Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0406

 

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч Х.Нямдэлгэр, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: “М” ХХК. 

         Хариуцагч: СБДГЗБА.

       Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн эзэмших ******* хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны Газар эзэмших гэрээ, 00******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг СБДГЗБАнд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, иргэдийн төлөөлөгч Г.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн ногоон бүс Сүхбаатар дүүргийн *******ын амны дээд төгсгөлд ******* хүүхдийн зуслан байрладаг. Энэ нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1964 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эдлүүлэх тухай 30 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын ******* хороо буюу 2004 онд Сүхбаатар дүүргийн 15 дугаар одоогийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо болсон Шарга морьтын амны төгсгөлд байрлалтай ОХУ-ын өмч болох ******* хүүхдийн зусланд Газар эдлүүлэх эрхийн үнэмлэхийг номер ГБ12-оор олгосон байдаг.

        “М” ХХК тус хүүхдийн зусланг 2004 онд хувьчлан авч, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийг баталгаажуулахаар хүсэлт гаргасан.

           Уг хүүхдийн зусланг өмчлөлдөө авсны дараа холбогдох хөрөнгийг бүртгэхэд эзэмших газар дотор зуслангийн амралтын байрууд, соёл, зоогийн газар, спорт тоглоомын байгууламжууд байрлаж байсан.

     Харин зуслангийн гадаа цэвэрлэх байгууламжууд, насос, станц, усан сангийн гүний худгууд, зуслангийн удирдлагын байр, харуулын байр, амрагч хүүхдийг угтах, үдэх бетон талбай зэрэг инженерийн байгууламжууд нь эрүүл ахуйн шаардлагын үүднээс тусдаа, хол байрлаж байсан.

          Иймд гадна талд байрлаж байгаа эдгээр өмч хөрөнгөө хадгалах хамгаалах зайлшгүй шаардлагын улмаас орчин тойрны газрыг оролцуулан нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлтийг 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар албан бичгээр гаргасан юм. Уг хүсэлтэд Засаг даргын тамгын газар нь 2004 оны ирсэн бичгийн бүртгэлийн 2628 дугаарт мөн газрын албаны ирсэн бичгийн бүртгэлийн 2628 дугаарт бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

        Үүний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжаар “М” ХХК-ийн эзэмшил газрыг нэмэгдүүлж 26 га талбайтай болохыг  баталгаажуулж, тус захирамжийг үндэслэн газрын алба “М” ХХК-ийн хооронд 326 дугаартай газар эзэмших гэрээг 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр байгуулж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 00******* дугаар гэрчилгээг олгосон байгаа.

        Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу гэрээ, гэрчилгээг үндэслэн 1:5000 масштаб бүхий газрын баталгаат хэмжээг тогтоосон актыг үйлдэж, газрын хилийн заагийг тогтоож баталгаажуулсан юм.

        2004 онд газрын кадастрын мэдээллийн сан гэж байгаагүй бөгөөд гараар нэгж талбарын дугаар бичсэн эдэлбэр газрын баталгаат хэмжээг тогтоосон акт зургийг үйлдэж өгсөн. Энэхүү газрын баталгаат хэмжээг тогтоосон акт нь газрын байршил, хилийн зааг хэмжээг илэрхийлсэн үндсэн баримт бичиг учраас одоогийн газрын кадастрын зургийн үүргийг гүйцэтгэдэг чухал эрх зүйн үндсэн баримт бичиг мөн гэж үзэж байгаа.

         Тийм учир 2004 онд манайд 26 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах үед дүүргийн газрын албанд газрын кадастрын мэдээллийн цахим сан байгаагүй. Газрын баталгаат хэмжээг тогтоосон акт зургийг үйлдэж байсан. Уг актыг тухайн үеийн газрын албаны дарга н.А, газар зохион байгуулагч н.Б нар зурж гарын үсгээр баталгаажуулсан байдаг.

       Тэгэхээр манай компани өөрийн эзэмшил 26 га газрыг гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн учраас 26 га талбайгаар баталгаажуулах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 2008 оноос нийслэл, дүүргийн газрын алба нь өөрийн архивд байгаа газар эзэмшигч нарын хувийн хэргийн баримт газрын баталгаат хэмжээний акт баримтуудаа үндэслэн Улаанбаатар хотын газрын мэдээллийн санд иргэн аж ахуйн нэгжийн эзэмшиж, ашиглаж буй газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж газрын хил зааг, хэмжээг тогтоосон зураглалыг цахим хэлбэрт оруулж эхэлсэн. Энэ бол 2004 оных. Харин 2008 оноос кадастрын мэдээллийн санг байгуулсан. Ийм учраас 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эзэмшил газрын кадастрын зургийг газар эзэмших гэрээ, гэрчилгээнд заасан 26 га-аар “Т ” ХХК-иар хийлгүүлж, Сүхбаатар дүүргийн Газрын албанд мэдээллийн санд бүртгүүлэхээр өгсөн учир өөрийн эзэмшил газрыг цахим санд бүртгэгдсэн, холбогдох баримтууд ч газрын албанд хадгалагдаж байх ёстой гэж ойлгож байсан.

        Иймд газрын алба нь гэрээ, гэрчилгээг үндэслэн манай эдэлбэр газрын баталгаат хэмжээг тогтоосон акт зургийг мэдээллийн санд оруулсан байх үүрэгтэй юм.

          Гэтэл Сүхбаатар дүүргийн Газрын алба манай компанийн хувийн хэрэгт байсан материалуудыг устгасан, эзэмшил газрын хэмжээг багасгаж 12 га болгон газрын кадастрын мэдээллийн санд оруулсан болохыг мэдсэн.

         Энэ байдлыг “М” компани мэдмэгцээ нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн газрын албанд хандан хэмжээг зөвтгөн мэдээллийн санд 26 га талбайгаар оруулах хүсэлт гомдлоо гаргасан боловч шүүхэд маргаантай байгаа гэх үндэслэлээр уг газрын хэмжээг зөвтгөн оруулахаас татгалзаж, хууль бус үйлдлийг гаргаж байгаа юм.

              Ийнхүү М компани газар эзэмших гэрээ, гэрчилгээнд заасан 26 га газрын хэмжээг хууль бусаар 12 га болгон багасгаж мэдээллийн санд оруулсны улмаас Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ноцтой зөрчигдөж байна гэж үзсэн.

           Иймээс хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны газар эзэмших гэрээ, 00******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг СБДГЗБАнд даалгуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй СБДГЗБАнд холбогдох нэхэмжлэгчийн эзэмших ******* хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмших гэрээ, 00******* дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг даалгах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгчийн эзэмших байгаа гэх маргаан бүхий 26 га гэх газрыг анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эдлүүлэх тухай 30 дугаар тогтоолоор Зөвлөлтийн сургуулийн пеонерийн зусланд 12 га газар эзэмшүүлэхээр шийдсэн байдаг.
  2. “Кадастрын зураглал газрын бүртгэл” төслийн хүрээнд 2004 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “С М г”-ын нэр дээр нэгж талбарын ******* дугаарт 117289 мкв талбай бүртгэж, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдээд өнөөг хүртэл талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байна.
  3. “М” ХХК-ийн нэр дээр нэгж талбарын ******* дугаар 117289 м2 талбай бүхий газар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжсэн байна.
  4. Нэхэмжлэгчийн нэр дээр 00******* дугаартай Газар эзэмших эрхийн Гэрчилгээ, 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийг үндэслэн 26 га газар эзэмшүүлсэн гэж бичсэн. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжид нэхэмжлэгчид 400 м2 газар эзэмшүүлэхээр шийдсэн бөгөөд тус захирамжийн эх хувь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, архивын газар хадгалагдаагүй байх ба дүүргийн Газрын албанд 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдсэн хувь байна
  5. Нэхэмжлэгчид дээрх 2004 оны 154 дүгээр захирамжаар эзэмшүүлэхээр олгосон талбайн хэмжээ, газар эзэмших гэрээ, гэрчилгээн дээрх талбайн хэмжээ хоорондоо зөрүүтэй байна.
  6. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 26 га газар эзэмшүүлсэн эсэх нь нотлогдохгүй байна.
  7. Маргаан бүхий газрын газар эзэмших нэгж талбарын хувийн хэрэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний материал, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт байхгүй.

         Нэхэмжлэгчийн нэр дээрх 00******* дугаартай Газар эзэмших эрхийн Гэрчилгээ, 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ нь Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйл, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 83 дугаар тогтоолоор баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгчид 26 га талбай эзэмшүүлсэн гэх гэрээ, гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус байна. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтээ нэхэмжлэгч ирүүлээгүй байх тул 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

    Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу 26 га газрыг зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

         “М” ХХК-ийн захирал Н.Б тус компанийн эзэмшлийн “*******” хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны газар эзэмшүүлэх гэрээ, 00******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Тэрээр хүүхдийн зуслангийн зориулалттай тус компанийн эзэмшлийн газрыг 26 га хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын баталгаат хэмжээг энэ хэмжээгээр тогтоосон акт байхад зуслангийн гүний худгууд, цэвэрлэх байгууламжууд, удирдлагын байр зэрэг дэд бүтэц инженерийн байгууламжуудыг оролцуулан зөвтгөж газрын мэдээллийн санд оруулж баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж, харин хариуцагч “М” ХХК-д маргаан бүхий байршилд 26 га-гаар газар эзэмшүүлсэн захирамж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж тус тус маргаж байна.

            Шүүх бүрэлдэхүүн дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Сүхбаатар дүүргийн 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийг үндэслэн мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус дүүргийн 15 дугаар хороо Шарга морьтын зусланд зуслангийн зориулалтаар 26 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж 00******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглах гэрээ байгуулжээ.

            Гэтэл нэхэмжлэгч компанид дээрх газрыг эзэмшүүлсэн гэх 154 дүгээр захирамж 2 өөр хавсралттайгаар хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд хариуцагч байгууллагаас ирүүлсэн уг захирамжийн зуслангийн зориулалтаар газар эзмшүүлэх эрх олгосон 2 дугаар хавсралтын[1] 905 иргэний жагсаалтын 852-т “М” ХХК-д 400 м кв гэж, харин нэхэмжлэгчээс ирүүлсэн уг захирамжийн мөн зуслангийн зориулалтаар 905 иргэнд газар эзэмшүүлсэн 2 дугаар   хавсралтын[2]  844-д тус компанид 26 га газрыг эзэмшүүлсэн байгаа нь газрын хэмжээний талаар маргах үндэслэл болжээ.

            Түүнчлэн нэхэмжлэгч 2008 онд “Т”  ХХК-иар 26 га талбайгаар кадастрын зураг хийлгэсэн байх бөгөөд Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны зурган мэдээлэлд нэгж талбарын ******* дугаар бүхий 117289 м кв талбайн хэмжээтэй бүртгэгдсэн байна.

            Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “....дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;”, 23.4.3-д “эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;”, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх;” гэж хуульчилсан байна.

            Харин хариуцагч СБДГЗБА хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч компанийн хүсэлтээр түүний эзэмшил газрын хэмжээг зөв тогтоож мэдээллийн санд бүртгээгүй нь холбогдох хуулийн хэрэгжилтийг хангасан гэж үзэхээргүй байна.

            Өөрөөр хэлбэл Засаг даргын 154 дүгээр захирамжийг үндэслэн хүүхдийн зуслангийн зориулалтаар 26 га газрыг эзэмших эрх олгож гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан атлаа энэ хэмжээгээр газар эзэмшүүлсэн захирамж байхгүй гэх үндэслэлээр мэдээллийн санд зөвтгөн бүртгэхгүй байгаа нь хууль бус гэж дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч компанийн эзэмшил газарт байгаа хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, инженерийн байгууламжуудыг оролцуулаагүйгээр 117289 м кв талбайгаар бүртгэж үлдэх газрыг мэдээллийн санд бүртгэхгүй байгааг зөвтгүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

            Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын 154 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар 26 га, өөр нэг хавсралтаар 400 м кв, түүнчлэн мэдээллийн санд 117289 м кв гэх мэт зөрүүтэй бичиж олгосон болон бүртгэж баталгаажуулсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү зөрүүтэй баримтууд нь хариуцагчийн татгалзлыг зөвтгөх үндэслэл болохгүй.

            Хариуцагч газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох дүүргийн Засаг дарга түүний газар зохион байгуулалтын алба Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үүрэгтэй.

            Гэтэл “М” ХХК-ийн хүүхдийн зуслангийн зориулалттай газрын дэд бүтэц, инженерийн байгууламжуудын байршиж байгаа талбайн хэмжээгээр газрын мэдээллийн санд бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд ийнхүү бүртгэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтлана:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэсэн зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.

            Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/207 дугаар тушаалаар байгуулагдсан шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтээр[3] “...М” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаар бүхий 117289 м кв талбайтай газрын төв хаалганаас : удирдлагын байр 35-40 м, Цэвэрлэх байгууламж, лагын талбай 140-150 м, Гэрлийн төмөр цамхаг 160 м, Цэвэрлэх байгууламжийн урд байрлах худагнууд 250-350 м, төмөр торон хашаа 150-200 м-т зуслангийн хаалганаас цэвэрлэх байгууламж, худаг хүртэл авто зам тус тус байрлаж байна.” гэж, мөн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар срын 22-ны өдрийн 128/ШЗ2019/3347 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан шинжээчийн дүгнэлтэд[4]  “...тус компанийн эзэмшиж байгаа болон хамгаалалтын төмөр хашаанууд нь нийт 400 м кв талбайд багтан байрлах боломжгүй.....байна.  Дээрх....обьектууд нь нэгж талбарын ******* дугаартай 117289 м кв талбайн гадна буюу 2008 онд “Т” ХХК-ийн үйлдсэн 26 га талбай бүхий кадастрын зураг дотор байрлаж байна.” гэжээ. 

           Шүүх нэхэмжлэгч компанийн гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар байгуулагдсан шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн дээрх дүгнэлтүүдийг үндэслэл болгосон болно.

          Өөрөөр хэлбэл “М” ХХК-ийн маргаан бүхий эзэмшил газрын хэмжээ тус компанийн хүүхдийн зуслангийн зориулалтаар ашиглах боломж нөхцлийг хангасан байх тус зуслангийн цогцолборт хамаарах барилга байгууламж, усны эх үүсвэр, дэд бүтэц инженерийн байгууламжууд нь бодитой оршиж байгаа нь дээрх ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнд тогтоогджээ.

          Түүнчлэн “... М” ХХК-ийн “*******” зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний ойр орчимд өөр этгэдэд газар эзэмшүүлж, ашиглуулахгүй байх...” гэж харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг үндэслэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2002 он)-ийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 235 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

      Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон талаар тайлбартаа дурдсан хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулахаар хүсэлтээ өгсөн гэх тайлбартай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй байх тул энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

            Харин шүүх нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрыг 26 га хэмжээгээр зөвтгөн газрын мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байгаа хэдий ч шүүхийн шийдвэрийн дагуу газрыг мэдээллийн санд бүртгэхдээ хууль ёсоор эзэмшиж өмчилсөн бусад иргэн хуулийн этгээдийн эрхийг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.

            Ийнхүү дүгнэхэд “М” ХХК өөрийн эзэмшлийн газрыг  хүүхдийн зуслангийн зориулалтаар ашиглах боломж нөхцлийг хангасан байх тус зуслангийн цогцолборт хамаарах барилга байгууламж, усны эх үүсвэр, дэд бүтэц инженерийн байгууламжуудын байршлыг хамруулан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахыг шаардах эрхтэй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлиийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.3, 23.4.4, Захиргаааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус компанийн эзэмшлийн “*******” хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны газар эзэмшүүлэх гэрээ, 00******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгасугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч СБДГЗБАнаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.НАСАНДЭЛГЭР

                                       ШҮҮГЧ                              Х.НЯМДЭЛГЭР

                                    ШҮҮГЧ                           О.ОЮУНГЭРЭЛ

 


[1] 2 дахь хавтаст хэргийн 162 дугаар хуудас

[2] 1 дэх хавтаст хэргийн 69 дүгээр хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 193 дугаар хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 211-216 дугаар хуудас