Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2097

 

“Маш-Ариун” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/01611 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-ийн, хариуцагч “Рояалпирамид” ХХК, “Гласстауэр” ХХК нарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 770 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Рояалпирамид” ХХК-ийн гэрээний үүрэгт 6 696 855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагч “Рояалпирамид” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч “Рояал пирамид” ХХК-ийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-ийн төлөөлөгч О.Нямдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа “Шинэ яармаг” цогцолбор хорооллын А-1, А-2, А-3, А-4 блокуудын саравчны ажлыг хийж гүйцэтгэхээр хариуцагч “Рояал пирамид” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр харилцан тохиролцсон. Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, талбай хэмжээг 2 200 м.кв, ажлыг хөлсийг 1 м.кв нь 18 000 төгрөгөөр буюу нийт 39 600 000 төгрөг, үүнд НӨАТ багтахгүй, нэмэлт ажил болон м.квадратын зөрүү гарвал тухайн үеийн ханшаар тооцож, гүйцэтгэгчид олгох, ажил гүйцэтгэх хугацаа нь хуанлийн 40-45 хоног, энэ хугацаанд хоол хүнсээ гүйцэтгэгч хариуцах, санхүүтэй холбоотой ажил тасалдсан, хүлээгдсэн, удааширсан бол энэ хугацааны зардлыг захиалагч тал гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл хариуцагч нь ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээ байгуулахаас санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн.

Би тус компанийн захирал нараас удаа дараа гэрээг бичгээр байгуулахыг шаардаж, гэрээний загвар боловсруулж өгсөн. Мөн хариуцагч “Рояал пирамид” ХХК нь санхүүжилт байхгүй гэсэн. Манай компанийн ажилчид 3 сар ажиллаж уг ажлаа дуусгасан боловч захиалагч тал ажлын хөлсийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Дөрвөн барилгын саравчны нийт талбайг 2200 м.кв гэж тохиролцож ажлаа эхлүүлсэн боловч хариуцагч одоо 2107 м.кв гэж байгаа нь манай компанийг хохироож байна. Манай компани ажил эхлээд дуусах хүртэл захиалагчаас нийт 26 200 000 төгрөг авсан ба үүний 22 000 000 төгрөгийг “Гласстауэр" ХХК, 4 200 000 төгрөгийг нь "Рояал пирамид” ХХК өгсөн. Хийсэн ажлын хэмжээг 2200 м.кв гэж тооцоход ажлын хөлсийн үлдэгдэл 13 400 000 төгрөг болж байгаа боловч манай компани 2433 м.кв ажил хийсэн гэж үзэж, зөрүү 4 194 000 төгрөг, мөн алдагдсан багажны үнэ 710 000 төгрөгийг тус тус нэмж нийт 18 304 000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт гарч манай хийсэн ажлын хэмжээг 2315.6 м.кв гэж гарсан тул энэ хэмжээгээр, мөн захиалагч талтай тохиролцсон 18 000 төгрөгөөр тооцоход 41 680 800 төгрөг болж байгаа ба хариуцагчаас авсан 26 200 000 төгрөгийг хасахад 15 480 800 төгрөг, үүнээс 4 710 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.

Мөн манай ажилчдын хоолны мөнгөнд 1 600 000 төгрөг, материалын зардалд 100 000 төгрөг, "Рояал пирамид" ХХК-ийн ажилчдын цалинд 900 000 төгрөг, силиконы ажил хийгдээгүй ч үүнийг захиалагч талтай яриад хийх шаардлагагүй гэж үзсэн, гэхдээ энэ зардалд 400 000 төгрөгийг, манай компани гэрээгээр тохирсон ажлаа 90 хувьтай гүйцэтгэсэн. Гэхдээ хийсэн ажилд жижиг засварын ажил байхыг үгүйсгэхгүй тул үүний зардалд 1 000 000 төгрөг, алдагдсан багажны үнэ болох 710 000 төгрөг, ажлын хөлсийн үлдэгдэл төлбөр 10 770 800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Манай компани нь туслан гүйцэтгэгчийн хувиар ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч "Рояалпирамид" ХХК-тай байгуулсан тул энэ мөнгийг тус компани хариуцах ёстой. Хариуцагч “Гласстауэр" ХХК-ийн хувьд гэрээний дагуу 22 000 000 төгрөгийг өгсөн учир энэ хоёр хариуцагчийг мөнгө, санхүүгийн хувьд холбоотой гэж үзэж хариуцагчаар татсан гэжээ.

 

Хариуцагч "Рояалпирамид" ХХК-ийн төлөөлөгч П.Батзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани “Гласс тауэр" ХХК-ийн захирал Б.Ууганбаяртай "Шинэ яармаг" цогцолбор хороолол төсөл дээр 2016 онд хамтарч ажиллахаар тохиролцсон. "Шинэ яармаг" цогцолбор хорооллын А1-А4 барилгын гадна саравчны ажил дээр Б.Ууганбаяр нь бригад нэмж оруулья гэсэн санал тавьж, "Маш-Ариун" ХХК-ийг оруулсан. Манай компани "Шинэ яармаг" цогцолбор хорооллын А1-А4 барилгын саравчны ажил дээр 2 107 м.кв ажил хийх гэрээтэй. Нэхэмжлэгчтэй дээрх саравчны ажил дээр 1 м.кв нь 18 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнээс хоол 1 хүний 3 500-3 800 төгрөг, хорогдох материалыг манай "Рояалпирамид" ХХК-иас хэрэглэж, дараа нь нийт ажлын хөлснөөс хасуулахаар тохиролцож, нийт ажлыг 40-45 хоногт багтаан дуусгахаар тохирсон. Нэхэмжлэгч талаас боловсруулсан гэрээнд ажил эхлэхийн өмнө урьдчилгаа 20 хувийг өгнө гэж байсан боловч манай 2 компани 9 000 000 төгрөгийг өгсөн, мөн дээрх саравчны ажлыг явуулахын тулд дундын санхүүжилтээс нэмж 17 200 000 төгрөг өгсөн.

Хариуцагч нь 40-45 хоногт ажлаа хийж дуусгаагүй хаяж явсан. Хугацаа хэтэрсний улмаас дээрх саравчны ажил дээр "Шинэ яармаг"-аас хугацаа хэтэрсний алданги 5 729 762 төгрөгийн алдангийг тавьж, үүнийг манай компани төлсөн. Үлдсэн хэсгийн ажлыг манай хоёр компани өөрсдийн хүмүүсээ оруулж хийлгэж дуусгасан боловч нэхэмжлэгчид нийт 26 200 000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой. Үүнээс илүү төлөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч “Гласстауэр" ХХК-ийн төлөөлөгч Б.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн "Шинэ яармаг" цогцолбор хороолол төслийн эхний ээлжийн А1-А4 блокын барилгын металл фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр "Шинэ яармаг хаусинг прожект" ХХК-тай гэрээ байгуулсан. Фасадны ажлын гүйцэтгэлийн явцад хамтран ажиллагч "Рояалпирамид" ХХК-ийн ажлын арга барил болон бусад хувийн эрх ашгийн төлөөх асуудлууд нь цаашид үргэлжлүүлэн ажиллахад хүндрэлтэй байдал үүсгэж байсан тул нэмэлт ажил болох А1-А4 барилгын саравчны металл фасадны ажлаас манай компани татгалзаж, энэ ажлыг "Рояалпирамид" ХХК нь дангаараа хийж гүйцэтгэхээр болж "Шинэ яармаг" ХХК-тай 1 м.кв үнэлгээг 60 000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан.

Тухайн үед манай хоёр компанийн ажил их, хүн хүчний хүрэлцээ муу байсан учир саравчны ажлыг өөр баригадаар хийлгүүлэх санал гарсныг бүгд дэмжсэн. Ингээд "Маш-Ариун" ХХК-иар ажлаа хийлгүүлэхээр болж хоорондоо тохиролцсон. Энэ саравчны ажлын хөлс 180 000 000 төгрөгөөс манай компани 7 000 000 төгрөг авсан бусдыг нь "Рояалпирамид" ХХК-ийн удирдлагууд захиран зарцуулсан бөгөөд ажил хийлгэж байгаа туслан гүйцэтгэгч нартаа мөнгөө өгөхгүй удаах, хэт хямд үнээр хийлгэх гэж цаг хугацаа алдах асуудал тасралтгүй үргэлжилсээр сүүлдээ гэрээт ажлын хугацаанд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул манай байгууллага үндсэн ажлынхаа мөнгөнөөс "Рояалпирамид" ХХК-ийн туслан гүйцэтгэгч нарт өгч байж ажлаа дуусгасан. Ажил гүйцэтгэж байх үед "Рояалпирамид" ХХК манай хоёр компанийн санхүүжилт хамт байсан ба зайлшгүй цаг хугацаа алдахгүйн улмаас "Маш-Ариун" ХХК-д 22 000 000 төгрөгийг өгсөн тул манай компани "Рояалпирамид" ХХК-ийн өмнөөс дахин мөнгө гаргах ямар ч шаардлагагүй гэжээ.

Хариуцагч "Рояалпирамид" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ажлыг гүйцэтгэхэд "Маш-Ариун" ХХК-ийн ажилчдыг манай компаниас хооллож хоолны зардлыг 3 500 төгрөгөөр тооцон ажлын хөлснөөс суутгахаар тохиролцсон. "Рояалпирамид" ХХК, “Гласстауэр" ХХК нь өөрсдийн ажилчдаар "Маш-Ариун" ХХК-ийн үлдсэн ажлыг дуусгасан. 2016 оны 12 дугаар сарын 05, 08, 13, 12, 16-28-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдөр ажилласан ажилчдын цалинд 2 546 428 төгрөг, мөн "Шинэ яармаг хаусинг прожект" ХХК-иас ирсэн мэдэгдлийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчдаа ажиллуулж "Маш-Ариун" ХХК-ийн хийсэн ажлын доголдлыг арилгасан. Нийт 1 936 427 төгрөгийн цалинг олгосон. Иймд "Маш-Ариун" ХХК-ийн дуусгаагүй саравчны ажлыг өөрсдийн ажилчдыг цалинжуулан гарсан зардал 2 546 428 төгрөг, хийсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 1 936 427 төгрөг, нийт 4 482 855 төгрөг, мөн "Маш-Ариун" ХХК-ийн ажил гүйцэтгэх хугацаанд тэдний ажилчдыг тус компани давхардсан тоогоор 589 удаа хоолоор хангасан ба нэг хоолны үнэ 3500 төгрөгөөр бодоход 2 061 500 төгрөг, "Маш-Ариун" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад өөрсдийн ажилчдыг 59 удаа хоолоор хангахад 3500 төгрөгөөр тооцож 206 500 төгрөгийн зардал манай компаниас гарсан байх тул цалин, хоолны нийт зардалд 6 696 855 төгрөгийг "Маш-Ариун" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Рояалпирамид” ХХК-иас 10 770 800 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-д олгож, хариуцагч “Гласстауэр” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон “Рояалпирамид” ХХК-ийн гаргасан 6 696 855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 251 970 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 2 500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “Рояалпирамид” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 187 282 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Рояалпирамид” ХХК-иас шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 150 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч “Рояалпирамид” ХХК-ийн өмгөөлөгч Т.Отгонбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Маш-Ариун” ХХК нь гэрээт ажлыг 40-45 хоногийн хугацаанд хийж дуусгана гэж “Рояалпирамид” ХХК-тай харилцан тохиролцсон боловч ажлыг бүрэн гүйцэд биш, хугацаандаа хийж дуусгаагүй, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг “Рояалпирамид” ХХК-д хүлээлгэж өгөөгүй тул гэрээний үлдэгдэл хөлсийг төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй.             “Маш-Ариун” ХХК нь тохирсон хугацаанд ажлыг бүрэн дуусгаагүй байсан тул захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй байсан. Шүүхээс захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

“Рояалпирамид” ХХК нь ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгаад “Шинэ яармаг хаусинг прожект” ХХК-д хүлээлгэж өгсөн ба ажлыг хүлээлгэн өгөөд 5 сар орчмын дараа “Маш-Ариун” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн. Энэхүү доголдлыг “Шинэ яармаг хаусинг прожект” ХХК-иас ажлын доголдлыг арилгаж, гарсан зардлыг гүйцэтгэгч “Маш-Ариун” ХХК-иас нэхэмжилснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байхад шүүхээс холбогдох 2 268 000 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 10 770 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу 2 268 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК нь хариуцагч “Рояалпирамид” ХХК, “Гласстауэр” ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10 770 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний үүрэг 6 696 855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган талууд маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Рояалиррамид” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 770 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгож, хариуцагч “Гласстауэр” ХХК-д холбогдох нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч “Рояалпирамид” ХХК эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигч талууд эвлэрэн хэлэлцээд гэрээ байгуулсан байна.

Уг гэрээгээр “Маш-Ариун” ХХК нь хариуцагч “Рояалпирамид” ХХК-тай 6 500 000 төгрөгийн шаардлагын хэмжээнд эвлэрч, мөнгийг бэлнээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь цаашид өөрийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх шинэ нөхцөл байдлыг хариуцагч талаас үүсгээгүй тохиолдолд энэ хэргийг үүгээр эцэслэн шийдвэрлэсэнд тооцохоор тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээ гэх баримтад хариуцагч нэхэмжлэгчийн 6 500 000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч үлдэх нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч “Рояалпирамид” ХХК нь сөрөг нэхэмжлэлээс татгалзсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/01611 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталж, “Маш-Ариун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Рояалпирамид” ХХК болон “Гласстауэр” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч “Рояалпирамид” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөг бэлнээр төлж барагдуулсан, нэхэмжлэгч болон хариуцагч нар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Рояалпирамид” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                           ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                              Ч.ЦЭНД