Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2019/00990

 

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2019/00990

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Г,

Нэхэмжлэгч: Б.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГазарт холбогдох,

Төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын ..-ний өдрийн 184/ШШ2017/0.... дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч нараас 12.118.857 төгрөгийг гаргуулан А банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ... дугаар гудамжны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220101.... дугаарт бүртгэгдсэн 124.5 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаяг байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-220101.... дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 291 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулж хангуулахаар болсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, нэр бүхий дээрх хөрөнгийг битүүмжлэн хурааж, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулахаар болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн дүгнэлтээр хөрөнгүүдийг 25.000.000 төгрөгөөр үнэлсэн ба Ц.Г-ын хувьд үнэлгээ нэг талыг барьсан, зах зээлийн үнээс хэт доогуур болсон гэж үзэж байна. Түүнчлэн үнэлгээ хийлгэх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд ..... ХХК-ийг шинжээчээр томилсон атлаа тус компанийн захирал гэх Э нь дүгнэлт гаргасан байгааг эргэлзээтэй гэж үзэж байна. Иймд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын ..-ний өдрийн 184/ШШ2017/0.... дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч нараас 12.118.857 төгрөгийг гаргуулан А банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны .. дугаар гудамжны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220101... дугаарт бүртгэгдсэн 124.5 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаяг байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-220101.... дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 291 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулж хангуулахаар болсон. Төлбөр төлөгч Б.А, Ц.Г нарт хуульд заасан журмын дагуу төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөрөнгийг хураан авсан. Хураан авсан хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хуульд зааснаар шинжээч томилсон. Шинжээч хөрөнгийг үнэлж, дүгнэлтээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгснийг төлбөр төлөгч Ц.Г, Б.А нарт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бичгээр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо танилцсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан боловч нэхэмжлэгч нар нь 24 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г, Б.А нар нь шүүхэд хандаж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220101.... дугаарт бүртгэгдсэн 124.5 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-220101.... дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 291 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдол гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын ..-ний өдрийн 184/ШШ2017/0... дугаар шийдвэр болон уг шийдвэрийн дагуу бичигдсэн 66 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1827.... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлжээ. /хх 34 дүгээр тал/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын ..-ний өдрийн 184/ШШ2017/0.... дугаар шийдвэрээс үзвэл, маргаан бүхий хувийн сууц болон газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч Ц.Г-ын өмчлөлийн хөрөнгийг албадан худалдахаар шийдвэрлэсэн тул хөрөнгийг битүүмжилж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хураан авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцож чадаагүй болох нь баримтаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар, хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд нийцжээ. /хх 62-64 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээс хөрөнгийн үнэлгээний талаарх дүгнэлтийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч Ц.Г, Б.А нарт биечлэн танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн нь мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй байна. /хх 103-104 дүгээр тал/

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ц.Г болон Б.А нар нь шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээтэй 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр биечлэн танилцсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар, танилцсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандаж гомдол гаргаагүй байна. /хх 1-2 дугаар тал/

Нэхэмжлэгч талаас, төлбөр төлөгч Ц.Г нь хөдөө ажилтай байсан, Б.А нь хэвтрийн өвчтэй гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Мөн төлбөр төлөгч Б.А, Ц.Г нар нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 311 тоот өрөөнд биечлэн очиж шинжээчийн дүгнэлттэй танилцсан, гарын үсэг зурсан байх тул ...Ц.Г хөдөө явсан байсан ... Б.А нь хэвтрийн өвчтэй... гэх нэхэмжлэгчийн тайлбар эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг тул нэхэмжлэгчийн дээрх эргэлзээтэй тайлбарыг үндэслэн, гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаас, хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт байгалийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал бий болох, хэсэгчилсэн болон бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоох зэрэг хүний хүсэл зоригоос гадуур бий болж буй нөхцөл байдлыг ойлгодог тул хувь хүний хөдөлмөр зохион байгуулалттай холбоотой, тухайн хүний хүсэл зоригоос, өөрөөс нь хамаарах боломжтой нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй юм.

Иймд төлбөр төлөгч Ц.Г нь хөдөө ажлаар явсан байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгч нар нь шүүхэд хандаж гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн, хугацааг сэргээх хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар, төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлэх эрх зөвхөн шийдвэр гүйцэтгэгчид олгогдсон байдаг. Харин мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан шинжээчээр хөрөнгийг үнэлүүлэх хуулийн зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгө үнэлэх ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг юм.

Дээрх тохиолдолд, шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь тухайн эрх бүхий албан тушаалтны дотогш чиглэсэн, зохион байгуулалтын шинжтэй баримтад тооцогдох тул шинжээч томилох тухай тогтоолд бичигдсэн этгээдийн нэр болон дүгнэлтэд бичигдсэн этгээдийн нэр зөрүүтэй байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг объектив байдлаар зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлэх эрх шүүх-д биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага-д олгогдсон байна. Хуулийн энэ зохицуулалт ёсоор, шүүх нь төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ, ханшийг тогтоох ажиллагаа /шүүхээс дахин шинжээч томилох, зах зээлийн үнээс хямд, эсхүл үнэтэй гэж дүгнэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэлт өгөх/-г хийж гүйцэтгэж болохгүй бөгөөд гагцхүү хөрөнгө үнэлэх ажиллагааг журамласан хуулийн зохицуулалтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага зөрчсөн эсэхийг хянах боломжтой байдаг байна.

Иймд, шинжээч томилох тогтоолд бичигдсэн нэр нь, дүгнэлтэд бичигдсэн нэрнээс зөрсөн, шинжээч хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220101... дугаарт бүртгэгдсэн 124.5 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-220101.... дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 291 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Ц.Г, Б.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР