Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 029

 

   Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг

  хянуулах талаар прокурорын дүгнэлтийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/03А дугаар дүгнэлтийг  үндэслэн, А.Э, А.М нарт холбогдох 183501710139 дугаартай 2 хавтас, 1813000620033 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргүүдийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Костёр нар оролцов.

Прокурорын дүгнэлтэд: “Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 1813000620033 дугаартай хэрэгт шүүгдэгч Бүгд Найрамдах Тува улсын иргэн А.Э, өсвөр насны шүүгдэгч А.М нарыг Монгол Улсын хилийг бүлэглэж, хууль бусаар нэвтрэх, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, Бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч тус бүрийн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна. Гэвч шүүгдэгч А.Э, өсвөр насны шүүгдэгч А.М нар нь эрүүгийн 1813000620033 дугаартай хэрэгт шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд шинэ /өөр/ гэмт хэрэг буюу дараах гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

1. Шүүгдэгч А.Э, өсвөр насны шүүгдэгч А.М нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас хохирогч Т.М, Б.Д, Б.М, А.С нарын нийт 4 тооны адуу хулгайлж, хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1735001750140 дугаартай,

2. Оросын Холбооны Улсын Тува Улсын иргэн А.Э, А.М нар нь бүлэглэн, 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 86 дугаар тэмдэгтийн баруун тал 150 метр /86.1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 80 метр/ зайд хилийн торон саадыг таслан ОХУ-ын талаас хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.О, Б.Б нарын 2 адууг хулгайлж, ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1835001710139 дугаартай,

3. Оросын Холбооны Улсын Тува Улсын иргэн А.Э, А.М нар нь бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө ОХУ-ын талаас хилийн 78/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 400 метр газраар хяналт шалгалтаас гадуур Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1835001720138 дугаартай хэргүүдийг тус тус үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.

Оросын Холбооны Улсын Тува Улсын иргэн А.Э, А.М нарт холбогдох эрүүгийн 1835001710139 дугаартай хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа ба Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул эрүүгийн 1813000620033 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

А.Э, А.М нар нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 2 жил 7 сар хорих ялаар шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл А.Э, А.М нарт шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсны дараагаар /анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө/ урьд нь үйлдсэн гэмт хэргүүд нь сүүлд илэрсэн нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлгүй нөхцөл байдал үүсэж байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шинэ нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай дугаартай А.Э, А.М нарт холбогдох эрүүгийн 1813000620033 дугаартай хэрэгт шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар Увс аймгийн прокурорын газрын ялтан А.Э, А.М нарт холбогдуулан гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хянаж үзлээ.

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор “А.М, А.Э, А.Ш, Ч.Т нарыг 2018 оны 2 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр Монгол Улсын хилийн 74 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч тус сумын иргэн И.А-ийн малын хашаанаас 3 тооны морь хулгайлж, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тогтоох хэсгийн 4 дүгээр заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар А.М, А.Э, А.Ш, Ч.Т нарын тус бүрийг 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

2. Хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах талаар прокурорын дүгнэлтийн хамт ирүүлсэн эрүүгийн 183501710139 дугаартай хэргийн материалыг хянаж үзвэл, яллагдагч А.Э, А.М  нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хяналт шалгалтаас гадуур, зохих эрхийн бичиг баримтгүйгээр хууль бусаар хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас хохирогч Т.М, Б.Д, Б.М, А.С нарын нийт 4 тооны адууг хулгайлж, хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх үйлдэлд,

А.Э, А.М  нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Монгол Улсын хилийн 86 дугаар  тэмдэгтийн баруун тал 150 м, 86/1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 80 м зайд хилийн торон саадыг таслан, Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.О, Б.Б нарын 2 адууг хулгайлж, Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх үйлдэлд,

А.Э, А.М  нар бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Оросын Холбооны Улсын талаас хилийн 78/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 400 м газраар хяналт шалгалтаас гадуур Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдэлд тус тус Увс аймгийн прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1735001750140, 1835001710139, 1835001720138 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа нөхцөл байдал тогтоогджээ. 

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байна.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “дараах нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно.” гэж, мөн хэсгийн 1.3.-т “.., шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж зааснаар Увс аймгийн прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1735001750140, 1835001710139, 1835001720138  дугаартай тогтоолоор шинэ нөхцөл байдал тогтоогдож байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын яллагдагч А.Э, өсвөр насны яллагдагч А.М нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Увс аймгийн прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1735001750140, 1835001710139, 1835001720138 дугаартай тогтоолоор шинэ нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба яллагдагч нарт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэж болзошгүй үндэслэл, нөхцөл байдал илэрсэн тул, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохоор гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл яллагдагч А.Э, А.М нарт урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Увс аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/03А дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолын яллагдагч А.Э, А.М нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, А.Э, А.М нарт холбогдох 183501710139 дугаартай 2 хавтас эрүүгийн хэрэг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой, 1813000620033 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг тус тус Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.

 

2. Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл яллагдагч А.Э, А.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                   

Д.МӨНХӨӨ