Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00338

 

Б.Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн 153/ШШ2019/00128 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалтай,

Б.Р-ийн нэхэмжлэлтэй,

АЗ ХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Р-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр АЗ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбаттай барилгын зураг төсөв зохиох, боловсруулах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 250 хүний багтаамжтай сэндвичин кемп, гал тогоо, хоолны заал /оффисс агуулах орсон/ нам даралтын уурын зуух, цэвэршүүлэх байгууламж зэрэг багтсан цогц барилгын зураг төсөл зохиохоор харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д гэрээний хугацааг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 21 хоногийн хугацаатай байхаар тохиролцож, 4.3-д ажлын нийт хөлс 15.000.000 төгрөг, 4.5-д захиалагч гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр 7.000.000 төгрөг, зураг төслийн ажлын гүйцэтгэлээс шалтгаалан үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Захиалагч нь гэрээ байгуулагдмагц 7.000.000 төгрөг төлсөн бөгөөд миний бие гэрээгээр тохирсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэж миний зурсан зургийн дагуу барилгын ажлыг эхлүүлэхээр болсон. Гэрээний үлдэгдэл 8.000.000 төгрөгөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 6.000.000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин манай нэг ажилтан хөдөө явсан тул түүнээс болж ажлын гүйцэтгэлийг 18 хоногоор хожимдуулсан учир ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэрээний нийт дүн 15.000.000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу өдрийн 0,03%-ийн алданги тооцож, одоо 5.550.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч АЗ ХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дүгээр зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээг ажил гүйцэтгэгч хүлээн авч хэлэлцэн тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэнэ гэжээ. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч ажлыг хийж гүйцэтгээд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх ёстой байсан. Хүлээлгэж өгсний дараа бид үр дүнд тохирох хөлсийг төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч тухайн гэрээний үр дүнг хүлээлгэн өгөөгүй учраас нэхэмжлэгчид хариуцагчаас хөлс мөнгө шаардах эрх байхгүй. Мөн Иргэний хуулийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэдгийг заасан байгаа. Бидний байгуулсан 042018 гэрээнд нэхэмжлэгчийг юу гүйцэтгэх ёстой талаар ямар ажлын үр дүн хүлээж авах талаар тодорхой тусгасан. Гэтэл нэхэмжлэгч ажлын үр дүнг хариуцагч талд хүлээлгэж өгөөгүй учраас ажлын хөлс өгөх боломжгүй. Иргэний хуулийн 343.5 дугаар зүйлд зааснаар ажил олгогч гэрээний тусгай зүйлийг онцгой зохицуулалтаар зохицуулж болохыг зааж өгсөн байдаг. Тухайн гэрээ нь Барилгын тухай хуулиар зохицуулагдаж байгаа гэрээ юм. Өөрөөр хэлбэл тухайн гэрээ нь барилгын зураг төсөл гаргах гэрээ байсан тул Барилгын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангах ёстой. Барилгын тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд энэ талаар маш тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч 250 хүний суудалтай барилгын зураг төслийг зохиох гэрээ байгуулсан гээд тодорхой хэлж байна. Иймд барилгын зураг төслийг зохиохын тулд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.30-д зураг төсөл гэдэг нь техникийн иж бүрэн бүрдэл байна гээд заагаад өгчихсөн. Тус зургийг ямар этгээд зохиох ёстой вэ гэдгийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1.31-д заасан байдаг. Үүнд зураг төсөл зохиогч гэдэг нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Иймд Барилгын тухай хуульд зааснаар зураг төсөл боловсруулагч нь иргэн байх боломжгүй юм. Мөн Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.6-д зааснаар барилга байгуулалтын зураг төсөл боловсруулах ажлыг тусгай зөвшөөрлийн хүрээнд барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ёстой байтал нэхэмжлэгч нь барилгын зураг төсөл гаргах тусгай зөвшөөрөлгүй этгээд гэдэг нь тодорхой болсон байдаг. Иймд хариуцагч талаас төлбөр төлөх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Эрх зүйн чадамжгүй этгээд гэрээ байгуулсан. Хуульд заасан эрх бүхий этгээд байгуулаагүй. Гэрээний 4 дүгээр зүйлд төлбөр төлөх нөхцөл болон хугацааг маш тодорхой заасан. Үүнд урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хойш ажлын 21 хоногийн дотор зураг төслийг хүлээлгэж өгсний дараа захиалагч тал үр дүнг хүлээж аваад үр дүнг дүгнэснээр тухайн гүйцэтгэлд оногдох төлбөрийг төлөхөөр тохирсон. Тухайн төлбөрт оногдох тал хувийг өгсөн боловч талууд гэрээнд гарын үсгээ зурж тохирсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчтэй гэрээ байгуулснаас 2 хоногийн дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хэрэгт авагдсан банкны мэдээллээр харагддаг. Гэтэл 4 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлснээс хойш 21 хоногоо тоолохоор 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлын үр дүнгээ хүлээж авах ёстой байсан. Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сард ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өгсөн гэж ажлын хөлсөө нэхэмжилдэг. Гэтэл энэ хооронд бидний зүгээс тусгай зөвшөөрөлтэй компани олоод зургаа гүйцэтгүүлсэн. Б.Р- барилгын зураг төсөл зохиох эрхгүй этгээд байсан. Мөн ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй. Тэрээр манай компаний нягтлан юм уу санхүүгийн ажилтанг таньдаг юм шиг байсан. Тэгээд 8 дугаар сард өөрийнхөө данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Иймд ажлын үр дүнг дүгнэх боломжгүй байхад үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлээ зохих хугацаанд нь өгөхгүй яасан юм бэ? Тэгвэл бидний зүгээс үр дүнгээ дүгнээд хөлс мөнгийг нь өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00128 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч АЗ ХК-иас ажил гүйцэтгэсний хөлсний үлдэгдэл 5,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Р-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЗ ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 103,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Р-ид олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч АЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч нь АЗ ХК-тай 2018 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан 04-2018 тоот барилгын зураг төсөв зохион боловсруулах тухай ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 6 сая төгрөг нэхэмжилж уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч гардан авсан байдаг боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг 5.550.000 төгрөг болгож өөрчилсөн. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг нэхэмжлэгч нь гэрээний үүргийг 18 хоног хэтрүүлж 2018 оны 5 сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн тул өдрийн 0.03 хувийн алдангийг хасаж байна гэж тодорхойлсон ба уг өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн зүгээс тайлбар татгалзлаа илэрхийлэх боломжийг шүүхээс олгоогүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд нэхэмжлэлийн агуулга, шаардлага өөрчлөгдөж байгаа тохиолдолд хариуцагчид гардуулж энэ талаар тайлбар өгөх эрхийг хангасан бол тухайн 18 хоног хоцроосон гэх нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлгүй болохыг баримтаар тогтоох бүрэн боломжтой байсан. Мөн алдангийг хэрхэн тооцсон нь ч ойлгомжгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохоо огт нотлоогүй ба хариуцагчийн зүгээс гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээний үр дүнг акт үйлдэн хүлээн аваагүй үйлдлийг хариуцагчийн үүргээ хэрэгжүүлээгүй мэтээр дүгнэсэн нь хууль болоод бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох зураг төслийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байгаа тул акт үйлдээгүй байгаа үйл баримтыг дүгнэсэнгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Үүрэг гүйцэтгэгч болох нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын үр дүн болох барилгын зураг төслийг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй учраас гэрээний төлбөрийг шаардах эрх үүсээгүй. Мөн Иргэний хуулийн 343.5-д ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно гэж заасны хүрээнд маргаан бүхий гэрээ нь барилгын тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж байгаа. Маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээ нь Барилгын зураг төсөв зохиох, боловсруулах тухай гэрээ тул Барилгын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангах шаардлагатай. Барилгын тухай хуулийн 4.1.30, 4.1.31-д зааснаар барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл захиалагчийн хүссэн ажлыг нэхэмжлэгч тал анхнаасаа гүйцэтгэх боломжгүй буюу зураг төсөл зохиох боловсруулах эрхгүй этгээд байсан нь хожим илэрхий болсон. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг талуудын тохиролцоо гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 346.1-т “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан ба маргаан бүхий гэрээний 4-р зүйлд захиалагч тал урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс хойш 21 хоногийн дараа ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй нь гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэл буюу ажлын үр дүнг дүгнэж түүнд тохирсон хөлсийг төлөх боломжгүй нөхцөл бүрдүүлсэн байдлыг огт дүгнээгүй. Хэрэгт нэхэмжлэгчийн гэрээний үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн тухай нэг ч баримт байхгүйн дээр гэрээний үр дүн болох барилгын зураг төсөл ч байхгүй байдаг. Хэрэв тухайн барилгын зураг төслийг гүйцэтгэсэн бол гэрээний дагуу тухайн зураг төслийн эх хувь нэхэмжлэгчид хадгалагдаж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч зургийн ажлыг хийсэн зүйл огт байхгүй, хүлээлгэн өгснөө нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ аливаа баримтыг бүх талаас нь бодитоор дүгнэх ёстой байтал нэхэмжлэгчийн чухам ямар үндэслэлээр гэрээний үүргийг 18 хоног хожимдуулж өгсөн болохыг тогтоосон нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

АЗ ХК-с ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5.550.000 төгрөг гаргуулах Б.Р-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй бөгөөд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1. Зохигчийн хооронд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан тухай зохигч маргаагүй байна. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч Б.Р- хариуцагч АЗ ХК-ийн захиалгаар 250 хүний багтаамжтай, сендвичин кемп, гал тогоо болон хоолны заал /оффис агуулах орсон/, нам даралтын уурын зуух, цэвэршүүлэх байгууламж зэрэг багтсан цогц барилгын зураг төсөв зохиох, боловсруулахаар, ажлыг 21 хоногийн хугацаатай гүйцэтгэх, ажлын нийт хөлс 15.000.000 төгрөг, захиалагч гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр 7.000.000 төгрөг, зураг төслийн ажлын гүйцэтгэлээс шалтгаалан үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

2. Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болохыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5-д заажээ.

Зохигчийн хооронд барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулагдсан бөгөөд “барилгын зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хийхийг Барилгын тухай хуулиар шаардсан, хариуцагч зөвшөөрөлгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус, эрхтэй этгээдээр зураг төслөө хийлгүүлсэн” гэсэн хариуцагчийн тайлбарт шүүх эрх зүйн дүгнэлт хийх атал “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох ...үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэн, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

3. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж хариуцагч маргасан, нэхэмжлэгч ажлыг хүлээлгэн өгснөө нотлоогүй байхад шүүх “хариуцагч ажлыг хүлээн аваагүйгээ нотлоогүй” гэж нотлох үүргийг хариуцагчид хүлээлгэсэн нь буруу байна.

4. Захиалагчийн эрх, үүргийг зохицуулсан гэрээний хоёрын 3-т “захиалагч, барилгын ажлын зураг төсөл боловсруулахад шаардагдах бичиг баримт, техникийн нөхцлүүдийг бүрдүүлж өгөх үүрэгтэй”, гэрээний 4-т зураг төслийг гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсний дараа зургийн даалгаварт заасан иж бүрдлийн дагуу шалгаж, гэрээний үнийг төлж, зургийн төслийг актаар хүлээж авна” гэж, ажил гүйцэтгэгчийн эрх, үүргийг заасан гэрээний гурвын 3-т “...зураг төслийг ...техникийн шаардлагын дагуу чанартай боловсруулах”, 4-т ...шалгах, хянах, хэрэгжүүлэх явцад алдаа илэрвэл ...засах...”, 5-т “зураг төслийг улсын магадлалд оруулах ажлыг захиалагчтай хамтран хийх”, 6-д “дууссан зураг төслийг холбогдох баримт бичгийн хамт 2 хувь олшруулан дэвтэрлэж захиалагчид хүлээлгэн өгч, эх хувийг барилга ашиглалтад ортол өөрийн архивт хадгална” гэж тус тус заажээ. Эдгээр байдал тодорхой бус байна.

5. Хариуцагч ажлын хөлсийн урьдчилгаанд 7.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг,  нийт 9.000.000 төгрөг төлсөнд зохигч маргаагүй болно. Харин  гэрээний дөрвийн 5-д “...зураг төслийн ажлын гүйцэтгэлээс шалтгаалж үлдэгдэл ...8.000.000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө гэж заажээ. Захиалагч, ажил гүйцэтгэгч хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн нь хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй, эдгээр үйл баримт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иймд нэхэмжлэгч хөлсийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй гэж үзлээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх байдлуудад дүгнэлт өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн 153/ШШ2019/00128 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч АЗ ХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 103.750 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ