Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00322

 

 

Э.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00693 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 945 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Э.С-

          Хариуцагч: Д.А-

          Хариуцагч: Ч.У-

          Хариуцагч: Э.С- нарт холбогдох

          Гэм хорын хохиролд 16,665,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Ч.У-ын төлөөлөгч Б.Дагиймаагийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Түвшинтөгс, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2018-12-18-ны өдөр Чингисийн хүрээ амралтын газар амарч байгаад 21:00 цагийн үед дэлгүүрээс хүнсний зүйл орох хэрэг гарсан тул амралтын газрын менежер Ч.У-тай уулзаж энэ байдлаа хэлэхэд би яваад ирье, та харин мөнгө нэмж төлөөрэй гэхэд нь зөвшөөрч, жолооны үнэмлэхтэй гэхээр нь зөвшөөрч Тоёота Ландкруйзер-200 маркийн ..07 УНЗ улсын дугаартай автомашин болон өөрийн виза картыг өгч, атм-с 100,000 төгрөг аваад 80,000 төгрөгт бензин хийгээд үлдсэнд нь хүнсний зүйл аваад ир гээд явуулсан. Гэтэл Ч.У- дур мэдэн Э.С-ад автомашиныг шилжүүлэн өгч, Э.С- нь Д.А-д дур мэдэн жолоодуулсны улмаас осолд оруулж нийт 20,922,500 төгрөгийн хохирол учруулсан. Зөвхөн Ч.У-т автомашин жолоодохыг зөвшөөрсөн байхад дур мэдэн бусдад шилжүүлсэн. Энэ талаар замын цагдаагийн газрын ослын зураг, автомашины үнэлгээний тайлан, хохирлын үнэлгээ, зураг зэргээр бүрэн тогтоогддог. Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр 20,850,000 төгрөг, үнэлгээний зардал 840,000 төгрөг, нийт 21,665,000 төгрөгийн хохирол учирснаас Д.А- нь 4 сая төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нараас учирсан хохирол 17,665,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 1,000,000 төгрөгийг Д.Аюун өгсөн. Иймд үлдэгдэл төлбөр болох 16,665,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Э.С- тайлбартаа: Чингисийн хүрээ амралтын газар зөөгч ажилтай Э.С- би 2018-12-17-ны орой ажлаасаа тараад амарч байх үед Д.А- нь амрагчийн хүсэлтээр хамт дэлгүүр явахыг хүссэн. Ч.У- жолоодож Д.А- бид хоёр хамт сууж явсан. Дэлгүүрээс захисан зүйлс болон бензин аваад цааш явсан ба Ч.У- нь гэртээ үлдэж би машиныг барин буцах үед А- жолоодъё гэсний дагуу шилжүүлж, осол болсон. Үнэмлэхгүй жолоо барьсан хүнд шилжүүлсэн гээд 200,000 төгрөгийн торгууль төлсөн гэжээ.

      Хариуцагч Д.А- тайлбартаа: Автомашины эзэн болох Э.С- дэлгүүр яваад өгчих гэж гуйсаар байгаад Ч.У-т автомашиныхаа түлхүүрийг шилжүүлсэн. Э.С-ын автомашинд учруулсан хохирлыг зөрчил шалгах явцад 15сая төгрөгөөр тохирч миний бие 5сая төгрөгийг Э.С-т өгсөн үлдэх 2,221,600 төгрөгийг сар бүрийн цалингаасаа төлөх хүсэлтэй талаараа хэлж байсан. Автомашиныг осолд орох үед би жолоодож байсан. Тухайн үед Э.С- Ч.У-т автомашиныг хариуцуулан өгч итгэлцлийн үндсэн дээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, Э.С-, Ч.У- нарын хооронд харилцаа үүссэнээс Э.С-, Д.А- нартай харилцаа үүсэх боломжгүй. Ч.У- буцах замдаа гэртээ бууж үлдэх эсэхээ тохиролцоогүй байсан бөгөөд жолооны эрхгүй этгээд болох Э.С-, Д.А- нарт автомашиныг үлдээсэн нь Ч.У-ын буруутай үйлдэл. Д.А-, Э.С-аас автомашиныг шилжүүлэн авч осол гаргасан боловч учруулсан гэмтэл болох 5,000,000 төгрөгийг төлсөн тул Д.А-д ногдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ч.У- тайлбартаа: Уг зам тээврийн осолд Ч.У-ыг холбоогүй гэж замын цагдаагаас үзсэн байх тул автомашинд учирсан хохирлыг барагдуулах үүрэггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Ч.У-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 183/ШШ2019/00693 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-г баримтлан Ч.У-аас 11,665,000 төгрөг, Э.С-аас 5,000,000 төгрөг тус тус гаргуулан Э.С-т олгож, Д.А-ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 265 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Ч.У-аас 201 950 төгрөг, Э.С-аас 94 950 төгрөг тус тус гаргуулан Э.С-т олгохоор шийдвэрлэжээ.

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 945 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Ч.У-ын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ч.У-ын төлсөн 202,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

  Хариуцагч Ч.У-ын төлөөлөгч Б.Дагиймаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ууганбяраас 11,665,000 төгрөгийг, хариуцагч Э.С-аас 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С-т олгож, хариуцагч Д.А-ид холбогдох хэсгийг хэргсэхгүй болгосугай” гэж зааж өгсөн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн үндэслэх хэсэг болон давж заалдах шатны хянах хэсэгт “Ч.У- нь бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр Э.С-ад шилжүүлж, улмаар А-ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, тээврийн хэрэгсэлд хохирол учирч болох нь хариуцагч нарын хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна...” гэсэн байна. Үндэслэл болсон 497.1-д “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааж өгсөн. ..гэм хорыг учруулсан этгээд арилгах үүрэгтэй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл уг гэм хор учруулахад шалтгаант холбоотой байна гэх үндэслэлээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны байна” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн зам тээврийн осол гаргасан буруутай этгээдийг замын цагдаагийн хэлтсээс тогтоосон байдаг. Буруутай этгээд нь тогтоогдсоор байтал гэм хорыг арилгах үүргийн ихэнх хэсгийг Ч.У-т ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. ..осол гаргаснаас л гэм хор учраад байгаа. Ч.У- нь осол гаргасан этгээдэд жолоог шилжүүлээгүй харин жолоо барих эрхтэй этгээд болох Э.С-ад шилжүүлсэн байдаг. Монгол Улсын бүх хуулинд жолоо барих эрх бүхий этгээдэд жолоо шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Мөн Иргэний хуульд “Тээврийн хэрэгсэл ашиглагч нь тээврийн хэрэгслийг өөр этгээдэд шилжүүлж болохгүй” гэсэн заалт байхгүй. Дээрх нь утга нэгэн адил. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэслийг эзэмшигчийн зөвшөөрлөөр авч явсан Ч.У- /тээврийн хэрэгслийг ашиглагч/ нь жолоо барих эрх бүхий этгээдэд жолоо шилжүүлснийхээ төлөө, бүр гуравдагч этгээдийн учруулсан гэм хорыг арилгах үүрэг хүлээх ёсгүй гэж үзэж байна. Анхан болон Давж заадах шатны шүүх шийдвэрээ гаргахдаа “..Шалтгаант холбоотой байх тул” гэж гаргаж байгаа нь хэргийг хэтэрхий нэг талаас нь харсан гэж үзэж байна. Ч.У-ыг тухайн тээврийн хэрэгслийн ашиглагч гэдгийг хэрэгт цугласан нотлох баримтуудаас олж харсангүй гэж үзэж байна. Ашиглагч нь тээврийн хэрэгслийг жолоо барих эрх бүхий этгээдэд шилжүүлж болохгүй гэсэн заалт байхгүй. Харин машиныг Ч.У- авсан боловч, тухайн машиныг нэхэмжлэгчид өөрийн биеэр авчирч өгнө гэсэн зүйл ч яригдаагүй. Нэхэмжлэгч талаас аман хэлцэл хийсэн гэх боловч тухайн хэлцлийн гол нөхцөл нь “дэлгүүрээс эд зүйл” авчруулах л байсан. Хэрэв “дэлгүүрээс эд зүйл” авчруулах биш, машин ашиглах, ашиглуулах байсан юм бол энэ хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Эд зүйл авчруулах гол нөхцөлтэй аман хэлцлийн үндсэн дээр машиныг унаж явсан бөгөөд ашиглагчийнхаа хувьд жолоо барих эрх бүхий этгээдэд машиныг шилжүүлсэн байдаг. Үүнийхээ төлөө гуравдагч этгээдийн учруулсан гэм хорыг шийдвэрийн үндэслэл болж байгаа шалтгаант холбоотой гэх үндэслэлээр гэм хорыг арилгах үндэслэлгүй юм. Хэрэв Ч.У- гэм хорыг арилгах үндэслэлтэй юм бол Иргэний хуулийн 499.4-т заасны дагуу нэхэмжлэгч Голомт банк, Э.С- нь мөн тухайн учирсан гэм хорыг хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Мөн уг хэрэгт нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь Голомт банк байдаг. Голомт банк болон Э.С- нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуудагдсан байдаг. Уг гэрээний 2.3, 2.11-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглаж, гэнэтийн осол, гэмтэл гарсан хохирлыг барьцаалуулагч буюу Э.С- өөрөө бүрэн хариуцна мөн даатгалыг хариуцна гэсэн байдаг. Иймд дээрхээс үзэхэд Э.С- нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Мөн автомашин осолдсон учраас даатгалын асуудал заавал яригдах зүйл. Барьцааны гэрээнд ч заавал даатгалд хамруулахаар заасан. Гэтэл даатгалд хамрагдсан эсэх, даатгалаас ямар нэгэн нөхөн төлбөр авсан аваагүй талаарх баримт хэрэгт нэг ч байхгүй байхад гэм хорын асуудлыг бүхэлд нь нэхэмжлэгчийн талд шууд шийдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийдвэр, магдалалыг тус тус хүчингүй болгож, Ч.У-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

      Э.С- 2019-01-23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Ч.У-, Э.С-, Д.А- нараас 17,665,000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “... 2018-12-18-ны өдөр Чингисийн хүрээ амралтын газар амарч байгаад дэлгүүр орох шаардлаг гарсан тул...амралтын газрын менежер Ч.У-тай уулзаж энэ байдлаа хэлсэн... автомашинаа өгч явуулсан...осол гаргасан байсан... Ч.У- Э.С-ад автомашиныг шилжүүлэн өгч, Э.С- нь Д.А-д шилжүүлж Д.А- осол гаргасан байх тул хохирлын үнэ 20,850,000 төгрөг, үнэлгээний зардал 840,000 төгрөг, нийт 21,665,000 төгрөг авна..үүнээс Д.А- 4 сая төгрөг төлсөн..” гэжээ. 

       Хариуцагч Э.С- тайлбартаа “..автомашиныг А- жолоодон явж байгаад осол гаргасан... би 200,000 төгрөгийн торгууль төлсөн..” гэж, Д.А- нь “...осол гаргасан...   5,000,000 төгрөг төлсөн.. нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж, Ч.У- нь “...энэ осолд холбоогүй..” гэж тус тус маргасан байна.

      Анхан шатны шүүх Ч.У-аас 11,665,000 төгрөг, Э.С-аас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Д.А-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

     Шийдвэр,магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

     Э.С- шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийн 16 дугаар талд авагдсан баримтаар Голомтбанк ХХК нь “...учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг Э.С-т шилжүүлж, шүүх хуралдаанд ИХШХШТХ-ийн 25,26 дугаар зүйлд заасан эрх эдлэн, үүргийг хэрэгжүүлэн оролцох итгэмжлэл олгосон..” байна. Шүүх хэрэгт буй энэ итгэмжлэлийн талаар дүгнэлт хийгээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35,36 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна.

    Түүнчлэн, нэхэмжлэгч нь “..амралтын газрын менежер..”-т хандаж хүсэлт тавьсан талаараа нэхэмжлэлдээ дурджээ. Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. Иймд  Э.С- нь Чингисийн хүрээ амралтын газрын менежерт эсхүл иргэн Ч.У-т хандан,үйлчилгээ авсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

     Нэхэмжлэлд дурдсан үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхэс дүгнэлт хийх боломжгүй буюу өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр,магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

    Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг /хх15,16/ татан оролцуулах эсэх, даатгалаас төлбөр төлөгдсөн эсэх /хх 47/, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийн зохицуулалт хамаарах эсэх талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00693 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 945 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 201,600 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ