Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00312

 

Ц.Г-, Б.А- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00990 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 974 дугаар магадлалтай,

Ц.Г-, Б.А- нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/02217 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч нараас 12.118.857 төгрөг гаргуулан Ариг банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 33 дугаар гудамжны 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015605 дугаарт бүртгэгдсэн 124.5 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаяг байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201015482 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 291 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулж хангуулахаар болсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, нэр бүхий дээрх хөрөнгийг битүүмжлэн хурааж, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулахаар болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн дүгнэлтээр хөрөнгүүдийг 25.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нэг талыг барьсан, зах зээлийн үнээс хэт доогуур болсон гэж үзэж байна. Түүнчлэн үнэлгээ хийлгэх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд Мөнх оргил трэйд ХХК-ийг шинжээчээр томилсон атлаа тус компанийн захирал гэх н.Эрдэнэбаатар нь дүгнэлт гаргасан байгааг эргэлзээтэй гэж үзэж байна. Иймд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхэд гаргасан тайлбарт: ...Төлбөр төлөгч Б.А-, Ц.Г- нарт хуульд заасан журмын дагуу төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөрөнгийг хураан авсан. Хураан авсан хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хуульд зааснаар шинжээч томилсон. Шинжээч хөрөнгийг үнэлж, дүгнэлтээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгснийг төлбөр төлөгч Ц.Г-, Б.А- нарт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бичгээр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо танилцсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан боловч нэхэмжлэгч нар нь 24 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00990 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 33 дугаар гудамжны 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015605 дугаарт бүртгэгдсэн 124.5 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201015482 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 291 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Ц.Г-, Б.А- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 974 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Г-, Б.А- нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж бидний хөрөнгөд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийх ёстой Мөнх Орд ХХК үнэлгээ гаргаагүй ба үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд байсан. Мөн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Хэдийгээр бидний зээлийн төлбөрийг СХД-ийн 7 дугаар хороо, Баянхошууны 33-09 тоотод байрлах хөрөнгөөр хангуулах ч эдгээр хөрөнгүүд гэр бүлийн хэрэгцээнд зориулагдан ашигладагж байгаагаараа үр хүүхдүүдийн маань эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байна. Төлбөр төлөгч бидэнд 2019.02.14-ний өдөр хөрөнгө үнэлсэн үнэлгээг танилцуулсан гэх боловч үнэн хэрэгтээ сүүлд нөхөн танилцуулсан. Мөн миний бие өвчтэй, Ц.Г- хөдөө ажилладаг шалтгаантай байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Г-, Б.А- нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/02217 дугаар шийдвэрээр Ц.Г-, Б.А- нараас 12.118.857,87 төгрөг гаргуулж Ариг банк ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Ц.Г-, Б.А- нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Ариг банк ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 33 дугаар гудамж, 9 тоотод байрлах,  Ү-2201015605 тоот улсын бүртгэлийн дугаартай, 124.5 м.кв талба бүхий хувийн сууц болон тус хаягт байрлах Г-2201015482 бүртгэлийн дугаартай 291 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг 2018 оны 4 сарын 10-ны өдрийн 18270303/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 18270303/18 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан байна.  

Төлбөр төлөгч Ц.Г- нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг 150.000.000 төгрөгөөр, Б.А- нь 140.000.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдааны үнийн саналыг өгсөн боловч төлбөр авагч Ариг банк ХХК нь үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Мөнх-Оргил трейд ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, өртгийн хандлагын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Ц.Г-, Б.А- нарт үнэлгээ тогтоосон тухай 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 4/4013 тоот мэдэгдлийг 02 сарын 15-ны өдөр, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, дуудлага худалдааг 2019 оны 03 сарын 15-ны өдөр явуулах тухай 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 4/5000 дугаар мэдэгдлийг 03 сарын 05-ны өдөр тус тус мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл хүргүүлсэн тухай албан бичиг зэргээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ц.Г-, Б.А- нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасантай нийцэх бөгөөд тэрээр хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 02 сарын 15-ны өдөр мэдсэн атлаа гомдлоо 2019 оны 03 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасныг дурдсан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нарын гомдол дурдсан “...зөвшөөрөлгүй, компани үнэлгээ гаргасан, зах зээлийн үнээс хэт доогуур, үнэлгээг нөхөж танилцуулсан” гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Г-, Б.А- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг баримталсан нь буруу байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 974 дугаар магадлалын 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00990 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул” гэснийг “...55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар” гэж өөрчлөн, шийдвэр магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Г-, Б.А- нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ