Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 


 
  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Э.Одхүү даргалж 
Улсын яллагч:Б.Батсайхан  
Хохирогч: Б.Өлзийтогтох
Шүүгдэгч: Т.Эрдэнэ-Очир
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Боржигон овогт Төмөрийн Эрдэнэ-Очирт холбогдох  201603000287  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, 1994 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 119 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай  аймгийн Сум дундын шүүхийн 51 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг журамлан 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 51/А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 160 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт 200 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 61 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 340.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 111 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаас 3 жилийг өршөөн хассан, 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 73 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 73 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгүүдэд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж,  2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн 168 дугаар захирамжаар 1 жил 5 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт багт оршин суух Боржигон овогт Төмөрийн Эрдэнэ-Очир /РД:АП68030279/

Шүүгдэгч Т.Эрдэнэ-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Б.Өлзийтогтохыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Т.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай Батсүх гэх найз маань хотоос аймагт ирж эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд тахир дутуу учраас группт орсон хүн байдаг юм. 2016 оны 06 сарын 21-ний өдөр манай найз Хөхнуурт байдаг ээж рүүгээ явах гээд Өлзийд хэлээд хүнээс мөнгө авахуулсан юм байна лээ. Би тэр хүмүүсийг нь сайн танихгүй. Бид хоёр хамт ээжийнх рүү нь явсан боловч гол үертэй байсан учраас тэр ээжийнхээ гэрт очиж чадаагүй, харин нэг дүүгийнхээ гэрт очоод, 25 литр сүү, 40.000 төгрөгтэй авч ирээд, тэр өдрөө өнжөөд маргааш нь 40.000 төгрөгөө Өлзийд өгсөн. Мөн тэр өдрөө Батсүхийн эх орны хишиг болох 100.000 төгрөг нь дансанд нь орж, түүнээсээ Өлзийд 30.000 төгрөг өгсөн юм байна лээ. Би тэр асуудлыг мэдээгүй байсан. Тэгээд би найзтайгаа хамт хүнээс авах өрийг нь авах гэж явчихаад эргээд ирэхэд Өлзий архи уусан байсан бөгөөд тэр үед нөгөө мөнгө зээлсэн гэх хүн нь орж ирээд мөнгөө нэхэхээр нь би, Өлзийд чи хүний мөнгийг өгөөгүй юм уу, би чамд урьд нь 40.000 төгрөг өгөөд, сая 30.000 төгрөг өгсөн байхад чи яагаад хүний мөнгө өгөөгүй юм бэ гэсэн чинь Өлзий тэр хүнд өгөхгүй, эхнэрт нь өгнө гэсэн чинь нөгөө хүн нь ч зайлуул олон юм яриагүй гараад явсан. Гэтэл Батсүх, чи тэр хүнээс 50.000 төгрөг зээлээ биз дээ, мөн 25 литр сүү өгөө биз дээ, гэтэл чи яагаад тэр мөнгийг нь өгөөгүй юм гэж хэлэхэд Өлзий мөнгө нь байхгүй, би эхнэрт нь өгнө гээд байхаар нь би түүнд, чи өнөөдрийн өгсөн 30.000 төгрөгийг гаргаад ир, чи яах гэж ингэж байдаг юм, хүн нь мөнгөө нэхээд байна гэж хэлсэн чинь Өлзий уурлаад чамд хамаагүй шоронгийн пизда минь, чи надад гай болж байгаа, чи гай болоод хүнээс мөнгө зээлүүлсэн биз дээ, өгсөн ч, өгөөгүй ч миний эрх гэж хэлэхээр нь би Батсүхтэй хэрэлдээд, чи тэр мөнгөө өөрөө өгчихгүй яасан юм, эцсийн эцэст надад гай болж байна гэж хэлсэн. Гэтэл Батсүх хэлэхдээ Өлзий надаас зээлсэн мөнгөндөө хүү авна гэхээр нь би чамаас нууцаар 25.000 төгрөг нэмээд, 70.000 төгрөг болгож өгсөн гэж хэлсэн. Тэгсэн чинь Өлзий над руу дайраад чи шоронгийн хадаас гэх мэт элдэвээр хэлээд, орилж хашгичаад байсан. Би олон жил шоронгоор явсан, гэр оронгүй ч гэсэн энэ хүнийг архинаас нь гаргаад, өөртөө хань ижил хийгээд авчихъя гэсэн бодолтой Чулуут суманд хийж байсан ажлаасаа гараад, ах дүү нараасаа гуйгаад тавилганыхаа тэн хагасыг аваад ирсэн. Өлзий сүүлийн үед миний үгэнд бүр орохоо байсан бөгөөд хажуугийхаа айл амьтныг хүртэл харааж зүхээд, маш их хэцүү байдаг, өөрт нь тохирох юм гэж бараг байхгүй. Би түүнийг зах дээр болон цагдаагийн газрын гадаа ухаангүй шахуу согтуу байхад нь хүртэл гэр рүүгээ чирээд очиж байсан. Би шоронгоос гарч ирснээс хойш архинд орсон хүмүүст туслах зорилгоор Чулуут сумандаа “Гэгээ” нэртэй бүлэг байгуулаад ажиллаж байсан бөгөөд энд ирээд “Булган хангай” бүлэгт Өлзийг аваачиж суулгаад архинаас гар гэж хэлж байсан. Тэр үед би Өлзийгөөс нөгөө мөнгөө нэхээд байсан чинь тэр хүүхдийнхээ муу өмдний карманд хийсэн байсан бөгөөд мөнгөө одоо аваачиж өг гэж хэлэхэд гарч яваад цагдаа дуудсан байсан. Миний хувьд тэр үед үнэндээ бухимдаж байсан бөгөөд нилээн олон жил өөрөө зовоод ирсэн, бас нэг хүнийг ханиа болгоод авчихъя гэж бодож байсан. Би түүнтэй сар шахуу амьдрахдаа Чулуут сумаас хоол ундны зүйл зөөж, чадлынхаа хэрээр мөнгө төгрөг олж өгдөг байсан. Өлзий миний үгэнд орохгүй байсан учраас би бухимдаж байсан. Өлзий тэр хүнийхээ мөнгийг одоо хүртэл өгөөгүй, нөгөө хүн нь миний араас нэхэл дагал болоод л явж байна. Манай найз Батсүх гэх хүн биеийнх нь байдал муу хотод байгаа учраас өнөөдөр ирж чадахгүй байгаа бөгөөд тэр хүн байсан бол тухайн үед болсон талаар ярих байсан байх. Би Өлзийг сүртэй зодсон асуудал байхгүй бөгөөд тухайн үед Батсүх харж байсан. Би дараа нь дансаар нь Батсүхэд 25.000 төгрөг шилжүүлсэн. Би байцаагчид хэлсэн боловч Батсүхээс мэдүүлэг аваагүй. Мөн Өлзий дэлгүүрээс юм зээлсэн бөгөөд тэр хүн нь одоо хүртэл надаас нэхэж байна. Би нэгэнт Өлзийд гар хүрсэн учраас хэргээ хүлээж байна. Би урьд нь хэрэгт холбогдоод явж байхдаа хүмүүсийн хохирлыг барагдуулж байсан. Би саяхан самарт яваад хүнээс 400.000 төгрөг авахаар болсон бөгөөд тэр мөнгөөрөө хохирлынхоо мөнгөний талыг нь ч гэсэн өгөх гэсэн боловч Өлзий надтай уулзахгүй зугтаагаад байна лээ. Би эмэгтэй хүнд гар хүрсэндээ гэмшиж байна гэв. 
Хохирогч Б.Өлзийтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хүний ярьж байгаа бүх зүйлийг худлаа гэж бодож байна. Тэр өдөр нэг найз нь эмнэлгээс гарч байгаа гээд тэр найзтайгаа хамт манайд ирсэн. Бид хоёр танилцаад 20 гаруй л хоносон. Манай ээжийн дүү надад хэлэхдээ наадах чинь эхнэр хүүхдээсээ салсан учраас чи ганцаараа байж байхаар хань болгоод ав гэхээр нь би мэдэхгүй гээд байж байсан. Тэр үед манайх айлын хашаанд байсан бөгөөд ахынхаа хашааг сэлбэж буугаад байсан. Гэтэл манай хажуугийн айлын авгай надад, наадах чинь хүнд хань болох хүн биш, шоронгоор явж байгаад ирсэн гэхээр нь би түүнд нэг их царай өгөхгүй байсан бөгөөд гайгүй шиг байвал насны эцэст, хэн хэндээ хань болоод явах байх л гэж л бодож байсан. Манай хүүхэд хүртэл муу ээжийг минь орой үдэш унаж, тусахад ханьтай юм уу даа гэж бодоод түүнийг аав гэж дуудаад, сайн ханддаг байсан. Энэ нэг өдөр манай найз гээд нэг юм дагуулаад ирсэн бөгөөд тэр нь хот руу явах гээд хөдөө ээж рүүгээ явж хонь, ямаа гаргаж ирэх гэсэн юм, таньдаг хүн байвал мөнгө зээлээд өгөөч, хонь, ямаа авч ирээд өгнө гэхээр нь би хааяа хэрэгтэй үедээ мөнгө зээлээд, боломжтой үедээ өгчихдөг хуурай ах, эгч хоёр дээрээ дагуулж очоод, орой эргэж ирээд, хонь, ямаа авчраад өгнө гэж хэлээд 52.000 төгрөг зээлж өгсөн. Тухайн үед энэ хоёр одоо машин хөлсөлж яваад, орой нь хонь, ямаа аваад ирнэ гээд явсан бөгөөд орой нь гол үерлэсэн байна гээд хоосон ирэхээр нь би хүний мөнгийг яаж өгөх юм, одоо худлаа хэлсэн боллоо, энэ хоёр чинь надад хэрэгтэй үед тус болдог гэсэн чинь Эрдэнэ-Очир хүртэл хүний авсан юм чинь өгөхгүй бол болохгүй шүү, эх орны хишгээ авахаараа өгчих гэж байсан. Тэгээд Эрдэнэ-Очирын найз нь нөгөө 100.000 төгрөгөө аваад хүнд өрөө өгчихөөд, надад нэг шоколад, Эрдэнэ-Очирт нэг архи аваад ирсэн. Тухайн үед энэ хоёр тэр архиа дунд нь хүртэл уучихаад, надад хийж өгөхөөр нь би 2 татсан бөгөөд тэр хоёр айлд оччихоод ирье гээд гараад явсан. Тэр үед тэр архи нь байж л байсан. Тэр үед манай хажуу айлын хүүхэн манайд нэг шил архи авч орж ирээд, бид хоёр тэр архинаас нь 2-3 хундага уучихаад байж байсан чинь энэ хоёрыг ирж байхаар нь би муу ч гэсэн ханилах гэж байгаа юм чинь гээд айгаад, нөгөө хоёр чинь ирж байна гэж хэлээд нөгөө архиа нуучихаад тэр хоёрыг ирэхээр нь би Эрдэнэ-Очироос энэ хүүхэн нэг шил архитай орж ирээд Бортолгой дээр гарч ууя гээд байна гэсэн чинь Эрдэнэ-Очир юу яриад байгаа юм гээд байхаар нь би тэгвэл та гурав наад архиа уучих гэж хэлээд, би уугаагүй. Тэгээд бид нар байж байтал Мийгаа ах халамцуу орж ирээд, мөнгө нэхсэн. Өмнө нь тэр найз нь надад 20.000 төгрөг өгөөд далд хийчих, дараа нь нэмээд 52.000 төгрөг болгоод өгье гээд надад хадгалуулсан байсан бөгөөд би өмнө нь найзаас нь авсан байсан 10.000 төгрөгөө нэмээд 30.000 төгрөг болгоод хүүгийнхээ өмдний карманд хийсэн байсан. Тэгээд Мийгаа ах мөнгөө нэхэхээр нь би 30.000 төгрөг далд хийчихсэн байгаа, Догоо эгч надад өгөөрэй гэсэн учраас Догоо эгчид өгнө гэж хэлсэн чинь Эрдэнэ-Очир 10.000 төгрөгийг нь өгчих гээд байхаар нь би юу яриад байгаа юм, хүний мөнгө дутчихна, эхнэрт нь өгөөд гээд өгөхгүй байсан чинь Мийгаа ах гараад явсан. Гэтэл Эрдэнэ-Очир уурлаад, чи энэ хүнээс архи, айраг, мөнгө аваад байдаг юм байна лээ, чи энэ хүнтэй янхандсан, чам янхан хүүхнийг би зөндөө үзсэн гээд намайг орон дээрээс татаж унагаагаад аймар нүдсэн. Эрдэнэ-Очир намайг Мийгаа ахтай хардаж зодсон. Миний хөл одоо хүртэл өвдөж байгаа, мөн миний бөөр рүү өшиглөөд бөөр өвдөөд байгаа. Тэр намайг алахаа шахсан. Би арай гэж босоод хашаанаас гараад надтай хамт архи уусан хүний охин нь явж байхаар нь эгчийг нь ийм болгочихлоо гэж хэлээд, хойшоо яваад манай эгчийнд очоод, намайг алахаа шахлаа гээд хэвтэж байсан чинь Эрдэнэ-Очир араас ирснээ Өлзий гуай баашлаад байгаа юм уу, ална шүү гээд байсан. Гэтэл манай эгч уурлаад, чи хүнийг ийм болтол зодчихоод ямар зоригтой амьтан бэ, одоо наад хүний чинь ээж нь ирж байгаа, түргэн дуудсан, цагдаа дуудсан гэж хэлсэн чинь тэр гараад зугтаасан бөгөөд цагдаа ирээд, түүнийг хайгаад олоогүй. Тухайн үед би цагдаа нарыг ирэхэд эрүүл байсан учраас амиа авч гарсан. Харин Эрдэнэ-Очир би чамайг алсан байхад хуулийн байгууллагад надад хүн байгаа гэж байсан. Хүнийг зодчихоод тэгж хэлж болох юм уу. Нараа гээд байгаа хүн бол манай Тамирын хүн байгаа юм. Тухайн үед Нараагийн нөхөр манай хүүтэй хамт хот руу яваад, Нараа, Батсүх энэ гурав манайд архи аваад ирэхээр нь би уурлаад, битгий гэр оронд архины хүн шавуулаад бай, би бие муутай, группт байдаг, эмнэлгийн хяналтанд байдаг хүн гэж хэлж байсан бөгөөд бид нар тэр архийг хуваагаад ууцгаасан. Тухайн үед би эмчилгээний зардалд 600.000 төгрөг нэхэмжилсэн боловч худлаа шалтаг гаргаад одоог хүртэл өгөхгүй байна. Эмч намайг бүс авч зүүгээрэй, 3-4 хавирганы чинь толгой хугарсан байна гэж хэлсэн бөгөөд надад эмчилгээ хийлгэж, эм авч уух мөнгө байхгүй байна. Би маш их гомдолтой байна. Эрдэнэ-Очир манай гэрт ширээ, сандал авчирч тавьсан бөгөөд тэр ширээ сандлаараа намайг зодох гэж авчирсан юм байлгүй, манай хүүг хот явсан өдөр намайг сандлаар цохиж, зодсон. Тухайн үед би цагдаа дуудахад цагдаа ирээд, та хоёр хоёулаа согтуу байгаа учраас учраа ол гээд орхиод явсан. Тухайн үед би за яахав дээ гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл Эрдэнэ-Очир давраад намайг дахин зодсон. Одоо хүртэл миний бие өвдөөд, маш их хэцүү байна. Эмч намайг савны хавдартай болсон байна, бөөр өвдсөн байна, нойр булчирхай өвдсөн байна гэж хэлсэн. Тэр орон дээрээс эмэгтэй хүнийг татаж унагаагаад, зодож байхад яаж эрүүл байхав дээ. Би маш их гомдолтой байна. Би 3 сая төгрөг нэхэмжилнэ. Манайхан намайг харж байгаад үхүүлэлтэй нь биш гээд эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгүүлсэн. Миний ах дүү нар мөнгө төгрөг өгөөд, намайг нааш цааш нь явуулж эмчилгээ хийлгэсэн. Би одоо ч гомдолтой байна. Эрдэнэ-Очир хүнийг ийм болгочихоод, яаж байна ч гэж асуухгүй, надад зодуулсан хохино гэсэн байртай хандаж байна. Мөн тэр би, тийм цагдаа, ийм шүүгч таньдаг гэж байна. Хүн таних дээрээ тулбал надад ч гэсэн таньдаг хүн байгаа бөгөөд цагдаад ажиллаж байсан Ганбат ах, мөрдөн байцаагч хийж байсан Жаргалсайхан ах гээд таньдаг хүмүүс байна. Би ч гэсэн энэ хүмүүстэй яриад явбал явна шүү дээ. Би гомдолтой байна гэв.   
    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Өлзийтогтохын: “...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт Эрдэнэ-Очир, Батсүх, Нараа бид нар архи уугаад сууж байсан. Тэгэхэд гаднаас Мягмар гэдэг хүн орж ирсэн. Би тэр хүнээс Батсүхэд 50.000 төгрөг зээлж өгсөн. Тэгээд Мягмар, Нараа нарыг явсны дараа Эрдэнэ-Очир Батсүхийн надад өгсөн байсан мөнгийг нэхээд хүний мөнгө өгсөнгүй гэж намайг зодсон. Эрдэнэ-Очир согтолт нь гайгүй, жоохон уусан байсан. Намайг гараараа зодсон. Мөн өшиглөсөн байх. Намайг зодоход хажууд Батсүх бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. Би эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээ хийлгэсэн 600.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ мөнгийг өгчихвөл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Мягмаржавын: “...би Өлзийтогтохыг олон жилийн өмнөөс танина. Би Өлзийтогтоход мөнгө зээлээгүй. Харин Өлзийтогтох зуучилж өгч Батсүх гэдэг хүнд мөнгө зээлүүлсэн. Яг хэдний өдрийг нь санахгүй байна. 6 сар гарсан байсан. Би 52.000 төгрөг зээлүүлсэн. Би өдрийг нь санахгүй байна. Би санаандгүй орсон. Намайг ороход Өлзийтогтох, Батсүх, Эрдэнэ-Очир бас нэг танихгүй хүүхэн байсан. Тэд нар бүгдээрээ согтуу архи уугаад сууж байсан. Би орж нэг уучаад гараад явсан. Намайг ороход хэрүүл маргаан болоогүй. Батсүх надаас зээлсэн мөнгөө 70.000 төгрөг болгож Өлзийтогтоход өгсөн гэж байсан. Би тэрийг нь сүүлд нь сонссон. Надаас мөнгө зээлэхдээ хөдөө яваад хонь, ямаа аваад ирнэ гэж зээлсэн. Батсүх болон хамт байсан хүүхнийг хаана байдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-16х/
    
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Т.Эрдэнэ-Очирын: “...би аймгийн төвд Өлзийтогтох гэх эмэгтэйгтэй танилцаад сар гаран хамтран амьдарч байсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай найз Батсүх Өлзийтогтох бид гурав ХААН банкан дээр ирж Батсүхийн хувьцааны мөнгө болох 100.000 /нэг зуун мянга/ төгрөг аваад Өлзийтогтохоос зээлж авсан 30.000 /гучин мянга/ төгрөгөө өгөөд Батсүх бид хоёр Өлзийтогтохыхоос гараад Хангамжид Зол гэх айлд очоод иргээд гэртээ ирэхэд Өлзийтогтох хажуу айлынхаа Нараа гэдэг хүнтэй “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи уугаад сууж байсан. Тэгээд тэр архийг нь хувааж уугаад тэр хоёр дахин гарч Архангай нэртэй 0.5 литрийн архи авсан Нараагийн нөхрийг дагуулаад орж ирсэн. Тэр архийг уугаад дуусаж байтал мөнгө зээлсэн Мягмар гэх орж ирээд зээлсэн мөнгөө өгөхгүй юм уу гэхээр нь би Өлзийтогтохоос энэ хүний мөнгийг өгөөгүй юм уу гэж асуухад Өлзийтогтох танд өгөхгүй би авгайд нь өгсөн гэсэн. Тэгээд Мягмар, Нараа нөхөртэйгөө хамт гараад явсан. Батсүх тэр хүмүүсийг гараад явахаар нь Өлзийтогтоход “Би чамд өмнө нь 40.000 /дөчин мянга/ төгрөг өнөөдөр 30.000 /гучин мянга/ төгрөг өгөөд байхад хүний мөнгө өгөхгүй яасан юм бэ, би Эрдэнэ-Очироос нууж архиний 25.000 /хорин таван мянга/ төгрөг өгөө биз дээ гэж маргалдсан юм. Би юун архины мөнгө бэ гэж асуухад Батсүх чамайг унтаж байхад өглөө Өлзийгөөр нэг архи, урьд оройн нь бас нэг архи авахуулсан юм тэр архины мөнгөө төлсөн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө өгсөн 30.000 /гучин мянга/ төгрөг өгөөдөх би хүний мөнгө өгөөд Батсүхийг явуулъя гэж хэлээд хэрүүл болсон. Тэгээд Өлзийтогтох намайг бас давхар зайл гэж хэрүүл болоод Өлзийтогтохыг би зодсон юм. Батсүхтэй хэрэлдэж байгаад надтай хэрэлдэхээр нь хүний мөнгө өгсөнгүй гэж зодсон юм. Мөн өдөр шөнөгүй архи нуугдаж уудаг болохоор нь уур хүрээд зодсон. Гараараа цохиж зодсон. Өшиглөж зодсон асуудал байхгүй. Өлзийтогтох Батсүх бид гурав байсан. Өлзийтогтох их согтуу байсан. Батсүх бид хоёр гайгүй байсан. Өмнө Батсүх бид хоёр хөдөө явах гэж Өлзийтогтохоор Мягмар гэдэг хүнээс 50.000 /тавин мянга/ төгрөг зээлүүлж явсан.
Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 гэсэн зүйл заалтыг зөвшөөрч байна. Би өмнөх байцаалтан дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүгд үнэн зөв. Би хохирлоо төлж барагдуулж чадаагүй байгаа. Одоохондоо мөнгөний боломж болохгүй байна. Өлзийтогтох бид хоёр хамтран амьдраад сар болж байсан. Би Мягмаржав ахад мөнгийг нь өг гэхэд эхнэрт нь өгнө гэсэн. Тэгэхээр нь би юм яриагүй. харин Мягмаржав ахыг гараад явсанаас хойш мөнгөний талаар хэрүүл болж би уурандаа гар хүрсэн. Батсүх эмнэлгээс гараад Ихтамир сум руу хонинд явна гэж 52.000 /тавин хоёр мянга/ төгрөг авсан. Батсүх одоо Улаанбаатар хотод байгаа. Би хаягыг нь мэдэхгүй. Хотод л амьдардаг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-26-27, 28-29х/

* Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 268 дугаартай дүгнэлт: “...1. Б.Өлзийтогтохын биед зүүн бөөрний өөхлөгт цус хуралт, тархи доргилт, доод уруулд язарсан шарх, зүүн хацар, баруун бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн бугалганы дотор дээд хэсэг, хүзүү, баруун эгэмний доод хэсэгт жижиг цус хуралт, дээд үүдэн 1 шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Зодуулсан гэх тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд үүдэн 1 шүд хөдөлсөн, баруун эгэм, хүзүү, зүүн бугалганы жижиг цус хуралтууд нь 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-18х/
* Хохирогч Б.Өлзийтогтохын өвчний түүхийн хуулбар /хх-19-21х/ 
* Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт багийн засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 293 дугаартай тодорхойлолт /хх-30х/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32-33х/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Эрдэнэ-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Б.Өлзийтогтохыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Өлзийтогтохын “...Эрдэнэ-Очир Батсүхийн надад өгсөн байсан мөнгийг нэхээд хүний мөнгө өгсөнгүй гэж намайг зодсон. Эрдэнэ-Очир согтолт нь гайгүй, жоохон уусан байсан. Намайг гараараа зодсон. Мөн өшиглөсөн байх...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 268 тоот шинжээчийн дүгнэлт /хх-18 хуу/, шүүгдэгч Т.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.Эрдэнэ-Очирыг бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Эрдэнэ-Очир нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Т.Эрдэнэ-Очир нь урьд нь 8 удаа ял шийтгэгдэж байсан байх ба хамгийн сүүлд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн 168 дугаар захирамжаар 1 жил 5 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайн хэрэг болох үед байсан гэх Батсүх гэгчийг гэрчээр байцаах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэсэн саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг  шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүх үзлээ. 
Мөн хохирогч Б.Өлзийтогтох нь шүүгдэгчээс 3.000.000 сая төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтыг хуульд заасны дагуу үнэлж нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд хохирлыг гаргуулан шүүгдэгчээс 516.500 /таван зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Б.Өлзийтогтоход олгохоор шийдвэрлэж, үлдэгдэл 2.483.500 /хоёр сая дөрвөн зуун наян гурван мянга таван зуу/ төгрөгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  Учир нь хохирогч нь анх хэрэг бүртгэлтэнд мэдүүлэг өгхөдөө эмчилгээ хийлгэсэн болон эмнэлэгт хэвтсэн 600.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байсан байх ба шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.Эрдэнэ-Очир нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй болохоор нь 3.000.000 төгрөг болгож нэмэгдүүлж нэхэмжилж байгаа, мөн ямар нэгэн баримт байхгүй гэж мэдүүлсэн, түүний биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь 4 долоо хоногоос дээшгүй хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан гэмтэл тул цаашид гарах эмчилгээний зардал гэсэн үндэслэлээр 3.000.000 төгрөг болгон нэмэгдүүлж нэхэмжилж байгааг үндэслэлгүй байна гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. 
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Эрдэнэ-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291 дүгээр зүйлийн 219.1, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрийн Эрдэнэ-Очирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Эрдэнэ-Очирыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэ-Очирт оногдуулсан 2 /хоёр/ сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
 
    4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай. 
    
    5. Хохирогч Б.Өлзийтогтох нь эмчилгээний зардалд 3.000.000 / гурван сая/ төгрөг нэхэмжлснээс баримтаар нэхэмжилсэн 516.500 /таван зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэ-Очироос гаргуулж хохирогч Б.Өлзийтогтоход олгох, хохирогч Б.Өлзийтогтохын нэхэмжлэлээс 2.483.500 /хоёр сая дөрвөн зуун наян гурван мянга таван зуу/ төгрөгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

    6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эрдэнэ-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

    7. Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, түүний өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

    8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж Т.Эрдэнэ-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Э.ОДХҮҮ