Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 138/2018/00683/И |
Дугаар | 001/ХТ2020/00298 |
Огноо | 2020-06-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2020/00298
Э.Х-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2019/00188 дугаар шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 201/МА2019/00010 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Э.Х-
Хариуцагч: Ө.Д-
Хариуцагч: Д.Б- нарт холбогдох
Үндсэн нэхэмжлэл: 15,679,000 төгрөг гаргуулах тухай,
Д.Б-ын сөрөг нэхэмжлэл: 10,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Б-ын төлөөлөгч В.Давааням гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа, Д.Б-ын төлөөлөгч В.Давааням, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: ..Би найз эмэгтэй Б-тэй ойр дотно байх 2015 оны 10, 11 сарын үед Б- өөрийн ..-р байрын байшингаа зарж хүүхдийнхээ сургалтын төлбөр хийнэ гээд байраа суллаад Д-гийн эзэнгүй байгаа хашаа байшинд түр орсон. Гэтэл Д- хашаа байшингаа зарна, та нар ав гэсэн. Тэгээд Б- байраа зараад зөрүүгээр нь мөнгийг нь төлнө гээд надаас 7сая гаргуулж Д-д өгүүлсэн. Д- уг хашаандаа хувийн байшин барихдаа уг байшин газраа барьцаалан найз Б-ын нэр дээр шилжүүлэн зээл авсан байсан ба уг зээлийг Б- байшингаа зарагдахаар төлнө гэсэн боловч зарагдахгүй байсан тул уг зээлийг би сар бүр төлж явсан. Гэтэл Б- байраа зарахаа больж, бидний харилцаа хөндийрсөн. Тэгтэл Б- уг хашаа байшинд намайг орхиод явсан ба уг байшинг авахаа болилоо, чи өөрөө учраа ол гэхээр нь Д-д уг байшин хашааг чинь авч чадахгүй боллоо, мөнгөө буцааж авъя гэхэд би өгнөө гэсэн. Б-ын нэр дээр авсан Д-гийн зээлийг сар бүр төлж 8,689,000 төгрөг төлсөн байсан. Ө.Д-гаас нийт 15,679,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ө.Д- тайлбартаа: Би Дорнод аймгийн Хэрлэн сумын ..-р баг ... тоот хашаа, байшинг 2012 онд худалдаж авсан ба мөнгөний хэрэгцээ гарсан тул 2013 онд зарахаар болсон. Ажлын газрын хүн болох Д.Б-од 45сая төгрөгөөр худалдахаар болж газар, байшингийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Д.Б- мөнгөө төлж чадахгүй байдалд хүрч надад хандаж “нэг бол наймаагаа буцаая, үгүй бол чи өөр худалдаж авах хүн олоод мөнгөө авчих” гэж хэлсэн. Ингээд худалдахаар болж надтай хамт ажилладаг Б- нь /тухайн үед Х-этэй амьдарч байсан/ нөхөр бид хоёр авъя гэсэн. Ингээд 45сая төгрөгөөр зарахаар болсон ба албан ёсоор гэрээ байгуулаагүй бөгөөд төлбөр дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон. 2015-10 сарын сүүлээр Х-э надад 7сая төгрөг өгч үлдэгдэл төлбөрийг 2016 оны хавар төлнө гэсэн. Энэ саналыг би Д.Б-од дамжуулсан ба тэрээр хүлээн зөвшөөрч Х-ийг 2015-10 сард байрандаа оруулсан. Нэхэмжлэгчээс 7сая төгрөг авсан учраас энэ дүнг хүлээн зөвшөөрнө, Д.Б-ын зээлийг төлсөн гэх мөнгийг би мэдэхгүй учир хариуцахгүй гэжээ.
Хариуцагч Д.Б- тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Анх Д-гаас газар, байшинг 2013 онд худалдаж авахаар болж, банкнаас зээл авч Д-д өгсөн. Үлдэгдэл төлбөрөө Д-д төлж чадахгүй байдал үүсч буцаая гэхэд өөр хүнд зарж /Э.Х-эд/ таны төлсөн мөнгийг буцааж өгнө гэсэн. Э.Х-э 2016 оны хавар болтол зээлийн чинь төлөлтийг хийж байя гээд байрандаа 2015 оны сүүлээр орсон. Гэвч хавар нь мөнгөө өгөөгүй, нэхэхээр удаахгүй өгнө гэдэг. Миний байранд Э.Х-э 3 жил орчим худалдаж авна гээд төлбөргүй суусан байж надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. 7 сая төгрөгийг би Д- авсан, зээлэнд төлсөн 8 сая гаруй төгрөгийг нь би өгөхгүй. 34 сар /2015-11-01-с 2018-09-01/ хугацаанд үнэ төлбөргүйгээр байрыг ашигласан тул 1 сарын 300,000 төгрөгөөр тооцон, нийт 10,200,000 төгрөгийг Э.Х-ээс нэхэж байна гэжээ.
Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 138/ШШ2019/00188 дугаар шийдвэр гаргаж, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан Ө.Д-гаас 15,679,000 төгрөгийг гаргуулан Э.Х-эд олгож, Д.Б-од холбогдох нэхэмжлэл болон 10,200,000 төгрөг гаргуулах тухай Д.Б-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 236,350 төгрөг, Д.Буяцогтын төлсөн 178,150 төгрөгийг тус сумын төсвийн орлогод үлдээж, Ө.Д-гаас 236,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 201/МА2019/00010 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 138/ШШ2019/00188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Д.Б-ын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч талаас төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч Д.Б-ын төлөөлөгч В.Давааням хяналтын гомдолдоо: Д.Б- Ө.Д-д хандаж хувийн орон сууц худалдан авах тухай хэлцлээс татгалзах талаар амаар хэлсэн боловч Д-гийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэрээнээс татгалзах талаар шүүхэд хандаж, шийдвэрлүүлсэн зүйл байхгүй. Ө.Д-гийн хувьд “та өөр хүнд худалдаад өөрийн мөнгөө буцааж авах хэрэгтэй. Надад ч бас мөнгөний боломж байхгүй байна” гэж хэлсэн учир Ө.Д-тай ярилцаад хамтдаа худалдан авах хүн олохоор тохиролцсон юм. Хэрэв Ө.Д- гэрээнээс татгалзах саналыг хүлээн зөвшөөрсөн бол Д.Б- нь тус амины орон сууц болон газрын өмчлөх эрхийг түүнд шилжүүлж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Д-д өгсөн мөнгөө шүүхээр нэхэмжлэх байсан. Нэгэнт худалдан авах хэлцлээс татгалзаагүй байсан учир өмчлөх эрх хэвээр үлдсэн бөгөөд тэд ярилцаад үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид амины орон сууцыг худалдах болон түрээслүүлэх тухай зар өгч худалдан авагч хайж эхэлсэн. Үүний дагуу Э.Х-э нь Ө.Д-д хандаж амины орон сууцыг худалдаж авах саналыг гаргасан бөгөөд Ө.Д- нь амины сууцны өмчлөгч болох Д.Б-од энэ саналыг дамжуулж Э.Х-этэй уулзуулсан..Д.Б-ын хувьд амины орон сууцыг Э.Х-э худалдаж авна гэдэгт итгэсэн учир үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид өгсөн зараа зогсоож, зуучлалын гэрээнээс татгалзаж, өөр бусад этгээдэд ч хандаж амины орон сууц худалдах талаар санал гаргаагүй. Гэтэл Э.Х-э нь тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй атлаа тус орон сууцыг чөлөөлж өгөхгүй амьдарсаар байсан. Д.Б-ын хувьд арга буюу 2018-06-р сард Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд амины орон сууцыг Э.Х-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Э.Х-ийн хувьд тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч амины орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан учир Д.Б- шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж 2018-09-р сард албадан чөлөөлүүлсэн. Өөрөөр хэлбэл Э.Х-э нь тус орон сууцанд орж амьдарснаас хойш 34 сарын дараа төрийн байгууллагын албадлагаар чөлөөлж өгсөн. Э.Х-э нь тус байранд 3 жил орчим ямар ч үнэ төлбөргүйгээр амьдарсан.. өөртөө ашигтай байдал бий болгож, Д.Б-од алдагдалтай байдлыг үүсгэж ирсэн. Анхан шатны шүүх “худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байсан учир гэрээнээс үүдэлтэй үүрэг, хохирол төлөх учиргүй” гэж дүгнэн Э.Х-эд амины орон сууцыг худалдаж авахад зориулж өгсөн 15.679.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нийгэмд маш буруу жишиг тогтоосон. Учир нь иргэд хооронд орон сууц худалдан авах тохиролцоо хийхдээ нийт төлбөрийн багахан хувийг төлөөд үлдэгдэл төлбөрийг хэсэг хугацааны дараа өгөхөөр тохиролцон орон сууцанд нь ороод амьдрах тохиолдол элбэг байдаг. Гэвч тохирсон хугацаандаа үүргээ гүйцэтгэлгүй олон сараар тухайн орон сууцанд амьдарч үнэ төлбөргүй ашиглачихаад ямар ч үүрэг хүлээлгүй өмнө өгсөн мөнгөө буцааж аваад, орон сууц худалдсан иргэнийг хохироох явдал бий болно. Энэ мэтээр хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй байдлыг ашиглан бусдыг хохироох явдлаас сэргийлж Иргэний хуулийн 492.1, 492.1.1, 493.1-д заасан байдаг. Д.Б-ын хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс үүдэлтэй үүрэг гэж үзэн шаардаагүйг шүүх анхаарч үзсэнгүй. Э.Х-э нь Д.Б-ын амины орон сууцыг худалдан авахаар тохиролцоогүй байсан ч өөрийн хувьд амьдрах байр, орон сууц худалдан авах эсхүл түрээслэх байсан нь тодорхой бөгөөд энэ нь Д.Б-ын зүгээс орон сууцыг худалдаж авахгүй бол суллаж өг гэсэн шаардлагыг биелүүлэхгүй олон сараар амьдарч байснаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл Э.Х-эд Б-ын амины орон сууцанд 3 жил орчим амьдарснаар түүнд өөр байр түрээслэх хэрэгцээ гараагүй бөгөөд Д.Б-ын орон сууцанд амьдарч түүнийг эзэмшиснээр тухайн үл хөдлөх хөрөнгийн үр шимийг хүртсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд магадлалд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хэрэгт авагдсан баримтууд болон тухайн эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар зэрэг байдлуудаас үзэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үр шимийг гаргуулах үндэслэлгүй байна. Үр шим гэдэг ойлголт нь аж ахуйн зориулалттай, өөрийнхөө хэрэглээний явцад үр шимээ өгдөг хөрөнгийн хувьд яригдана. Тухайлбал, аж ахуйн зориулалтаар ашиглагддаг үйлчилгээний газрууд, үр төлөө өгдөг мал зэрэг байж болно гэж хуульд заагаагүй зүйлийг хязгаарлан тайлбарласан... Д.Б-ын хувьд уг үр шимийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Хүний амины орон сууцанд 3 жил ямар ч үнэ төлбөргүй амьдарснаараа хүний наад захын хэрэгцээний нэг болох орон байраар хангагдаж, дээрээс нь тав тухтай байдлыг олж авч, мөн тэр хэмжээний орон сууцыг тухайн хугацаанд түрээслэх хэмжээний мөнгөөр илэрхийлэгдэх давуу байдлыг өөртөө олж авсан нь маргаангүй юм. .. урьд нь тухайн байрыг түрээслэхээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагад хандаж зар гаргаж байсан түрээслэх үнийн саналын хэмжээг гаргаж, түүнчлэн уг үнэлгээг бодитой эсэхийг давхар нотлох зорилгоор үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Вендо” үнэлгээний байгууллагаар тухайн үеийн амины орон сууцны 1 м2-ын түрээсийн үнэлгээг давхар гаргуулсан. Энэхүү үнэлгээтэй хариуцагч тал танилцсан боловч дахин үнэлүүлэх болон нотлох баримтаас хасуулах ямар нэг санал, хүсэлт гаргаагүй байдаг. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Э.Х-э 2018-07-17-ны өдөр Ө.Д-, Д.Б- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 15,679,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “... Д-тай тохирч Дорнод аймгийн Хэрлэн сумын ..-р баг, Хүлэмжийн ... тоотод оршин сууж байсан бөгөөд худалдан авах зорилгоор 7,000,000 төгрөгийг Д-д өгсөн...Д- уг эд хөрөнгийг найзынхаа нэр дээр шилжүүлээд барьцаалж зээл авсан байсан ба би тэр зээлийг нь төлж нийт 8,679,000 төгрөг болсон ..эдгээр мөнгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.
Хариуцагч Ө.Д- “...7,000,000 төгрөгийг төлнө... Д.Б-ын зээлд төлсөн мөнгийг би мэдэхгүй...” гэжээ.
Хариуцагч Д.Б- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө сөрөг нэхэмжлэл гаргаж, “... Э.Х нь газар, хувийн сууцанд 3 жил орчим амьдарсан тул 2015-11-01-ний өдрөөс 2018-09-01-ний өдөр хүртэл хугацааны төлбөрийг нэг сарын 300,000 төгрөгөөр тооцон нийт 10,200,000 төгрөгийг Э.Х-ээс авна..” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх “... Д.Б- нь Э.Х, Ө.Д- нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах хэлцэлд оролцоогүй.. гэрээ байгуулаагүй байна...газар, хувийн сууц нь өөр хүнд шилжсэнг Д.Б- үгүйсгээгүй...” гэсэн дүгнэлт хийж, Ө.Д-гаас 15,679,000 төгрөг гаргуулан Э.Х-эд олгож, Д.Б-од холбогдох нэхэмжлэл болон Д.Б-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч Д.Б-ын төлөөлөгчийн хяналтын гомдлоор шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч Э.Х-э, хариуцагч Ө.Д- нар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс хариуцагч Д.Б-ын хяналтын гомдол буюу сөрөг нэхэмжлэлийн хэмжээнд шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 167 дугаар зүйл, 176 дугаар зүйлд нийцнэ.
2. Д.Б- сөрөг нэхэмжлэл гаргахдаа газар,орон сууцыг “...Ө.Д-гаас худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн боловч гэрээнээсээ татгалзсан...Э.Х-э эд хөрөнгийг эзэмшиж байсан тул жишиг үнээр бодож 2015-11-01-ний өдрөөс 2018-09-01-ний өдөр хүртэл хугацааны төлбөрийг нэг сарын 300,000 төгрөгөөр тооцно ...” гээд 10,200,000 төгрөг шаарджээ.
Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2018-10-05-ны өдрийн лавлагаагаар газар, хувийн сууц нь 2013-11-19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу Д.Б-од шилжсэн /хх89,90/ хэдий ч Д.Б- гэрээнээсээ татгалзсан нь зохигчийн тайлбар,бусад баримтаар тогтоогдсон байна.
Түүнчлэн, Д.Б- гэрээнээсээ татгалзсанаас хойш Ө.Д- уг газар,хувийн сууцыг Э.Х-эд худалдсан, Д.Б-,Э.Х-э нар уг эд хөрөнгийн талаар ямар нэг тохиролцоо хийж байгаагүй нь нотлогджээ.
Газар, хувийн сууцыг худалдах-худалдан авах асуудлаар Ө.Д-, Д.Б- нар маргаантай эсэх баримт хэрэгт байхгүй /хх 89,90/ бөгөөд уг гэрээнээс татгалзсан, өмчлөх эрхийг буцааж шилжүүлсэнтэй холбоотой хохирол үүссэн нь Иргэний хуулийн 243, 249 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Д.Б- Ө.Д- нарын хоорондын асуудал буюу дараагийн худалдан авагч Э.Х-эд хамааралгүй байна.
Иймд шүүх Э.Х-ээс 10,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзлээ.
3. Харин шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргасан гэх гомдол үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх “...Д.Б-, Э.Х-э нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах шаардах эрхийн тухай Иргэний хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 201/МА2019/00010 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2019/00188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...227 дугаар зүйлийн 227.1...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1 ...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Б-оос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 178,150 төгрөгийг хариуцагч Д.Б-ын төлөөлөгч В.Даваанямд захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ