар бүр 300.000 төгрөгийн хөлс авч, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зорилгоор итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 29.494.000 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан талаар шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх, Н.Хишигмаагийн үйлдсэн хуурамч зээлийн гэрээний үнийн дүнг үндэслэн, хүү тооцохгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээч “Далайван Аудит” ХХК-ний дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх, түүнчлэн Н.Хишигмаа нь Forex trader Nataliya Erdman гэх хүний интернет дэх луйврын сүлжээнд өөрийн болон эцгийнхээ нэрээр бүртгүүлж, шилжүүлсэн мөнгөө алдсан тухай гэрч Э.Туулын мэдүүлэг /хх-43/, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг иргэн Д.Оюунцэцэг, Импипи ХЗХ зэрэг газраас зээлсэн мөнгөө төлөөгүй тухай нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг /хх-16,86/ тус тус няцаан үгүйсгэх нөхцөл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй, түүнчлэн үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг хяналтын шатны шүүх өөрчлөн дүгнэх боломжгүй тул шүүгдэгч Н.Хишигмаагийн гаргасан “Миний гарын үсэгтэй падан болгоныг шалгаж хүмүүсийг нь дуудаж байцаасан байдаг. Тэр дотор барьцаа хөрөнгөө аваагүй, …мөн барьцаа хөрөнгөө авч чадахгүй хүмүүс байгаа. Энэ бүгд хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасагдаагүйд эргэлзэж байна.” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, С.Төмөрчулуун нарын “Н.Хишигмаа нь энэ гэмт хэргийн субьект мөн эсэх, гэмт хэргийн хохирлын хэр хэмжээ үндэслэлтэй тогтоогдсон эсэхэд санхүүгийн шинжээч дахин томилж, хохирлыг нарийвчлан бодитоор тогтоолгох” тухай гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Н.Хишигмаагийн биеийн байцаалтыг бичихдээ түүнийг “эрэгтэй” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Н.Хишигмааг “эрэгтэй” гэснийг “эмэгтэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Хишигмаа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, С.Төмөрчулуун гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ,

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                                                  ШҮҮГЧ                                                                            Б.БАТЦЭРЭН