Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0688

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    “МА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Б.Б, В.О, О.Ё, гуравдагч этгээд Б.Ц-ийн өмгөөлөгч Н.М

Нэхэмжлэгч: “МА” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Б.Б, В.О, О.Ё, Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: ““МА” ХХК-ийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 688 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г , Н.О

Гуравдагч этгээд В.О

Гуравдагч этгээд Б.Б , түүний өмгөөлөгч П.С

Гуравдагч этгээд О.Ё гийн өмгөөлөгч Л.Н

Гуравдагч этгээд Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, өмгөөлөгч Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0183/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МА” ХХК-аас хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан ““МА” ХХК-ийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 688 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Шүүхийн тухай /2012 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “МА” ХХК-ийн эзэмшлийн Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрын талбайн хэмжээг 2004 оны Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2004 оны ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Б  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...“МА” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох нэхэмжлэлийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь “МА” ХХК-д 26 га газар олгосон тухай дүүрэг, нийслэлийн Засаг даргын шийдвэр огт байхгүй. Монгол улсын нутаг дэвсгэр газрыг Монгол улсын Засгийн газар болон аль нэг шатны Засаг даргын захирамжаар олгож, уг шийдвэрээр мэдээллийн санд бүртгэдэг хуультай байхад шүүгч М.Б-ийн шийдвэрээр мэдээллийн санд бүртгэхэд хүрч хууль ноцтой зөрчигдлөө.

 

3.2. “МА” ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 26 га газар эзэмших, ашиглах эрхийн акт, захирамж шийдвэр огт байхгүй байж хуурамч гэрчилгээ үндэслэж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах нэхэмжлэл гаргаж буй нь хууль бус нэхэмжлэл гэж үзэж байна. Маргаан бүхий газрыг анх БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн газар эдлүүлэх тухай 30 дугаар тогтоолоор Зөвлөлтийн сургуулийн пионерын зусланд 12 га газрыг эзэмшүүлэхээр шийдсэн байдаг. 

 

3.3. “Кадастрын зураглал газрын бүртгэл” төслийн хүрээнд 2004 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “СМ” группийн нэр дээр нэгж талбарын *******дугаарт 117289 мкв талбайг бүртгэж, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдээд өнөөг хүртэл талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд тус хүүхдийн зуслан 12 га газартаа бетонон хашаа барьж, эзэмшин ашиглаж байсан боловч өмч хувьчлалаар “СМ” групп хувьчлан авч 2004 оноос хойш одоог хүртэл 19 жил огт үйл ажиллагаа явуулаагүй, хүүхдийн эрх ашгийг хохироож үхмэл хөрөнгө болгосон атлаа бетонон хашаанаас гадна байгаа одоогоор зуслангийн зориулалтаар эзэмшин ашиглаж байгаа 500 гаруй айл өрхийн 3000 гаран иргэдийн эрх ашгийг хохироож шүүхтэй нийлж газрыг нь булааж авахыг санаархаж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй.

 

3.4. “МА” ХХК нотлох баримт болгоод байгаа ******* дугаартай гэрчилгээ, үүнийг үндэслэж хийсэн гэрээ нь Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйл болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тогтоолоор баталсан эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг ноцтой зөрчсөн, хүчин төгөлдөр бус баримт бичиг юм.

 

3.5. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 тоот захирамжид нэхэмжлэгчид 400 мкв газар эзэмшүүлэхээр шийдсэн гэх боловч уг захирамжийн эх хувь Сүхбаатар дүүргийн Тамгын газар болон архивт хадгалагдаагүй байна. Нэгэнт архивт хадгалагдаагүй бичиг баримтыг байгаа мэтээр дүгнэж шийдвэр гаргах боломжгүй. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд “МА” ХХК-д 26 га газар олгосон тухай бүх шатны Засаг даргын шийдвэр огт байхгүй байна. “МА” ХХК нь захиргааны байгууллагын хууль бус “эс үйлдэхүй” эсвэл “татгалзсан шийдвэр” актын талаар гомдол гаргах эрхтэй болохоос шат шатны Засаг даргын шийдвэр байхгүй байхад газрын мэдээллийн санд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргах үндэслэлгүй болно.

 

3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр хуудсанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Шарга морьтод байрлах 26 га газрыг нэхэмжлэгч буюу “МА холдинг” ХХК-д 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалттай эзэмшүүлсэн байна гэж огт худал дүгнэлт хийжээ. 2004 оны 154 тоот захирамжийн жинхэнэ ориг эх хувь архив болон хаана ч байхгүй байхад М.Б  шүүгч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй материалыг үнэлэн шийдвэр гаргасан нь буруу.

 

3.7. Шүүгч гэрээний хугацаа дуусаж, үйлчлэл нь зогсож эрх зүйн чадамжгүй болж, нотлох чадвараа алдсан “Ойн сан бүхий газрын байгаль хамгаалах, үйл ажиллагаа явуулах тухай” 2007 оны 11/01 тоот гэрээ, эвлэрлийн гэрээ, 2007 оны 235 дугаар шүүгчийн захирамжийг үнэлж, шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүйгээс гадна гэрээний хугацаа 2012 онд дууссан гэдгийг олж харахгүй байна уу эсвэл санаатайгаар нэг талд үйлчилж байна уу гэдэг хардлага төрүүлж байна.

 

3.8. ...“МА” ХХК 26 га газрыг эзэмших, ашиглах Засаг даргын шийдвэр байхгүй боловч БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1984 оны 30 дугаар тогтоолоор Зөвлөлтийн сургуулийн пионерын зусланд 12 га эзэмшүүлэхээр шийдсэн хөдөлшгүй баримт байгаа бөгөөд уг хэмжээгээр бетонон хашаа барьж хашаалсан ч одоог хүртэл үр дүнтэй ашиглалгүйгээс үхмэл хөрөнгө болгосон. Уг газрыг ашиглаж чадаагүй байж бетон хашаанаас 100 гаруй метр хол байгаа иргэдийн эзэмшлийн газрыг авахаар улайран хөөцөлдөж байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0688 тоот шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, эрх зүйн чадамжгүй, эрх зүйн чадамжаа алдсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0688 тоот шийдвэрийг хүчингүй болгож, “МА” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд В.О  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. “...Миний бие “МА” ХХК-ийг тус газрыг худалдаж авахаас өмнө өөрийн хамаатнуудын хамтаар зусланд гардаг байсан бөгөөд хуулийн дагуу эзэмшлийн гэрчилгээ гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандсан боловч хожим 2015 онд миний нэр дээр газар олгож, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон. Газрын тухай хуульд төрөөс газрын талаар “шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтална гэсэн атлаа “МА” ХХК-д 2004 оноос хойш огт хүүхдийн зуслангаар ашиглаагүй, ашиглах ч боломжгүй болсон барилгын бохирын шугамыг заавал эзэмшүүлэх ёстой гэдэг үндэслэлээр бодитоор 11 га газрыг ашиглаж байхад нь нэмж 26 га болгон эзэмшүүлэхээр шүүхийн шийдвэр гаргаж байгаа атлаа, надад олгосон зуслангийн 700 м.кв газрыг эзэмших эрхгүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

 

4.2. Шүүхээс “МА” ХХК-ийг 2004 оны зургаар газраа кадастрын мэдээллийн санд оруулах эрхтэй гэж үзэж байгаа бол тэнд 2004 оноос хойш газар эзэмшиж байгаа иргэдийн газар мөн давхцаж байгаа тул тэр иргэдийг ч мөн тус шүүх хуралдаанд оролцуулах ёстой байсан. Хуулиараа газрын алба нь Засаг даргын хууль ёсны шийдвэр буюу газар олгосон захирамжийг үндэслэн кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах ёстой байтал шүүхээс Засаг даргын хууль ёсны захирамжгүйгээр “МА” ХХК-ийн газрыг нэмэгдүүлэн кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруул гэж шийдсэн нь Сүхбаатар дүүргийн газрын албыг хууль зөрчсөн гэж шүүхээс шийдсэн гэж үзэхээр байна.

 

4.3. Хэрэгт авагдсан 26 га гэж заасан баримт нь Засаг даргын захирамжийн хавсралт байсан. Гэхдээ тэрийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас, газрын албанаас гаргаж өгөөгүй, уг газруудын архивт үзлэг хийсэн боловч дээрх 26 га гэсэн захирамжийн хавсралт байгаагүй байсан. Харин Сүхбаатар дүүргийн газрын албан ажиллаж байсан гэх хүнээс гарч ирсэн гээд “МА” ХХК нь нотариатаар батлуулж шүүхэд өгсөн байсан. Ийм баримтыг шүүх үнэлээд “МА” ХХК-ийг 26 га газар эзэмших эрхтэй гэж дүгнэж байгааг иргэн хүний хувьд байж болохгүй гэж үзэж байна. Тиймээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлэн, Газрын тухай хуульд заасан “шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг анхааран хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

Иймд шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “МА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд О.Ё  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

5.1. “...нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр шүүхийн тодруулсны дагуу 1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан эдэлбэр газрын схем зураг буюу 2004 оны эдэлбэр газрын схем зургаар кадастрын мэдээллийн санд оруулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсны дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв шүүхээс “МА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 26 га хэмжээгээр буюу 1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан эдэлбэр газрын схем зургаар кадастрын мэдээллийн санд оруулахаар даалгах тохиолдолд тус газарт газар нь давхцаж байгаа иргэдийг тус маргаанд оролцуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор шийдсэн гуравдагч этгээд нарыг оролцуулаагүй гэх үндэслэлийг дахин бий болгосон шийдвэр гаргасан.

 

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг огт тодорхойлоогүй. Хэрэгт 1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь талд эдэлбэр газрын схем зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь талд Top survey ХХК-ийн хийсэн нэгж талбарын байршлын кадастрын зураг авагдсан. Нэхэмжлэгч нь 1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь талд эдэлбэр газрын схем зургаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж, уг схем зургийн дагуу газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг даалгах шаардлага гаргаж байгаа тохиолдолд шүүхээс хэргийн оролцогч нарын газрын давхцлыг тодруулах ажиллагаа хийх ёстой байсан.

 

5.3. Гэтэл гуравдагч этгээд нарын оролцож байгаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх нотлох зарчимд нийцэхгүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь “гэрээ, гэрчилгээнд заасан 26 га хэмжээгээр кадастрын мэдээллийн санд оруулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан чухал ач холбогдолтой ажиллагааг хийгээгүй.

 

5.4. Нэхэмжлэгчээс “МА ХХК-ийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл шүүхээс хариуцагчийн ямар эс үйлдэхүй гаргасан, тэр нь ямар хууль журам зөрчсөн болон нэхэмжлэгчийн хуулиар олгосон ямар субьектив эрх зөрчигдөж байгаа талаар огт дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” байх зарчимд нийцэхгүй байна. 

 

5.5. Анхан шатны шүүхээс “МА” ХХК-ийн 2004 онд хийлгэж байсан гэх газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, 2004 оны газар эзэмших гэрээ, гэрчилгээ, ямар ч он саргүй, хэдий хэмжээний газар эзэмших хүсэлт гаргаж байгаа нь тодорхойгүй хүсэлтийг үндэслэн уг баримтуудаар “МА” ХХК нь анх дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамжаар газар эзэмшихдээ 26 га хэмжээтэй газар эзэмшсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.

 

5.6. Хавтас хэрэгт буюу 2 дугаар хавтаст хэргийн 136-163 дугаар хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 47-69 дугаар хуудсанд хоёр төрлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №154 дугаар захирамж авагдсан байгаа болно. Хоёрдугаар хавтаст хэргийн 136-163 дугаар хуудсанд авагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамж нь Сүхбаатар дүүргийн газрын албанаас гаргаж өгсөн захирамж бөгөөд “МА” ХХК-д 26 га эзэмшүүлээгүй байдаг.

 

5.7. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх нь эхлээд хүсэлт гаргаж, Засаг даргын захирамж гарч үүний дараа гэрээ гэрчилгээ нь уг Засаг даргын захирамжид үндэслэн олгогддог хуулийн зохиуцуулалттай. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар “МА” ХХК-д 26 га газрыг олгосон Засаг даргын захирамж байхгүй болох нь тодорхой байгаа.

 

5.8. Хэрэгт авагдсан холбогдох баримтаар нэхэмжлэгч нь 26 га газрын эзэмших эрхтэй эсэх асуудал нь тодорхой биш, нотлогдохгүй байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан, хууль ёсны дагуу газар эзмших эрх олж авсан, газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа иргэдийг илтэд хохироосон шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна.

 

5.9. Түүнчлэн энэ хэрэгт авагдсан “МА” ХХК-ийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 12 га газар түүн дээр байрлах зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан байх бөгөөд яагаад 26 га газраар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ авсан юм. Цаашлаад хариуцагч байгууллага буюу газар эзэмших эрх олгох эрх бүхий газраас нь “МА” ХХК-д 26 га газар эзэмших эрх олгоогүй гэж шүүхэд албан бичгээр хүргүүлсэн байхад шүүхээс 26 га газар эзэмших эрхтэй гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 ны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “МА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

6. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Ц-ийн өмгөөлөгч Н.М  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

6.1. “...Хэргийн 2 дахь хавтасны 100 дугаар талд МА холдингоос Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт хандсан “Шарга морьт дахь Дружба зуслангийн нутаг дэвсгэр болох манай эдэлбэр газрыг баталгаажуулж өгнө үү” гэх агуулгатай хүсэлт байх бөгөөд уг хүсэлтэд эзэмших газрын хэмжээ тодорхойгүй байдаг. Уг албан бичиг дээр “Батцэрэнд: Захирамжийн төсөлд оруулах ... газрын хэмжээ 26 га” гэх цохолт хийгдэж гарын үсэг зурагдсан байх боловч уг гарын үсэг хэнийх болох нь тодорхойгүй. Гэвч хэргийн 1 дэх хавтасны 12 дугаар талд байгаа “МА” ХХК-ийн газрын баталгаат хэмжээт тогтоосон акт” гэх баримтад гарын үсэг зурсан Газар зохион байгуулагч П.Б гийн гарын үсэгтэй ижил харагдаж байна. Харин уг гарын үсэг 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжид зурагдсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Э ын гарын үсгийн хэв огт өөр харагдаж байна.

 

6.2. Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “баталгаат хэмжээ тогтоосон акт”, “МА” ХХК-иас гаргасан хүсэлтэд 26 га ...” гэж цохолт хийсэн тэмдэглэл нь 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж гарахаас өмнө үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.  Түүнчлэн гэрч А.Н  нь “... Эхлээд захирамжийн төсөл орж ирэхдээ 26 га гэж бичсэн байсан бөгөөд уг газрын хувийн хэргийн материал байхгүй байсан. Тэгэхээр нь уг хяналтанд байсан захирамж дээр холбогдох материалыг хянуул гэж буцааж байсан” гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл, гэрч А.Н н мэдүүлгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж, түүний хавсралтын төсөлд “МА” ХХК-д анх 26 га газар эзэмшүүлэхээр тусгагдсан байсан боловч эл төсөл нь Засаг даргаас буцаагдсан болох нь тогтоогдож байна.

 

6.3. Ийнхүү захирамжийн төсөл буцаагдсаны дараа холбогдох материалуудыг нягтлан шалгаад тус компанид 26 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт бусад нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн ““МА” ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар ...Шарга морьтод 26 га газрыг эзэмшүүлсэн” гэх дүгнэлт эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

 

6.4. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...154 дүгээр захирамжийн хавсралт нь хэрэгт хоёр өөрөөр авагдсан байх хэдий ч захиргааны байгууллагын энэхүү зохион байгуулалтгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь уг захирамж хоёр өөр хавсралттай гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд дээрх захирамж, хавсралтын хуулбар хувь хадгалагдсан байсныг хариуцагч нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг хувь дээр “МА Холденг” ХХК-д 0,04 га газрыг эзэмшүүлэх тухай тусгагдсан байдаг.

 

6.5. Харин нэхэмжлэгч “МА” ХХК-ийн хүсэлтээр гэрчээр асуугдсан А.Н  нь ямар ч тамга, тэмдэггүй, уг хавсралтыг үйлдсэн эрх бүхий албан тушаалтан, байгууллагаар албажаагүй, ноорог хувийг гаргаж өгсөн. Үүнийг дээрх 154 дүгээр захирамжийн хавсралт гэж үнэлэх үндэслэлгүй бөгөөд уг баримтыг гаргаж өгсөн гэрч А.Н  нь ч мэдүүлэгтээ “...Хяналтанд байсан захирамжийн төслийг би .... “МА” ХХК-ийн захиралд хувилж өгөхдөө тухайн тайлбарыг бичиж өгсөн” гэж мэдүүлснээр 154 дүгээр захирамж хоёр өөр хавсралттай гэх шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.

 

6.6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангах бас нэг үндэслэл болгон үнэлсэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/207 дугаар шинжээчийн дүгнэлт нь “МА” ХХК-ийг 26 га газар эзэмших эрхтэй гэдгийг шууд тогтоосон, хэрэгт хамааралтай нотлох баримт биш гэж үзэж байна. Учир нь газар дээр барилга байгууламж баригдсанаар дагалдаж тухайн газрыг ашиглах, эзэмших эрх үүсэхгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байшингууд нь ОХУ-ын Дружба зуслангийн үед баригдсан барилгууд бөгөөд тус зуслан нь эзэмшил газрынхаа хил хязгаарыг зөрчсөн, хэмжээг хэтрүүлсэн ч байж болох тул “МА” ХХК нь бодитоор 26 га газрыг эзэмшиж байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

6.7. Мөн Гуравдагч этгээд Б.Ц , О.Ё  нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0231 дугаар шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2023/0376 дугаар магадлал нотлох баримтын шаардлага хангагдсан байдлаар авагдсан байхад эдгээр баримтуудыг анхан шатны шүүхээс огт үнэлээгүй, харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар Эвлэрлийн гэрээг баталсан захирамжийг үндэслэн “гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцэхгүй” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд эл дүгнэлт нь дээрх шийдвэр, магадлалыг хэрэгжүүлэхэд зөрүүтэй байдал үүсгэх сөрөг үр дагавартай байна.

 

6.8. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “...газрыг 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нь захиргааны акт гаргахаас татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Тодруулбал, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь газрын харилцааны талаархи дүүргийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй байгууллага бөгөөд дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийн хавсралтад “МА” ХХК-д 26 га газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй байхад нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг 26 га болгож кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй. Хэрвээ 154 дүгээр захирамжийн хавсралт үг, үсгийн алдаатай гэж үзвэл зөвтгүүлэх тухай хүсэлтээ тухайн захирамжийг гаргасан Засаг даргад хандах шаардлагатай. Түүнчлэн Дружба зуслангийн эзэмшиж байсан 117289 м.кв газрыг “МА” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байх тул уг Дружа зусланг худалдаж авснаар газар эзэмших эрхтэй болсон гэх нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй байна. Хууль ёсоор үүссэн эрх хуулиар хамгаалагдах ёстой.

 

6.9. 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрчилгээний дагуу “МА” ХХК-ийн 26 га газар эзэмших эрх үүссэн гэж үзвэл тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон байна. Гэтэл нэхэмжлэгч “МА” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээнийхээ хугацааг сунгуулах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн дагуу гаргаагүй болох нь хариуцагчийн бичгийн болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбараар нотлогддог. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол” газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд ийнхүү газар эзэмших эрх дуусгавар болсноор газар чөлөөлөх ажиллагаа явуулах үндэслэл шууд бүрдэхээр тус хуулийн 41 дүгээр зүйлд заажээ. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ямар нэг захиргааны актыг гаргаагүй байх тул гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль дээдлэх зарчимтай нийцэхгүй байна.

 

6.10. ...Гуравдагч этгээд Б.Ц д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжаар Шарга морьтод 700 м.кв газар эзэмшүүлэх үед түүнд эзэмшүүлсэн газар нь “МА” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн 117289 м.кв газартай давхцаагүй байсан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0231 дугаар шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2023/0376 дугаар магадлалаар тус тус тогтоож холбогдох дүгнэлтүүдийг хийсэн байхад анхан шатны шүүх нь тус шийдвэр, магадлалыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар “МА” ХХК-д гуравдагч этгээд нараас өмнө газар эзэмших эрх үүссэн гэж дүгнэсэн.

 

6.11. Анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн 23.4.3, 23.4.4 дэх заалтуудыг шийдвэрийнхээ Тогтоох хэсэгтээ баримталсан. Гэвч тус хуулийн 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж сум, дүүргийн газрын албаны эрх хэмжээг заасан боловч уг заалт нь Газрын тухай хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх тухай захирамж гарснаар хэрэгжих заалт юм. Гэтэл дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчид 26 га газар эзэмшүүлээгүй 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх тул уг заалтыг хэрэглэж 26 га газрыг координатжуулах, кадастрын мэдээллийн санд бүртгэх үндэслэл, нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын             гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үүнд:

 

2.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийсэн боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2.2. Нэхэмжлэгч “МА” ХХК нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “МА ХХК-ийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.3. Харин дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжийн[1] хавсралтын 844 дүгээрт “МА холдинг” ХХК-д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод байрлах 26 га газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр, мөн ижил огноо, дугаар бүхий захирамжийн[2] хавсралтын 852 дугаарт “МА холдинг” ХХК-д уг хаягт 0.04 га газар эзэмшүүлэхээр буюу хоёр өөр хэмжээгээр олгогдсон дүүргийн Засаг даргын зөрүүтэй шийдвэрүүд хэрэгт авагдсан.

2.4. Энэхүү захирамжийн нэхэмжлэгчид 26 га газар эзэмшүүлсэн хувилбарыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гэрч А.Н гээс гаргаж гуравдагч этгээдэд өгсөн, харин 0,04 га газар эзэмшүүлсэн хувилбарыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд гаргаж өгсөн, түүнчлэн шүүхийн бичиг баримтын үзлэгээр уг захирамж хариуцагчийн архив, бичиг хэрэгт хадгалагдаагүй болох нь тогтоогдсон байна.  

2.5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/844 дүгээр албан бичигт “...18645329339814 нэгж талбарын дугаартай газар нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд анх 2006 онд 117289 м.кв талбайтайгаар “СМ груп” ХХК-ийн нэр дээр бүртгэгджээ. 2006 оноос хойш дээрх нэгж талбарт байршил болон талбайн өөрчлөлт ороогүй ч Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2015 оны 10 дугаар сарын архивт “МА” ХХК-ийн нэр дээр өөрчлөгдөж бүртгэгдсэн байна” гэх хариуг ирүүлсэн.

2.6. Мөн дээрх газарт гуравдагч этгээд Б.Б од Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт хаягт байрлах, 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эзэмших эрхийн 0356607 дугаар гэрчилгээ,

гуравдагч этгээд Б.Ц д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт хаягт байрлах, нэгж талбарын 18645329705761 дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зуслангийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эзэмших эрхийн 000511300 дугаар гэрчилгээ,

гуравдагч этгээд О.Ё д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт хаягт байрлах, нэгж талбарын 18645329734765 дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зуслангийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эзэмших эрхийн 000511299 дугаар гэрчилгээ,

гуравдагч этгээд В.О т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/31 дүгээр захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт хаягт байрлах, нэгж талбарын 18645329649670 дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эзэмших эрхийн 000540007 дугаар гэрчилгээ тус тус олгогджээ.

2.7. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гээд 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зааснаар дүүргийн Засаг даргаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн дүүргийн хэмжээний газрыг эзэмшүүлэх хуулийн зохицуулалттай.

 

2.8. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “МА” ХХК-иас 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14/11 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Амарсайхан, Засаг дарга Б.Баярмагнай, Газрын албаны дарга Ж.Батсайхан нарт хандаж “...Бид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 тоот захирамжаар олгогдсон ******* тоот гэрчилгээгээр 26 га газрыг эзэмшдэг, ...Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн газрын албатай...хүүхдийн зуслангийн эдэлбэр газрын эргэн тойронд 500 м хүртэл газарт дахин олголт хийхгүй байхаар тохиролцсон, ...дээрх гэрээнд заасан үүргээ зөрчиж газар олгосон асуудал байгаа эсэхийг шалгаж, зөрчил байгаа бол ...газар олгосон шийдвэр, газрын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох арга хэмжээг нэн даруй авч, гэрээний үүргээ биелүүлнэ үү” гэх агуулга бүхий гомдол гаргасанд Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 562 дугаартай албан бичгээр “...дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж гэж гараагүй, ...Иймээс танай байгууллагад 1-рт газар эзэмших эрхгүй байхгүй байна. 2-рт: Танай байгууллага хүүхдийн зуслангийн зориулалтаар газраа ашигладаггүй, газар эзэмших гэрээгээ сунгуулаагүй, кадастрын зургийн хэмжээ захирамжгүй бичигдсэн гэрчилгээний талбай зөрүүтэй зэрэг зөрчилтэй байгааг албан ёсоор анхааруулж байна. 3-рт: Нийслэлийн байгаль хамгаалах газар, Мэргэжлийн хяналтын газар, Ойн нөхөрлөл байгуулах тухай дүгнэлтүүдийг тус тус үндэслэн танай байгууллагын эзэмшлийн гэх газрын гадна талд эдгээр иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн” гэж,

Мөн Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 365 дугаар албан бичгээр Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлсэн тайлбартаа “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамжаар “МА” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гараагүй бөгөөд “МА холдинг” гэдэг нэрээр Шарга морьт зусланд зуслангийн зориулалтаар 0.04 га хэмжээтэй 15 жилийн хугацаатай гарсан байна, ...манай албаны гэрчилгээ олголтын дэвтэр дээр “МА” ХХК-д 15 дугаар хороо, Шарга морьтын зусланд 2004 оны 154 дүгээр захирамжаар 260.000 м.кв газрын 15 жилийн хугацаатай ******* тоот гэрчилгээг хүлээж авсан хүний гарын үсэггүйгээр бичилт хийгдсэн байна, ... Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамжаар “МА” ХХК-д газар эзэмшүүлээгүй байна” гэж,

Сүхбаатар дүүргийн Тамгын газраас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3/2640 дүгээр албан бичгээр “МА” ХХК-д хүргүүлсэн тайлбартаа: “...дүүргийн Засаг даргын 2004 оны 154 тоот захирамжийг архивын цахим сангаас шүүн үзэхэд хадгалагдаагүй байгаа тул лавлагаа олгох боломжгүй, 2004 оны 163 тоот захирамжийн хавсралтад “МА” ХХК-д олгосон газар байхгүй байгаа тул лавлагаа олгох боломжгүй” гэж,

Нийслэлийн архивын газрын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/746 дугаар албан бичгээр “...манай Архивын хөмрөгт хадгалагдаж буй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2004 оны баримтыг шүүн үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамж хадгалагдаагүй болно” гэсэн байх бөгөөд тус архивын 5011 дугаартай лавлагаагаар олгосон Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2004 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх архивын баримтад Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж дугаар: 152-253, дутуу: 154 гэж,

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1974 дугаар албан бичигт “...“МА” ХХК болон “TOPSURVEY” ХХК нарын хооронд байгуулсан 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Кадастрын зургийн ажил гүйцэтгэх тухай” гэрээний дагуу хийгдсэн гэх “МА” ХХК-ийн нэгж талбарын байршлын кадастрын зураг дахь 12 цэгийн солбицлын утгаар газрын байршил тодорхойлон зураглахад уг кадастрын зураг дахь газрын хэлбэр, хэмжээ зөрүүтэй байх тул өөр иргэн, аж ахуй нэгжтэй давхцалтай эсэхийг тодорхойлох боломжгүй байна” гэсэн агуулга бүхий албан бичгүүд нотлох баримтаар авагджээ.

 

2.9. Мөн шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивт хийсэн архив, бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлээр 1013 тоот гэрчилгээний журналд ААН гэх дугаар дээр “МА” ХХК, захирамжийн дугаар 2004.07.28/154, гэрчилгээний дугаар 00476464, олгосон он, сар, өдөр 2004, газрын хэмжээ 260.000, ашиглах хугацаа 15 гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд хүлээн авсан гарын үсэггүй хадгалагдсан болох нь тогтоогдсон байна.

 

2.10. Хэдийгээр “МА ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээ 26 га гэж тэмдэглэгдсэн, мөн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/207 дугаар шинжээчийн дүгнэлтээр “... захирамжид “МА ХХК-ийн Дружба зуслангийн хойд талд байрлах зуслангийн удирдлага, багш нарын хоёр модон байшин, зүүн талд байрлах зуны байрны суурь зэрэг...объектууд нь нэгж талбарын 18645329339814 дугаартай 117289 м.кв талбайн гадна буюу 2008 онд “Топсүрвей” ХХК-ийн үйлдсэн 26 га талбай бүхий кадастрын зураг дотор байрлаж байна гэж дүгнэснийг шүүх шууд үнэлэх боломжгүй.

2.11. Тодруулбал, нэгэнт бодитоор нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон гэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжуудад газрын хэмжээ зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсон төдийгүй “МА” ХХК-д 26 га газар эзэмших эрхийг олгосон болох нь хөдөлбөргүйгээр тогтоогдохгүй байхад шүүх хэрэгт авагдсан дүүргийн Засаг даргын зөрүүтэй захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн газрын хэмжээг 26 га газраар кадастрын мэдээллийн санд оруулахыг даалгах буюу нэхэмжлэгчээс тодорхойлсончлон “МА ХХК-ийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгах” шаардлагыг шийдвэрлэх хангах боломжгүй юм.

2.12. Учир нь хариуцагч захиргааны байгууллагаас “Сүхбаатар дүүргийн Засаг даргын дээрх захирамж нь хууль бус, нэхэмжлэгчид 26 га газрыг эзэмшүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд газрын талаарх дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг шүүх хэрэгжүүлэх үндэслэлгүй.

2.13. Нөгөөтэйгүүр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжаар “МА” ХХК-д олгосон гэх дээрх 26 га газартай давхцалтай гэсэн үндэслэлээр Б.Ц , О.Ё  нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд улмаар гуравдагч этгээд О.Ё , Б.Ц  нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан тус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 376 дугаар магадлалаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 326 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар уг магадлал хүчин төгөлдөр болсон байна.

2.14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ “...МА ХХК нь ямар үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг 26 га хэмжээтэйгээр олгосон болох, ийнхүү газрын хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой хүсэлт, холбогдох баримтыг ...захиргааны байгууллагад хандан гаргасан эсэх, тухайн хүсэлтэд 26 га талбайг одоогийн газрын кадастрын мэдээллийн санд орсон шиг нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхацсан байдлаар тодорхойлсон байсан эсэх, ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамжийн хавсралтын 852 дугаарт МА холденг, 0.04 гэж бичсэн байхад гуравдагч этгээдээс нотлох баримтаар гаргаж өгсөн мөн захирамжийн хуулбар гэх баримтын 844-д МА холденг, 26 /га/ гэж зөрүүтэй бичигдсэний аль нь үнэн зөв болох, ...захиргааны байгууллагуудаас шүүхэд удаа дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамж 0.04 га гэсэн хэмжээтэй гарсан, ийм захирамж огт гараагүй гэж мөн зөрүүтэй тайлбарыг ирүүлж байсан. Мөн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 154 дүгээр захирамжийн хувь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архив, бичиг хэрэгт хадгалагдаагүй, дээрх дугаар бүхий захирамж архивын баримт бичгийн товьёогт тэмдэглэгдээгүй зэрэг нөхцөл байдал нь шүүхээс тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүйд хүргэж байна” гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас энэхүү үйл баримтыг нягтлан судалж, гуравдагч этгээд нарын тус газрын маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад “МА” ХХК-ийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

2.15. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх эрхийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа энэхүү бодитоор үүссэн нөхцөл байдлыг шинжлэн судалж, зөв тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч нь хуулийн хүрээнд хэдэн м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг нарийвчлан тогтоож холбогдох шийдвэрийг гаргаж, үүний дагуу олгогдсон газрын хэмжээ заагийг тэмдэгжүүлж, координатжуулах зэргээр кадастрын зургийг үйлдэж газрын мэдээллийн нэгдсэн санд оруулах нь зүйтэй.

2.16. Түүнчлэн, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 235 дугаартай захирамжаар “МА” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Оросын хүүхдийн Дружба зуслангийн эзэмшил газар болон ойн сан бүхий эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 метр хүртэл газарт газар олгож буй Сүхбаатар дүүргийн Засаг даргад цаашид шинээр газар олгохгүй байх талаар зохих акт гаргахыг даалгах, ойн сан бүхий газарт хашаа сууц барьсан иргэдэд зуслангийн газар хувьчлах талаарх асуудлыг зогсоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байх бөгөөд уг шийдвэрээр “МА” ХХК-д 26 га газрыг эзэмшүүлсэн болохыг тогтоосон үйл явдал биш юм.

2.17. Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2004 оны кадастрын зургийн дагуу газрын кадастрын мэдээллийн санд зөвтгөж оруулахыг даалгах гэх боловч уг кадастрын зурагт газрын хэмжээ зөрүүтэй төдийгүй ямар цэг, координатыг үндэслэн даалгах эсэх нь тодорхойгүй, зургийг давхцуулсан байдлаас харахад дээр дурьдсан гуравдагч этгээдүүдээс өөр иргэдийн газартай давхцалтай байж болзошгүй байгааг дурдах нь зүйтэй.

2.18. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон маргаан бүхий акт зөрүүтэй, анх хэдэн м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эсэх нь ойлгомжгүй, үүнээс хамааран гуравдагч этгээд нарт олгосон газар нь нэхэмжлэгчийн газартай давхцалтай эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус зааснаар захиргааны байгууллага, өмнө гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөх боломжтой учир “МА” ХХК-ийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгах энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийн хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин хянаж, нягтлах замаар энэ бүх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзлээ.

2.19. Нэхэмжлэгчээс ““МА” ХХК-ийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч уг газрыг эзэмшүүлэхээр олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийн хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинээр акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн асуудал огтоос биш бөгөөд нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хариуцагч хуульд заасан эрхийн хүрээнд албан ёсоор шийдвэрлэх, үүнээс үүдэлтэй бусад гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, дахин маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр бодитой, биелэгдэх боломжтой нөхцөл байдлыг бий болгох ач холбогдолтой.

2.20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар “МА” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг хариуцагчаас дахин шалгаж холбогдох хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжийн хавсралтын 844, 852 дугаарт дурдсан /26 га, 0.04 га/ “МА” ХХК-д холбогдох хэсгүүдийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 688 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг удирдлага болгон 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МА” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “МА” ХХК-ийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжийн “МА” ХХК-д холбогдох хэсгүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжийн “МА” ХХК-д холбогдох хэсгүүд тус тус хүчингүй болгохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           б.тунгалагсайхан

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 47-69 дүгээр тал

[2] 2-р хавтаст хэргийн 136-162 дүгээр тал