Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01835

 

    2017 оны 08 сарын 17 өдөр

       Дугаар 184/ШШ2017/01835

            Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо, 9-28 тоотод оршин суух Тайж овогт Гомбын Ганбаатар /РД: ЙС62040815/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

           

Хүсэлт гаргагч Г.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: 

“Миний бие  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр анх тракторын жолоочоор орж 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторын жолоочийн ажил хийж байтал нэгдэл маань татан буугдаж ажилгүй болсон. Иймд миний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд тракторын жолоочоор 1978 оны 01 дүгээр сарын 10-наас 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан 12 жил 1 сар, 10 хоногийг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Ганбаатар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд тракторын жолоочоор 1978 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Иймд Г.Ганбаатарын гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Г.Ганбаатар нь 1978 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд тракторчин, хадуурчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн даргын 1978 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн “ажилд томилох” тухай 9 тоот тушаал, тус “Бадрал” нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 17 тоот тушаалууд, гэрч Л.Шагдарсүрэн /РД:АД47032518/, Ч.Даваасүрэн /РД:АД52090409/ нарын гаргасан тодорхойлолт, гэрчээр асуусан мэдүүлэг болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн зөвлөлөөс социалист уралдаанд авсан үүргээ 101,5 хувиар биелүүлсэн тул “1990 оны аварга Тракторчин” цол, гэрчилгээ, мөнгөн шагналаар шагнасан Гэрчилгээ, хамт олноороо авахуулсан фото зураг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                                                                         ТОГТООХ  нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганбаатарыг 1978 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдэлд тракторчин, хадуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

 

                            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН