Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0578/З |
Дугаар | 128/ШШ2019/0294 |
Огноо | 2019-05-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2019/0294
2019 оны 05 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2019/294 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/434 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Б ХХК нь 2014 онд гэр хороолол дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтанд оролцож шалгарсны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/962 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамж гарч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орчимд ГХДТ-2013/3 багцын 11.4 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн хүрээнд Б ХХК нь дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. 1072 айлын орон сууц, 640 хүүхдийн суудалтай сургууль, 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн Ерөнхий төлөвлөгөөний зургийг батлуулсан, Ерөнхий төлөвлөгөөний дагуу 1072 айлын орон сууц, 640 хүүхдийн суудалтай сургууль, 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг хангах дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний гадна цахилгаан, холбоо, дохиолол, дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам, дулааны эх үүсвэрийн иж бүрэн зураг төслийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгсөн. Мөн Монголын үндэсний радио телевизийн орчмын дахин төлөвлөлтийн 11.4 га газрын хөрсний геологийн шинжилгээ, иж бүрэн ажлыг Инженер геодези ХХК-иар хийлгэсэн. Барилгын инженерийн хайгуулын (хөрс судлал) иж бүрэн ажлыг Бар Инж Гео ХХК-иар хийлгэсэн, Ерөнхий төлөвлөгөөний дагуу 1072 айлын орон сууцны ажлын (ББ, БА, ХАС, ЦУБ) зургийг Би И Эс Ай Жи Эн ХХК-иар иж бүрэн хийлгэсэн, Хувьсал хороолол дунд дахь авто замын ажлын зургийг ХЗТ авто зам ХХК-иар иж бүрэн хийлгэсэн. Төслийн хүрээнд газар чөлөөлсөн айлын түрээсийг 3 дахь жилдээ төлж орон сууцаар хангаж байна. Төслийн менежментийн баг, үйл ажиллагааны зардал болон цалин олгосон, 640 хүүхдийн суудалтай сургуулийн ажлын зураг хийлгэсэн зэрэг төсөл хэрэгжих бэлтгэл ажлуудыг хийж дуусгаад байгаа билээ.
Хөрөнгө оруулагчидтай холбоотой гэрээ хэлэлцээр болон томилолтын зардлууд гарсан, Б ХХК нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өөрийн санхүүжилтээр иргэд, нийслэл болон хувийн хэвшлийн уялдаа холбоо мөн Нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд зориулан Мөнх Өлзий ХХК-иар Хувьсал МУСОАТ төслийн зохиолыг бичүүлж, зураг авалт хийгдсэн ба ажлын явц 90%-тай явж байгаа. Уг 20 ангит монголын уран сайхны олон ангит кино нийт төсөвт өртөг 364,650,000 төгрөг бөгөөд энэ бүтээл нь иргэдэд зөв эерэг мэдээллийг хүргэж Нийслэлийн Гэр хороолол дахин төлөвлөлтийн газар болон нийт төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийнхнийг дэмжсэн бүтээл юм.
Мөн Монголын үндэсний радио телевизийн орчмын дахин төлөвлөлтийн 11.4 га талбайд хэрэгжих Хувьсал хорооллын төслийн хүрээнд 640 хүүхдийн суудалтай сургуулийг Б ХХК нь 100% өөрийн хөрөнгөөр барьж, улсад хандивлах ба 2018 оны 06 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Манай компанийн зүгээс нийт 1,613,993,165.39 (нэг тэрбум зургаан зуун арван гурван сая есөн зуун ерэн гурван мянга нэг зуун жаран таван төгрөг гучин есөн мөнгө)-ны зардал гарган ажиллаж байна.
Энэ бүх бэлтгэл ажлуудын дараагаар компанийн зүгээс төслийн ажлыг эхлүүлэх байсан боловч Нийслэлийн Засаг даргын зүгээс төсөл хэрэгжих талбайн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүй тул ажил эхлүүлэх боломжгүй болсон.
Учир нь төсөл хэрэгжихийн өмнө гэр хороолол дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний ажилд зориулж Нийслэлийн төсвөөс 5,910,000,000 /таван тэрбум есөн зуун арван сая/ төгрөгний санхүүжилтийг 2014 онд олгохоор тохиролцсон байсан боловч санхүүжилт хийгдэхгүй хойшилсноор төсөл удаашрах шалтгаан болоод байгаа юм. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/434 дугаартай захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь манай компанийн хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчөөд байна.
Компанийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн БК-Г-084/18 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан өөрийн гаргасан 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/434 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй болно.
Иймд Нийслэлийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/434 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 1.3 сая иргэдийн 40 орчим хувь нь тохилог орон сууцанд тав тухтай амьдарч байгаа бол үлдсэн 60 гаруй хувь нь инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй гэр хороололд аж төрж байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдол, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, авто замын хүрэлцээгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчин, нийслэл хотын хөгжилд сөрөг үр дагавар урган гарч байна. Эдгээр нөхцөл байдлаас ангижрахын тулд иргэд, төр болон хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дээд зэргээр хангах зарчмыг гол болгож дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны Журам батлах тухай 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай 23 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-аар зохицуулж ирсэн.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын ГХДТ-2013/3 багцын 11,4 га талбайг сонгон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр баталсан. Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох журмын дагуу зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын ГХДТ-2013/3 багцын хэсэгчилсэн талбайд Б ХХК-ийг эхний ээлжид шалгаруулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/962 дугаар дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа төсөл учир хууль, эрх зүйн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, төслийн ажлыг хурдасгах зайлшгүй шаардлага бий болсон. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, гэр хорооллыг хөгжүүлэх үйл ажиллагаа болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн.
Улмаар Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтад Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлах эрх олгосны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам батлагдсан.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн нэг гол онцлог нь иргэд одоо амьдарч буй газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөн бүтээн байгуулалт хийж орон сууцжуулах явдал юм. Ингэхдээ журмын дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас дээш хувьтай гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулж гэрээний үүргийн биелэлтийг хангуулах үүрэгтэй.
Б ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 3,5 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул иргэдийн хүлээлт, бухимдал ихсэн, амьдрах орчин нөхцлөө сайжруулах болон өмчөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж иргэдийн бухимдлыг ихээр төрүүлэх болсон.
Иргэдийн тавьсан хүсэлт, шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар манай байгууллага удаа дараа анхааруулж, хугацаатай шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй, биелүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй одоог хүрсэн.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз орчмын ГХДТ-2013/3 багцын 11.4 га талбайд төсөл хэрэгжүүлэгч Б ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг дараах үндэслэлээр цуцалсан болно.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэг /Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй/, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг /Төслийн гол зорилго орон сууцжуулах явдал гэтэл төсөл хэрэгжүүлэх талбайд 2014 оноос одоог хүртэл орон сууцны бүтээн байгуулалт огт хийгдээгүй. Нийт 11,4 га талбайг төслийн зориулалтаар ашиглаагүй/, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг /Тус байршлын 109 газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулахаас 31 өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулж, байгуулсан гурван талт гэрээнээс 16 гэрээ цуцлагдсан/ гэж заасны дагуу цуцалсан.
Б ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/434 дүгээр захирамжийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/420 дугаар албан бичгээр, ирүүлсэн хүсэлтийн хариуг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/578 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/434 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
БХХК нь 2014 онд гэр хороолол дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтанд оролцож шалгарсны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/962 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орчимд ГХДТ-2013/3 багцын 11,4 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхтэй болсон.
Мөн Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга болон нэхэмжлэгч компанийн удирдлагуудын хооронд Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсан байна.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтад Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлах эрх олгосны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам батлагдаж, тухайн харилцааг зохицуулсан байна.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын дагуу нэхэмжлэгч Б ХХК нь 1072 айлын орон сууц, 640 хүүхдийн суудалтай сургууль, 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн Ерөнхий төлөвлөгөөний зургийг батлуулж, холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан, мөн дээрх орон сууц, барилгуудыг хангах дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний гадна цахилгаан, холбоо, дохиолол, дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам, дулааны эх үүсвэрийн иж бүрэн зураг төслийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгсөн, төсөл хэрэгжүүлэх үе шатанд 31 газар буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулсан, 1 иргэнтэй газар чөлөөлөх гэрээ байгуулж, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч Б ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, одоог хүртэл орон сууцны бүтээн байгуулалт огт хийгдээгүй, байгуулсан гурван талт гэрээнээс 16 гэрээ цуцлагдсан... гэх тайлбар болон Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлж байсан, нэхэмжлэгчийн зарим хариуцлагагүй байдлыг шүүх огт үгүйсгээгүй болно.
Гэвч Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйл буюу хэрэгжүүлэх үе шатны 4.8-д Сонгосон талбайд ...орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ гэсний дагуу барилга орон сууцыг барихаас өмнө инженерийн дэд бүтцийг шийдвэрлээгүй, барьж байгуулаагүй атал нэхэмжлэгчээс төсөл хэрэгжүүлэх, дуусгахыг хариуцагч шаардах боломжгүй байна.
Энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд манай төсөл хэрэгжүүлэх газар инженерийн дэд бүтэц шугам сүлжээ одоо хүртэл очоогүй байгаа гэх тайлбар, газрын үзлэгийн зураг, хариуцагчийн ...2015 онд нийслэлийн төсвөөс 142,7 сая төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулагдаж, Дулаан, хангамжийн бие даасан шинэ эх үүсвэрийн, ус дулаан дамжуулах төв-1, дулаан, цэвэр, бохир усны шугамын, ...кабель шугамын, холбоо мэдээллийн сүлжээний сувагчлалын тус тус зураг төсөл хийгдсэн... гэх тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/331 дугаар захирамж, 2017-2018 онд олгогдсон Эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн сунгалт, дулааны техникийн нөхцөл, гадна ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэргээр инженерийн дэд бүтэц нь төсөл хэрэгжүүлэх талбай буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орчимд одоо хүртэл хийгдээгүй, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-д заасан хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд захиргааны байгууллага өөрийн хийж гүйцэтгэх ажлыг хийгээгүй атал нэхэмжлэгч талыг буруутган 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1 дүгээр Хяналтын хорооны хуралдаанд ...Басмааконстракшн ХХК-ийн хувьд төсөл хэрэгжүүлэх талбайд инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн гэх ташаа мэдээллийг үндэслэн нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь Б ХХК-ийн хууль ёсны эрх, ашгийг хөндсөн үйлдэл болжээ.
Нэхэмжлэгч Б ХХК нь төслийг хэрэгжүүлэх явцад бусадтай байгуулсан хамтарсан гэрээний үүргийн биелэлтийн төлбөр тооцооны болон газар чөлөөлсөн иргэн Ц.О байрны түрээсийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн талаар хангалттай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хөрөнгө оруулалт нь бодитоор компаний дансанд байршаагүй зэрэг байдлыг харгалзан үзээд захиргааны байгууллага нэгэнт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компанийн хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжих боломжтой байдлыг судлан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, иргэдийг тохилог, тав тухтай орон сууцанд оруулах, тэдний хүлээлтийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар ... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 14 дүгээр зүйлийн 14.1-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана гэж заасан эрх, үүргийн хүрээнд маргаан бүхий акт буюу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/434 дүгээр захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/434 дүгээр захирамжийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/434 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА