Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2023/0648/З |
Дугаар | 221/МА2023/0692 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0692
Б.Бын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Д.Б
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: ҮХЦТГД
Нэхэмжлэлийн шаардлага: “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ҮХЦТГД-ын 46 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 707 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, Г.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2023/0648/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь ҮХЦТГДд холбогдуулан “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ҮХЦТГД-ын 46 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 707 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.1, 47.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, 48.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Быг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргажээ. Үүнд:
3.1. Юуны өмнө Монгол Улсын ҮХЦТГД-ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Б.Быг ажлаас халах тухай” 46 дугаар захирамж нь болсон үйл баримт, процессыг харуулсан дэлгэрэнгүй тайлбар бүхий “бүхнийг өгүүлсэн” нотлох баримт болохыг анхан шатны шүүх зохих ёсоор үнэлж үзэлгүйгээр “нотлогдохгүй байна” гэж үзсэн нь илт үндэслэлгүй байна.
3.2. Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн ёс зүй болон хуулиар хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл гаргаж, бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм халдварт өвчний дэгдэлтийн дэг журмыг ноцтой зөрчиж, бусдын амь насыг эрсдэлд оруулсан үндэслэлээр, нөгөө талаар Төрийн албаны тухай 39 дүгээр зүйлийн 39.1.7-д заасан “... төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах тэдгээрт оролцох” шинжтэй төрийн албан хаагчид шууд хориглосон үйлдэл гаргаж байсан ноцтой зөрчилдөө сахилгын арга хэмжээ авхуулсан байхад анхан шатны шүүх илтэд үл тоомсорлож, заавал эрсдэл үүсэж олон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэсэн байдлаар хандаж, хэт нэг талын барьж шийдвэр гаргасан байна.
Үүгээр ч хязгаарлагдахгүй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудыг томилоход тодорхой цаг хугацаа шаардсан процессын асуудал үүсдэг. Үүний улмаас албан тушаалын чиг үүрэг хийдэлтэй болох, улмаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа зогсохуйц эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээр байсан. Шүүгч болон нэхэмжлэгч нь асуудлыг энэ талаас нь логикоор харахгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох нөхцөлд хүргэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг хуульчилсан.
Уг тангарагт төрийн албан хаагч “үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх”-ээр заажээ. Энэ нь Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан дотоод аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хамаарах Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой. Иймд нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлүүд бүхэлдээ төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсаныг харуулдаг.
3.3. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд төрийн албан хаагчийг төрийн албан тушаалаас шууд халах үндэслэлийг тодорхойлсон бөгөөд үүний дотор “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийн албаны үүргээ удаа дараа /3 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн” (хуулийн 47.1.1 дэх заалт), “энэ хуульд заасан бусад үндэслэл” (хуулийн 47.1.4 дэх заалт) хэмээн хуульд заасан бусад үндэслэлийг хамруулсан хууль хэрэглээний өргөн боломжийг тусгасан байдаг бөгөөд энэ нь эрх бүхий захиргааны албан тушаалтны хууль хэрэглэх эрх хэмжээнээс хамаарах юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д “Гэтэл маргаж буй ҮХЦТГД-ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Бд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтын дагуу сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4 дэх заалтыг давхар үндэслэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй” хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрээ үндэслэжээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл нь төрийн албанаас шууд халах нөхцөл шаардлагыг тодорхойлж байгаа бөгөөд үүнд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл болон бусад хуульд заасан үндэслэл багтаж байна. Харин тус хуулийн 48 дугаар зүйлд албан хаагчийн сахилгын зөрчилд оногдуулах шийтгэл байдлаар төрийн албанаас халах гэсэн нэг ижил үр дүнд чиглэсэн төрийн албыг чадварлаг, хариуцлагатай байлгахтай холбоотой хуулийн зохицуулалт байдаг. Тэдгээрийг захиргааны байгууллагаас заавал тус тусад нь хэрэглэх, өөрөөр хэлбэл, хамтад нь хэрэглэж болохгүй гэсэн хууль зүйн ойлголт байхгүй бөгөөд ерөөс албаны үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байгаа ажилтныг сахилгын шийтгэл хэлбэрээр ч төрийн албанаас халж болох, эсвэл төрийн албанаас шууд халах байдлаар чөлөөлж болох зохицуулалтыг тухайн нөхцөл байдлыг харгалзан эрх бүхий захиргааны албан тушаалтан хуульд заасан хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхтэй.
Тийм ч учраас, Төрийн албаны тухай хуулийн 48.3-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж тодорхой тусгасан. Үүнтэй адил дээрх 2 заалтыг заавал тусад нь хэрэглэх, эсвэл хамт хэрэглэж болохгүй талаарх хуулийн зүйн зохицуулалт, Улсын дээд шүүхийн тайлбар ч байхгүй.
3.4. Төрийн албанаас шууд халах хууль зүйн нөхцөлд удаа дараа гэсэн нөхцөлийг 3 ба түүнээс дээш гэж хуульд тодотгосон бөгөөд эдгээр нь заавал тус бүртээ сахилгын шийтгэл хүлээсэн байх, эсвэл шийтгэлгүй болсон байхыг шаардах боломжгүй бөгөөд төрийн албыг хариуцлагатай, чадвартай, олон түмний итгэлийг хүлээхүйц байлгахад чиглэсэн хууль тогтоогчийн хүсэл зориг нийтийн албаны хэрэгцээ шаардлагаас урган гарсан зохицуулалт юм.
3.5. Энэ шаардлагын улмаас,Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Энэ хуулийн 39 дүгээр зүйлийн заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх ... үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг.
3.6. Түүнчлэн, Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсгийн сүүлчийн өгүүлбэрт “... зөрчлүүд нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт тус тус заасан зөрчлийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх боломжтой, харин маргаж буй захирамжид заасан бусад хууль зүйн үндэслэл нь бодит үндэслэлд хамааралгүй байна гэж шүүх үзлээ” гэсэн нь ойлгомжгүй хоорондоо зөрчилдсөн дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Бын гаргасан зөрчлүүд Төрийн албаны тухай хуулийн 37 болон 39 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчсөнийг шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Тэгсэн хэр нь бусад хууль зүйн үндэслэл нь бодит үндэслэлд хамааралгүй гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн.
3.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “нэхэмжлэгч Б.Б өөрийн эцэг Л.Б-ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид ... дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, мөн бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
ҮХЦТГД өөрийн биеэр харж, сонсож мэдэрснээ хариу тайлбартаа дэлгэрэнгүй нотлон өгүүлсэн. Үнэндээ хүн бүр бие даасан эрх зүйн этгээд мөн хэдий ч нэхэмжлэгчийн эцэг нь төрийн зарим байгууллагад албан тушаалтныг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан хэмээн шалгуулахаар хандсан нь хувийн ашиг сонирхлоор төрийн албан хаагч нарт нөлөөлөхөөр оролдсон хэлбэр мөн бөгөөд үүнийг шүүх үл ойшоож, тууштайгаар хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбараас үзэхэд түүний эцэгтэйгээ өөрийн эрхийг зөрчигдсөн талаар ярилцсан нь нэг талаар өөрийнх нь эрхийн асуудал хэдий ч нөгөө талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь хамаарал бүхий этгээд /хуулийн 3.1.5 дахь заалтад заасан эцэг/-ээрээ дамжуулан хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхолтой холбож буюу эцгээр дамжуулан төрийн албан хаагч нар нөлөөлөх байдлыг үүсгэж, түүнийгээ шүүх дээр “хүний эрх”, “зөв зүйтэй” мэтээр тайлбарлаж байхад анхан шатны шүүх хэвийн үзэгдэл мэт хүлээн авч байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах нэг хүчин зүйл болсон гэж үзэж байна.
3.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т заасан бичвэрийн агуулга ойлгомжгүй байх бөгөөд үүнийгээ шийдвэрийн 15-д бас хугацааны хувьд үгүйсгэсэн байна.
3.9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д “Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан бөгөөд дээрх үйл явдлууд 2018 оны 07 дугаар сарын 25-нд болсон, түүнээс хойш 5 жил өнгөрсөн байхад энэ үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгасан нь хууль нийцэхгүй байна гэжээ.
Гэтэл ажлаас халах шийдвэрт заасанчлан, нэхэмжлэгчийг ажлаас халахдаа 2018 онд болсон сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халаагүй бөгөөд харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь хамаарал бүхий этгээд буюу эцгээрээ дамжуулан хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхолтой холбох гэж оролдсон буюу эцгээр дамжуулан төрийн албан хаагч нарт нөлөөлөх байдлыг үүсгэж төрийн албан хаагчийн хувьд өргөсөн тангаргаасаа няцсан гэдэг үндэслэлээр, өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, энэ хуульд заасан бусад үндэслэл буюу уг зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулах замаар төрийн албанаас халах шийдвэрийг гаргасан юм.
3.10. Нэхэмжлэгчийн болон түүний эцгийн Авлигатай тэмцэх газар гаргасан гомдол нь нийтийн сайн сайхны төлөө “шүгэл үлээсэн” гэхээсээ илүү өөрсдийн хувийн явцуу эрх ашгийн төлөө бусдыг буюу зохих ёсоор ажил эрхэлж байгаа удирдах албан тушаалтнуудыг ямар нэгэн аргаар албан тушаалаас нь холдуулах гэсэн үйлдэл. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7-д заасан төрийн албан тушаалтан “... төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох” гэсэн хуулийн хориглосон заалтыг зөрчсөн тул нэхэмжлэгчийг төрийн албанаас шууд халах шийдвэр байсан юм.
3.11. Ажлын байранд үндэс угсаагаар ялгаварласан хэмээн эцгийн хамт төрийн зарим байгууллагад худал мэдээлэл өгч Цэцийн удирдах албан тушаалтныг шалгуулах, энэ тухайгаа Тамгын газрын бусад албан хаагчид зарлан мэдээлсэн нь байгууллагын хамт олны нийтлэг уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн. Үүнийг анхан шатны шүүхээс үл харгалзан, “байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан гэх үйл баримт нотлох баримтуудаас тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь асуудлыг хэт нэг талыг барьж шийдвэрлэснийг харуулж байна.
3.12. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19 болон 20-д “... Б.Б нь ОХУ-ын Санкт-Петрбург хотноо зохион байгуулсан Олон улсын бага хуралд оролцох ажлыг зохион байгуулахдаа Улаанбаатар-Стамбул-Санкт-Петрбург-Стамбул-Улаанбаатар чиглэлийн онгоцны тийзний үнийг судалгааг зохих ёсоор хийсэн, ... удирдах албан тушаалтан болох Үндсэн хуулийн цэцийн Ёслол, гадаад харилцаан хэлтсийн дарга болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тухай бүрд нь танилцуулж, ... бэлэг сонгож авахдаа Үндсэн хуулийн цэцийн гишүүний туслахтай хамтран ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний зөвшөөрлийн дагуу авсан тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй” гэж буруу дүгнэжээ.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон Үндсэн хуулийн цэцийн Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга төсөв захиран зарцуулдаг албан тушаалтан биш. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй”. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүн ... салбарын хууль тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэж тус тус заасан.
Харин Төсвийн тухай хуулийн 16.4.4 дахь заалтад Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн шууд захирагч байна гэж мөн хуулийн 16.5.1 дэх заалтад төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасныг шүүх шийдвэр гаргахдаа үндэслэх шаардлагатай байсан.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон Үндсэн хуулийн цэцийн Ёслол, гадаа харилцааны хэлтсийн даргад тухай бүрд нь танилцуулж байсан гэх шүүхийн дүгнэлт алдаатай болсон. Учир нь Б.Быг захиргааны зүгээс Төрийн албаны тухай хуулийн 37.1.15 харьяа дээд шатны албан тушаалтныг ... асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь ... үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах үүргийг зөрчсөн хэмээн буруутгасан. Энэ буруу мэдээллээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон Үндсэн хуулийн цэцийн Ёслол, гадаад харилцааны хэлтсийн даргад танилцуулж байсныг захиргааны зүгээс шийтгэл ногдуулахдаа хамтатган авч үзсэн байдаг юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн Б.Бын нэхэмжлэлтэй ҮХЦТГДд холбогдох захиргааны хэрэгт анхан шатны шүүхээс гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0707 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1-д заасны дагуу хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Б.Б нь ҮХЦТГДд холбогдуулан “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ҮХЦТГД-ын 46 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий актад дурдагдсан зөрчлүүдийг удаа дараа үйлдсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасантай нийцсэн байна.
3.1. Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь ҮХЦТГД-ын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр захирамжаар тус газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.
3.2. Гэтэл түүнийг ҮХЦТГД-ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай захирамжаар “1) Өөрийн эцэг Л.Б-ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан,
2) бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн,
3) байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан” гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.
3.3. Захирамждаа Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 47.1.4-т “энэ хуульд заасан бусад үндэслэл”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-т төрийн албанаас халах” гэж заасныг тус тус үндэслэсэн байна.
4. Нэхэмжлэгч Б.Б нь ҮХЦТГД-ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай захирамжид дурдсан зөрчлүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
4.1. Тодруулбал, Өөрийн эцэг Л.Б-ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн гэх үйлдлийн хувьд Б.Баас 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад гомдол гаргасан, мөн өдөр түүний аав Л.Бэс Монгол Улсын ҮХЦТГДд хандан захидал бичсэнээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
4.2. Өөрөөр хэлбэл, Б.Быг бусад төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлсэн, хууль бусаар нөлөөлсөн, гүтгэж, заналхийлсэн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, дээрх үйлдлийг удаа дараа давтан үйлдсэн гэж тайлбарлах боловч энэ талаар мөн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас нотолж чадахгүй байна.
4.3 Түүнчлэн маргаан бүхий захирамжид дурдсан байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан гэх үндэслэл нь мөн тогтоогдоогүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.4. Нэхэмжлэгч Б.Бын хувьд 2020, 2021, 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинд тус тус “сайн”-аар үнэлэгдсэн, ҮХЦТГД-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Шилдэг ажилтан шалгаруулах, урамшуулах тухай” 102 дугаар захирамжаар шилдэг ажилтнаар шалгарсан байхад түүнийг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй болжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “... Б.Б нь Оросын Холбооны Улсын Санкт-Петрбург хотод зохион байгуулагдсан Олон улсын бага хуралд оролцох ажлыг зохион байгуулахдаа судалгаа хийлгүй үнэтэй билет авсан, бэлэг дурсгалын зүйл авах төсвийг хэтрүүлсэн ...” гэж ҮХЦТГД-ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай захирамжид заагаагүй үндэслэлийг дурдаж байгаа хэдий ч энэ талаар гэрч Б.Солонго шүүх хуралдаанд үгүйсгэсэн тайлбар өгсөн байна.
5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заажээ.
5.2. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захирамжид энэ талаар дурдаагүй буюу Б.Быг ажлаас халах үндэслэл болоогүй дээрх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5.3. Түүнчлэн “... Төрийн албаны тухай хуулийн 47, 48 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлүүд бүгд хамаарч байгаа ...” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцүүлэх ёстой.
6. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ