Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1611

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12-р хороо, 53-29 тоот хаягт байрлах “Маш-Ариун” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 8-р хороо, нуур 2, 4 тоот хаягт байрлах “Рояалпирамид” ХХК,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, алтан овоо 29, 13 тоот хаягт байрлах “Гласстауэр” ХХК-нд холбогдох

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10,770,800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 6,696,855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Нямдэлгэр, хариуцагч “Рояалпирамид” ХХК-ийн төлөөлөгч П.Батзориг, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар, “Гласстауэр” ХХК-ийн төлөөлөгч Б.Ууганбаяр, гэрч Г.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-ийг төлөөлж захирал О.Нямдэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Манай байгууллага Хан-Уул дүүргийн 8-р хороонд баригдаж байгаа “Шинэ яармаг” цогцолбор хорооллын А-1, А-2, А-3, А-4 блокуудын саравчны ажлыг хийж гүйцэтгэхээр 2016.09.24-ний өдөр хариуцагч “Рояалпирамид” ХХК-тай ярилцаж тохиролцсон. Энэ тохиролцоонд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, ажилбар хийгдэх талбайг 2,200 м.кв-аар тогтох, ажлын хөлсийг м2 нь 18,000 төгрөгөөр буюу нийт 39,600,000 төгрөг, НӨАТ тооцохгүй, нэмэлт ажил болон м2 –ийн зөрүү гарвал тухайн үеийн ханшаар тооцож, гүйцэтгэгчид олгох, ажил гүйцэтгэх хугацаа нь хуанлийн 40-45 хоног байх, энэ хугацаанд хоол хүнсээ гүйцэтгэгч хариуцах, санхүүтэй холбоотой ажил тасалдсан, хүлээгдсэн, удааширсан бол энэ хугацааны зардлыг захиалагч тал гүйцэтгэгчид нөхөж олгоно гэж тохирсон. ... Ингээд ажлаа эхэлсэн боловч захиалагч та ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээ байгуулахаас санаатайгаар зайлсхийсээр өнөөг хүрсэн. Миний бие тус компанийн захирал нараас удаа дараа гэрээгээ бичгээр байгуулахыг шаардаж, гэрээний загвар боловсруулж өгөхөд “за болж байна, яг энэ гэрээгээр хийнэ шүү” гэж хэлж байсан. ... санхүүжилт байхгүй, хүйтний нөхцөлд манай ажилчид 3 сар ажиллаж байж ажлаа дуусгасны дараа захиалагч тал мөнгөө шийдэж өгөөгүй.

... 4-н барилгын саравчны нийт м.кв-ийг 2,200-аар тохирч ажил эхэлсэн боловч одоо 2107 м2 гэж үзэж байгаа нь мөн л манай талд хохирол болж байна. Бодит байдал дээр 2,433м 2 буюу үүнээс ч их байгаа. Манай байгууллага ажил эхлээд дуусах хүртэл захиалагчаас нийт 26,200,000 төгрөг авсан ба үүний 22,000,000 төгрөгийг “Гласстауэр” ХХК, 4,200,000 төгрөгийг нь “Рояалпирамид” ХХК өгсөн. Анх шүүхэд 18,304,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4,710,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Үүнд манай ажилчдын хоолны мөнгөнд 1,600,000 төгрөг, хорогдох материалын зардалд 100,000 төгрөг, “Рояал пирамид” ХХК-ийн ажилчдын цалинд 900,000 төгрөг, силиконы ажил хийгдээгүй ч үүнийг захиалагч талтай яриад хийх шаардлагагүй гэж үзсэн, гэхдээ энэ зардалд 400,000 төгрөгийг, манайх гэрээгээр тохирсон ажлаа 90 хувьтай гүйцэтгэсэн гэхдээ хийсэн ажилд жижиг засварын ажил байхыг үгүйсгэхгүй тул үүний зардалд 1,000,000 төгрөг, алдагдсан багажны үнэ болох 710,000 төгрөг орж байгаа болно.

Шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт гарч манай компанийн хийсэн ажлын хэмжээг 2315,6 м2 гэж тогтоосон тул энэ хэмжээгээр тогтож, захиалагч талтай тохиролцсон 18,000 төгрөгөөр тооцоход 41,680,800 төгрөг болж байгаа ба үүнээс хариуцагчаас авсан 26,200,000 төгрөгийг хасч, 4710,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж одоо 10,770,800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Манай компанийн нь туслан гүйцэтгэгчийн хувиар ажил гүйцэтгэх гэрээг хариуцач “Рояал пирамид” ХХК-тай байгуулсан тул энэ мөнгийг “Рояал пирамид” ХХК хариуцах ёстой гэж үзэж байна, хариуцагч “Гласстауэр” ХХК-ийн хувьд гэрээний дагуу 22,000,000 төгрөгийг өгсөн учир энэ хоёр хариуцагчийг мөнгө, санхүүгийн хувьд холбоотой гэж үзэж хариуцагчаар татсан.” гэжээ.

 

Хариуцагч “Рояалпирамид” ХХК-ийг төлөөлж захирал П.Батзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани “Гласс тауэр” ХХК-ийн захирал Б.Ууганбаяртай “Шинэ яармаг” цогцолбор хороолол төсөл дээр 2016 онд хамтарч ажиллахаар тохиролцсон. “Шинэ яармаг” цогцолбор хорооллын А1-А4 барилгын гадна саравчны ажил дээр Б.Ууганбаяр нь бригад нэмж оруулъя гэсэн санал тавьж өөрийнхөө дүү болох “Маш-Ариун” ХХК-ийг оруулсан. Манай компани “Шинэ яармаг” цогцолбор хорооллын А1-А4 барилгын саравчны ажил дээр 2107м2 ажил хийх гэрээтэй. Нэхэмжлэгчтэй дээрх саравчны ажил дээр 1м2 нь 18,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнээс хоол 1 хүн 3,500-3,800, хорогдох материалыг манай “Рояал пирамид” ХХК-аас хэрэглэж дараа нь нийт ажлын хөлснөөс хасуулахаар тохиролцож, нийт ажлыг 40-45 хоногт багтаан дуусгахаар тохирсон. Өөрийнх нь хийнэ гэсэн гэрээнд ажил эхлэхийн өмнө урьдчилгаа 20% байсан боловч манай 2 компани 9,000,000 төгрөг өгсөн, мөн дээрх саравчны ажлыг явуулахын тулд дундын санхүүжилтээс нэмж 17,200,000 төгрөг өгсөн. Хариуцагч нь 40-45 хоногт ажлаа хийж дуусгаагүй хаяж явсан. Хугацаа хэтэрсний улмаас дээрх саравчны ажил дээр “Шинэ яармаг”-аас хугацаа хэтэрсний алданги 5,729,762 төгрөгийн алданги тавьж манайх төлсөн. Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК нь ажлаа бүрэн хийж дуусгаагүй, ойролцоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй дутуу хаяж явсан. Үлдсэн хэсгийн ажлыг манай хоёр компани өөрсдийн хүмүүсээ оруулж хийлгэж дуусгасан. Ийм боловч нэхэмжлэгчид нийт 26,200,000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой үүнээс илүү төлөх боломжгүй.” гэжээ.

 

Мөн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ ... тус ажлыг гүйцэтгэхэд “Маш-Ариун” ХХК-ийн ажилчдыг манай компаниас хооллож хоолны зардлыг 3,500 төгрөгөөр тооцон ажлын хөлснөөс суутгахаар тохиролцсон юм. ... “Рояал пирамид” ХХК, “Гласстауэр” ХХК нь өөрсдийн ажилчдаар “Маш-Ариун” ХХК-ийн үлдсэн ажлыг дуусгасан. 2016 оны 12 дугаар сарын 05, 08, 13, 12, 16-28-ны өдөр, 2017 оны 01-р сарын 07-08-ны өдөр ажилласан ажилчдын цалинд 2,546,428 төгрөг, мөн “Шинэ яармаг хаусинг прожект”  ХХК-аас ирсэн мэдэгдлийн дагуу 2017.06.21-ний өдрөөс 2017.07.01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчдаа ажиллуулж “Маш-Ариун” ХХК-ийн хийсэн ажлын доголдлыг арилгасан. Үүнд нийт 1,936,427 төгрөгийн цалин олгосон. Иймд “Маш-Ариун” ХХК-ийн дуусгаагүй саравчны ажлыг өөрсдийн ажилчдыг цалинжуулан гарсан зардал 2,546,428 төгрөг, хийсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 1,936,427 төгрөг нийт 4,482,855 төгрөг болж байн. Мөн “Маш-Ариун” ХХК-ийн ажил гүйцэтгэх хугацаанд тэдний ажилчдыг тус компани давхардсан тоогоор 589 удаа хоолоор хангасан ба нэг хоолны үнэ 3500 төгрөгөөр бодоход 2,061,500 төгрөг, “Маш-Ариун” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад өөрсдийн ажилчдыг 59 удаа хоолоор хангахад 3500 төгрөгөөр тооцож 206,500 төгрөгийн зардал манай компаниас гарсан байна. Иймд цалин, хоолны нийт зардал болох 6,696,855 төгрөгийг “Маш-Ариун” ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.     

 

  Хариуцагч “Гласстауэр” ХХК-ийг төлөөлж захирал Б.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага 2016.06.07-ны өдрөөс эхлэн “Шинэ яармаг” цогцолбор хороолол төслийн эхний ээлжийн А блокын 1-4-р барилгын металл фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр “Шинэ яармаг хаусинг прожект” ХХК-тай гэрээ байгуулсан. Фасадны ажлын гүйцэтгэлийн явцад хамтран ажиллагч “Рояал пирамид” ХХК-ийн ажлын арга барил болон бусад хувийн эрх ашгийн төлөөх асуудлууд нь цаашид үргэлжлүүлэн ажиллахад хүндрэлтэй байдал үүсгэж байсан тул нэмэлт ажил болох А1-А4 барилгын саравчны металл фасадны ажлаас манай компани татгалзаж, энэ ажлыг “Рояал пирамид” ХХК нь дангаараа хийж гүйцэтгэхээр болж “Шинэ яармаг” ХХК-тай 1м2 –ийн үнэлгээг 60,000 тохирч гэрээ байгуулсан. Тухайн үед манай хоёр компанийн ажил их, хүн хүчний хүрэлцээ муу байсан учир саравчны ажлыг өөр бригадаар хийлгүүлэх санал гарсныг бүгд дэмжсэн. Ингээд “Маш-Ариун” ХХК-аар ажлаа хийлгүүлэхээр болж хоорондоо тохиролцсон. Энэ саравчны ажлын хөлс 180,000,000 төгрөгөөс манай компани 7,000,000 төгрөг авсан бусдыг нь “Рояал пирамид” ХХК-ийн удирдлагууд захиран зарцуулсан бөгөөд ажил хийлгэж байгаа туслан гүйцэтгэгч нартаа мөнгөө өгөхгүй удаах, хэт хямд үнээр хийлгэх гэж цаг хугацаа алдах асуудал тасралтгүй үргэлжилсээр сүүлдээ гэрээт ажлын хугацаанд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул манай байгууллага үндсэн ажлынхаа мөнгөнөөс “Рояал пирамид” ХХК-ийн туслан гүйцэтгэгч нарт өгч байж ажлаа дуусгасан. Тухайн үед ажил гүйцэтгэж байх үед “Рояалпирамид” ХХК манай хоёр компанийн санхүүжилт хамт байсан бай зайлшгүй цаг хугацаа алдахгүйн улмаас  “Маш-Ариун” ХХК-нд 22,000,000 төгрөгийг өгсөн байдаг. ... Иймд манай байгууллага “Рояал пирамид” ХХК-ийн өмнөөс дахин мөнгө гаргах ямар ч шаардлага байхгүй гэдгийг мэдэгдэж байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК нь хариуцагч “Рояалпирамид” ХХК, “Гласстауэр“ ХХК-нд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10,770,800 төгрөг гаргуулах тухай, хариуцагч “Рояалпирамид” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу нэхэмжлэгчийн дутуу хийсэн ажлыг гүйцэтгэх, хийсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотой гарсан ажилчдын цалин, хоолны зардал 6,696,855 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар,

 

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК нь анх шүүхэд 18,304,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу ажил гүйцэтгэх явцад өөрсдийн ажилчдын хоолны зардалд 1,600,000 төгрөг, хорогдох материалын зардалд 100,000 төгрөг, “Рояалпирамид” ХХК-ийн ажилчдын цалинд 900,000 төгрөг, силиконы ажил хийгдээгүй тул 400,000 төгрөг, хийсэн ажилд жижиг засварын ажил гарах зардлыг тооцож 1,000,000 төгрөг, алдагдсан багажны үнэ болох 710,000 төгрөг нийт 4,710,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, ажлын хөлсний үлдэгдэл 10,770,800 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр гэж тодорхойлсон ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч “Рояалпирамид” ХХК нь нэхэмжлэгчийн хийсэн ажил доголтой, дутуу байсан учир нэмэлт зардал гаргаж, ажлыг дуусгаж, доголдлыг арилгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй боломжгүй, 5,000,0000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэж, хариуцагч “Гласстауэр” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй тул хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.      

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодорхойлбол, Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Шинэ яармаг” цогцолбор хорооллын А1, А2, А3, А4 блок барилгуудын нүүрэн хэсгийн саравчны металл хавтан угсрах ажлыг хийж гүйцэтгэх талаар нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК, хариуцагч “Рояалпирамид” ХХК харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь уг ажлыг захиалагчийн материалаар 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 40-45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч “Рояалпирамид” ХХК нь 1м.кв-ын үнэлгээг 18,000 төгрөгөөр тооцож ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон талаар талууд маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч гэрээний нэг тал болох “Рояалпирамид” ХХК-ийг төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.”, хуулийн 47.1-д “Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсэг зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ.” гэж зааснаар талуудын хувьд гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзэх боломжгүй боловч ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон байдлаас үзэхэд “Маш-Ариун” ХХК болон “Рояалпирамид” ХХК-уудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

Ийнхүү тодорхой ажлыг захиалагчийн өгсөн материалаар хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээснээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч “Рояалпирамид” ХХК, “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №16/082 дугаар ажил гүйцэтгэх гэрээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ ... “Рояалпирамид” ХХК нь тус ажлыг “Шинэ яармаг” ХХК-аас м2-ыг нь 60,000-66,000 төгрөгөөр гэрээ хийж авсан ... “, хариуцагч “Рояалпирамид” ХХК-ийн төлөөлөгчийн “ ... манайх “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-тай А1-А4 барилгын ажил дээр 2107м2 гэсэн өөрчлөлт орохгүй гэрээтэй ... “, хариуцагч “Гласстауэр” ХХК-ийн төлөөлөгчийн “ ... нэмэлт ажил болох А1-А4 барилгын саравчны ажлаас манай байгууллага татгалзаж, энэ ажлыг “Рояалпирамид” ХХК дангаараа хийж гүйцэтгэх болж “Шинэ яармаг” ХХК-тай м2 -ын үнэлгээг 60,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан ... “ зэрэг тайлбараар “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын А1-А4 барилгын нүүрэн хэсгийн саравчны металл хавтан угсрах ажлыг гүйцэтгэхээр хариуцагч “Рояалпирамид” ХХК нь “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээтэй, уг ажлыг хүлээж авсан боловч нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.” гэж заасны дагуу туслан гүйцэтгэгчийн хувьд нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК нь хийсэн ажлын хөлсийг захиалагч болох “Рояалпирамид” ХХК-аас шаардах эрхтэй.

 

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/59 дугаар тодорхойлолт баримтад “”Рояалпирамид” ХХК нь “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ яармаг” төслийн А1-4, L1, L2 блок барилгуудын NICHIHA хавтангийн ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 16/083 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу, хөнгөн цагаан өлгөмөл хавтан угсрах ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 16/082 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус тус хийж гүйцэтгэсэн нь үнэн болно.” гэсэн ба мөн компанийн тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/189 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн “ ... 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэхэд бид хийх ёстой ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэж дууссан ... “, хариуцагч “Рояалпирамид” ХХК-ийн “ ... нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-ийн хийж дуусгаагүй ажлыг манайх өөрсдийн ажилчдаар гүйцэтгүүлсэн,  нийт ажлаас 10 орчим хувийн ажил дутуу үлдсэн байсан ... “, гэрч Г.Билгүүний “ ... “Маш-Ариун” ХХК-н нийт ажлын 90 хувийг гүйцэтгэсэн байсан, үлдсэн хэсгийг манай компанийн ажилчид хийж дуусгасан ... “ гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК хүлээж авсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.”, 346 дугаар зүйлийн 346.2-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.”, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч “Рояалпирамид” ХХК-нд ажлын хөлсийг төлөх үүрэг үүссэн байна.

 

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК болон “Рояалпирамид” ХХК-ийн хооронд гүйцэтгэх ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 40-45 хоногийн хугацаанд хийж дуусгахаар аман хэлбэрээр тохиролцсон боловч “Рояалпирамид” ХХК-аас захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-тай байгуулсан гэрээнд 64 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохиролцжээ. Хариуцагч “Рояалпирамид” ХХК нь нэхэмжлэгчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж маргасан боловч өөрийн татгалзал, тайлбарын үндэслэл болсон нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй ба гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ажлыг тохирсон хугацаанд хүлээлгэж өгөхийг шаардах эрхтэй. Гэтэл хавтаст хэрэгт хугацаа хэтрүүлсэнтэй холбооотой мэдэгдэл хүргүүлж байсан гэх баримт авагдаагүй бөгөөд ажлыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэхэд дуусгасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-д “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухай ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.” гэж заасны дагуу ажлыг хүлээн авсанд тооцох нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч талууд ажлын хөлсний хэмжээг 1м2 –г 18,000 төгрөгөөр тооцож, үнэлэхээр тохиролцсон талаар хэн аль нь маргаагүй, харин хийсэн ажлын хэмжээний талаар хариуцагч тал маргаж “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-тай    А1-А4 барилгын ажил дээр 2107м2 гэсэн өөрчлөлт орохгүй гэрээтэй тул үүнээс илүү хэмжээгээр ажлын хөлс төлөх боломжгүй гэж, нэхэмжлэгч нь “ ... ажлын хэмжээг 2200 мкв гэж тохирч ажил эхэлсэн боловч бодит байдал дээр 2433 м2 түүнээс ч их байгаа ... “ гэжээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээ нь хоёр талын, хариу төлбөртэй хэлцэлд хамаардаг бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, харин захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээдэг. Торуулбал захиалагч хүлээн авсан ажлын үр дүнд тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хийсэн ажлын хэмжээг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийг шинжээчээр томилж, тус байгууллагын гаргасан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №335 дугаар шинжээчийн дүгнэлтэд А1-А4 блок барилгад нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-ийн гүйцэтгэсэн саравчны ажил /багана, тааз, нүүрний пассат, паракад/-ын хэмжээг 2315.6 м2 гэжээ.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ буюу ажлын үр дүнг 2315,6 м2 –аар тооцож, талуудын харилцан тохиролцсон 18,000 төгрөгөөр тооцоход нийт ажлын хөлс 41,680,000 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэгчийн хүлээж авсан 26,200,000 төгрөг, шүүхийн шатанд татгалзсан 4,710,000 төгрөгийг тус тус хасч үлдэгдэл 10,770,800 төгрөгийг хариуцагч “Рояалпирамид” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад энэ хэрэгт хамтран хариуцагчаар “Гласстауэр” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан ба хариуцагчаар татсан үндэслэлээ ажлын хөлсөнд өгсөнд 26,200,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг өгсөн, “Рояалпирамид” ХХК-тай санхүүгийн хувьд холбоотой  гэж тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.3-д “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж зааснаар ямар этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргах, хариуцагчаар татах нь нэхэмжлэгчийн эрх юм.

 

Гэхдээ гэрээгээр хүлээсэн үүргийг шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүргийн харилцаа үүссэнээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхойлогдох ба Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж зохицуулсан.

 

Хариуцагч “Гласстауэр” ХХК нь нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-тай гэрээ, хэлцэл байгуулсан, нэхэмжлэгчийн өмнө ямар үүрэг хүлээсэн эсэх нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын А1-А4 блок барилгуудын саравчны ажлыг гүйцэтгэх гэрээг “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-тай хариуцагч “Рояалпирамид” ХХК байгуулсан, “Гласстауэр” ХХК нь энэ гэрээний оролцогч биш болох нь “Рояалпирамид” ХХК, “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК нарын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №16/082 дугаар ажил гүйцэтгэх гэрээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ ... гэрээ хэлцлийг “Рояалпирамид” ХХК-тай байгуулсан ... “, хариуцагч “Гласстауэр” ХХК-ийн төлөөлөгчийн “ ... А1-А4 барилгын саравчны металл фасадны ажлаас манай компани татгалзаж, энэ ажлыг “Рояал пирамид” ХХК нь дангаараа хийж гүйцэтгэхээр болж “Шинэ яармаг” ХХК-тай 1м2 –ийн үнэлгээг 60,000 тохирч гэрээ байгуулсан ... “ гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч “Гласстауэр” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар,

 

Хариуцагч “Рояалпирамид” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу нэхэмжлэгчийн дутуу хийсэн ажлыг гүйцэтгэх, хийсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотой гарсан ажилчдын цалин, хоолны зардал, ажил гүйцэтгэх явцад гарсан нэхэмжлэгч компанийн ажилчдын хоолны зардалд зарцуулсан нийт 6,696,855 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг шаардлага гаргасан.

 

            Аливаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тал нөгөө талд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй ба энэ нь ажил гүйцэтгэх гэрээний хувьд ч мөн адил хамааралтай бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг догодлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг догодлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах талаар шаардлага гаргах захиалагчийн эрхийг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 352.2-д тусгажээ. 

           

            Хэдийгээр талууд хийсэн ажлын баримтаар хүлээлцээгүй ч бодит байдал дээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж авсан, ажлыг хугацаа хэтрүүлж хүлээлгэж өгснийг хариуцагч нотлоогүй учир нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

            Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана.” гэж заасан ба хариуцагч “Рояалпирамид” ХХК-аас ажлыг хүлээж авах үедээ ажлын доголдлын талаар ямар нэгэн гомдлын шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулж гаргаж байсныг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Хариуцагч сөрөг шаардлагадаа өөрийн зардлаар доголдлыг арилгаж, дутуу гүйцэтгэсэн ажлыг хийж дуусгасан гэх боловч гүйцэтгэчид хуульд заасан журмын дагуу ажлын доголдлыг арилгах хугацаа өгч байсан буюу доголдлыг арилгахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.”, “Рояалпирамид” ХХК, “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №16/082 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 3.3.2-т “Туслан гүйцэтгэгчийн гаргасан аливаа буруутай үйлдэл, алдааны хариуцлагыг гүйцэтгэгч өөрийн гаргасан алдаа, дутагдал адил хүлээнэ.”, 7.1.1-д “Захиалагч нь дуусаагүй байгаа ажлыг дуусгах, гарсан зөрчлийг арилгах талаар гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ. Гүйцэтгэгч нь гэрээнд заасны дагуу хийгдээгүй өөрийн материал, нийлүүлэх тоног төхөөрөмж эсвэл ажлын гүйцэтгэлээс үүссэн аливаа зөрчлийг үнэ төлбөргүйгээр засах үүрэгтэй.” Гэж зохицуулсан.

 

Хууль, гэрээний дээрх зохицуулалтаар ажлын үр дүнтэй холбоотой үүссэн аливаа зөрчлийг хариуцагч “Рояалпирамид” ХХК нь ерөнхий захиалагчийн өмнө хүлээхээр байх ба хавтаст хэрэгт баримтаар авагдсан “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-аас хариуцагч “Рояалпирамид” ХХК-нд хүргүүлсэн 2017 оны 06 дугаар сарын    15-ны өдрийн №001/17 дугаартай мэдэгдэх хуудсанд “ ... гадна фасаданд эвдрэл гарсан бөгөөд А1-А4 блокын парапет болон саравчны таазанд засвар үйлчилгээ хийж өгнө үү  ... “ гэснээс үзэхэд ажлыг дутуу гүйцэтгэсэн болон биет байдлын доголдолтой талаар дурдаагүй болохыг анхаарах нь зүйтэй.

 

Нөгөө талаар хариуцагч “Рояалпирамид” ХХК нь нэхэмжлэгч “Маш-Ариун”   ХХК-ын гүйцэтгэсэн ажилд ямар, ямар доголдол учирсан, ямар ажлыг гүйцэтгээгүй дутуу үлдээснийг хийж гүйцэтгэсэн болохыг шүүхэд нотолж чадаагүй бөгөөд хоолны зардалд нийт 2,268,000 төгрөг зарцуулсан гэсэн боловч нэхэмжлэлийн энэ шаардлага мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдсэн хэсгийг шүүх хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 251,970 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 2,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Рояалпирамид” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 187,282 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасан ба нэхэмжлэгч нь шинжээчид ажлын хөлс 150,000 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул шүүх хариуцагч “Рояалпирамид” ХХК-аас шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Рояалпирамид” ХХК-аас 10,770,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-нд олгож, хариуцагч “Гласстауэр” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон “Рояалпирамид” ХХК-ийн гаргасан 6,696,855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 251,970 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 2,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “Рояалпирамид” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 187,282 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-нд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Рояалпирамид” ХХК-аас шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-нд олгосугай.
  4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ЛХАГВАСҮРЭН