Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2408

 

МАГАДЛАЛ

 

2017.11.24                                                     Дугаар 2408                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Д.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/02146 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХК

Хариуцагч Б.Д ,

Хариуцагч В.Ё нарт холбогдох,

“Автобус тав” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч В.Ё  иргэн Д.Б тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Б Т ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Б Б.Д байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын       25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр хийгдсэн “Автобус тав” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан,

Хариуцагч: Т ХК-ийн төлөөлөгч С.Ганболд,

Хариуцагч Т ХК Б.Д  нарын өмгөөлөгч: Ж.Оюунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр В.Ё  хамтран гадаад худалдаа, хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр 73 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар, 50:50 хувиар хувьцаа эзэмшихээр 2 хувь нийлүүлэгчтэйгээр “Автобус тав” ХХК-ийг үүсгэн байгуулагч болж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. 2010 онд Улаанбаатар хот-Эрдэнэт, Эрдэнэт-Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцохын тулд өөрийн компанийн дүрмийн санг өсгөх, өөрийн өмчлөлийн ил зогсоол, дулаан гарааш, авто угаалгатай байх гэсэн үнэлгээ авахын тулд хууль бус гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн “Автобус тав” ХХК-ийн хувьцааны 20 хувийг Т ХК-д, 15 хувийг Б.Давгадорж нарт худалдах, В.Ёндонжамцаас 17.5 хувийн хувьцаа худалдаж авах зэргээр хуурамчаар хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тухайн үед хувьцаагаа шилжүүлснээр компани үл хөдлөх хөрөнгөтэй болдог юм байна гэсэн буруу ойлголттой байлаа. Гэвч эдгээр нь өөрийн өмчлөлийн гэрчилгээгүй учир өөрийн өмчлөлийн гэж тогтоогдоогүй ба түрээсээр эзэмшдэг гэж дүгнэгдсэн. Эдгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар хийсэн Т ХК-ийн захирал С.Ганболд, Б.Давгадорж нар нь өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд “Автобус тав” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй мөртлөө одоо бид компанийн хувь эзэмшигч, ашиг авна, хөрөнгө оруулалт хийнэ гэх зэргээр авирлах болсон. Тухайн үед хөрөнгө оруулалт хийх нь байтугай түрээсийн төлбөр нэхэж, хувьцаанаасаа татгалзаж байгаагаа удаа дараа амаар болон бичгээр өгч байснаа умартан компанийн үйл ажиллагаа тогтворжиж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлтэй болох нөхцөл байдал бүрдэж ирэнгүүт хууль бусаар байгуулсан гэрээ, түүндээ нийцүүлэн гаргасан дүрмээр түрүү барин компанийн дотоод үйл ажиллагаанд оролцож, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өөрсдийн тээврийн хэрэгслийг манай компанийн шугам замд оролцуулж ашиг олох зорилгоор компанийг өөрсдийн мэдлээр хөдөлгөхийг санаархан дарамт шахалт үзүүлэх, ил далд хэлбэрээр сүрдүүлэх зэргээр нөлөөлж байна. Ийнхүү хууль бус хуурамч гэрээгээр шалтаглан иргэн Д.Б  миний 7 жилийн хүч хөдөлмөр, өөрийн болон төрсөн эгчийнхээ орон сууцыг барьцаалан зээл авч босгосон хөрөнгийг минийх биш, “Автобус тав” ХХК-ийн хөрөнгө гэж сүрдүүлэн булаан авахыг санаархаж, ёс зүйгүй аашлах нь хэрээс хэтэрч байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Автобус тав” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолд намайг гарын үсэг зур хэмээн тулгаж байгаа нь эрээ цээрээ алдсан хууль зөрчсөн үйлдэл боллоо. Би өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа яагаад өөрийн хүсэл зоригоос гадуур өөрөө хүсээгүй байж бусдад шилжүүлэх ёстой билээ. Уг тогтоолд намайг хувьцаа эзэмшигчээс чөлөөлсүгэй гэсэн нь бүр ноцтой асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хууль бусаар байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Дээрх гэрээнүүд дээр зурагдсан гарын үсэгнүүд бүгд хуурамч бөгөөд хувьцаа худалдаж авсан үнийн дүнг хэн нь ч төлөөгүй болно.

В.Ё  17,5 хувийн хувьцааг худалдан авсан В.Ёндонжамц, Б.Давгадорж нарын хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-нд В.Ё  гарын үсгийг би өөрөө өмнөөс нь зурсан. Мөн Д.Б  миний 15 хувийн хувьцааг худалдсан Б.Давгадорж болон Д.Б  нарын хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-нд Б.Д  гарын үсэг зураагүй ба уг гэрээнд Б.Д ийн өмнөөс Д.Б  би гарын үсэг зурсан. Т ХК-тай байгуулсан 20 хувийн хувьцааг худалдсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-нд Т ХК-ийг төлөөлж С.Сэргэлэн гарын үсэг зурж, тамга дарсан. Иймд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр хийгдсэн “Автобус тав” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т ХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2009 оны эхээр Авто тээврийн газраас Улаанбаатар хотоос Орхон аймаг Баян-Өндөр сум чиглэлийн нийтийн зорчигч тээврийн шугаманд сонгон шалгаруулалт зарласан. Уг шалтгаруулалтанд оролцохоор “Автобус тав” ХХК-ийн үүсгэн байгуулагч захирал В.Ё хөөцөлдөж байсан. Д.Б аав нь манай компанид ажилладаг байсан хүн тул хүүг зүс мэдэх бөгөөд хувьдаа ганц нэг автобустай юм шиг байсан. Миний зүгээс тендерт хамтраад оролцвол дээр ялах боломж өндөр гэж бодоод В.Ё Д.Б  нарыг уузлуулсан юм. 2009 ондоо В.Ё Д.Б  хоёр хамтран тендерт оролцохоор баримт материал бүрдүүлж байсан бөгөөд манай Т ХК-ийн тендерт шалгаруулалтанд туслах үүднээс түншлэлийн гэрээ байгуулан уг тендерт оролцсон боловч тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон. Улмаар 2010 оны 8 сар орчимд дахин тендер зарлахдаа түншлэлийн гэрээгээр оролцох ямарч боломжгүй нөхцөлөөр зарласан. Иймд уг тендерт оролцохын тулд компани нь өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, материаллаг баазтай байх шаардлагатай болсон учир Т ХК-ийн материаллаг баазыг ашиглах үүднээс үйл ажиллагаа нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Улмаар Т ХК нь материаллаг бааз, ажилчидаар хангаж “Автобус тав” ХХК-ийн хувьцаанаас 20 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Мөн тендерт орход “Автобус тав” ХХК дээр Солонгос Улсаас автобус оруулж ирсэн байх нь тендерийн үзүүлэлтэнд эерэгээр нөлөөлөх магадлалтай байсан тул Д.Б дагуулж ирсэн түүний найз гэх Б.Д  нь Эрдэнэт хотод өөрийн өмчлөлийн засвар угаалгын газартай мөн түүний Монгол Улсад оруулж ирж зарах гэж байсан автобуснуудыг “Автобус тав” ХХК-ийн нэр дээр гаргуулах зэрэг шаардлага гарч тендерийн материал бүрдүүлэн өгч Б.Д ид “Автобус тав” ХХК-ийн 15 хувийн хувьцааг шилжүүлэн хувь нийлүүлэгчээр бүртгэж тухайн хуулийн этгээд маань 4 үүсгэн байгуулагчтай болон үйл ажиллагаа явуулсаар ирсэн. “Автобус тав” ХХК-ийн нэр дээр зээл авах асуудал үүсэхэд зээл авах зөвшөөрлийг бид дөрөв хуралдаж байж шийдсэн зээлд нь манай Т ХК нь баталгаа гарган өгсөн гэвч Д.Б  нь өөрийн төрсөн дүүг нягтлангаар ажиллуулан уг зээлийг хувьдаа ашигласан мөн хэдэн автобус авсан боловч жолооч нарт түрээсийн гэрээ байгуулан өгч өнөөдөр энэ зээлээс “Автобус тав” ХХК-д орсон ашиг байхгүй харин Д.Б д орсон ашиг л их байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагч Б.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Б тай цэрэгт хамт 1985 оноос 1987 онд цэргийн алба хааж найз нөхөд болцгоосон хүмүүс эртний танилууд юм. Солонгос улсаас автобус, автомашины сэлбэг хэрэгсэл оруулж ирж зардаг мөн Эрдэнэт хотод авто засварын газар, угаалгын газар ажилуулдаг бизнес эрхэлдэг. Д.Б  нь Истана маркийн автомашин сэлбэг болон том оврын автобус надаар дамжуулан захидаг байсан, мөн газар шорооны ажлын сомосвал машин захиалж авчруулж байсан. Сүүлд надаар дамжуулан автобус, сэлбэг захиж авчруулсан дээрх захиалга хийхдээ урьдах мөнгөө өгөөгүй тооцооны үлдэгдэлтэй байсан бөгөөд өнөөдөрч тооцоо дуусаагүй байна. Мөн тендерт оролцож шугам авахаар мөнгийг чинь хурдан буцааж өгнө гээд тухайн үед оруулж ирэх гэж байсан автобусыг “Автобус тав”    ХХК-ийн нэр болон өөрийн нэр дээр Монгол Улс руу оруулж ирж туслаач би энд гадаад худалдаа, хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр компани байгуулаад ажиллуулж байгаа болохоор Солонгос улсын автобус маш хэрэгтэй байна. Чи наашаа ачуулах юм бол би үйл ажиллагаа явуулж байгаад төлбөр мөнгийг нь төлнө гэж тайлбарлаж байсан болно. Д.Б  нь тендерт оролцож, Улаанбаатараас Орхон аймаг, Баян-Өндөр сумын хооронд явах шугам авахад автобус шаардлагатай байна гэж гуйсны улмаас Солонгос улсаас ачуулах гэж байсан автобусыг “Автобус тав” ХХК болон Д.Б нэр дээр ачуулсан тооцооны үлдэгдэл байсаар байгаа. 2010 онд     Д.Б  нь “Автобус тав” ХХК-ийг тендерт оролцуулахад Орхон аймагт авто угаалга болон авто зогсоол хэрэгтэй хэмээн Б.Д  миний биеийг “Автобус тав” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгох талаар санал тавьж анх В.Ёндонжамц, Т ХК-ийн захирал С.Ганболд нартай уулзаж танилцаж тус компаний 15 хувийн хувьцаа эзэмшигч болж дүрэм үйлдсэн. Учир нь Орхон аймагт байрлах Б.Д  миний эзэмшлийн авто засварын зогсоол болон авто угаалгын газрууд маань тендерт оролцоход чухал шаардлагатай байсан. Д.Б  нь надад мөнгөө төлж чадахгүй байсны улмаас манай нэг автобусыг өөрийн компаний нэр дээр шугамд явуулж төлбөрийг тэндээс олсон ашгаар бага багаар барагдуулья гэсний үндсэн дээр миний бие нэг автобусыг             Улаанбаатар-Эрдэнэтийн шугамд явуулсан. Гэвч Д.Б  нь хотоос явсан орлогыг авч захиран зарцуулж байсан болно. Мөн дээр нь автобусны бүх техник үйлчилгээ болон бусад зардлыг би өөрөөсөө гарган явуулж байсан. Мөн дахин миний мөнгийг төлнө хэмээн банкинд баталгаа гаргаж өгсөн бөгөөд тооцоогоо одоог хүртэл дуусгаагүй. Анх     Д.Б  нь надад ойлгуулахдаа “Автобус тав” ХХК-ийг өөрийнх үүсгэн байгуулсан компани гэж байсан бөгөөд санхүүгийн баталгаа гаргах явцад өөр хүний үүсгэн байгуулсан компани гэдэг нь илэрсэн. Гэвч Д.Б  нь удахгүй би энэ компанийг өөрийн болгох гэж байгаа тийм учраас мөнгө төлөх хугацааг хойшлуулж өгөөч гэж бичиг цаас үзүүлж байсан. “Автобус тав” ХХК-ийн үүсгэн байгуулагч захирал В.Ёндонжамцыг итгэмжлэлээр түр зуур ажиллаж байгаа бөгөөд жижиг оврын автобусаа хариуцдаг гэж худал хэлж байсан. Үнэн хэрэгтээ Д.Б  нь олон удаа хэлсэн ярьсан зүйлээ буцаж, худал хэлж, хуурамч баримт бүрдүүлж байсныг сүүлд мэдсэн. Т ХК-ийн захирал С.Ганболд, “Автобус тав” ХХК-ний захирал В.Ёндонжамц, Б.Баттулга бид 2010 оноос хувь нийлүүлэгчдийн хурал хийсээр үйл ажиллагаа явуулж миний Эрдэнэт хот дахь засвар угаалгын газрыг хэрэглэсээр өдийг хүрсэн. Саяхан хүртэл хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ярьж хэлж байсан зүйлээсээ буцаж ийм асуудал үүсгэж өөрөө шүүх, цагдаа болон явж байгааг ойлгохгүй байна. Иймд Д.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч В.Ё шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Б  нь нэхэмжлэлд дурдахдаа 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн В.Ёндонжамжтай хамтран гадаад худалдаа, хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр 73 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар 50:50 хувиар хувьцаа эзэмшихээр 2 хувь нийлүүлэгчтэй “Автобус тав” ХХК-ийг үүсгэн байгуулагч болсон гэж огт худал зүйл бичсэн байсан. Үнэн хэрэгтээ 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус “Автобус тав” ХХК-ийг 4 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар Ц.Пүрэвжавын хамт үүсгэн байгуулж тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан. Улмаар Ц.Пүрэвжав нь өөрийн хүсэлтээр 2004 оны 10 дугаар сард “Автобус тав” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээс гарч, компанийн 93 хувийн хувьцааг В.Ё миний бие, 7 хувийн хувьцааг миний эхнэр болох С.Энхтуяа эзэмшихээр 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Ингээд 2009 оны дундуур автотээврийн газраас Улаанбаатар Орхон аймаг Баян-Өндөр сумын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугамд сонгон шалгаруулалт зарласан учраас уг тендерт оролцохоор болж материал бүрдүүлж байтал Т ХК-ийн захирал С.Ганболд манай баазад аав нь ажиллаж байсан хувьдаа автобустай Д.Б  гэж залуу байна, чи хамтраад энэ тендерт оролцвол чамд дэмтэй байх гэсэн санал тавьсан ба бид нар хоорондоо уулзаж тохиролцож тендерт хамтран орохоор болсон. Тухайн үед тендерийн материалд тавьсан шаардлагыг хангахын тулд түншлэлийн гэрээгээр Т ХК-ийг оруулж байсан бөгөөд тус компаний оффис, засварын цех, угаалга, гадаа болон дотор зогсоол зэргийг хэрэглэдэг хэмээн оруулж байсан. Бид дээр дурдсан тендерт миний “Автобус тав” ХХК-иар оролцохоор болж материалаа бэлдэж байх хугацаанд Д.Б  нь тендерт оролцох хугацаа бага байх тул тендерийн нөхцөлд тохируулан “Автобус тав” ХХК-ийн дүрмийг өөрчлөх, компаний хувьцаа эзэмшигч болох талаар санал гаргасан. Бид хоорондоо аман хэлбэрээр ярилцаж зөвхөн тендерийн материалд өгчихөөд дараа нь команий хувьцаатай холбоотой асуудлыг сүүлд шийдье гээд үлдээсэн. Өөрийн компаний 50 хувийн хувьцааг ямар нэгэн шалтгаангүйгээр Д.Б д шилжүүлэх нөхцөл боломж байхгүй. Д.Б  нь хууль бусаар материал бүрдүүлж дүрмийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон байсныг би сүүлд мэдсэн. Тухайн үед 2009 онд Д.Б  нь надаас гэрээний гэх тамга хийлгэх зөвшөөрөл өгөөч би өөрийн автобусаа компаниар гэрээ хийж явуулах гэхээр тамга хэрэгтэй болоод байна зөвхөн өөрийн эзэмшилийн автобусаа явуулах гэрээн дээр дарна гэхэд нь зөвшөөрч тамга хийлгэсэн байсан юм. Ингээд Д.Б тай хамтран орсон тендер амжилтгүй болж цуцлагдсан болно. 2010 онд мөн Улаанбаатар хот-Орхон аймаг, Баян-Өндөр сум-Улаанбатар хот, Улаанбаатар хот-Архангай аймаг, Эрдэнэбулган сум-Улаанбаатар хот чиглэлд тендер зарласан. Энэхүү тендерт түншлэлийн гэрээгээр компанийг оролцуулах боломжгүй болсон иймд тендерт материал бүрдүүлэн өгөхөөр болж, Т ХК-ийг Д.Б танилцуулсан түүний найз гэх Б.Д  гэх хүмүүстэй уулзаж, тендерын материалын шаардлагад Улаанбаатар хот болон орон нутагт өөрийн байр сав, ажилчидтай байх гэсэн шаардлага байна иймд “Автобус тав” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж тендерт оролцохыг ярьцгаасан учир нь Улаанбаатар хотод Т ХК-ийн оффис, засварын цех, гадна болон дотор граж, инжерер техникийн ажилчид, Эрдэнэт хотод байх Б.Д ийн засварын газар, угаалгын газар, түүний 4 автобусыг мөн оруулья хэмээн ярьж эхний байдлаар миний бие 32.5 хувь, Д.Б  32.5 хувь, Т ХК 20 хувь, Б.Д  15 хувийн хувьцаа эзэмшихээр дүрэм үйлдэж тендерийн материалд бүрдүүлэн өгсөн, тендер авч үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд өгөхдөө дахин хувь хэмжээг тохирно гэж ярьсан болно. 2016 оны 12 сар хүртэл Т ХК Б.Д , Д.Б  бид нар хамтран үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ хувьцаа эзэмшигдчийн хурал хийж, “Автобус тав” ХХК-ийг зээл авах асуудлыг шийдвэрлэж баталгаа гаргах гэх мэтээр ажилласаар ирсэн. Гэтэл энэ хугацаанд Д.Б  нь өөрийнхөө 50 хувийн хувьцааг хууль бусаар авсан үйлдэлээ нуух санаатайгаар тендерийн матерал бүрдүүлэн өгсөн баримт, гэрээний гэх тамгыг ашиглан Т ХК Д.Б , Б.Д  нарыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг бид 2016 оны 12 дугаар сард мэдсэн. 2016 оны 12 дугаар сард бид хуралдаж энэ хугацаанд хэн хэн нь “Автобус тав” ХХК-д хөрөнгө оруулалт хийгээгүй тул Улсын бүртгэлд бүртгэгдсэн хувьцааг надад буцаан өгөхөөр тохирсон боловч Д.Б  гарын үсэг зураагүй. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хугацаанд бүхий л үйл ажиллагаанд туслаж оролцож компанийг өдий зэрэгт хүргэсэн Т ХК болон өөрийнх нь найз Б.Д  нарыг хууль бус хэмээн үзэж байна. Иймд Д.Баттулгыг “Автобус тав” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшүүлэхээр хийгдсэн баримт бичгүүд бүгд хууль бус юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар В.Ё  Д.Б тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Б Б.Д байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Д.Б Т ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Автобус тав” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б ас улсын тэмдэгтийн хураамжид Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд төлсөн 1 051 300 төгрөгөөс илүү төлсөн 315 925 төгрөгийг буцаан олгож, үлдэх 735 375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Ёндонжамцаас улсын тэмдэгтийн хураамжид 327 025 төгрөг, хариуцагч Б.Д оос улсын тэмдэгтийн хураамжид 312 900 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Б  болон "Тав" ХК-ийн хооронд байгуулсан "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон "Эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Итгэмжлэлтэй холбоотой асуудалд, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж тавьж, хэлсэн үгийг шүүх анхаарч авч үзээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. "Итгэмжлэлийн огноо" засвартай байгааг анхаарч үзээгүй. Итгэмжлэл нь 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн байгаа юм. "Тав" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид "ТУЗ" гэх/-өөс "Автобус тав" ХХК-д хувь эзэмших зорилгоор 22 600 000 төгрөг шилжүүлэхийг зөвшөөрсөн. Хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдийн хувьд өөрөөсөө бусад этгээдэд тушаал шийдвэр гаргах, гэрээ хэлцэл байгуулах эрхийг дүүдээ олгоод 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгох тухай асуудал огт байхгүй ээ. С.Сэргэлэнгийн гаргасан тушаал, бусад этгээдтэй байгуулж байсан гэрээ зэрэг нэгээхэн ширхэг баримт, материалыг ч шүүхэд гаргаж өгөөгүй нь үүний нотолгоо, С.Ганболд нь өөрөө Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал байсан хэрнээ Гүйцэтгэх захирал С.Сэргэлэнд итгэмжлэл олгосон байдаг. Хувьцаат компани Монгол улсын Компанийн тухай хуулиар маш хатуу эрх зүйн байдал, зохицуулалт, хяналттай байдаг бөгөөд 2 гүйцэтгэх захирал зэрэг оршин байх хуулийн боломжгүй, үндэслэлгүй. С.Сэргэлэн хэзээ ч "Тав" ХК-ийн гүйцэтгэх захирал байгаагүй, Энэ нь "Тав" ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх бичилтээр нотлогдоно. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээн дээр "Тав" ХК-ийг төлөөлж С.Ганболд гэсний доор С.Сэргэлэн шууд өөрийн гарын үсгээ зурсан байдаг, "Тав" ХК-ийн захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн гээд гарын үсгээ зурах ёстой, "Тав" ХК-ийг төлөөлөх болон "Тав" ХК-ийн захирлыг төлөөлөх хоёр ялгаатай ойлголт. Тэгээд ч итгэмжлэл шүүх хурал дээр гарч ирэх биш, тухайн үед дээрх гэрээнүүдэд хавсаргасан байх ёстой байсан. Гэтэл С.Ганболдын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавсаргагдсан байгаа юм. С.Сэргэлэн нь С.Ганболдын төрсөн дүү. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн гишүүн дүүдээ "Итгэмжлэл" олгосон болгож нөхөж албан бичиг үйлдсэн. Эндээс дүгнэхэд "Тав" ХК-ийн Ерөнхий захирал С.Ганболдоос гүйцэтгэх захирал С.Сэргэлэнд олгосон 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10/2/17 дугаар итгэмжлэл нь хуурамч, хууль бус. Хуурамч нотлох баримтыг шүүх хурал болохоос өмнө шүүхэд гаргаж өгсөн болно.

"Тав" ХК-ийн ТУЗ-ийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Хөрөнгө оруулах тухай" 10/142 дугаар тогтоолын хувьд, 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан    2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн компанийн тухай хуулийн зохицуулалтаар хуулийн 80.3-т "Хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болно. Харин төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхыг хориглоно" гэж заасан. Гэтэл ТУЗ-ийн дээрх тогтоолд ТУЗ-ийн дарга С.Ганболд гэж гарын үсэг зуржээ. Харин 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн "Итгэмжлэл олгох тухай" албан бичигт Ерөнхий захирал С.Ганболд гэжээ.

Мөн тус хуулийн 75.3-т "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтооно. Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь 9 ба түүнээс дээш гишүүнтэй байна.” ТУЗ-ийн дээрх тогтоолоос харахад хуралд ТУЗ-ийн 5 гишүүн оролцсон, гарын үсгээ зурсан байгаа юм. Мөн тус хуулийн 79.3-т "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно." "Тав" ХК-ийн ТУЗ хамгийн багадаа 9 гишүүнтэй, хамгийн багадаа 6 гишүүн оролцсон хурлаас шйидвэр гарах хуулийн заалттай. Дээрхийг бүгд зөрчсөн.

"Тав" ХК-ийн Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр "Тав" ХК-ийн хувьцаа эзээмшигч гишүүдийн тоо 130 байгаа болно. Дээрхийн бас нэг нотолгоо бол хариуцагч "Тав" ХК-иас шүүхэд гаргаж өгсөн бас нэгэн нотлох баримт болох "Тав" ХК-ийн "Зөвшөөрөл олгох тухай гэх дугааргүй 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн "Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр"-т "Тав" ХК-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд, ТУЗ-ийн гишүүд гээд С.Сэргэлэн, С.Зоригоо, С.Ундармаа, Г.Золбаяр, Д.Б , Я.Дашдуламжав, Э.Амарсайхан, Д.Эрдэнэхишиг зэрэг нийт 9 гишүүн гарын үсгээ зурсан байгаа юм.

"Автобус тав" ХХК-ийг өөрийн өмчлөлийн ил зогсоол, дулаан гараж, оффисын байртай болгох юм байна гэж нэхэмжлэгчийн хүсэл зориг нь төөрөлдсөн, "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-гээр Д.Б  нь 22 600 ширхэг хувьцаагаа нэг       бүрийг нь худалдсан гээд 22 600 000 төгрөгөөр "Тав" ХК-д худалдсан гэх боловч "Тав"     ХК нь хэлэлцэж тохирсон үнийг төлөөгүй. Үүний нотолгоо нь "Тав" ХК-ийн ТУЗ-ийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Хөрөнгө оруулах тухай" 10/142 дугаар тогтоолоор хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн боловч энэ хөрөнгө нь огт "Автобус тав" ХХК-д шилжиж орж ирээгүй юм. Энэ нь мөн "Автобус тав" ХХК-ийн захирал В.Ёндонжамцаас "Голден Пэйж Аудит"-д хүргүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/55 тоот албан бичигт дурьдсан "...Т ХК-ийн 20%-ийн хөрөнгө оруулалт бэлэн мөнгөөр байгууллагын дансанд бүртгээгүй нь үнэн болно...” гэснээр нотлогдоно. "Автобус тав" ХХК-ийн дүрмийн санг "Тав" ХК нь чухам яг яаж өсгөсөн нь огт байхгүй хэрнээ 73 000 000 төгрөгийн дүрмийн сан нийтдээ 40 000 000 төгрөгөөр нэмэгдэж 113 000 000 төгрөг болсон байгааг шүүх анхаарч үзээгүй. "Тав" ХК-ийн ерөнхий захирал С.Ганболдын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17/34 тоот албан бичгээр "Голден пэйж аудит"-д хүргүүлсэн мэдэгдэлд "...менежментээр 20%-ийг нь эзэмшихээр болсон нь үнэн болно" гэсэн нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч дээрх гэрээнүүдэд С.Сэргэлэн гэдэг хүн гарын үсэг зурсан нь үнэн, бодитой хэмээн шүүхэд мэдүүлсэн нь уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл дангаараа болохгүй юм. "Тав" ХК-ийн зүгээс "Автобус тав" ХХК-ийн үйл ажиллагааг анхнаас нь дэмжиж тусалж ирсэн, хамтран ажиллаж байгаа байдал нь тус компанийн хувьцааг эзэмшихийг нотлохгүй, хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй юм.

Гагцхүү хуулийн дагуу л хуульд заасан хэлбэрээр л хувьцаа эзэмшигч болох боломжтой. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалын 1 дэх заалтаар "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011047119 дугаарт бүртгэлтэй 2674599 регистрийн дугаартай "Автобус тав" ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Ё  Д.Б тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Д.Б "Тав" ХК-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Д.Б Б.Д той байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсгийг зөрчсөн байх тул бүртгэлийг хүчингүй тооцсугай" гэж, тушаалын 2 дахь заалтаар "Автобус тав" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн бүртгэлийн бичилтийг хүчингүй болгосугай" гэж дээрх улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон байгаа бөгөөд дээрх тушаал хүчин төгөлдөр хэвэзр байгаа болно. "Тав" ХК-ийн ерөнхий захирал С.Ганболд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15/22 тоот албан бичгээр "Автобус тав" ХХК-ийн захирал В.Ёндонжамцад гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж "...бидний зүгээс 20% эзэмшлээс татгалзан хамтын ажиллагааны гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж баина” гэсэн нь “Автобус тав" ХХК-ийн хувьцааны 20%-иас татгалзаж байсны нотолгоо. "Автобус тав" ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "Хувьцаа эзэмшгчдийн тогтоол"-ын 1 дүгээр заалтад "...Т ХК-ийн 20%-ийн хувьцаагаа “...Эрх шилжүүлэх, Хувьцаа Бэлэглэн авах гэрээний журмаар В.Ёндонжамцад шилжүүлсүгэй", 2 дахь заалтаар "Тус компанийн хувьцаа эзэмшигчдээс "Тав" ХК-ийг чөлөөлсүгэй." гээд "Тав" ХК-ийг төлөөлж ерөнхий захирал С.Ганболд гарын үсгээ зурж тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл. Миний хувьд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагадаа В.Ёндонжамцаас хүртэл авсан гэх 17.5%-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүртэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн. Би нөгөө хоёр хариуцагч болох Б.Д  болон "Тав" ХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргаж болох байсан ч дээрх 3 этгээдтэй байгуулсан 6 гэрээг бүгдийг нь л хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн. Хэрэв миний бие В.Ёндонжамцад холбогдох нэхэмжлэл гаргаагүйгээр иргэн Б.Д  болон "Тав" ХК-тай байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүхээс тогтоовол компанийнхаа хувьцааны 67.5%-ийг эзэмшигч болж хувирах боломж гарахыг үгүйсгэхгүй. Гэтэл В.Ё өөрийнх нь эрх зүйн байдал дээрдэж 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан нь үнэхээр ойлгомжгүй. В.Ё "Автобус тав" ХХК-ийн хувьцааг дан ганцаараа 100 хувь эзэмшихийг хүсдэг, үүнийхээ төлөө Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүхээр маргаан үүсгэж явж байгаа баримт нь ч хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. Хамгийн сонирхолтой нь хувьцааны эзэмшлээсээ амаар болон бичгээр удаа дараа татгалзаж, хүсэл зоригоо илэрхийлж байсан (хувьцаа эзэмшдэгийг нь хүлээн зөвшөөрсөн хэрэг биш болохыг анхаарахыг хүсье) "Тав" ХК-тай байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр хэлцэл хэвээр үлдэж, нөгөө 2 этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Дээрх 3 этгээдтэй байгуулсан нийт 6 гэрээ нь нэг бол бүгд хүчин төгөлдөр бус байх хэлцэл, эсхүл бүгд хүчин төгөлдөр хэлцэл байх учиртай. Өөрөөр хэлбэл дотроос нь аль нэг гэрээ нь хүчин төгөлдөр, эсхүл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүхээс тооцох нь учир дутагдалтай. Дээрх гэрээнүүд дээр дарагдсан тэмдэг тамга нь бүгд /гэрээний/ гэх нэмэлт бичиглэлтэй тэмдэг тамга байсан бөгөөд "Автобус тав" ХХК-ийн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үндсэн тэмдэг тамганы дардасаас өөр юм. Шүүхэд энэ талаар нотлох баримт гаргаж өгч, мэдүүлсэн боловч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д ийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрт хариуцагчийн тайлбар татгалзлын хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүйн дээр огт хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Тус шүүхийн шийдвэр нь Б.Д ийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн юм. Учир нь, Б.Д  Солонгос улсаас автобус автомашины сэлбэг хэрэгсэл оруулж 1 зардаг мөн Эрдэнэт хотод авто засварын газар, угаалгын газар ажилуулдаг бизнес эрхэлдэг. 2010 онд Д.Б  нь "Автобус тав" ХХК-ийг тендерт оролцуулахад Орхон аймагт авто угаалга болон авто зогсоол хэрэгтэй хэмээн Б.Д ийг "Автобус тав" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгох талаар санал тавьж анх В.Ё "Тав" ХК-ийн захирал С.Ганболд нартай уулзаж танилцаж Д.Б ас авах авлагандаа хувьцаа шилжүүлэн авч Орхон аймагт байрлах авто угаалгын газар болон авто зогсоолын үйп ажиллагаагаар хөрөнгө оруулалт хийж 15 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Учир нь Орхон аймагт байрлах Б.Д ийн эзэмшлийн авто засварын газар, зогсоол болон авто угаалгын газрууд маань үйл ажиллагааны хөрөнгө оруулалт гэдэг утгаараа одоог хүртэл “Автобус тав” ХХК-д ашиглагдаж байгаа. Мөн Д.Б ас авах авлагаа хувьцаагаар сольсон гэж ойлгон одоог хүртэл нэхэмжлээгүй, өнөөдрийг хүртэл “Автобус тав” ХХК-ийн хувьцаа эзэмшигч оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ компанийн үйл ажиллагаанд оролцсоор өдийг хүрсэн. Б.Д  нь хувьдаа “Автобус тав” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж байсан учраас өндөөрийг хүртэл хувь эзэмшдэг компанидаа дэмжлэг үзүүлж байна гэсэн ойлголтоор өөрийн эзэмшлийн авто засварын газар, дулаан зогсоолоо үнэ төлбөргүйгээр ашиглуулсаар өдийг хүрсэн бодит үйл баримт юм. Тухайн үед “Автобус тав” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх үеийн тохиролцоог хийж байх үед Д.Б  нь үйл ажиллагаатай холбоотой бүхий л баримт бичгийг гардан хариуцан ажиллаж байсан баримт бичигт гарын үсэг зурж байсан зэрэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт маргаангүй яригдсан байдаг.

Д.Б  өөрийн эзэмшлийн хувьцааг худалдаж, эрх шилжүүлсэн үйл баримт өнөөдрийг хүртэл 8 жилийн хугацаанд үргэлжилсэн. Б.Д ийн хүсэлт зоригийн илэрхийлэл Д.Б ас авах авлагандаа авсан гэсэн бүрэн дүүрэн илэрхийлэлтэйгээр өнөөдрийг хүрсэн. Тухайн үед талууд хувьцаа нэг нэгэндээ шилжүүлэхээ хүлээн зөвшөөрч байсан түүнийг хэрхэн хуульд нийцүүлэх талаар хуулийн эрх зүйн дүгнэлт дутмаг байсан ч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийсэн нь иргэний хуулийн агуулга зарчмыг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Хүсэл зоригийн илэрхийллийг хэрхэн хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болох учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Т ХК Б.Д , В.Ё нарт холбогдуулан В.Ё  байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Т ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Б.Д той байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын       25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр хийгдсэн “Автобус тав” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээнүүдэд зурагдсан гарын үсэгнүүд бүгд хуурамч, хувьцаа худалдаж авсан үнийн дүнг хэн ч төлөөгүй...” гэсэн бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ... “Автобус Тав” ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй гэж дүрэм үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хүчин төгөлдөр...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл В.Ёндонжамц, Д.Б  нарын үүсгэн байгуулсан “Автобус тав” ХХК-ийн дүрэмд тус бүр 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч байхаар заасан 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүрэм улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Д.Б  нь 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан В.Ёндонжамцаас тус компанийн 17,5 хувийн хувьцааг худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Т ХК-тай Хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан 20 хувийн хувьцаагаа Т ХК-д худалдах, эрх шилжүүлэх гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б.Д той Хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан 15 хувийн хувьцааг түүнд худалдах, эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулан, уг гэрээнүүдэд үндэслэн “Автобус тав” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөнийг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. Тухайлбал, Д.Б , Б.Д  нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шийдвэрлэхдээ шүүх “...гэрээний тал болох Д.Б , Б.Д  нар нь хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зураагүй байх тул...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Б  нь Хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг Б.Д той байгуулахдаа гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрлийг түүнээс утсаар авах болсон шалтгаанаа “...тэр Эрдэнэтэд шугаманд явж байсан, ...би дандаа утсаар асууж зөвшөөрөл авсны үндсэн дээр гарын үсэг зурж байсан...” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, энэ тайлбарыг Б.Д  үгүйсгээгүй.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар Б.Д  нь дээрх гэрээнд өөрийг нь төлөөлөн гарын үсэг зурах эрхийг амаар өгч болохоор байна. Иймд Б.Д  нь 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Д.Б тай байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Д.Б д олгосон гэж үзэх ба Б.Д  уг гэрээнд гарын үсэг зураагүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь Б.Д той байгуулсан дээрх хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул талуудын хооронд Хувьцаа худалдах худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. Дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

Харин нэхэмжлэлийн бусад шаардлага, үндэслэлийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна. Иймд хариуцагч Б.Д ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхийн алдааг зөвтгөх боломжтой.

Дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боловч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/02146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар В.Ёндонжамц, Д.Б  нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Д.Б нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох Б.Д той байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Т ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Автобус тав” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...Б.Д оос 312 900 төгрөг...” гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 411 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д оос төлсөн 312 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ