Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/01698

 

2017 оны 08 сарын 01 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01698                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, 1 хороолол, 2 байр, 49 тоотод оршин суух, Бүгүнүд овогтой Дүгэрсүрэнгийн Мөнхзаяа /РД:ЧС82050216/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Рапид харш хороолол, 2 байр, 23 тоотод тоот, “Өндөр овоо” ХХК /РД:2824418/-д холбогдох,

Ажил үйлчилгээ үзүүлсний хөлс 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамба, хариуцагчийн төлөөлөгч Г.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие “Өндөр Овоо” ХХК-ийн захирал Г.Ариунболдтой тохирсны дагуу компанийн нийгмийн даатгалын тайланг сар бүр гаргах, татварын тайланг хянах зэрэг ажил үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээний хөлсөнд сар бүр 500.000 төгрөгийг өгөхөөр тохирч, 2015 оны 1 дүгээр сарын 15-наас 2015 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэл сар бүр “Өндөр Овоо” ХХК-ийн нийгмийн даатгалын тайланг /тус компанийн захирал Г.Ариунболдын эхнэр С.Гуамаралын нэрээр/ гаргаж харъяа нийгмийн даатгалд хүргэх, онлайнаар явуулах, компанийн татварын тайланг хянах, компанийн үйл ажиллагаатай холбоотой ажил гүйцэтгэхэд зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. “Өндөр-овоо” ХХК-тай хамтран ажиллах үедээ захирал Г.Ариунболдын хувиас нь түүнтэй 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 14 сая төгрөгийг зээлж, мөнгөө түүнтэй тохирсны дагуу цувуулан төлж дуусгасан. Г.Ариунболд нь зээлийн гэрээний дагуу төлөх ёстой алданги 7 сая төгрөгийг надаас нэхэмжилснийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 00736 дугаар шүүгчийн захирамжаар би төлөх болсон. Ажил үйлчилгээ үзүүлсэн хөлсөө авъя гэхээр янз бүрийн шалтгаанаар хойшлуулж байснаа сүүлдээ миний зээлсэн мөнгөөр барьцаалаад өгөөгүй тул “Өндөр-Овоо” ХХК-иас үйлчилгээ үзүүлсний хөлс 3 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өндөр овоо” ХХК нь 2016 оны 6 сард тендерт оролцох үед Д.Мөнхзаяа танил талаараа дамжуулан тендерийг чинь бүтээж өгье хэмээн танилцаж, тендертэй холбоотой материалуудыг компаниас авсан. Тендерийн материалтай хамт бусад холбогдох байгууллагуудад өгөхөд хэрэг болно хэмээн 3 ширхэг компанийн лого бүхий албан тоотыг тамга даруулан, миний гарын үсгийг зуруулан авч үлдсэн бөгөөд энэ хугацаанд надаас хувиараа 14 сая төгрөгийг 4 ширхэг эзэмших эрхтэй газраа барьцаалан авсан. Уг авсан зээлийн гэрээ зөрчигдсөнөөс Д.Мөнхзаяагаас алданги 8,353,500 төгрөг төлүүлэхээр СХД-н Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017.03.30-ны өдрийн 00736 тоот шүүгчийн захирамжаар 7 сая төгрөгийг 2017 оны 6 сарын 01-ний өдрийн дотор гаргуулахаар эвлэрснийг баталсан. Мөнхзаяа нь зээлийн төлбөртэй холбоотой асуудал СХД-н шүүхэд байхад надаас нэхэмжлээд байгаа цалин хөлс болон “Өндөр ХХК-ний Баталгаа гэгчийг огт дурдаагүй нь тухайн үед баталгааг хийгээгүйг харуулж байна. “Өндөр овоо” ХХК нь Д.Мөнхзаяатай ажил гүйцэтгүүлэх ямар нэг гэрээг байгуулаагүй бөгөөд компанийн тамга, гарын үсэгтэй 3 ширхэг албан тоотыг Д.Мөнхзаяа нь буцааж өгөөгүй тул албан тоотыг ашиглаж магадгүй гэж үзэн 2017 оны 2 сарын 17-ны өдөр компанийн тамгаа өөрчлүүлж шинээр авсан. Гэвч Д.Мөнхзаяа нь компаниас авсан гарын үсэг зуруулсан тамгатай хоосон тоот болон тендерийн материалаас компанийн нийгмийн даатгалын тайланг авч компанийн 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 2 тоот “Баталгаа гаргах нь” хуурамч албан тоот үйлдэж төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхзаяа нь хариуцагч “Өндөр овоо” ХХК-д холбогдуулан ажил, үйлчилгээ үзүүлсний хөлс 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ам хэлцлээр тохирч ажил үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хуулийн 359.1-д зааснаар хөлсөө гаргуулахаар шаардах эрхтэй гэж, хариуцагч тал нь гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 8.1.7, 186.1-д зааснаар хөлс төлөх үүрэг үүсээгүй гэж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч тал хэдийгээр гарын үсэг зуруулсан, тамгатай хоосон бланк болон тендерийн материалаас компанийн нийгмийн даатгалын тайланг авч хуурамчаар Баталгаа гаргах тухай албан тоот үйлдсэн гэж маргаж байгаа боловч хуурамч болохыг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч компанийн тамга тэмдэг бүхий албан бичгүүдийг ашиглан хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр гомдолд эрүүгийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар Прокурорын тогтоолоор хариуцагчийн татгалзлын үндэслэл няцаагдаж байна.

 

 Хариуцагч “Өндөр овоо” ХХК-ийн албан бичиг нь ижил 2 гэсэн дугаартай байгаа нь тухайн хариуцагч байгууллагын дотоод үйл ажиллагаа ба дугаар давхардсан байгааг хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох, нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэний үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан байна.

 

“Өндөр Овоо” ХХК, Д.Мөнхзаяа нар нь аман хэлцлээр хариуцагч компанийн санхүүгийн зөвлөхийн ажил үйлчилгээ үзүүлэх, нийгмийн даатгалын тайлан гаргах, татварын тайланг хянах, санхүүгийн холбогдох бичиг баримтуудыг цэгцлэх зэрэг ажил үйлчилгээг үзүүлэх, хөлсөнд нь сар бүр 500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон нь 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот Захирлын тушаалаар, 2016 оны 1-6 сарын хугацаанд олгох ёстой хөлсийг олгоогүй нь компанийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хэлцлийн нөхцөл, хэргийн үйл баримтаас дүгнэхэд тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Дээрх албан тоотоор Д.Мөнхзаяа нь Г.Ариунболдоос зээлсэн мөнгийг төлж дуусах хүртэлх хугацаанд 1-6 сарын хөлс 3.000.000 төгрөг болон сар бүрийн цалин болох 500.000 төгрөгийг суутган төлж болохыг баталжээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүргийг, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба 360 дугаар зүйлийн 360.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасан байна.

 

Хэлцлийн дагуу Д.Мөнхзаяа нь ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Өндөр Овоо” ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2016 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалтын тайлан зэрэг баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч хариуцагчаас ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д хууль зүйн үйл явдал бий болох нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэхээр, 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгэх хууль зүйн үйл явдал болоогүй гэж маргаж буй хариуцагчийн татгалзал нь хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр “2016 оны 6 сард тендерт оролцохоор Д.Мөнхзаяатай танилцаж, зуучилсны хөлсөнд уг тендерийн 10 хувийг авахаар тохирсон” гэж тайлбарласнаар үгүйсгэгдлээ.     

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360.1-д зааснаар “Өндөр овоо” ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулан Д.Мөнхзаяад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 63.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг баримтлан “Өндөр овоо” ХХК /РД:2824418/-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан, Бүгүнүд овогтой Дүгэрсүрэнгийн Мөнхзаяа /РД:ЧС82050216/-д олгосугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 63.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ