Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1107

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Р.Х, Б.Б нарт

       холбогдох эрүүгийн хэргийн

    тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Эрдэнэбаатар,

            шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан,  

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1458 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Р.Х, Б.Б нарт холбогдох 1706003930500 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Р-ийн Х.........., Булган аймгийн Булган суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын ..-.. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ............./,

 

2. Б овгийн Б-ийн Б, Төв аймагт 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Ногоон зоорины ..-.. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ................/,

 

Р.Х нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөлийн гол” гэх газарт иргэн М.Г рүү чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Б.Б нь “хөгшин настай хүн зодлоо” гэх шалтгаанаар Р.Хийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Х-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Р.Х нь хохиролд 3,500,000 төгрөг төлсөн, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Г гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Р.Хоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг иш татсан боловч шүүгдэгч нь “гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй” гэж дүгнэсэн нь зөрчилтэй, ойлгомжгүй байна. Миний бие хэрэг гарсан үеэс хойш хохирогч Г гуайгаас уучлал гуйж, яаралтай эмчилгээнд нэн тэргүүнд шаардлагатай байсан мөнгийг гаргаж өгч байсан. Мөн дүү Р.Хишигсүрэнгийн хамт түүнийг эмнэлэгт болон эмнэлгээс гарсны дараа гэр орноор нь орж эргэж тойрч, шинэ шөл уулгах гэж бүтэн хонины мах хүртэл өгч байсан. Г гуай тухайн үед “би одоо та нартай юу ярих вэ дээ, миний хүү Бямбасүрэнтэй уулзаарай” гэж байсан. Харамсалтай нь хохирогчийн хүү Бямбасүрэн нь “Би олон эрэгтэй дүүтэй хүн шүү, манай гэрээр битгий дахиж ир, зодуулж гай болов, хохь чинь шүү, бузартай мах шөл чинь ч хэрэггүй, 30,000,000 төгрөг бэлэн өг” гэх зэргээр хэрүүл маргаан хийж дарамталсаар намайг хохирогчтой огт уулзуулаагүй. Би аргаа бараад өмгөөлөгчөө хүртэл дагуулж очоод Г гуайтай уулзах гэхэд хүү нь хэрүүл, маргаан хийгээд уулзуулаагүй. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн биед хүнд хохирол учруулсандаа маш их харамсаж байгаагаа хэлж, түүнээс дахин уучлал гуйсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсэн. Гэтэл шүүх яагаад намайг гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд гэм буруугаа хэрхэн, яаж зөвшөөрснийг бүрэн дүүрэн гэж үзэх эргэлзээ нь чухам юунд байгаа талаар тайлбарлаагүй байна.

            Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоос нотлох баримтаар тогтоогдсон хэсгийг сайн дураар нөхөн төлсөн байх боловч бусад хохирлыг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлээгүй учир торгох ял оногдуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би шүүхээс тогтоосон бодит хохирол болох 3,031,230 төгрөгөөс илүү 3,500,000 төгрөгийг сайн дураар, нэн шаардлагатай үед хохирогчид төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад үүнээс илүү бодит хохирол тогтоогдоогүй байхад бусад хохирлыг нөхөн төлөх асуудал одоогоор яригдах боломжгүй гэж үзэж байна.

            Түүнчлэн би шүүх хуралдаанд “бодит хохирлын хэмжээ цаашид нэмэгдсэн тохиолдолд түүнийг нөхөн төлнө” гэдгээ илэрхийлсээр байхад “илэрхийлээгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Энэ жил би 51 настай, өндөр настай ээжийн хамт мал маллаж амьдардаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрөө энэ үед гэмт хэргийн хохирогч болсон, цаашид хохирлын хэмжээ нэмэгдвэл түүнийг малын ашиг шимээрээ төлөх болно. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бодит хохирлоо нөхөн төлсөн болон бусад хувийн нөхцөл байдлыг  харгалзан үзэж хохих ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Р.Хийн өмгөөлөгч Р.Мэндсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Р.Х нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн мэтгэлцсэн тайлбар дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Г /1-р хх 11, 20, 23/, гэрч Н.Батсайхан /1-р хх 31/, яллагдагч Б.Б /1-р хх 54/ нарын мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана.”, “...Р.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэж дүгнэсэн нь эргэлзээтэй юм.

Учир нь, хохирогч М.Г нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тайлбартаа “... хэсэг сууж байгаад юу болсон юм, хонь хариулж яваа гэх залуу том чулуу шидээд миний толгойг оносон” гэх /1-р хх 11/, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдүүлэгтээ “... удалгүй буцаж ирээд мотоциклийнхоо цаад талд доошоо суучихсан л тонголзоод байхаар нь би Тундарт хандаж- “энэ залуу яах гээд байна” гэж хэлээд босох гэтэл Тундар- “энэ яав л гэж” гээд миний мөрөн дээр дараад суулгаснаа “хүүе болохоо байлаа” гэтэл мотоциклийнхоо цаанаас тэр залуу том чулуу шидээд миний толгойг оноод...” гэх /1-р хх 20/, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлэгтээ “... урьд өмнө нь бидний дунд ямар нэгэн асуудал маргаан байхгүй... мотоциклоо унаж яваад, ойрхон тойрч ирээд л мотоциклоосоо бууж над руу ойртож ирээд л тоосгоны дайтай чулуу аваад над руу шидсэн” гэх /1-р хх 23/, шүүх хуралдаанд “... мотоциклийн хажуунаас үүдэн хойморын зайтай газраас чулуу шидсэн...” гэж тус тус мэдүүлсэн. Мөн гэрч Т.Тундарын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн мэдүүлэгт “... Гэтэл Хишигдорж би хүн алчихлаа яанаа, яанаа гээд Ггийн толгойг тэврээд сэгсрээд байсан. Ер нь хэрүүл маргаан гараагүй, өөр маргаан болоогүй...” гэжээ.

            Дээрх тайлбар, мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох
баримтаар Р.Х, М.Г нар нь урд нь бие биеэ мэдэхгүй, тэр
өдөр л анх танилцсан бөгөөд хоорондоо ямар нэгэн хэрүүл, маргаан үүсгээгүй
байдаг. Харин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч холоос чулуу
шидээд /тэрээр холын хараа муутай тул нүдний шил зүүдэг бөгөөд хаашаа, хэн
рүү, юуны учир чулуу шидсэн гэдэг нь тодорхойгүй/, шидсэн чулуу нь тэнд сууж
байсан хохирогчийн толгойг оносон байх бөгөөд түүнийг мэдэнгүүтээ “яанаа,
яанаа” гэж сандарч тэвдэж байсан нь тогтоогддог. Харин гэрч Н.Батсайхан нь хэрэг учрал болох үед тухайн газарт байгаагүй, болсон явдлын талаар хожим бусдын амнаас дам сонссоноо мэдүүлсэн. Яллагдагч Б.Б нь аавынх нь найз болох М.Г-г
өмөөрч Р.Х-ид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бөгөөд түүнтэй урдын
таарамжгүй харилцаагүй, хохирогчийг чулуугаар цохихыг хараагүй гэж мэдүүлдэг.

            Шүүгдэгч Р.Х нь хохирогчид хүнд гэмтэл учруулахыг хүсч үйлдсэн,  хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Харин гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой гэж шүүгдэгчийн  өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж болно” гэсний дагуу Р.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргээр зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн Р.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нас, биеийн эрүүл мэнд, гэр бүлийн ахуй амьдрал зэрэг хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид нэмэгдэж болзошгүй хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэх үүрэг хүлээлгэх арга хэмжээг хэрэглэж өгнө үү.     

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжийг олгосон. Эрүүгийн хуульд заасан Р.Хийг буруутгаж байгаа гэмт хэрэг нь торгох ялтай. Тийм учраас тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан малаа маллаж торгуулийн ял шийтгэлийг төлөх боломжтой учраас хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв. 

 

            Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар хэргийг зүйлчлэх талаар өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Р.Х тухайн гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэж прокурор үзсэн. Мөн шүүгдэгч “гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй” гэсэн шүүхийн дүгнэлтэнд “үүнээс өөр байдлаар яаж хүлээн зөвшөөрөх юм бэ” гэж гомдол гаргажээ. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр төлсөн байгаа боловч шүүх хуралдааны үед “гэм буруугийн хувьд ямар дүгнэлт хийж байна вэ” гэсэн асуултанд “би өөрөө юу ч санахгүй байна, энэ хүмүүс тэгж ярьж байгаа болохоор тэр хүнийг цохисон юм байлгүй дээ” гэж хариулсан. Энэ байдлыг шүүхээс дүгнээд “гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж үзсэн. Мөн Б.Б гэх хүнд “хохирогч М.Гг өөрөө унасан гэж хэлээд өгөөч” хэмээн гуйсан зэрэг нөхцөл байдлаас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Иймд шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Р.Х, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Р.Х нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөлийн гол” гэх газарт иргэн М.Г рүү чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Б.Б нь Р.Хийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

“Р.Х нь хэл амаар доромжилж, чулуу шидэн толгойг нь онож гэмтээсэн” талаар хохирогч М.Г-гийн өгсөн мэдүүлэг /1-р хх 20, 23/, “тас” хийх чимээ гарахаар нь эргээд харахад хажууд нь сууж байсан М.Г ухаан алдаад унасан, толгойн зүүн орой хэсгээс нь цус гарч байсныг, Р.Х “би хүн алчихлаа, яанаа” гээд М.Ггийн толгойг тэврээд сэгсэрч байсныг, цаанаас Б.Б гүйж ирээд Р.Х-ийн араас нуруунд нь хоёр удаа ташуурдсаныг харсан талаар гэрч Т.Тундарын өгсөн мэдүүлэг /1р хх 32/, “дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөлийн гол” гэх газарт очиход М.Г-гийн толгойн зүүн орой хэсэг нь хагарч их цус гарсан, хажууд нь Р.Х мөн толгойноос нь цус гарсан байдалтай байсныг харсан, тэр хавьд байсан хүмүүс Р.Х нь М.Г-гийн толгойд чулуугаар цохьсон гэж ярихыг сонссон талаар гэрч Н.Батсайханы өгсөн мэдүүлэг /1-р хх 31/, Б.Бд зодуулсан талаар хохирогч Р.Х-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх 26/, М.Ггийн морийг эмээллээд зогсч байхад нь “тас” хийх чимээ гарахаар нь эргээд харахад М.Г газар унасан, Р.Х сэргээх гэж байгаа бололтой алгадаад байж байхыг хараад сандарсандаа Р.Хийн нуруу, толгойнд нь ташуурдсан талаар шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх 54/, хохирогч М.Г-гийн биед зүүн зулай ясны урд хэсэг, дух ясны ар хэсгийг хамарсан, зүүн талын корональ заадас дамнасан дотогш гавлын хөндийд цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас доош чамархай ясны урд хэсэг дайран суурь ясны зүүн талын их далавч дайрсан зөрүүгүй шугаман хугарал, тархи доргилт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10008 тоот дүгнэлт /1-р хх 35/, хохирогч Р.Х-ийн биед зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, толгойн орой хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10025 тоот дүгнэлт /1-р хх 38/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 120-121/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Хийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг, шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүхээс холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч М.Г, гэрч Т.Тундар, шүүгдэгч Б.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Р.Хийн хохирогч руу чулуу шидсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд уг үйлдлийн хууль бус шинж, учирч болох хохирол, хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөлд үйлдэгдсэн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Р.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “согтууруулах ундаа хэрэглэсний улмаас ямар асуудал болсныг санахгүй, мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “... гэрч нар намайг учруулсан гэж хэлж байгаа учир, үгүй гэх арга байхгүй” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.

Өмгөөлөгч Р.Мэндсайхан нь давж заалдах гомдолдоо “шүүгдэгч Р.Х гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн” гэж гэм буруугийн асуудлаар маргасан, түүний гомдолтой шүүгдэгч танилцан хүлээн зөвшөөрсөн /2-р хх 40/ учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Р.Х-ид анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил хорих ял нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул “торгох ялаар сольж өгнө үү” гэсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүхээс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн атлаа холбогдох хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүй алдаа гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нөхцөл байдалд хүргэхгүй гэж үзсэн тул давж заалдах шатны шүүхээс тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөн шийдвэрлэсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1458 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-ид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН