Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2020/00144

 

П.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00146 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 588 дугаар магадлалтай,

П.Аын нэхэмжлэлтэй,

“В” ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А би 2007 оны 4 дүгээр сард “В” ХХК-ийн Хэнтий аймгийн салбарт нягтлан бодогчоор томилогдон 11 жил ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй сайн ажиллаж байсан учраас Хэнтий аймаг дахь салбарын эрхлэгчээр томилогдсон. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар-3 салбарт нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан ба тус салбарт нийт 8 ажилтан ажилладаг байсан. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төв оффисоос намайг дуудаад танай салбарыг татан буулгаж байгаа гэж хэлээд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд нягтлан бодогч болон салбарын захирлын сул орон тоо зарлагдсан байсан тул би 2 албан тушаалд хоёуланд нь бичгээр хүсэлт өгсөн боловч намайг томилоогүй, тус ажлын байрны шаардлага хангаагүй хүнийг томилсон байсан. Салбар татан буугдсан, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь манай салбарт ажиллаж байсан 8 албан хаагчаас ганцхан намайг шилжүүлэн томилоогүй, өөр салбарт сул орон тоо байсаар байтал ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Миний хувьд ажлаас халсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас тухайн ажлын байранд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн шаардлагыг шүүхэд гаргасан. Ажилгүй байсан хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 2 сар 16 хоног бөгөөд сарын үндсэн цалин 900 000 төгрөг, нийт 2 266 981 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “В” ХХК нь олон жил үргэлжилсэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөлийг даван туулахын тулд бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэхүү өөрчлөлтөөр П.Аын ажиллаж байсан Улаанбаатар хотын 3 дугаар салбар татан буугдаж, байгууллагын хэмжээнд салбарын нягтлан бодогчийн орон тоо цөөрсөн. Энэхүү үйл явцыг “В” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн. П.Аын ажиллаж байсан Улаанбаатар-3 салбар нь татан буугдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн. Мөн манай байгууллагад дахин салбарын нягтлан бодогчийн албан тушаал бий болоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Уг бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Улаанбаатар хотын гурав дугаар салбарыг татан буулгах, төв оффисын хэмжээнд 7-8 ажлын байрыг цомхтгох үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч П.Аын ажиллаж байсан Улаанбаатар-3 салбар бол татан буугдсан. Нийт байгууллагын хэмжээнд 2018 онд нягтлан бодогчийн орон тоо хоёроор буурсны нэг нь П.Аын ажиллаж байсан Улаанбаатар-3 салбарын нягтлан бодогчийн орон тоо байсан юм.

Цомхтголоор гарсан хүнд дараа нь нээлттэй зарлагдсан ажлын байрыг заавал санал болгох гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй. Иймээс шинээр зарлагдсан ажлын байрыг байгууллагын дотоод журмын дагуу зохион байгуулж гаргасан бөгөөд энэ ажлын байранд П.А өрсөлдсөн байгаа. Эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой аргагүй байдлаар ажлын байрыг цомхотгосон. Бид хуульд заасны дагуу 45 хоногийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч П.Ат хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Налайх салбарын нягтлан бодогчийн ажлын зар 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зарлагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, П.Ат мэдэгдэл өгсний дараа зарлагдсан байгаа. Нэгэнт мэдэгдэл өгөөд дараа нь зарлагдсан учраас хөдөлмөрийн дотоод журмын дагуу заавал өрсөлдөөнд орох шаардлага үүссэн. Бид хуучин ажилтнаа аль болох авах гэж хичээсэн гэдэг нь түүний хийсэн цомхтголын үйл ажиллагаа үндэслэлгүй болсон гэж үзэх үндэслэл, нотлох баримт болохгүй юм. Бид П.Аыг ажлаас халагдсанд гомдолтой байгаа тухай сонсоод удахгүй дахиад орон тоо гарах гэж байгаа та ирээд уулз гэж хэлсэн боловч ирээгүй. Мөн өмнөх хурал дээр ч ажлын байр санал болгосон. Энэ ажлын байр нь П.Аын өмнө нь ажиллаж байснаас 200 000 төгрөгөөр илүү өндөр цалинтай ажил байсан. Шүүх хуралдаан дээр 900 000 төгрөгийн цалинтай байсан бол төв оффист 1 100 000 төгрөгийн цалинтай ажилд оруулах тухай санал гаргаж байсан байхад зөвхөн өөрийг нь гадуурхаж ажлаас халчихлаа гэж үздэг. Мөн нэхэмжлэлд 2 ойлгомжгүй зүйл байна. Ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж байгаа. Татан буугдаад байхгүй болсон салбарт яаж ажилд орох юм бэ, бүх тушаал, шийдвэр нь гараад улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад боломжгүй гэмээр байна. Тухайн салбарт байсан орон тоо байхгүй болсон байхад яаж уг албан тушаалд эгүүлэн томилох юм бэ, Налайх салбар дээр өөр хүн орсон байхад тэр хүнийг гаргаад эгүүлэн томилох ёстой юм уу, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө биелэгдэх боломжгүй хэцүү шаардлага байна.

Өмгөөлөгчийн хэлсэн зүйл дээр тайлбар хийхэд 2018 оны 09 дүгээр сарын 20-нд өгсөн энэ мэдэгдэл, тушаал 2 зөрсөн гэж байгаа. Гэвч өгүүлбэрийн утга нь нягтлан бодогчийн тоог цөөрүүлж байгаа гэж тодорхой байгаа. Мэдэгдэл дээр нийт салбарын нягтлан бодогчдын тоог цөөрүүлж байгаа гэж байгаа. Харин тушаал дээр нь татан буугдсан газарт буюу Улаанбаатар-3 салбар дахь орон тоо хасагдаж байгаа гэдэг талаас бичсэн байгаа. Салбараа татан буулгаж байж цаашдаа үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн хэцүү байдлаас гарах боломж олдсон болохоор салбарыг татан буулгасан асуудал үндэслэлтэй, хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00146 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “В” ХХК-д холбогдох, “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан “нягтлан бодогч” албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх олговорт ажлаас халсан өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах” тухай нэхэмжлэгч П.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 588 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00146 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Аыг “В” ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “В” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 266 981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ат олгож, дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч “В” ХХК-иас 51 221 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д  зааснаар хариуцагч П.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 588 дугаар магадлалд хариуцагчийн зүгээс “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын Улаанбаатар-3 салбар татан буугдсан болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна гэж үзсэн. Тийнхүү үзсэн хирнээ нэхэмжлэгч П.Аыг урьд эрхэлж байсан ажил буюу Улаанбаатар-3 салбар дахь ажилд эгүүлэн тогтоож буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйл 36.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт авагдсан байгууллагын өмнөх болон одоогийн бүтцийг харуулсан нотлох баримтаар орон тоо хасагдсан болох нь нотлогддог. Орон тоо хасагдсан бөгөөд шинэ орон тоо бий болоогүй байхад 3 сарын дотор тухайн орон тоо бий болсон гэж дүгнэсэн нь буруу байна. Цомхотголд орсон ажилтанд сул орон тоо бүрийг шууд санал болго гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлэн, хууль буруу хэрэглэн шийдвэрлэсэн учраас маш олон зөрчлийг бий болгож байна. Ажил олгогч хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчид шүүх хуралдаан дээр илүү өндөр цалинтай ажил санал болгож байсан боловч зөвшөөрөөгүй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгчид өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэлд сул орон тоо гарвал сонгон шалгаруулалтаар орно гэсэн хамтын тохиролцоо байдаг. Хариуцагч байгууллагад шинээр орон тоо бий болоогүй зөвхөн сул орон тоонд ажилтан авсан байсан тул аль ажилтных нь хөдөлмөрийн гэрээг цуцлан нэхэмжлэгчид олгох эсхүл нийт ажилчдын цалинг бууруулан шинээр орон тоо бий болгох, мөн давж заалдах шатны түүхийн шийдвэрээр татан буугдсан салбар хэвээр оршсоор байгаа эсэх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байна.

Энэ хэргийн бүх нөхцөл байдлыг зөв дүгнэн, нотлох баримтыг зөв үнэлэн шийдвэр гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

П.А нь “В” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч П.Аыг “В” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 266 981 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажил олгогч салбар татан буугдсан, орон тоо хасагдсан гэж үзсэн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсний дараа нягтлан бодогч болон салбарын захирлын сул орон тоо зарлагдсан байсан тул би хоёр албан тушаалд хоёуланд нь томилуулахаар бичгээр хүсэлт өгсөн байхад намайг томилоогүй атлаа ажлын байрны шаардлага хангаагүй хүнийг томилсон тул орон тоо хасагдсан гэж үзэхгүй...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...“В” ХХК нь олон жил үргэлжилсэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөлийг даван туулахын тулд бүтэцийн өөрчлөлт хийж, энэхүү өөрчлөлтөөр П.Аын ажиллаж байсан Улаанбаатар-3 салбар татан буугдаж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн. Мөн манай байгууллагад дахин салбарын нягтлан бодогчийн албан тушаал бий болоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргасан байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай “В” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн зардлыг бууруулж, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх тухай 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн #18/6 шийдвэрийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гүйцэтгэх захирлын 18/100/17 дугаартай тушаал гарч, “Вишнфанд” ББСБ-ын Улаанбаатар дахь бүсийн салбаруудад бүтэцийн өөрчлөлт хийж, Улаанбаатар-3 салбарыг татан буулгаж, улмаар Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №10 дугаартай тушаалаар “В” ХХК-ийн Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах салбарын зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогджээ.

Дээрх бүтэцийн өөрчлөлттэй холбогдуулан Улаанбаатар-3 салбар татан буугдаж байгаа үндэслэлээр компанийн Хүний нөөц захиргаа аж ахуйн хэлтсээс П.Ат Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэж, Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Е18/11/30 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байна.

Давж заалдах шатны шүүх “...ажил олгогч орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас халсан боловч тухайн орон тоонд сонгон шалгаруулалт зарласан нь нягтлан бодогчийн орон тоо дахин бий болсон гэж үзэх тул урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэстэй...” гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-т зааснаар П.Аыг “В” ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-т “Энэ хуулийн 40.1.1.-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д  1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, 2. орон тоо хасагдсан, 3. ажилтны тоог цөөрүүлсэн гэх ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 3 үндэслэлийг зохицуулсан байх бөгөөд хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-д заасан орон тоо хасагдсан гэх зохицуулалт нь зөвхөн нэг тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд салбар нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нөхцөл дээрх зохицуулалт хамаарахгүй юм.

“В” ХХК-ийн П.Аыг ажлаас чөлөөлсөн тушаалын “салбар татан буугдаж, орон тоо хасагдсан” гэх бичвэр нь салбар татан буугдснаар тухайн албан тушаалын орон тоо хасагдсан гэх агуулгатай байх бөгөөд тухайн компанийн өөр салбарт сул орон тоо гарсныг ажлын байр дахин бий болсон гэж үзэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-т заасан зохицуулалт нь дан ганц орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтанд хамаарах тул нэхэмжлэгч П.Аын салбар татан буугдсан, салбар татан буугдснаар ажилтны орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр татан буугдсан салбарт орон тоо дахин бий болсон гэж үзэх үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3. дахь заалтыг үндэслэн ажилд эгүүлэн тогтоосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч П.Ариунбаяр нь “В” ХХК-ийн Улаанбаатар-3 салбарт ажиллаж байсан, тэрээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх түүнийг “В” ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг урьд ажиллаж байгаагүй ажлын байранд эгүүлэн тогтоосон тухай шийдвэр гарах боломжгүй.

Харин нэхэмжлэгч нь компани сул орон тоо зарласантай холбогдуулан тухайн орон тоонд нягтлан бодогчоор ажиллахыг хүссэн шаардлага гаргасан бол энэ нь ажил олгогчийн эрхэд хамаарах, компанийн дотоод асуудал юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад тулгуурласан, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 588 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51 211 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД