Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2202

 

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/01698 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ө.О” ХХК-д холбогдох

 

Ажил үйлчилгээ үзүүлсний хөлс 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Ө.О" ХХК-ийн захирал Г.А-той тохирсны дагуу компанийн нийгмийн даатгалын тайланг cap бүр гаргах, татварын тайланг хянах зэрэг ажил үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээний хөлсөнд cap бүр 500 000 төгрөгийг өгөхөөр тохирч, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэл cap бүр "Ө.О" ХХК-ийн нийгмийн даатгалын тайланг /тус компанийн захирал Г.А-ын эхнэр С.Г-ын нэрээр/ гаргаж харъяа нийгмийн даатгалд хүргэх, онлайнаар явуулах, компанийн татварын тайланг хянах, компанийн үйл ажиллагаатай холбоотой ажил гүйцэтгэхэд зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. "Ө.О" ХХК-тай хамтран ажиллах үедээ захирал Г.А-ын хувиас нь түүнтэй 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 14 сая төгрөгийг зээлж, мөнгөө түүнтэй тохирсны дагуу цувуулан төлж дуусгасан. Г.А нь зээлийн гэрээний дагуу төлөх ёстой алданги 7 сая төгрөгийг надаас нэхэмжилснийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 00736 дугаар шүүгчийн захирамжаар би төлөх болсон. Ажил үйлчилгээ үзүүлсэн хөлсөө авъя гэхээр янз бүрийн шалтгаанаар хойшлуулж байснаа сүүлдээ миний зээлсэн мөнгөөр барьцаалаад өгөөгүй тул "Ө.О" ХХК-иас үйлчилгээ үзүүлсний хөлс 3 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ө.О" ХХК нь 2016 оны 6 сард тендерт оролцох үед Д.М танил талаараа дамжуулан тендерийг чинь бүтээж өгье хэмээн танилцаж, тендертэй холбоотой материалуудыг компаниас авсан. Тендерийн материалтай хамт бусад холбогдох байгууллагуудад өгөхөд хэрэг болно хэмээн 3 ширхэг компанийн лого бүхий албан тоотыг тамга даруулан, миний гарын үсгийг зуруулан авч үлдсэн бөгөөд энэ хугацаанд надаас хувиараа 14 сая төгрөгийг 4 ширхэг эзэмших эрхтэй газраа барьцаалан авсан. Уг зээлийн гэрээ зөрчигдсөнөөс Д.М-аас алданги 8 353 500 төгрөг төлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 00736 тоот шүүгчийн захирамжаар 7 сая төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргуулахаар эвлэрснийг баталсан. Д.М нь зээлийн төлбөртэй холбоотой асуудал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд байхад надаас нэхэмжлээд байгаа цалин хөлс болон "Ө.О” ХХК-ийн “Баталгаа”-г огт дурдаагүй нь тухайн үед баталгааг хийгээгүйг харуулж байна. "Ө.О" ХХК нь Д.М-тай ажил гүйцэтгүүлэх ямар нэг гэрээг байгуулаагүй бөгөөд компанийн тамга, гарын үсэгтэй 3 ширхэг албан тоотыг Д.М нь буцааж өгөөгүй тул албан тоотыг ашиглаж магадгүй гэж үзэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр компанийн тамгаа өөрчлүүлж шинээр авсан. Гэвч Д.М нь компаниас авсан гарын үсэг зуруулсан тамгатай хоосон тоот болон тендерийн материалаас компанийн нийгмийн даатгалын тайланг авч компанийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7 тоот "Баталгаа гаргах нь" хуурамч албан тоот үйлдэж төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг баримтлан "Ө.О" ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөгийг гаргуулан, Бүгүнүд овогтой Д.М-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.М нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчийн төлөөлөгч Г.А-д 7 дахь хоног буюу 5 дугаар сарын 22-ны өдөр хэрэг танилцуулсан гэх баримт байх боловч тухайн үед нэхэмжлэлд хавсаргасан материалаас өөр баримт байгаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар шүүх хуралдааны өмнө хариуцагчийн төлөөлөгч Г.А-д хэргийн материалтай танилцах гэтэл шүүгчийн туслах амарсан, одоогоор хэрэг шүүгчийн өрөөнд байгаа одоогоор танилцуулах боломжгүй байна гэх зэрэг шалтгааны улмаас танилцуулаагүй ба шүүх хуралдааны үед мэдэхгүй олон нотлох баримтын талаар яригдаж байсан. Энэ нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбартай холбоотойгоор хариуцагчийн өмгөөлөгчөөс шинээр нотлох баримт шаардлагатай /2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх 4 хуудас гэрээ/тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар гаргуулах боломжтой талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. /шүүх хуралдааны тэмдэглэл 5 дахь тал/

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалинг нэхсэн мөртлөө "Ө.О" ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалыг гаргаж өгсөн. Уг тушаал нь компаний хэвлэмэл маягт дээр тааруулж хэвлэсэн байх ба 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалинг опгох үндэслэлгүй. "Ө.О" ХХК-ийн 02 тоот албан тоот нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр "Захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр"-т хандсан болохыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2 тоот хуурамч нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь захирлын гарын үсгийн байрлал нь /дээш, доош зурагдсан/ баланк дээр хэвлэсэн болохыг нотолж байх бөгөөд цаг хугацааны хувьд боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.М нь "Ө.О" ХХК-ийн нийгмийн даатгалын тайланг гаргаж байсан гэх түүний гарын үсэгтэй нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд харъяа нийгмийн даатгалд хүргэх, онлайнаар явуулах, компанийн татварын тайланг хянах, компанийн үйл ажиллагаатай холбоотой ажил гүйцэтгэхэд зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Харин С.Г-ын нэрээр хууль бусаар гарын усэг зурсан болохоо нотолж нотариатаар батлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг зөрчсөн байх ба мөн хуулийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Гэтэл шүүх "...нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалтын тайлан зэрэг баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч хариуцагчаас ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж дүгнэлээ" гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Г.А нь Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст өргөдөл гаргахдаа Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар шалгаж өгнө үү" гэсэн утгатай гомдол гаргасан байхад прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт иргэн Г.А-оос гаргасан "...иргэн Д.М нь тендерийн ажил олж өгнө гэж хуурч мэхлэж залилсан байна" гэх Х-1-5555 дугаартай гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсугай" гэж "хуурч мэхлэж залилсан байна" гэсэн гомдол гаргасан мэтээр илт хууль зүйн үндэслэлгүй тогтоол гаргасан нь харагдаж байна. Мөн уг тогтоол нь эцсийн шийдвэр биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн нэгжийн дээд шатны прокурор, Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрх нь нээлттэй ба эцэслэн шийдээгүй зүйлд дүгнэлт хийх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Үүрэг үүсэх үндэслэлгүй талаар, Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 368.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М нь хөлсөөр ажиллаж байсныг нотлох баримт шаардах эрх нь нээлттэй байхад хуульд зааснаар шаардаагүй нь ийнхүү үүрэг үүсээгүй болохыг давхар нотолж байна. Шаардах эрхийн агуулга нь Иргэний хуулийн тайлбарт "Ажиллуулагч нь дор хаяж ажиллагчийн хөлсөөр ажиллах гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэлбэр, хэмжээ болон хугацааг тусгасан тодорхойлолт гаргаж өгөх үүрэгтэй..." гэжээ. Мөн хөлсөөр ажиллагч бүтэн 6 cap хөлсөө шаардахгүй ажилласан байх боломж бодит амьдралд нийцэхгүй. Нэхэмжлэгч Д.М нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Г.А-той эвлэрэхдээ цалин хөлсний авлагатай байсан бол тэр талаар дурдаж, төлбөртөө суутгах асуудлыг ярилцах боломжтой байсан. Харин шүүгчийн захирамжид дурдсан хугацаанд төлбөрөө төлөхгүй байсан тул албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэлд хандсаны дараа компаний хэвлэмэл маягтыг ашиглаж 2016 оны 1, 2 дугаартай албан бичиг үйлдэж шүүхэд өгсөн байна. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2 тоот “Баталгаа гаргах" нь албан бичгээр гэр бүлийн хэрэгцээний 4 газрыг зээлийн барьцаа болгон авч Д.М-д 1-6 сарын цалин 3 000 000 төгрөг суутган төлөхөөр тохиролцсон мэт агуулгатай байна. Гэтэл Д.М, Г.А нар нь тусдаа зээлийн гэрээ, нэр бүхий 4 газар эзэмшигч иргэдийн хуулийн дагуу олгосон итгэмжлэлээр газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжид тусгасан зохигчдын тайлбараар нотлогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.6-д заасныг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч “Ө.О” ХХК-д холбогдуулан ажил, үйлчилгээ үзүүлсний хөлс 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд шүүх хариуцагчийн төлөөлөгч Г.А-д 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэргийн материал танилцуулсанаас хойш хэрэгт цугларсан баримтуудыг хариуцагчийн төлөөлөгчид танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй, талуудын мэтгэлцэх эрхийг зөрчжээ. Энэ талаарх хэргийн материалтай танилцуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг, шүүх шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.                      /хх 66 дахь тал/

 

Нотлох баримт гаргуулах тухай хэргийн оролцогчийн дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй болно.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/01698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ө.О” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ