Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 01839

 

 

     2017 оны 08 сарын 18 өдөр

    Дугаар 184/ШШ2017/01839

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгат 20-74 тоотод оршин суух Боржгон овогт Пүрэвцэрэнгийн Энхцэцэг /РД: ЦЗ57021565/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1-р хороолол, 5-10 тоотод оршин суух Сартуул овогт Чулууны Пагмажав /РД: ЕЙ72011002/-д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 9,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч С.Пагмажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.   

                                                                                      

       ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П.Энхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие хариуцагч С.Пагмажавтай 2015 оны 09 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан надаас 20,000,000 төгрөгийг зээлж авсан. Тэрээр гэрээнд заагдсан хүүгээ төлж байгаад 11 сард үндсэн зээлнээсээ 15,000,000 төгрөгийг төлж үлдсэн 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан нөхцлөөрөө төлж дуустал хүү, алданиа тооцохоор болсон. Үүний дараа зээл, хүү, алдангид 2,340,000 төгрөгийг 2016 оны 03 сарын 22-ны өдөр төлсөн. Тухайн үеийн тооцоогоор үндсэн зээл, хүү, алданги нийт 7,000,000 төгрөг болсон. Гэрээнд заасны дагуу өнөөдөр төлөх төлбөр нь үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 2,400,000 төгрөг, алданги 3,200,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөгийг хариуцагч С.Пагмажаваас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Пагмажав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Миний бие нэхэмжлэгч П.Энхцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие П.Энхцэцэг гэдэг хүнээс бэлнээр мөнгө огт аваагүй, иймээс бидний хооронд бодитоор зээлийн гэрээ хийгдээгүй. П.Энхцэцэг гэдэг хүн миний байрыг барьцаалж н.Болдбаатар гэдэг хүнд 20,000,000 төгрөг зээлсэн байдаг. н.Болдбаатар нь үүнийгээ хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд гэрчээр оролцож бүх үнэнийг хэлээд өгье гэсэн. Уг хэргийн бодит үнэн байдал нь миний найз барилга барьж байхад дээврийн материал дутаад байна, би мөнгөтэй хүн олсон чи байраа тавиад өгөөч гэсэн. Би н.Болдбаатарыг таньдаг найдвартай хүн тул зөвшөөрсөн. Энэ яриа болсны П.Энхцэцэг гэдэг хүнтэй уулзахад байраа барьцаалахын тулд зээлийн гэрээ хийдэг юм гэж хэлээд надтай дээрх хуурамч зээлийн гэрээг хийсэн. Уг зээлийн гэрээг хийснээс хэд хоногийн дараа намайг байхгүйд н.Болдбаатар ирээд П.Энхцэцэг гэдэг хүнээс мөнгөө аваад явсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Энхцэцэг нь зээлийн гэрээний үүрэгт 9,600,000 төгрөг гаргуулахаар хариуцагч С.Пагмажавт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           Нэхэмжлэгч П.Энхцэцэг нь хариуцагч С.Пагмажавт холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл 4,000,000  төгрөг, зээлийн хүү 2,400,000 төгрөг, алданги 3,200,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч нь барьцааны гэрээ нь эх хувиар байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын барьцааны гэрээгээр төлбөрийг хангуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

           

Шүүх нэхэмжлэгч П.Энхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хариуцагч С.Пагмажав нь би өөрийн өмчлөлийн орон сууцыг Д.Болдбаатарын гуйлтаар барьцаанд тавьж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч зээлийн 20,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь биет байдлаар надад гардуулан өгөөгүй, Д.Болдбаатар гэдэг хүнд П.Энхцэцэг нь миний зөвшөөрөлгүйгээр, надад мэдэгдэхгүйгээр өгснийг би сарын дараа нэхэмжлэгч хүүгээ нэхэж над руу утасдахаар нь мэдсэн, зээлийг би бэлнээр аваагүй, авсан хүн нь өөрөө хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан байтал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.    

Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулахаа илэрхийлж, гарын үсэг зурсан талаар маргаагүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний агуулгыг тохиролцсон байх ба гэрээний 5 дугаар зүйлд энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлсэн мөнгийг зээлдэгчид гардуулан өгсөн өдрөөс хүчин төгөлдөр болно гэж талууд харилцан тохиролцон, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан, гэрээний 8 дугаар зүйлд, “нэмэлт нөхцөл: бэлэн мөнгө хүлээлцсэн баримт үйлдэхийг зөвлөв” гэж тус тус бичсэн нь талуудын хүсэл зоригийг илэрхийлж байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд мөнгийг бодитоор өгч авсан, мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна./хх-3 дахь хуудас/

Харин хариуцагч С.Пагмажав нь “миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 5-10 тоот дахь 30м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаа болгож, зээл авахаар Д.Болдбаатар гуйсан тул зөвшөөрч гэрээг байгуулсан” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн “барьцааны гэрээ байгаа, гэхдээ нотариат нь амралтаа авсан тул шүүхэд авчрах боломжгүй байна” гэх тайлбар, “20 сая төгрөгт нь иргэн Пагмажавын орон сууц /Ү-2201005239 улсын бүртгэлийн гэрчилгээтэй/-ыг П.Энхцэцэгт барьцаалсан болно” гэж “Эх тэргүүн” ХХК-аас шүүхэд ирүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 08/08 тоот албан тоотоор зөвшөөрсөн байх ба барьцааны гэрээний талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэв. /хх-26, 46 дахь хуудас/

Хариуцагч С.Пагмажав нь миний байрыг барьцаалсан учраас би зээлийн төлөлтийг өөрий байрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг Д.Болдбаатараас шаардаж, Д.Болдбаатар нь “Эх тэргүүн” ХХК-аас авч миний дансаар өгч, би түүнийг нь барьцааны гэрээтэй учраас дамжуулж нэрээрээ төлж болохоос би зээлээс ашиг хүртсэн, дамжуулан зээлдүүлсэн зүйл байхгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь хариуцагч өөрийн дансаар болон бэлнээр С.Пагмажаваас “зээл” гэж төлж байсан нь зээлийг авснаа хүлээн зөвшөөрч төлж байсныг нотолж байна, цааш дамжуулан зээлсэн гэж маргаж байгаа ч нэхэмжлэгч нь хариу тайлбарынхаа үндэслэл болох нотлох баримт буюу дамжуулан хөлсөлж ашиг олж байсныг нотлоогүй, ийм баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

            Нэхэмжлэгч П.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа А.Эрдэнэбилэг нь “Болдбаатарыг нэхэмжлэгч танихгүй, гэрчээр оролцсон Болдбаатар нь шүүхэд худал мэдүүлэг өгч П.Энхцэцэгийн нөхрийн нэрийг Батсүх гэж байна, П.Энхцэцэгийн албан ёсны гэрлэлтийн бүртгэлд Ё.Энхтөр гэдэг хүн бүртгэлтэй байдаг” гэж тайлбарлан шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн төв архиваас олгосон гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн, харин хариуцагч С.Пагмажав нь Батсүх гэдэг хүнтэй хамтран амьдардаг, гэрлэлтээ цуцалсан эсэхийг бид мэдэх боломжгүй, анх Болдбаатар нь намайг П.Энхцэцэг, н.Батсүх нартай танилцуулж, гэрээ байгуулсан гэж тайлбарыг няцааж байгаа хэдий ч иргэний шүүх үүнийг шалган тогтоох боломжгүй учир гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба С.Пагмажавын Ү-2201005239 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалж, “Эх тэргүүн” ХХК нь өөрийн ажилтан Д.Болдбаатараар 20,000,000 төгрөгийн зээлийг ”өөрийн биеэр” авахуулж, уг мөнгийг “Эх тэргүүн” ХХК нь бэлнээр хүлээн авсан болохоо 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08/08 тоот албан тоотоор  илэрхийлж байх тул П.Энхцэцэг, “Эх тэргүүн” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний агуулгад нийцсэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. “Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар... шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд зээлдүүлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна. /хх-46 дугаар хуудас/

             Иймд нэхэмжлэгч П.Энхцэцэг, хариуцагч С.Пагмажав нарын хооронд бичгээр үйлдэгдсэн “Зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр болсныг нотлоогүй, харин С.Пагмажавын орон сууцыг барьцаалсан зээлийн харилцаа өөр этгээдүүдийн хооронд үүссэн, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд гэрээг байгуулсанд тооцох үндэслэл, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр зохигч талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэж үзэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,600 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

            1.Иргэний хуулийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Пагмажаваас зээлийн гэрээний үүрэгт 9,600,000 төгрөг гаргуулах тухай П.Энхцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д зааснаар хариуцагчийн хөрөнгийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас ирүүлээгүй болно.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН