Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 030

 

Ч.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаар цагаатгах тогтоолтой, Ч.Ж-т холбогдох 1813002450164 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Т.Костёр нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1999 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..... дугаар багийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Ч.Ж /РД: 000000/ нь нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орших Ж.Б-ийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 120,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг казах үндэсний орны аравч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаар цагаатгах  тогтоолоор Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ж-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Ч.Ж-ийг цагаатгасугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч төдий хазайхгүй биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтрэн үйлдэж бага хэмжээний хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулж байхаар хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт хуульчлан тайлбарлаж Эрүүгийн хуульд тусгасан байгаа. Хууль тогтоогчийн энэхүү тайлбар нь хэм хэмжээ тогтоосон /норматив/ эрхийн хэм хэмжээний албан ёсны тайлбар бөгөөд тухайн эрхийн актыг практикт хэрэглэхэд хуулийн адил заавал баримтлах ёстой.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний хувьд хохирлын хэмжээнд хүрээгүй боловч орон байранд нэвтэрсэн хулгайн үйлдлийг үйлдлээр нь хүндрүүлэн зүйлчилнэ. Шүүгдэгч Ч.Ж нь бусдын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 120000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учруулаагүй гэж шүүх хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний орон байрны халдашгүй байдлыг баталгаажуулсан бөгөөд энэхүү халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар хэн ч байсан хэний ч хувийн орон байрны халдашгүй байдалд халдах ёсгүй. Тийм оролдлого халдлагын эсрэг хуулиар хамгаалуулах эрхтэй гэж заасан байна. Дээрх байдлаас үзэхэд бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж хүний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байгаа санаатай үйлдлийн нийгмийн хор аюулын хир хэмжээ асар их бөгөөд Эрүүгийн хууль төдийгүй Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцээр хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэг нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдах учиртай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 34.5 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гэтэл гэм буруугийн шүүх хуралдааны явцад Ч.Ж болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хөнгөн ял оногдуулахыг хүсэж байсан ба шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэх зүйл огт яригдаагүй, талуудын дунд энэ талаар мэтгэлцээн явагдаагүй, шүүх хуралдаан даргалагчийн зүгээс уг асуудалд чиглүүлж мэтгэлцэх боломж олгоогүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлыг хөндөж хэргийг цагаатгасан нь нэг талаар улсын яллагчид гэмт хэргийг нотлон мэтгэлцэх боломж олгоогүй гэж үзэхээр байна.  

Иймд Ч.Ж-т холбогдох Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчил гаргасан байна.

 

Шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулийн дотуур байрны ертөнцийн зүгээр зүүн хэсэгт нь оршин суух Ж.Б-гийн хашаан доторх эсгий гэрт буюу бусдын орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг казах үндэсний орны аравч хулгайлж нийт 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 125 дугаартай яллах дүгнэлт, шүүхэд тус хэргийн шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Ж-ийн гэм бурууг хянан хэлэлцээд гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 120.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учирсан гэж дүгнэхээргүй тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Ж-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ч.Ж нь 1 удаагийн үйлдлээр бусдын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, гэрээс эд зүйл хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг агуулахаар байна.

 

Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “иргэний хувийн ба гэр бүл, ...орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч хазайхгүй биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг. 

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтрэн үйлдэж бага хэмжээний хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар хууль тогтоогч хуульчлан тайлбарлаж Эрүүгийн хуульд тусгасан нь хуулийг тайлбарлах, хэрэглэх талаар эргэлзээ үүсгээгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ч.Ж-т холбогдох эрүүгийн 1813002450164 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

           

                                                                                                            Д.МӨНХӨӨ