Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1836

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2017/01836

 

 

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 26 дугаар гудамжны 303 тоотод оршин суух Кантер овогт Шархүүгийн Чулуунбаатар/РД-ХМ54051375/-ын,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 24 дүгээр байрны 10 тоотод оршин суух Байбилэг овогт Ганболдын Оюунболд/РД-УХ86121419/-д холбогдох  

            Хамтран ажиллах гэрээний үүрэгт 4.706.000 төгрөг гаргуулах, Г.Оюунболдод “Монгол үндэстний уугуул ноход” номыг хэвлүүлэхэд өгсөн эх хувь, хэвлэлийг эх файлаар гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азбилэг нар оролцов

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ш.Чулуунбаатар нь “Монгол үндэстний уугуул ноход” номыг 500 ширхэгийг хэвлүүлэхээр Г.Оюунболдтой тохиролцсон. Урьд өдөр нь аман хэлцлээр тохиролцоод хэвлэх тоо хэмжээ, хэвлэлийнхээ эх хувь болон түүнийг флаш дискэнд буулгасан материалуудаа гаргаж өгөөд ажлын хөлсний урьдчилгаа болох 2.600.000 төгрөгийг Г.Оюунболдод хүлээлгэж өгсөн. Урьд өдөр нь уулзаж тохиролцоод ярилцсан учраас гэрээгээ хэзээ хийх үү гэж асуухад бид гэрээгээ бэлдээд танд өгье гэж хэлсэн. Маргааш өдөр нь очиход гэрээ бэлэн болсон гэж хэлсэн. Тэр үед Ш.Чулуунбаатар нь өөрөө ажилтай байсан учир өөрийнхөө охиныг явуулж гэрээг авахуулсан. Тэгээд 2 хувь гэрээ ирээд Ш.Чулуунбаатар нь гэрээн дээр гарын үсгээ зураад өөрийнхөө авч үлдэх хувийг авч үлдээд нөгөө хувийг нь  хэвлэлийн компанид хүлээлгэж өгснөөр ажил эхэлсэн. Г.Оюунболд 3 хоногийн дотор хэвлэж дуусгана гэж тохиролцсон. Гэхдээ эх хувийг хэвлэлийн эхийг бэлтгэсэн түүнийг флаш дискэнд буулгасныг хэвлэлийнхээ машинд суулгахад тодорхой хугацаа шаардагддаг. Ингээд 3 хоногийн дараа асуухад бид бэлэн болгож байна гэсэн. 6 хоногийн дараа асуухад бид хэвлээд эхэлчихсэн гэж хэлсэн. Уул нь хэвлэлийн эхийг компьютерт шивээд, шивсэн эхийнхээ нэг хуудас загварыг гаргаж ирээд энэ хэвийг яг ийм байдлаар хэвлэхээр боллоо. Өнгө, хэмжээ, цаасны материалууд таны захиалсантай таарч байна уу гэдгийг захиалагч талтай зөвшилцөж, захиалагч талаас зөвшөөрөв гэсэн гарын үсгийг авч байж хэвлэлийн ажиллагаа хийгддэг, гэтэл тийм ажиллагаа хийхгүйгээр 6 хоногийн дараа очиход нийт 2 өнгөөр хуудсуудаа задгайгаар хэвлэчихсэн байсан. Өнгөт хэвлэлээр гаргаж байгаа учраас өнгөт машин чинь эхлээд цэнхэр өнгийн дараа нь шар өнгийн гэх мэтээр өнгө, өнгөөр цувуулж хэвлэдэг учраас очиход хоёр өнгө нь явчихсан байсан. Тэгээд хэвлээд гаргаад ир гэж хэлээд хэмжихэд хэмжээндээ хүрэхгүй байсан. Ингээд манай стандарт хэмжээ буюу В5 буюу 175х250 хэмжээтэйгээр үйлдвэрлэх юмыг танайх хэмжээ стандартын дагуу хэвлэсэнгүй. Энэ бол манай захиалсан хэмжээ буруу байгаа тул дахиж хэвлэх шаардлагыг тавьсан. Гэтэл үүний дараахан 04 дүгээр сарын 27-ны өдөр мессежээр Г.Оюунболд, Ш.Чулуунбаатарт би танай ажлыг хэвлэхээ болилоо гэж мессежээр мэдэгдсэнээр ажил гүйцэтгэгч тал өөрийн санаачлагчаар гэрээг цуцалсан. Энэ маргаанаас болж дахин өөр хэвлэлийн компанид уг номоо хэвлүүлсэн. Өмнө нь Г.Оюунболдод урьдчилгаанд өгсөн мөнгө 2.600.000 төгрөг, гэрээн дээр заагдсан алданги бодох журмын дагуу 2.600.000 төгрөгөөс алданги тооцон алдангид 2.107.000 төгрөг, нийт 4.607.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Г.Оюунболдоос хэвлэлийн эх болон хэвлэлийн эхийг флаш дискэн дээр буулгасан материалыг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Г.Оюунболд нь материалынхаа зардлыг хэмнэх үүднээс цаасныхаа хэмжээг багасгаж 175х250 гэсэн форматанд хэвлэхээр бэлтгэсэн эхийг эвдэж жижигрүүлснээ нуун манайд өнөөдөр хэвлэлийн эхийг эх хувиар нь гаргаж өгөхөөс татгалзаж байна. Эх бэлтгэлээ бид эх бэлтгэлийн компанид 300.000 төгрөг өгч хийлгүүлсэн. Бэлтгэсэн эхээ зөвхөн хэвлэлтэд өгөхөөр ажил гүйцэтгэх гэрээгээр Г.Оюунболдод өгсөн. Ажлын хөлсөнд өгсөн 2.600.000 төгрөгийг авсныг хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Г.Оюунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Чулуунбаатартай 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулаад 500 ширхэг хатуу хавтастай, 16х22 хэмжээтэй 100 хувийн өнгөт хэвлэлтэй номыг хэвлэж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний 4.1-д зааснаар урьдчилгаа төлбөрт Ш.Чулуунбаатар нь 2.600.000 төгрөгийг төлсөн. Урьдчилгаа төлбөрийг авсан цаг үеэс эхэлж тухайн номыг өгсөн загварын дагуу гэрээнд заасан хэмжээгээр, цаасыг худалдаж авч, загварын дагуу хэвлэлийн бар төмрийг хийж ажлаа цаг хугацаанд нь хийж эхэлсэн. Номын хоёр өнгийн хэвлэлт дуусч байх хүртэлх хугацаанд Ш.Чулуунбаатар нь эх бэлтгэл, хэвлэлтэд өгөх хүртэл өөрөө биечлэн орж ажлын явцтай тухай бүрт нь танилцаж явсан. Дээрх Ш.Чулуунбаатарын урьдчилгаанд өгсөн төлбөр болох 2.600.000 төгрөгөөр 80 грамм 3800 ширхэг матт цаасыг 999.400 төгрөгөөр худалдаж авсан. Мөн хэвлэлийн бар төмрийг 51х40 см хэмжээтэй 300 ширхэгийг 840 төгрөгөөр хийлгэсэн. 39 зүйл даралт нэг бүрийг нь 40.000 төгрөгөөр нийт 1.540.000 төгрөгөөр худалдан авсан. 500 хувь номын хоёр өнгийн хэвлэлтийн зардалд Ш.Чулуунбаатарын урьдчилгаа төлбөрт өгсөн 2.600.000 төгрөг нь хүрэхгүй байсан учраас Г.Оюунболд нь өөрөөсөө 779.000 төгрөг гаргаж хийсэн. Ингээд 500 номоо хэвлээд ажил цаг хугацаандаа явж байтал Ш.Чулуунбаатар нь том хэмжээгээр хэвлэх ёстой байсан гэсэн маргаан гаргасан учраас хэвлэх ажлыг зогсоосон. Ш.Чулуунбаатар нь гэрээнд заасан үүргээ биелүүлж байхад нь дураараа өгсөн хэмжээнээс илүү томоор хэвлүүлэхийг Г.Оюунболдод даалгасан, Г.Оюунболд нэгэнт гэрээнд заасан хэмжээгээр хэвлэж эхэлсэн учраас цаашид томруулах боломжгүй гэхэд нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар нь хэвлэлтийг өөрөө зогсоосон. Ш.Чулуунбаатар нь Г.Оюунболдыг залилан мэхэлсэн хэргээр Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан байдаг. Нөгөө талаар нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний 6.2.1-д гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацааг баримтлаагүйгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.6 хувиар алданги хүлээнэ гэсний дагуу энэ алдангийг нэхэмжилж байгаа. Гэтэл гүйцэтгэгч тал бол номын хэвлэлтийг цаг хугацаанд нь хийж байсан. Ш.Чулуунбаатар хэвлэлтийг өөрөө зогсоосон тул алданги тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 16х22 хэмжээтэйгээр номыг хэвлэнэ гээд гэрээндээ заагаад хоёр тал гарын үсэг зурсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал 16х22 хэмжээгээс илүү хэмжээтэй байх номын стандарт ярьж байгаа нь гэрээнд заасан үүргээ өөрөө биелүүлээгүй байна. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллага 550 ширхэг хэвлэмэл хуудсыг хурааж авсан байдаг. Энэ нь 500 ширхэг ном хэвлэх ажиллагааг хийж байсан гэдгийг нотолж байна. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогчоор Ш.Чулуунбаатар мэдүүлэг өгөхдөө би гэрээг уншиж үзээд гарын үсэг зурсан гэж хэлж байгаа нь 16х22 хэмжээтэй ном хэвлүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэдгийг нотолж байна. Мөн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Г.Оюунболд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө номын эх загвар гэдгийг үзүүлж байгаагүй. Гэрээнд номоо 16х22 хэмжээтэйгээр тохирч гэрээнд гарын үсэг зурж хэвлэлтээ хийж байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн гэрчээр н.Соёлбат нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ өмнө нь Ш.Чулуунбаатар 16х16 хэвлүүлж байсан. Энэ удаа 16х22 хэвлүүлчихвэл боломжийн юм байна гэж хэмжээгээ тохирч гэрээгээ хийсэн гэсэн мэдүүлгийг өгч байсан зэргээс харахад дээрх гэрээнд заасан 16х22 сантиметр хэмжээтэй номын эх бэлтгэл хийгдэж, хамтран ажиллах гэрээнийхээ үүргийг биелүүлж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Монгол үндэстний уугуул ноход” номыг хэвлүүлэхэд өгсөн эх хувь, хэвлэлийг эх файлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г.Оюунболд нь хүлээн зөвшөөрөхгүй, уг номын эх болон файл байхгүй гэв.

Шүүх зохигч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар нь Г.Оюунболдод холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 4.706.000 төгрөг болон “Монгол үндэстний уугуул ноход” номыг хэвлүүлэхэд өгсөн эх хувь, хэвлэлийг эх файлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ш.Чулуунбаатар нь “Монгол үндэстний уугуул ноход” номыг 500 ширхэгийг хэвлүүлэхээр Г.Оюунболдтой тохиролцсон, ажлын хөлсний урьдчилгаа болох 2.600.000 төгрөгийг Г.Оюунболдод хүлээлгэж өгсөн, 6 хоногийн дараа асуухад бид хэвлээд эхэлчихсэн байсан, уг номын хэвлэлийн эх загварыг үзүүлж,  захиалагч талтай зөвшилцөж, зөвшөөрсөн гарын үсгийг аваагүй байж хэвлэлийн ажиллагаа хийж эхэлж задгайгаар хэвлэчихсэн байсан, анх номын стандарт хэмжээ буюу В5 буюу 175х250 хэмжээтэйгээр хэвлэхээр тохиролцсон боловч уг стандартын дагуу хэвлээгүй, бэлтгэсэн эх форматыг өөрчлөн цаасны хэмжээг багасгасан тул дахиж хэвлэх шаардлагыг тавьсан боловч Г.Оюунболд гэрээг цуцлахаар мессежээр мэдэгдсэнээр ажил гүйцэтгэгч тал өөрийн санаачлагаар гэрээг цуцалсан, үүнээс болж дахин өөр хэвлэлийн компанид уг номоо хэвлүүлсэн тул урьдчилгаа болон алданги тооцох үндэслэлтэй, Г.Оюунболд хэвлэлийн эх болон хэвлэлийн эхийг флаш дискэн дээр буулгасан материалыг өгөхгүй байгаа, эх бэлтгэлийн компанид 300.000 төгрөг өгч хийлгүүлсэн тул хэвлэлийн эх болон файлаа гаргуулах нь үндэслэлтэй гэж маргадаг.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чулуунбаатартай 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулаад 500 ширхэг хатуу хавтастай, 16х22 сантиметр хэмжээтэй, 100 хувийн өнгөт хэвлэлтэй номыг хэвлэж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, уг гэрээний 4.1-д зааснаар урьдчилгаа төлбөрт Ш.Чулуунбаатар нь 2.600.000 төгрөгийг төлсөн, урьдчилгаа төлбөрийг авсан үеэс эхэлж Ш.Чулуунбаатар өгсөн загварын дагуу уг мөнгөөр гэрээнд заасан хэмжээгээр, цаасыг худалдаж авч, загварын дагуу хэвлэлийн бар төмрийг хийж ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн, урьдчилгаа төлбөрт өгсөн 2.600.000 төгрөг нь хүрэхгүй байсан учраас Г.Оюунболд нь өөрөөсөө 779.000 төгрөг гаргаж номыг хэвлэсэн, Ш.Чулуунбаатар нь номыг том хэмжээгээр хэвлэх ёстой байсан гэж маргасан цаашид томруулах боломжгүй тул хэвлэх ажлыг зогсоосон, гэрээнд гүйцэтгэгч тал ном хэвлэлтийг цаг хугацаанд гүйцэтгээгүй бол алданги тоооцохоор заасан, Чулуунбаатар хэвлэлтийг өөрөө зогсоосон тул алданги тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, 16х22 сантиметр хэмжээтэй ном хэвлүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ хэмжээгээр номын эх бэлтгэл хийгдэж, хамтран ажиллах гэрээнийхээ үүргийг биелүүлсэн, “Монгол үндэстний уугуул ноход” номыг хэвлүүлэхэд өгсөн хэвлэлийн эх болон файл Г.Оюунболдод байхгүй тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Ш.Чулуунбаатарын хамтран ажиллах гэрээний үүрэгт 4.706.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд зохигчид 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, талууд гэрээнд заасан нөхцөл болзлоор хэлэлцэн тохиролцож харилцан зөвшөөрснөөр 500 ширхэг хатуу хавтастай/16х22/, 100 хувь өнгөт хэвлэлтэй номыг хэвлэх ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцож, ажлын гүйцэтгэлийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгч, ажлын хөлс 4.200.000 төгрөг байхаар харилцан тохиролцон, урьдчилгаа 60 хувь болох 2.600.000 төгрөгийг гэрээ хийх үед, гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн үед үлдэгдэл төлбөр 1.600.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч талд өгөхөөр тохиролцон, гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацааг баримтлаагүйгээс хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0,6 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, захиалагч талыг төлөөлж Ш.Чулуунбаатар, гүйцэтгэгч талыг төлөөлж Г.Оюунболд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна./ХХ-ийн 4-6 хуудас/

Шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ бус тэдний хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч Г.Оюунболд нь өөрийн хөрөнгө материалаар гэрээнд заасан 500 ширхэг хатуу хавтастай/16х22/, 100 хувь өнгөт хэвлэлтэй номыг хэвлэх ажлыг гүйцэтгэх, захиалагч Ш.Чулуунбаатар нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс 4.200.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбогдуулан “Монгол үндэстний уугуул ноход” номын хэвлэх хэмжээний талаар маргасан. Г.Оюунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч урт, өргөний хэмжээ 16х22 сантиметр байхаар тохиролцсон, энэ хэмжээгээр хэвлэсэн, гэрээг зөрчөөгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В5 буюу 175х250 хэмжээтэй хэвлэхээр тохиролцсон энэ хэмжээг зориуд зорчиж, жижигрүүлсэн гэж маргасан байна.

Шүүх ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд шүүх дүгнэхэд Иргэний хуулийн тусгай ангид тус гэрээний хэлбэрийг бичгээр байгуулахаар тусгайлан зохицуулаагүй байдаг тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцон тохиолдолд хэлцэл хийгдсэнд тооцохоор заасан байх тул уг гэрээг бичгээр байгуулахыг хуулиар шаардаагүй байна. Иймд зохигчдын хооронд  “Монгол үндэстний уугуул ноход” номыг 500 ширхэгийг хатуу хавтастайгаар, 16х22 сантиметр хэмжээтэй, 100 хувийн өнгөт хэвлэлтэйгээр хэвлэх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон тохиролцоо хийгдсэн болохыг зохигчдын хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээнд бичгээр тохиролцон тохиролцоо болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн В5 буюу 175х250 хэмжээгээр хэвлүүлэхээр тохиролцсон тохиролцоо хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогддоггүй.

Зохигчид гэрээнд заасан ажил гүйцэтгэх талаар гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон байх явдал чухал бөгөөд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 16х22 сантиметр байхаар тохиролцсон тохиролцоо тогтоогдож байна. /ХХ-ийн 42 дугаар хуудас/

Зохигчдын хооронд тохиролцоогоор хэвлэсэн гэх хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан номны 1 хуудас нотлох баримтыг зохигчид анх хэлэлцэн тохиролцсоны дагуу хэвлэсэн номны эх мөн гэж тайлбарладаг, энэ хуудасны талаар маргаагүй.

Шүүх зохигчид номны хэмжээн дээр маргасан учир хавтаст хэрэгт авагдсан уг номны хуудсыг хавтаст хэрэг шинжлэн судлах явцад хэмжилтийг хийхэд уг хуудасны баруун дээд өргөний хэмжээ 15,5 сантиметр, зүүн доод өргөний хэмжээ 16 сантиметр, номны өндөр буюу босоо хэмжээс нь зүүн урд босоо хэмжээ болон баруун хойд босоо хэмжээ 21,5 сантиметр хэмжээтэй болох нь тогтоогддог.

Эндээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн В5 буюу 175х250 мм хэмжээс тогтоогддоггүй, 16х22 хэмжээс нь мм болон см эсэх нь тогтоогдохгүй байна гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр хөлс төлж дуусгахаар заасан боловч зохигчид урьдчилгаа болгон ажлын 60 хувийн хөлс 2.600.000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй.

Зохигчид хийсэн ажлын үр дүнг хэмжээ зөрчсөн тул хүлээн аваагүй талаар маргасан бөгөөд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан тул Ш.Чулуунбаатар номны хэмжээний талаар маргасан нь үндэслэлтэй байна. Номны хэмжээ бол зохигчдын хооронд байгуулсан чанарын талаарх гэрээний гол тохиролцоо гэж үзэх үндэслэлтэй байна. Г.Оюунболд номыг 16х21.5 см хэмжээтэй хэвлэсэн болох нь тогтоогдож байх ба номны өндрөөс 0,5 сантиметрээр дутуу хэмжээтэй хэвлэсэн болох нь биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Зохигчид ажлын чанарын асуудлаар маргаж гэрээ цуцалсан болох нь тэдний тайлбараар тогтоогддог. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар Ш.Чулуунбаатар В5 буюу 175х250 хэмжээгээр хэвлүүлэхээр доголдлыг арилгуулж, шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргасан боловч ажил гүйцэтгэгч Г.Оюунболд татгалзаж гэрээг цуцалсан байдаг.

Нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т зааснаар захиалагч гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусгахаас өмнө хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй, Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч Г.Оюунболдод Ш.Чулуунбаатар нь үүрэг зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3-т зааснаар үүргийн зөрчлийг арилгуулахаар шаардсан боловч үр дүн гараагүй болох нь тогтоогддог. Г.Оюунболд гэрээнд тохирсон хэмжээгээр номыг хэвлээгүйг үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Г.Оюунболд хэвлэлтээ зогсоохоор мессежээр мэдэгдсэн байдаг./ХХ-ийн 53 дугаар хуудас/

Хариуцагч Г.Оюунболд нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар захиалагч ажил дуусахаас өмнө гэрээг цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгүүлэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.3-т заасан доголдлыг арилгахад их зардал шаардагдахаар бол 352.2.2-т заасан захиалагчийн шаардлага гаргах эрх дуусгавар болсон эсэх нь тогтоогддоггүй. Г.Оюунболд 80 граммын цаас, хэвлэлийн бар төмөр, 500 хувь номны 2 өнгийн хэвлэлтийн зардал гарсан гэх боловч хавтаст хэргийн 40-42 дугаар хуудсанд авагдсан зарлагын баримтууд нь “Фионекс принтинг, Phouex Print, Pheonix гэх мэтээр байгууллагын нэрийг зөрүүтэй бичсэн, уг байгууллагатай хариуцагч Г.Оюунболд ямар хамааралтай, хариуцагч Г.Оюунболдод учирсан хохирол мөн эсэх нь тогтоогддоггүй, мөн уг зардал зөвхөн “Монгол үндэстний уугуул ноход” номыг хэвлэхэд гарсан зардал эсэх нь тогтоогддоггүй, түүнчлэн хариуцагч Г.Оюунболд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хохирлыг хасан тооцох үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар гэрээг цуцалсантай холбоотойгоор хариуцагч Г.Оюунболдоос доголдлыг арилгахтай холбоотой зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, өөр хэвлэлийн газраар номоо дахин хэвлүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч гэрээгээр урьдчилан тохиролцсон хөлс 2.600.000 төгрөгийг буцаан өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар нь алдангид 2.106.000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, гэрээний үүргээс үүдэлтэй шаардах эрх дуусгавар болсон байх тул алдангийг тооцон гаргуулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарын “Монгол үндэстний уугуул ноход” номыг хэвлүүлэхэд өгсөн эх хувь болон хэвлэлийн эхийг файлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх дүгнэхэд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг хэлэхээр заасан байх ба “Монгол үндэстний уугуул ноход” номын зохиогч Ш.Чулуунбаатар болох нь тогтоогддог.

Мөн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар нь зохиогчийн хувьд уг номыг эдийн засгийн эргэлтэд оруулах онцгой эрх эдлэх юм.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар “бүтээлийг хуулбарлах" гэж бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг нэг буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулахыг хэлэхээр зааж зохиогч Ш.Чулуунбаатар Г.Оюунболдод энэ эрхээ гэрээний үндсэн дээр шилжүүлж,  “Монгол үндэстний уугуул ноход” номын эх болон плаш дискэнд буулгасан хэлбэрээр Г.Оюунболдод шилжүүлсэн болох нь тогтоогддог.

Хариуцагч Г.Оюунболд “Монгол үндэстний уугуул ноход” номын эх, флаш диск байхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Уг бүтээл нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон ном тул Ш.Чулуунбаатартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан ч уг бүтээлийнхээ хувьд зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдлэх этгээд болохын хувьд бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтэд түгээх хэлбэрээр эрхээ зөрчигдөхөөс хамгаалан, хариуцагч Г.Оюунболдоос номын эх болон флаш дискийг буцаан шаардах эрхтэй байна.

 Зохиогч буюу нэхэмжлэгч Ш.Чулуунбаатар нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн эдийн бус баялгийн бусад эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоохыг уг эрхийг зөрчсөн этгээдээс шаардах, шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Мөн энэ эрхээ хамгаалахаар Цагдаагийн байгууллагад хандан шийдвэрлүүлж байсан байх ба Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан хөнгөн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна./ХХ-ийн 77-107 хуудас/

Иймд хариуцагч Г.Оюунболдоос зохиогчийн бүтээлийн халдашгүй байдлын эрхийг зөрчсөн байх тул “Монгол үндэстний уугуул ноход” номыг хэвлүүлэхэд өгсөн хэвлэлийн эх хувь, хэвлэлийн эхийг файлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 7-9, 10, 11-12, 13-14, 15, 16-17, 20-22, 52, 55, 56, 119-127 дугаар хуудсанд авагдсан баримтууд шүүхийн журмаар гаргуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Оюунболдоос 126.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарт олгож шийдвэрлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 353 дугаар зүйлийн 353.2, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Оюунболдоос Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.600.000 төгрөг болон “Монгол үндэстний уугуул ноход” номыг хэвлүүлэхэд өгсөн эх хувь, хэвлэлийн эхийг файлаар гаргуулан нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.106.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Оюунболдоос 126.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Чулуунбаатарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАЯРМАА