Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 184/2018/03431/И |
Дугаар | 001/ХТ2020/00324 |
Огноо | 2020-07-02 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2020/00324
“... Би Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/00740 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 951 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: “... Би Эн” ХХК
Хариуцагч: “Э...” ХХК-д холбогдох
Нэхэмжлэл: 65,000,000 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэл: 12,195,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2015-04-19-ний өдөр “Э...” ХХК-тай “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх” тухай үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг харж хамгаалах, хууль бус болзошгүй үйлдлээс сэргийлэх зорилго бүхий гэрээ байгуулсан. Манай компанийн барилга буюу харуул хамгаалалтын объект болох БГД, ..-р хороо, 16 давхар 107 айлын орон сууцны барилгын жижүүрийн өрөөнд байсан бараа материал 2017-03-21-с 03-22-ны өдрийг шилжих шөнө хулгайд алдагдаж 15,064,499 төгрөгийн хохирол учирсан. Алдагдсан барилгын сангийн материалыг БНХАУ-с авч ирээд удаагүй байсан. Бараа материал алдагдсанаар Улсын комисст барилгыг хүлээлгэж өгөх хугацаа алдаж асар их хэмжээний хохирол учирсан. Алдагдсан бараа материалыг дахин худалдан авч 15 сая төгрөг, нийт 30 сая төгрөгийн хохирол учирсан. 2017-08-19-ний өдөр барилгын гаражинд 05:30-06:30 цагийн үед компани ажилтан тогонд цохиулсан байдалтайгаар нас барсан байсан бөгөөд маргааш өдрийн орой нь талийгаачийн ар гэрийнхэн барилга дээр ирж мэдсэн. Талийгаачийн өөрийн болгоомжгүй байдлаас болсон ч хяналтын камераас үзэхэд харуул хамгаалалт, манаачаас тогонд цохиулсан хүнийг аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бүрэн боломжтой байсан ч эргэж тойрох үүргээ зөрчсөний улмаас харамсалтайгаар хүний амь нас үрэгдсэн. Манай зүгээс энэ явдалд ар гэрийнхээс нь уучлалт гуйж хоёр өрөө байрыг 100% гаргаж өгсөн. Энэ нөхцөл байдал эцэстээ харуул хамгаалалтын компанийн буруутай эс үйлдэхүйгээс болсон. Иймд алдагдсан материалын үнэ 30 сая төгрөг, 70 сая төгрөгийн хоёр өрөө байрны тал үнэ 35 сая төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компанийн хувьд гэрээний үлдэгдэл төлбөр байхгүй бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөний улмаас манай талаас 65 сая төгрөгийн бодит хохирол гарсан болно. Манайхаас ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй бөгөөд хариуцагч нь гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно гэжээ.
Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нэхэмжлэгчтэй хамтран ажиллаад харуул хамгаалалтаар хангаж, үйлчилгээ үзүүлсэн 2015-04-20-с 2017-08-17-ны өдөр хүртэл хугацааны ажлын хөлсөө аваагүй хохирч, тус хөлсийг нэхэмжилж БЗД-н шүүхэд 2018 онд хоёр удаа нэхэмжлэл гаргасан боловч бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцаагдсан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж дахин өгөх гэж байтал энэ хэргийн нэхэмжлэлийг гаргасан нь огт үндэслэлгүй бөгөөд өөрсдөөс нь шалтгаалсан буруутай үйлдэл болон зохиомол хулгайн хэрэгт сэрдэж үлдэгдэл хөлс төлөхөөс зайлсхийж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бараа материал алдагдсан гэх боловч тухайн үед хаалга цоожтой хамгаалалттай байсан тул алдсан гэдэг нь үндэслэлгүй. Цагдаагийн байгууллага шалгаад прокуророос бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, харин сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 2015-04-19-ний өдрийн 15/002 дугаартай “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 6 сарын хугацаатай байгуулж, 3 пост, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй гаргаж сарын хөлс 4,500,000 төгрөгөөр тохирсон. Тус гэрээний 3.2-р гэрээ тус хугацаагаар сунгагдаж талууд 2017-08-18-ны өдөр хүртэл цуцлах санал ирүүлээгүй тул гэрээний дагуу ажиллаж байсан. 2015-04-20-с 2016-01 сар хүртэл 9 сарын хугацаанд, нэг сарын 4,500,000 төгрөгөөр тооцон нийт 38,400,000 төгрөг төлөхөөс манайд 29,205,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 9,195,000 төгрөг, 2016-01-с 12 сар хүртэл 12 сарын ажилласан хөлс 37,600,000 төгрөг төлөхөөс 30,000,000 төгрөг төлсөн. 2016 оны үлдэгдэл хөлс 7,600,000 төгрөг, 2017-01-с 08 сар хүртэл 8 сарын хөлс 24,500,000 төгрөг төлөхөөс 14,000,000 төлсөн. 2017 оны үлдэгдэл хөлс 10,400,000 төгрөг тус тус төлөөгүй. Иймд нийт үлдэгдэл хөлс 27,195,000 төгрөг болсноос 15,000,000 төгрөгт гараж тооцон авсан.Иймд үлдэгдэл 12,195,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 101/ШШ2019/00740 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... Би Эн ХХК-н нэхэмжлэл болон Э... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 483,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 210,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 951 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 101/ШШ2019/00740 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 485,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 210,500 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар зохигч нарт буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу талийгчид холбогдох баримтыг гаргуулхаар удаа дараа хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 4-5 удаа хойшлуулж, БГД-ийн прокурор руу хүсэлт явуулж байсан. Гэвч нэхэмжлэгч тал хэргийн дугаараа ч мэдэхгүй, талийгчийн нэрийг ч мэдэхгүйн улмаас нотлох баримт ирээгүй. Ер нь бол эрүүгийн хэргийн дугаар холбогдох баримт байгаа эсэх асуудал, бусад шаардлагатай нотлох баримт гаргаж өгөх үүрэг нь ИХШХШТХ-н 38.1-д заасны дагуу хэргийн оролцогч нарт байдаг. Энэ эрх, үүргээ нэхэмжлэгч тал өөрөө хэрэгжүүлээгүй нь тус хэргийг буцаах үндэслэл биш. Тодруулбал “харуул хамгаалалтын пост, харуулын тоог өөрчилсөн, камер хянах дэлгэцийн байршил өөрчилж, зөвхөн гадна талбайг хянах болсон гэх хариуцагчийн тайлбар” зэргийг анхан шатны шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч талын гэрчүүд хангалттай тодорхой мэдүүлсэн, мөн камерын бичлэгт тодорхой харагддаг байхад давж заалдах шатны шүүхээс үнэлээгүй, тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй.. нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж удаа дараа шүүх хурлыг хойшлуулж байсан. Мөн энэ хугацаанд шаардлагатай нотлох баримт гаргаж өгөх үүрэг нь ИХШХШТХ-н 38.1-д заасны дагуу нотлох баримт гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгч талаас өөрөөс нь шалтгаалах бөгөөд шүүхээс шалтгаалаагүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: нийт авсан мөнгө, авах ёстой мөнгөн дүнгээс зөрүү 12,195,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүхээс “....нэхэмжлэгч бүх төлбөр төлөгдсөн, сүүлийн тооцоонд дүйцүүлж авто гарааш өгснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэх.... талууд гэрээг дүгнэсэн акт үйлдээгүй, гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн эсхийг хэн аль нь баримтаар нотлоогүй, зохигчид энэ талаар зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тохиолдолд хэргийг шийдвэрлэх боломжгүй...” гэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал үлдэгдэл төлбөр дээр тооцоо огт хийдэггүй зугтсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд 15 сая төгрөгт гараж тооцож өгсөн боловч, үлдэгдэл 12,195,000 төгрөгөө төлөөгүй. Энэ үлдэгдлээ төлөөч гэж удаа дараа хэлэхэд нөгөө барилгын үлдэгдэл төлбөрөөс хасаад тохиролцьё гэсэн тул харилцан эвлэрээгүй юм. Энэхүү тайлбарыг манай талаас өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал үнэхээр үлдэгдлээ 15 сая төгрөгийн гаражид дүйцүүлсэн юм бол холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Ийм баримт байхгүй тул шүүхэд дүйцүүлж хаасан гэж худал тайлбарласаар ирсэн. ..Талууд шүүх хурал болох, хойшлох бүрт эвлэрлийн асуудал яригдаж байсан. Мөн анхан шатны шүүхээс тухай бүр эвлэрүүлэх асуудал яригдаж байсан боловч манай талд хэтэрхий боломжгүй санал тавьж байсан тул зөвшөөрөөгүй юм. Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, манай үлдэгдэл хөлс 12,195,000 төгрөгийг “... би эй” ХХК-иас гаргуулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“... Би Эн” ХХК 2018-09-27-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “Э...” ХХК-с нийт 65 сая төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ “...2017-03-21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих өдөр бараа алдагдаж 15,064,499 төгрөгийн хохирол учирсан.... эдгээрийг дахин худалдан авч 15 сая төгрөгөөр давхар хохирсон... манай ажилтан тогонд цохиулсан ба мэдээгүйгээс амь нас нь хохирсон учир ар гэрт нь орон сууц олгосон.. иймд уг орон сууцны тал үнэ 35 сая төгрөгийг авна..” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж марган, сөрөг нэхэмжлэл гаргаж, “... 2015-04-20-с 2016-01 сарын үлдэгдэл хөлс 9,195,000 төгрөг, 2016-01-с 12 сарын үлдэгдэл 7,600,000 төгрөг ... 2017-01-с 08 сар хүртэлх хугацааны үлдэгдэл 10,500,000 төгрөг... нийт 27,195,000 төгрөг төлөөгүй...15 сая төгрөгт гараж тооцож авсан иймд үлдэх 12,195,000 төгрөгийг авна...” гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2015-04-19-ний өдрийн “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд хариуцагч нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө,үйлдвэрийн тоног төхөөрөмж эд ангийг харж хамгаалах... харуул хамгаалалтыг зохион байгуулах үүрэг хүлээх тухай заасан байна.
Хариуцагч нь гэрээт харуул хамгаалалт эрхлэх туслах үйл ажиллагаа эрхэлдэг /хх 16/ гэх бөгөөд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний талаар дүгнэлт хийхдээ шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.
Түүнчлэн, шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл тус бүртэй холбоотой шаардлага, түүний үндэслэл, нотлох баримтын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 951 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 215,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ