Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1647

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 хороолол,      7А-403 тоот хаягт байрлах “Аминхүү констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 52-р байр, 17 тоот хаягт оршин суух Хатагин овогт Дамдинсүрэнгийн Нармандах /ЖЯ69052364/-д холбогдох

 

гэрээний үүрэг 1,704,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда, хариуцагч Д.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Манай компани Д.Нармандахтай байгуулсан “Орон сууцны барилга захиалгаар барьж, нийлүүлэх гэрээ”-ний дагуу түүнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны 5 давхарын 2 өрөө орон сууцыг хүлээлгэж өгсөн. Д.Нармандах нь тус орон сууцандаа 2016 оны 11 дүгээр сард орсон боловч талбайн хэмжээний зөрүү төлбөр болох 1,704,000 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор зөрүү төлбөрийг өгнө гэж мэдэгдсэн боловч өгөхгүй өнөөг хүргэлээ. Манай компани “Айзарзоне” ХХК-аас тус барилгын ажил гүйцэтгэх гэрээг шилжүүлж авсан бөгөөд шилжүүлж авсаны дараа орон сууцны талбайн хэмжээг эрх этгээд болох “Петронастауэр” ХХК-аар хэмжилт хийлгэхэд Д.Нармандахын орон сууцны талбайн хэмжээг 46,68 м2  болохыг тогтоосон. Иймд түүнээс орон сууцны талбайн хэмжээний зөрүү буюу орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 1,704,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.Нармандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцанд захиалга өгч “Айзарзоне” ХХК-тай 45,26 м.кв орон сууцны захиалгын гэрээ хийсэн. Уг захиалгын гэрээнд барилгын ажлын 80 хувь хийгдсэн орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэж өгнө гэж тусгасан боловч ашиглалтанд оруулаагүй. Гэтэл “Айзарзоне” ХХК цаашид барилгын ажлыг хийж гүйцэтгэхгүй боллоо гэсэн шалтгаанаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржтой захиалгын гэрээг шинэчлэн хийсэн. Уг гэрээнд 45,26 м.кв орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэж өгөх орон сууцны захиалгын гэрээ хийсэн. “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадорж “Анх гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн төлбөр 17,651,400 төгрөг “Аминхүү констракшн” ХХК-ийн дансанд шилжсэн байгаа учир гэрээг шинэчилж хийж байна” гэж хэлсэн. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 2015 оны 10 сард 10,000,000 төгрөг, 11 сард 7,651,400 төгрөгийг “Айзарзоне” ХХК-ийн төрийн банкны 343100116406 тоот дансанд, 2016 оны 11 дүгээр сарын 14-нд 35,160,600 төгрөгийг Голомт банкны 8 хувийн зээлээр “Аминхүү констракшн” ХХК-ийн дансанд, 2017 оны 02 дугаар сарын 13-нд 1,500,000 төгрөгийг “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Бямбадоржийн нэр дээрх ХААН банкны дансанд тус тус төлсөн.

Миний бие ХААН банкнаас орон сууцны зээлийн 8 хувийн зээлд хамрагдах гээд банкин дээр очиход захиалга өгсөн орон сууцны маань 45,26 м.кв өөрчлөгдөж 46,68 м.кв болсон байсан. Ингээд захирал О.Бямбадоржтой холбогдож асуухад дахин хэмжилт хийлгэсэн, би илүү гарсан м.кв-ын зөрүүнд төлөх мөнгийг хүлээж авсан гээд банкинд бичиг хийгээд өгье, зээлээ аваад гэрчилгээгээ гаргуулчих гэж хэлсэн. Ингээд би банкнаас зээлээ авч, миний үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гарсан. Метр квадрат өөрчлөгдөх болсон шалтгаан, эрх бүхий байгууллагаар баталгаажуулалт хэмжилт хийлгэсэн акт, дүгнэлтийг өгөөгүй учраас би 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Гандирс орд” ХХК-аар хэмжилт хийлгэхэд захиалсан орон сууцны хэмжээ нь 45,97 м.кв байна гэсэн дүгнэлт гарсан. “Аминхүү констракшн” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.9-д “Гүйцэтгэгч гэрээнд зааснаар орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний дагуу алданги тооцон авах болон учирсан хохирлыг шаардах эрхтэй”, 4.2-т “Гүйцэтгэгч ... 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгнө”, 4.4-т “Гэрээг байгуулснаас хойш орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй”, 4.9-д “Гүйцэтгэгч захиалагчид гэрээний үнэ төлсөн тохиолдол бүрт нотлох баримтын шаардлага хангасан санхүүгийн баримт өгөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчиж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, орон сууц ашиглалтанд өгөх гэрээнд заасан хугацаанаас 6 сар хэтрүүлэн ашиглалтанд оруулснаас манай гэр бүл сарын 450,000 төгрөгөөр байр хөлсөлж 5 сарын түрээсийн төлбөрт 2,250,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг “Аминхүү констракшн” ХХК-аас нэхэмжлээгүй. Мөн өнөөдрийг хүртэл тус компани хуульд заасны дагуу төлбөрийн баримт олгоогүй учир 2 хувийн буцаан олгогтын 1,056,240 төгрөгийн буцаан авч чадаагүй хохирч байна. ... төлбөрийг төлж дуусгана гэсэн баримт хийж өгсөн нь үнэн гэхдээ 1,704,000 төгрөгийг төлнө гэж хэлээгүй, ямар ч гэсэн зөрүү байгаа юм байна тэр хэмжээнд нь төлнө гэж л баримт бичиж өгсөн. Шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлтээр орон сууцны талбайн хэмжээг 46,08 м.кв гэж тодорхойлсон учир энэ хэмжээгээр талбайн зөрүү төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие нийт 54,312,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлсөн учир талбайн зөрүү төлбөр буюу орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 984,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс илүүг төлөх боломжгүй.” гэжээ.     

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК нь хариуцагч Д.Нармандахад холбогдуулж орон сууцны талбайн хэмжээний зөрүү төлбөр буюу орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 1,704,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны төлбөрөөс 1,42 м.кв-ын үнийг хариуцагч төлөөгүй, дутуу төлсөн үндэслэлээр дээрх шаардлагыг гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодорхойлбол, нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК болон хариуцагч Д.Нармандах нарын хооронд “Орон сууцны барилга захиалгаар барьж, нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны байрны С блокын 5 давхарын 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх, орон сууцны 1м.кв-ын үнийг 1,200,000 төгрөг байхаар тус тус тохиролцжээ.  Талууд гэрээний гол нөхцөл болох дээрх үйл баримтын талаар маргаагүй ба тухайн орон сууцыг хариуцагч Д.Нармандах өмчлөлдөө шилжүүлэн авч, нүүж орсон ба 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр түүний нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна.

 

Харин талууд орон сууцны талбайн хэмжээний талаар маргаж, нэхэмжэгч нь орон сууцны талбайг 46,68 м.кв-аар тооцож, зөрүү 1,42 м.кв-ын үнэ 1,704,000 төгрөг шаардсан бол хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээг 46,08 м.кв-аар тооцож, орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр буюу нэхэмжлэлийн шаардлагаас 984,000 төгрөгийг зөвшөөрч, үүнээс илүү төлөх боломжгүй гэсэн ба нэхэмжлэгч нь “Петронас тауэр” ХХК-ийн үнэлгээний тайланг, хариуцагч нь шүүхийн шатанд гарсан “Арккад” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэжээ.  

 

Нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК, хариуцагч Д.Нармандах нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг орон сууц захиалгаар барьж нийлүүлэх гэрээ гэж нэрлэсэн боловч хариуцагчийн “ ... 2015 оны 10 дугаар сарын 23-нд “Айзарзоне” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийсэн, “Айзарзоне” ХХК нь цаашид барилгын ажлыг гүйцэтгэхгүй боллоо гэсэн шалтгаанаар 2016 оны 02 дугаар сарын 19-нд “Аминхүү констракшн” ХХК-тай  захиалгын гэрээг шинэчилж хийсэн, энэ үед барилгын хана, тааз бүрэн хийгдсэн дотор ажил л хийгдээгүй байсан ... “, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... манайх “Айзарзоне” ХХК-аас барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр шилжүүлэн авсан ба Д.Нармандахтай гэрээг шинэчилж байгуулах үед орон сууц бэлэн болсон байсан ... “ гэх тайлбар болон гэрээнд орон сууцыг ашиглалтанд өгөх, хүлээлгэн өгөх хугацааг тохирсон байдлаас үзэхэд нэхэмжлэгч бэлэн болсон орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээж, хариуцагч нь тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, 254 дүгээр зүйлийн 254.5-д “Худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээнд заасан тоо хэмжээнээс их байвал худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх буюу гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсгийг худалдагчийн зардлаар буцаана.” гэж заасан.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Аминхүү констракшн” ХХК болон хариуцагч Д.Нармандах нарын хооронд “Орон сууцны барилга захиалгаар барьж, нийлүүлэх гэрээ” нэртэй гэрээ хоёр удаа байгуулагдсан, уг гэрээнүүдэд орон сууцны талбайн хэмжээг “45,26 м.кв”, “46,68 м.кв” гэж хоёр өөр байдлаар тэмдэглэсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч нь “ ... манай компани орон сууцны талбайн хэмжээг эрх бүхий байгууллагаар дахин хэмжүүлсэнтэй холбоотойгоор талбайн хэмжээг өөрчилж дахин гэрээ байгуулсан ... “ гэж, хариуцагч    “ ... би сүүлийн “46,68 м.кв” гэж талбайн хэмжээг өөрчилсөн гэрээнд гарын үсэг зураагүй, ийнхүү талбайн хэмжээ нэмэгдсэн талаар банкин дээр орон сууцны зээл авах үедээ мэдэж, энэ талаар нэхэмжлэгч компанийн захиралтай утсаар ярьсан ... “ гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь өөрчлөлт орсон гэрээнд гарын үсэг зураагүй, өөрт хохирол учирсан гэж маргасан боловч энэ талаар өөрийн татгалзлыг баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчид холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Хариуцагч талбайн хэмжээ нэмэгдсэнийг үгүйсгээгүй ба илүү гарсан хэсэгт ногдох төлбөр буюу худалдан авсан орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх талаар мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК-нд  бичгээр гаргаж өгч байжээ.

 

Гэхдээ дээрх баримтад төлөх үнийн дүнг заагаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Худалдан авагч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирсон эд хөрөнгийг худалдан авсан тохиолдолд түүнд тохирох хэмжээний үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч Д.Нармандах нь эд хөрөнгийг хүлээж авсан нь гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзаагүй гэж үзэх үндэслэл болох боловч шилжүүлсэн орон сууцны талбайн хэмжээ илүү тохиолдолд доголдлыг арилгуулах, илүү гарсан хэсгийг буцаан шилжүүлэх боломжгүй учир Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.5-д зааснаар хариуцагчаас илүү хүлээн авсан хэсгийн үнийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Шүүх “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан. Талууд шүүхийн оролцоогүйгээр нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК-ийн хүсэлтээр хийсэн “Айзарзоне” ХХК-ийн, хариуцагч Д.Нармандахын хүсэлтээр хийсэн “Гандирс-Од” ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилт хийсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан ба тэдгээрийн гаргасан тайланд орон сууцны талбайн хэмжээг харилцан өөр өөр, зөрүүтэй гаргасан байна. Харин шүүхийн шатанд хариуцагчийн хүсэлтээр энэ хэрэгт “Арккад” ХХК-ийг шинжээчээр томилж, тус байгууллаганы 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр №17/098 шинжээчийн дүгнэлтэд маргааны зүйл болсон Сонгинохайрхан дүүргийн   18-р хороо, 52-р байрны 17 тоот орон сууцны талбайн хэмжээг 46,08 м.кв гэж тодорхойлсныг хэргийн оролцогчид үгүйсгэж, маргаагүй, хуульд заасан журмын дагуу зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн дээрх шинжээчийн дүгнэлтэд зааснаар маргааны зүйл болох орон сууцны талбайн хэмжээг 46,08  м.кв-аар тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь орон сууцны үнэд нийт 54,312,000 төгрөг төлсөн байх тул төлөөгүй үлдэгдэл 984,000 төгрөгийг /46,08*1,200,000-54,312,000/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 42,220 төгрөг төлснийг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.” гэж заасан ба хариуцагч нь шинжээчид ажлын хөлс 138,240 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул шүүх нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК-аас шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 58,499 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нармандахаас 984,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 42,220 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Д.Нармандахаас улсын тэмдэгтийн хураамж 28,166 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК-нд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “Аминхүү констракшн” ХХК-аас шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 58,499 төгрөг гаргуулан хариуцагч Д.Нармандахад олгосугай.
  4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ЛХАГВАСҮРЭН