Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 65

 

“ТДЛБЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0785 дугаар магадлалтай, “ТДЛБЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.5, 19.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТДЛБЧ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “ТДЛБЧ” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгажээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0785 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0785 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахааар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр, магадлалын Үндэслэх хэсэгт “хариуцагч “хүсэлт гаргасан талбайн давхцаагүй хэсэгт шууд өргөдөл бүртгэх ойлголт биш бөгөөд цахим систэмээс өргөдөл бүртгүүлэхээр дахин дугаар авч өргөдөл гаргах эрхтэй” гэсэн хариуг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6/8052 дугаар албан бичгээр өгч татгалзсан нь давхцаагүй талбайд түрүүнд өргөдөл гаргасан этгээдийн хувьд өргөдлийн дарааллыг шалгах шаардлагагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

1. Нэхэмжлэгчийн гаргасан талбай нь уг өргөдлөөс түрүүлж ирүүлсэн ХА-019317 дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байгаа нь хэрэгт авагдсан зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолт болон 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6/8052 дугаар албан бичиг, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас зэргээр тогтоогдсон.

2. Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул дээрх зүйлүүдийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр “ТДЛБЧ” ХХК-ийн NE-026366 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэж, давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх гэж заасны дагуу 2015 оны
10 дугаар сарын 12-ны өдрийн 6/7991 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

3. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эмх цэгцтэй, зохион байгуулалтай, ил тод, шударгаар өрсөлдөх зарчмыг хангах үүднээс Ашигт малтмалын газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг баталж, 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлсийг тогтоосноор нэг хуулийн этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн олон өргөдлийг нэг дор гаргаснаас болж хэт давуу байдал бий болдог байсныг бууруулснаар бусад этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах боломжийг олгож байгаа юм.

4. Иймд нэхэмжлэгчид уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах боломжтойг мэдсээр атал өнөөдрийн байдлаар дахин өргөдөл гаргаагүй байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан өргөдөл гаргасан этгээд ... давхцаагүй хэсэгт шууд өргөдөл гарган шийдвэрлүүлэх ойлголт биш бөгөөд бусад өргөдөл гаргагч этгээдтэй шударгаар ижил түвшинд өрсөлдөн, өөртөө давуу эрхийг зохиомлоор бий болгоогүй, цахим системээр бүртгүүлэн дугаар дахин авч өргөдөл гаргах эрхийг зохицуулсан ойлголт юм.

5. Хэрэт хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах хүртэл тухайн талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй бөгөөд харин хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу давхцалгүй талбайд хэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0785 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хариуцагч гомдолдоо “нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул дээрх зүйлүүдийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр “ТДЛБЧ” ХХК-ийн NE-026366 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэж, давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/7991 дугаар албан бичгээр мэдэгдсэн” гэх боловч маргаан бүхий актыг шалгавал нэхэмжлэгчийн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан болох нь тодорхой байна.

Үүгээр хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан “... давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх...” гэсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөн байна. Иймд энэ талаар хийсэн шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн хариуцагч гомдолдоо “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах хүртэл тухайн талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй бөгөөд харин хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу давхцалгүй талбайд хэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан” гэж маргаж байна.

Гэвч нэхэмжлэгчийн хувьд давхцалгүй талбайдаа “хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн” байх бөгөөд тухайн талбай нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “...энэ тухай дахин өргөдөл гаргах” гэснийг “цахим системээр бүртгүүлэн дахин дугаар авч өргөдөл гаргах” гэж тайлбарлах боломжгүй. Учир нь, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “давхцаагүй талбайдаа хамгийн түрүүлж өргөдөл гаргасан” эрх нь үгүйсгэгдэхээр байна.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0785 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                                 Г.БАНЗРАГЧ