Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1111

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Т.О-т холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Эсэн,  

            шүүгдэгч Т.О-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

            нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201626030786 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн Т.О , 19.. оны … дугаар сарын ......-ний өдөр ...... аймгийн ....... суманд төрсөн, .. настай, …., .........., ..........,…..........., ам бүл .., ..., ..., ..... хамт ..... дүүргийн .. дугаар хороо, ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........ дүүргийн ... дугаар хороо, ............ тоотод оршин сууж байсан, /РД: ................/;

Шүүгдэгч Т.О- нь ...... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түгээгчээр ажиллаж байхдаа нийт 186.061.060.00 төгрөгийн борлуулалт хийж, үүнээс 177.914.847.25 төгрөгийг компанид тушааж, тус байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд кассанд тушаах ёстой байсан борлуулалтын орлогын мөнгөнөөс хувьдаа завшин “......” ХХК-д нийт 11.146.212.75 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.О-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......... овгийн Т.О-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Т.О-ыг 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-аас 11.146.212.75 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-д олгож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Улаанбаатар аудит корпорацийн аудитын 7 хуудас материалыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.О- цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тушаасан, буцаалт хийсэн, хассан, хасаагүй гэхчилэн талуудын мэтгэлцээн явагдаж байсан учир шүүхийн эцсийн дүгнэлт гарах хүртэл миний бие болон өмгөөлөгч Б.Өлзийбаяр нь мэтгэлцсэн билээ. Харин шүүхийн эцсийн дүгнэлтээр гэм буруутайд тооцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас “........” ХХК-д 11.146.121.75 төгрөгийн хохирол учруулсан гэсэн эцсийн шийдвэр гарсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Миний бие анх удаа хүндэвтэр хэрэгт холбогдож, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас мөнгөн дүн дээр маргадаг байсан. Одоо өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул дээрх хүчин зүйлүүдийг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч “......” ХХК-д учирсан хохирол болох 11.146.212.75 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байсан. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Т.О-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.О- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд борлуулалтын орлогоос нийт 12.177.960 төгрөг завшиж, Эрүүгийн хуульд тодорхойлсноор үлэмж хэмжээний хохирлыг ....... ХХК-д учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Т.О-ын ажил үүргийн хуваарь болон ямар хэмжээний хохирол хэрхэн учирсан болохыг мэдүүлсэн хохирогчийн төлөөлөгч Л.Э /1 хх 9/, гэрч Э.Н /1 хх 10, 88, 3 хх 153, 4 хх 27/, гэрч Б.Ц /1 хх 15/, гэрч Б.Н /1 хх 123/ нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 006, 160, 2018 оны 138 дугаар дүгнэлтүүд /1 хх 73, 173, 3 хх 142, 4 хх 34/, тус компанийн санхүүгийн тайланд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 204/, хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаал /1 хх 42-47, 3 хх 16-19/, шүүгдэгч Т.О-ын зарим мөнгийг завшсан талаараа мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан нийт хохирлын хэмжээг 11.146.212,75 төгрөг гэснийг 13.766.590 төгрөг гэж тогтоосон нь учир дутагдалтай бөгөөд шүүгдэгчийн үйлдлээс 1.588.630 төгрөгийг залилсан гэх үйлдлийг прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгсэхгүй болгосон байтал энэ хохирлыг оруулан нэмж тооцсон нь шүүх эрүүгийн хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хохирогчид төлсөн төлбөрийг хасч, үлдэх хэмжээгээр нь хохирлыг 11.146.212,75 төгрөг гэж тогтоосон нь буруу бөгөөд хохирлын заримыг мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа төлсөн нь завших гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.О-ын бусдад учруулсан хохирлын хэмжээг 12.177.960 төгрөг гэж тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин шүүх шүүгдэгч Т.О-ын дээрх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулахаар заасан ялыг хөнгөрүүлсэн, тухайн этгээдийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх”-ээр зохицуулсан бөгөөд шүүгдэгч Т.О-ын үйлдэл нь хэдийгээр 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарч байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийн шинжид хамаарч, оногдуулж болох ял шийтгэл /санкц/ нь 2.700-14.000 нэгжээр торгох, 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялуудаас сонгож хэрэглэхээр илт хөнгөрсөн байхад шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэв.

Шүүгдэгч Т.О- нь давж заалдах шатны шүүхэд хохирол төлсөн баримт ирүүлснийг үндэслэн тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сар хорих ял болгон хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулав.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.О-ын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх тухай гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянагдах явцад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 11.145.212 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Т.О-ын үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Шүүгдэгч Т.О-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.О- нь хохиролд 11.145.212 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР          

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ