Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 54

 

“Баясах-Атлас” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мандахзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0780 дугаар магадлалтай, “Баясах-Атлас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 4.3, 10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Баясах-Атлас” ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан, “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар тогтоосон 54,542,772.0 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0780 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Баясах-Атлас” ХХК-д Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар ногдуулсан Гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 54.542.772 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Гаалийн ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын хэлтсээс хийгдсэн судалгаагаар “Баясах-Атлас” ХХК эрсдэл бүхий гэж үнэлэгдсэн. Тус компанийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт, шалгалт хийхэд гаалийн байгууллагад мэдүүлээгүй, гаалийн хяналтаас нууж барааг улсын хилээр нэвтрүүлсэн зөрчил илэрсэн тул Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэн “Баясах-Атлас” ХХК-ийг 2014 оны 06/14 дугаар актаар 150,000.0 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 54,542,772.0 төгрөгийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Маргаан бүхий актыг “Баясах-Атлас” ХХК хууль бус гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган хэлэлцүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр актаар тогтоосон 54,542,772.0 төгрөгөөс 4,128,300.0 төгрөгийг хасаж, 50,414,472.0 төгрөгийг төлүүлэхээр тус актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “... “Баясах-Атлас” ХХК-д ногдуулсан төлбөр нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан захиргааны шийтгэлд хамаарна” гэж үзсэн нь үндэслэлгүй. Гаалийн хууль тогтоомжоор татвар төлөгч нь гаалийн болон бусад татвар ногдох барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлж холбогдох албан татварыг төлөх үүрэгтэй. Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т “Чөлөөт эргэлтэд оруулсан барааны мэдээллийн үнэн зөвийг дараахь үндэслэлээр шалгана:”, 235.2.2-т “гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх, зөрчлийг арилгуулах;” гэж заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнэ 54,542,772.0 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн үндсэн үүргийн биелэлтийг хангуулах, улсыг хохиролгүй болгож буй хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй юм.

Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн хуулийн зорилт, хэрэгжилтийг хангах хүрээнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас актаар тогтоосон нөхөн татвар төлөх үндсэн үүргээс чөлөөлөгдөхгүй улсад их хэмжээний хохирол учруулж байгаа тул буруутай этгээдээр нөхөн заавал төлүүлнэ. Харин хүү, торгууль, алдангийг захиргааны шийтгэл гэж үзэн өршөөлийн хуульд хамрагдах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Эндээс харахад актаар тогтоосон төлбөр нь улсыг хохиролгүй болгож байгаа хэлбэр бөгөөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох торгууль 150,000.0 төгрөгийг захиргааны шийтгэл гэж үзэн өршөөлийн хуульд хамруулж үзхээр байна.

Мөн Өршөөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд “Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр 1-т Захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна” гэж заасан байдаг.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад актаар тогтоосон төлбөрийг захиргааны шийтгэл хамаарна гэж үзвэл түүний бүрэлдэхүүн хэсэг болох торгууль нь шийтгэвэрийн хуудсан дээр бичигддэг захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр байх тул нэг зөрчилд давхардуулан захиргааны шийтгэл ногдуулахгүй байх зарчимтай зөрчилдөж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсхийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилгыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, 7 дугаар зүйлийн 7.3-т “Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараах татвар улсын татварт хамаарна”, 7.3.2-т “гаалийн албан татвар” гэжээ.

Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлээр зохицуулагдсан “гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт” нь мэдүүлэгч гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгахад чиглэгддэг бөгөөд үүний зорилго нь мэдүүлэгч төлөх ёстой татварыг төлсөн эсэх, төлөөгүй бол түүнийг нөхөн төлүүлэхэд чиглэгдэнэ гэж тайлбарлаж болохоор байна.

Хариуцагч нараас “Баясах-Атлас” ХХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийж, зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэж үзэн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 54,542,772.0 төгрөгийн төлбөрийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд хариуцагч нарын гаргасан 2014 оны 06/14 дүгээр акт нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэсэн боловч түүгээр ногдуулсан төлбөрт нэхэмжлэгчийн төлөх ёстой татвар хамаарч байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхдөө “бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй” байх зарчмыг хэрэгжүүлэхээр байгаа нь уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгээс тодорхой харагдаж байна. Хэдийгээр уг зүйлд “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, ...нь...” гэсэн боловч “өршөөлд үл хамруулах” зарчмыг захиргааны зөрчил гаргасны улмаас бусдад учруулсан хохиролд хэрэглэхгүй гэж тайлбарлах боломжгүй.

Иймд, хэрэв нэхэмжлэгчид оногдуулсан төлбөрийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулбал тэрээр “бусдад” буюу улсын төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр байгаа нь хуулийн зорилго, шударга болон тэгш байдлын зарчимд нийцэхгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0780 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                                 Г.БАНЗРАГЧ