Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1130

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

цагаатгагдсан этгээд Н.З, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Н.Зд холбогдох 1804001930131 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Н-н З, 1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Багануур дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, /РД: ......................./,

- 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон гэх;

Н.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 8 дугаар сарын 28-ны шөнийн 04.00 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотод оршин суух иргэн Д.Цийн гэрийн цонхоор нэвтэрч, цонхны тавцан дээр байсан Солонгос Улсад үйлдвэрлэсэн 11.3 грамм жинтэй 734.500 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Н.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Н-н Зд холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж,

Н.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,

Н.Зд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бүрэнжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Д.Цийн гэрээс алдагдсан монетон гинжний үнэлгээг гаргуулахдаа дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ-Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компаниар гаргуулсан бөгөөд уг үнэлгээтэй хохирогч, шүүгдэгч нар танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн үнэлгээний үнийн дүнгийн талаар хэн хэн нь маргаагүй байхад шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг тайлбарласан тайлбарт “хохирол хамаарахгүй” байхаар хуульчилсан байхад дахин хохирлын үнэлгээ хийлгэхээр заасан үндэслэлгүй байна.

2. Шүүгдэгч Н.Згийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад “2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар эвлэрсэн...” гэжээ. Шүүгдэгч Н.Згийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн зүйлчлэл болон нотолгоонд төдийлөн ач холбогдолгүй тул хэрэгт хавсаргах шаардлагагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдал болон эрүүгийн хариуцлага оногдуулахад ямар ч ач холбогдолгүй юм.

3. Хохирогч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...намайг унтаж байхад цонхоор хүн ороод ирсэн, тавцан дээр сууж байсан, ... тэгээд би цонхон дээр байсан зүйлээ үзэхэд миний усанд орохдоо тайлж тавьсан гинж алга болсон байсан” гэж хэргийн талаар тогтвортой мэдүүлсэн, мөн хохирогч цонхоор орсон хүнийг “Жижгээ” гэх хочоор нь бүрэн таньж, цагдаа нарт зааж өгсөн талаар мэдүүлсэн байхад хохирогчийн мэдүүлгийг зөрүүтэй, эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчиж байна.

Эрүүгийн 1804001930131 дугаартай, Н.Зд холбогдох хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар “Н.З нь хохирогч Д.Цийн гэрийн цонхоор нэвтрэн орж, цонхны тавцан дээр байсан монетон гинжийг хулгайлан авсан” нь тогтоогдсон байхад шүүх хэргийг үндэслэлгүйгээр цагаатгах тогтоол гаргаж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

4. Багануур дүүргийн прокурорын газраас Н.Зг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, уг зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх прокурорын яллагдагчаар татсан зүйл, хэсэг яллах дүгнэлтэд дурдсан зүйл, хэсгээс өөр байна гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллах дүгнэлтийг хүчингүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 143 тоот цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хүүхэд уйлах чимээ гарахаар нь юу болж байгааг харах гэж цонх руу нь гарсан.” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Згийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.З нь 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд иргэн Цогтгэрэлийн цонхоор нэвтрэн орж, монетон гинж хулгайлсан гэх хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Цогтгэрэл 2 удаагийн зөрүүтэй мэдүүлэг өгч, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт “Манай цонхны доод талын цонхоор хүн орж ирээд цээж нь наашаа хараад хөлөө цаашаа унжуулаад сууж байсан” гэж дахин өөр мэдүүлэг өгсөн нь хэргийн газрын дутуу хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралт фото зургуудын үзүүлэлтээр няцаагдсан. Хэргийн газрын үзлэгт шүүгдэгчийн биеэрээ нэвтэрч орсон гэх цонхны ард тавьсан савтай цэцэг огт тусгагдаагүй бөгөөд фото зургаас үзэхэд дээрх цэцгийг унагаах, байрлалыг нь өөрчлөхгүйгээр хүн биеэрээ нэвтэрч орох боломжгүй нь хэргийн газрын үзлэгийн хавсралт фото зургаас илт харагддаг. Хэргийн материалын 13 дугаар талд, хохирогч Цогтгэрэл өгсөн мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлэгт үгүйсгэдэг бөгөөд шүүгдэгч Золбоо мөн адил хэргийн материалын 28 дугаар талд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн мэдүүлгийг мөрдөгч мөн л уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан гэсэн нь шүүгдэгч хохирогчоос мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчиж, мэдүүлгийг танилцуулалгүй гарын үсэг зуруулсан гэх байдал тогтоогдсон. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны гол нотолгоо болох хэргийн газрын үзлэгт БНД-ийн уурхайн нийтийн байрны 1 давхарын цонх газраас хэдэн метрийн өндөрт байх, цонхны салхивчны хэмжээснүүд, цонхоор авирч орох зорилгоор ямар нэгэн биет хэрэглэсэн эсэх талаар ямар ч хэмжилт хийгдээгүй, тусгагдсан зүйлгүй, тухайн салхивчаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт зургийн байршлаар хүн нэвтэрч орох боломжтой эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах туршилт хийх, 25.6 дугаар зүйлд зааснаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанууд хийгдээгүйгээс шүүгдэгч Золбоог дээрх хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай нотолгоо шүүхэд ирээгүй болно. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж бичигдсэн техникийн алдааг залруулж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх “...Н.Зг гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлоогүй байна, мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Ийнхүү хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаахын тулд прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгон шүүгдэгчийг цагаатгах тухай хуулийн заалтыг баримталж шийдвэрлэв” гэсэн дүгнэлт хийн Н.Зг цагаатгаж, хэргийг Багануур дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн баримт зэрэг шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан шатны шүүх ямар учраас үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, нотолбол зохих байдлын талаар бүрэн шалгасан байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Н.Зд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Н.Зд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Н.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                                        Ц. ОЧ