| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2018/0000/Э |
| Дугаар | 031 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 031
Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, аймгийн прокурор Т.Батсүх, шүүгдэгч Ж.Б-ий өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ө.Ж-ийн өмгөөлөгч Т.Бахыт, хохирогч Н.Ж, Х.Х, хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч хэлмэрч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нарыг оролцуулан,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 201604000170 дугаартай 7 хавтаст хэргийг хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Баяннуур суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Е овогт Ж-н Б, РД:00000.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ө.Ж РД:00000.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эхнэр, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А.Т РД:000000.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 11 дүгээр сарын 9-ний өдөрБаян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Т, РД:0000000.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1948 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 70 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, эхнэрийн хамт Баяннуур сумын дүгээр багт оршин суудаг, урьд яд шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С.А.
1. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэдэг газраас 2015 оны 10 дугаар сард машин механизм /шүүгдэгч Ж.Б-ий фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ шунахайн сэдэлтээр хохирогч С.А-ыг малаа оторлож байхад хоттой хониноос нь бэлчээрээс нь таслан 4 эр хонийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг “Ү” гэдэг газраас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд машин механизм ашиглаж /шүүгдэгч Ж.Б-ий фургон маркийн тээврийн хэрэгслийг/ хохирогч Н.Ж-ийн хээр зүсмийн 1 азарга, цавьдар зүсмийн 2 гүү, хохирогч Ш.Х-ы хээр зүсмийн 1 гүү, эзэнгүй 1 алаг гүү, нийт 5 адууг бэлчээрээс нь хулгайлан нядалж хохирогч Н.Ж-т 2.900.000 төгрөг, хохирогч Ш.Х-д 650.000 төгрөг, Б сумын төрийн санд 650.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний орчимд тус аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг “Ө” гэдэг газар хохирогч А.Ж-ын хул зүсмийн 1 морь, хохирогч И.У-ы хээр зүсмийн 1 морийг тус тус хулгайлж А.Ж-т 600.000 төгрөгийн, И.У-д 600.000 төгрөгийн хохирол, нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
4. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн хооронд машин механизм ашиглаж /шүүгдэгч Ж.Б-ий фургон маркийн тээврийн хэрэгслийг/ Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “С” гэдэг газраас хохирогч М.С-ын 4 эм хонийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “З” гэдэг газраас 2015 оны 12 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд машин механизм ашиглаж /Б-ий дүү Ж.Бе-ын мотоциклыг/ хохирогч Ж.М-ын Ф-А тамгатай зээрд морь, Ф-0 тамгатай хүрэн морь, бүгд 2 морийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч А.Т, Т.Т нар бүлэглэн Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “С” гэдэг газраас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Е.Е-ы өвөлжөө дэх байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч дотроос нь 8 кг ноолуурыг хулгайлж 304.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Шүүгдэгч Ө.Ж нь 2015 оны 11 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн иргэн X.С-ийн хүрэн зүсмийн даагыг мөн багийн иргэн X.М-ын адуун дотроос хулгайлж хохирогч Х.С-д 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. С.А нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд “Би ямар нэгэн хонь алга болгоогүй” гэж хэлсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн “А.Т, Т.Т нар таниас 4 хонь хулгайлсан гэж хүлээн зөвшөөрч надад 4 эр хонь өгсөн” гэж мэдүүлснээс эсрэг мэдүүлэг өгсөн нь хохирогчийг байцаасан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэгт Эрүүгийн хуулийн 254.1 дүгээр зүйл “Худал мэдүүлэг өгөхгүй” байх талаар сануулж гарын үсэг зуруулахад мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч С.А-ыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Т-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Т-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Ж-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-ыг 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан торгох ялыг 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
7. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Т-ийн цагдан хоригдсон 85 хоног, шүүгдэгч А.Т-ий цагдан хоригдсон 92 хоног, шүүгдэгч Ө.Ж-ийн цагдан хоригдсон 26 хоног, шүүгдэгч Ж.Б-ий цагдан хоригдсон 7 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Т.Т-ийн хар өнгийн илгэн материалаар хийсэн улаан хүрэн өнгийн үргэлж ултай 1 хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Б-ий гэр бүлийн дундын өмч болох “Исузу Бикорн" маркийн тээврийн хэрэгсэл, /эхнэр Н.Г-ны нэр дээр байгаа/ гэр бүлийн хэрэгцээний 5000 м.кв газар, 200 м.кв талбайтай 2 давхар байшин, нас бие гүйцсэн морь 4, нас бие гүйцсэн эм үхэр 4, эр үхэр 4, эр хонь 10, эм хонь 10, сэрх 10, шүүгдэгч Ө.Ж-ийн нас бие гүйцсэн морь 3, гунан морь 2, эм үхэр 1, эр үхэр 1, эр хонь 10, эм хонь 10, сэрх 10, шүүгдэгч А.Т-ий нас бие гүйцсэн морь 2, гунан морь 2, эм үхэр 1, эр үхэр 1, эр хонь 5, эм хонь 5, сэрх 10, шүүгдэгч Т.Т-ийн нас бие гүйцсэн морь 2, гунан морь 2, эм үхэр 1, эр үхэр 1, эр хонь 8, эм хонь 8, 10 сэрх зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, прокурорын дансанд байршсан хохирлын төлбөрийн мөнгөнөөс 1600000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М-д, 304000 төгрөг гаргуулж хохирогч Е.Е-д, 320000 төгрөг гаргуулж М.С-д, 600000 төгрөг гаргуулж И.У-д, 127000 төгрөг гаргуулж С.А-д, 389000 төгрөг гаргуулж Н.Ж-т, 453000 төгрөг гаргуулж Ш.Х-д, 453000 төгрөг гаргуулж Б сумын төрийн санд тус тус олгосугай.
11. Хохирогч нарын шүүх хуралдаанд ирж оролцоход гарсан зардал, алдсан малаа эрж хайхад гарсан зардал болон бусад зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ж.Б-ий эзэмшил, өмчлөлд байгаа “фургон” маркийн тээврийн хэрэгсэл болон шүүгдэгч А.Тий “Б” үсгийн тамгатай морь, шүүгдэгч Т.Т-ийн “X” тамгатай морийг хурааж улсын орлого болгож, битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хэвээр үргэлжлүүлэн, иргэн Ж.Бе-ын “Мустанг” 5 маркийн мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгчид нь шилжүүлж, түүний үнэ болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т нараас тэнцүү хуваан гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
13. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж, нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Т.Т, А.Т, Ө.Ж нарын иргэний цахим үнэмлэх, шүүгдэгч Т.Тийн гадаад паспорт зэргийг шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах С.Еркинд даалгаж, шүүгдэгч Ж.Б-ий АЯ№0235323 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0212366 дугаартай авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Т, Т.Т нарт оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 4 сарын хугацаагаар, шүүгдэгч Ө.Ж-т оногдуулсан 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 1 сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримталж шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнссэн байна. Тус хэрэг 3 гаруй жил шалгагдсан бөгөөд шүүгдэгч нарын аль аль нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй буюу гэм буруугийн талаар маргасан, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “... хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан...” гэж заажээ. Хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байхад шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнссэн нь буруу. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын 14 дэх заалтыг хүчингүй болгох тухай өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Т.Т, А.Т, Ж.Б, Ө.Ж, С.А нар нь “урьд болсон шүүх хуралд бид хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, “..эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулжээ. Гэтэл шүүгдэгч Т.Т, А.Т, Ж.Б, Ө.Ж нар нь “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох” шүүх хуралдаанд гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн гэж үзэх боломжгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Ж.Б, Ө.Ж, Т.Т, А.Т нарт холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг үндэслэн “бүлэглэн гүйцэтгэгч” гэж үзсэн ба хэргийг нэгэнт 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн шийдвэрлэж байх тул энэ хуулийн 36 дугаар зүйлийг үндэслэн тайлбарлах ёстой байжээ. Шийтгэх тогтоолын 12 дахь заалтад Ж.Б, Т.Т, А.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга, тээврийн хэрэгслийг хураахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг баримталсан нь буруу бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэх учиртай. Түүнчлэн тогтоолын 15 дахь заалтад тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг анхааруулсугай гэж 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8, 6 9 дүгээр зүйлийг буруу хэрэглэжээ. Энэ тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр дүгээр зүйлийн 61.3-т заасан “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэснийг баримтлах байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар заасан. Гэтэл энэ шийтгэх тогтоолд “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд”, “худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд" тус тус тооцсугай гэж Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тусгаагүй. Ж.Б, Ө.Ж, Т.Т, А.Т нарт холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийтгэх тогтоол гаргахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг дээрх байдлаар хэрэглэж, 2002 Эрүүгийн хууль болон 2015 оны Эрүүгийн хуулийг хольж хутгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “урьд болсон шүүх хуралд бид хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, “..эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн...” гэснийг болон “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг үндэслэн “бүлэглэн гүйцэтгэгч” гэж үзсэн зарим хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 1,12,15 дахь заалтуудад зохих өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийн бүх ажиллагааг хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэл тогтоогдоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Харин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлтэй байна.
1. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэдэг газраас 2015 оны 10 дугаар сард машин механизм /шүүгдэгч Ж.Б-ий фургон маркийн тээврийн хэрэгслийг/ ашиглан шунахайн сэдэлтээр хохирогч С.А-ы малаа оторлож байхад хоттой хониноос нь таслан 4 эр хонийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг “Ү” гэдэг газраас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд машин механизм ашиглаж /шүүгдэгч Ж.Б-ий фургон маркийн тээврийн хэрэгслийг/ хохирогч Н.Ж-ийн хээр зүсмийн 1 азарга, цавьдар зүсмийн 2 гүү, хохирогч Ш.Хы хээр зүсмийн 1 гүү, эзэнгүй 1 алаг гүү, нийт 5 адууг бэлчээрээс нь хулгайлан нядалж, хохирогч Н.Жт 2.900.000 төгрөг, хохирогч Ш.Х-д 650.000 төгрөг, Б сумын төрийн санд 650.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 01-ний орчимд тус аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг “Ө” гэдэг газар хохирогч А.Ж-ын хул зүсмийн 1 морь, хохирогч И.У-ы хээр зүсмийн 1 морийг тус тус хулгайлж А.Ж-т 600.000 төгрөгийн, И.У-д 600.000 төгрөгийн хохирол, нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн хооронд машин механизм ашиглаж /шүүгдэгч Ж.Б-ий фургон маркийн тээврийн хэрэгслийг/ Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “Сэвс” гэдэг газраас хохирогч М.С-ын 4 эм хонийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “З” гэдэг газраас 2015 оны 12 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд машин механизм ашиглаж /Б-ий дүү Ж.Бе-ын мотоциклыг/ хохирогч Ж.М-ын Ф-А тамгатай зээрд морь, Ф-0 тамгатай хүрэн зүсмийн 2 морийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч А.Т, Т.Т нар бүлэглэж Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дугаар багийн нутаг “С” гэдэг газраас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Е.Е-ы өвөлжөөн дэх байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч дотроос нь 8 кг ноолуурыг хулгайлж 304.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Шүүгдэгч Ө.Ж нь 2015 оны 11 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн иргэн X.М-ын адуун дотроос хохирогч Х.С-ийн хүрэн зүсмийн даагыг хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Шүүгдэгч С.А нь Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд мэдүүлэхдээ “Би ямар нэгэн хонь алга болгоогүй” гэж хэлсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн “А.Т, Т.Т нар 4 хонь хулгайлсан гэж хүлээн зөвшөөрч надад 4 эр хонь өгсөн” гэж мэдүүлснээс эсрэг мэдүүлэг өгсөн нь хохирогчийг байцаасан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С.А-д Эрүүгийн хуулийн 254.1 дүгээр зүйл “Худал мэдүүлэг өгөхгүй” байх талаар сануулж дараа шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж, С.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Н.Ж, Ш.Х-ы, Е.Е, С.А, Х.С, М.С, А.Ж, И.У, Ж.М, гэрч Т.Ш, А.М, Т.С, Х.М, Т.Б, Х.М, С.Е, О.К, М.Т, Х.Т, Х.Ж, Ж.Х нарын мэдүүлгүүд болон хулгайд алдагдсан мал, түүний түүхий эдийн үнэлгээг хийсэн шинжээч Х.Ө-ийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээч С.У-ын дүгнэлтүүд, хохирогч Е.Е-ын өвлийн байшингаас ноолуур алдагдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэмт хэргийн талаарх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, тухайн үйл явдал болсон цаг хугацаа, газар, хохирогч нарын хулгайд алдагдсан малын им тамга, содон шинж тэмдгүүд нь шүүгдэгч Т.Т, А.Т нарын анх өгсөн мэдүүлгүүдтэй тохирсон, зөрүүгүй бөгөөд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг нь дангаараа бус бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул яллах үндэслэл болгосон нь зөв болжээ.
Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж 2015 оны 10 дугаар сард хохирогч С.А-ын 4 эр хонийг хулгайлсан,
Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нар нь бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд хохирогч Н.Ж-ийн хээр зүсмийн 1 азарга, цавьдар зүсмийн 2 гүү, хохирогч Ш.Х-ын хээр зүсмийн 1 гүү, эзэнгүй 1 алаг гүү, нийт 5 адууг хулгайлсан,
Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 01-ний орчимд хохирогч А.Ж-ын хул зүсмийн 1 морь, хохирогч И.У-ын хээр зүсмийн 1 морийг тус тус хулгайлсан,
Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн хооронд хохирогч М.С-ын 4 эм хонийг хулгайлсан,
Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд хохирогч Ж.М-ын 2 морийг хулгайлсан,
Шүүгдэгч А.Т, Т.Т нар бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Е.Е-ын байшингаас 8 кг ноолуурыг хулгайлсан,
Шүүгдэгч Ө.Ж нь 2015 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч X.С-ийн хүрэн зүсмийн даагыг хулгайлах гэмт хэргийг дээрх цаг хугацаанд тус тус үйлджээ.
Эдгээр гэмт хэргүүд нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн эхэлсэн 2015 оны Эрүүгийн хууль /шинэчлэн найруулга/ үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “хулгайлах гэмт хэргийг бусдын ... агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар заасан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял нь хоёроос таван жил хүртэл хорих ял оногдуулах”-аар заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар оногдуулах хорих ял хүндэрсэн байх тул хууль буцаан хэрэглэхгүйгээр шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарт холбогдох хэргийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж, шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин шүүгдэгч С.А нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтын шатанд өмнө өгсөн мэдүүлгээсээ буцаж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт нь 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирчээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б нь Ө.Ж/нэг удаа/, Т.Т, А.Т нартай бүлэглэж, нийт 5 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж бусдад нийт 7.644.000 төгрөгийн хохирол учруулсан, А.Т, Т.Т /Ж.Б/ нар бүлэглэж нийт 6 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч нийт 7.944.000 төгрөгийн хохирол учруулсан, Ө.Ж нь Ж.Б, А.Т, Т.Т нартай бүлэглэж нэг удаагийн, дангаараа 1 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж нийт 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байхад 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан заалтын “хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг” харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэлгүй хуульд заасан төрөл, хэмжээний хорих ялыг тэнсэж хянан харгалзсан нь буруу гэж үзсэн учир шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзсаныг хүчингүй болгож, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдэл холбогдлыг буруу тайлбарлаж хэрэглэснийг зөвтгөх шаардлагатай байна.
Шүүгдэгч Ж.Б-ийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн”, шүүгдэгч А.Т-ийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн”, шүүгдэгч Т.Т-ийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн”, шүүгдэгч Ө.Ж-ийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн”, шүүгдэгч С.А-ыг “шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тооцохдоо алдаа гаргаж шүүгдэгч Т.Т-ийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцжээ.
Шүүгдэгч Ж.Б-ийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цагдан хорьж 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрчилсөн бөгөөд 7 хоног, шүүгдэгч Т.Т-ийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр баривчилж, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрчилсөн бөгөөд 61 хоног, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цагдан хорьж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрчилж, 31 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цагдан хорьж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрчилж, 24 хоног цагдан хорьсон бөгөөд нийт 116 хоног, шүүгдэгч Ө.Ж-ийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр цагдан хорьж, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр захирамжийг хүчингүй болгож нийт 26 хоног, шүүгдэгч А.Т-ийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр баривчилж, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрчилж, 61 хоног, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цагдан хорьж, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрчилж, 7 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цагдан хорьж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрчилж, 24 хоног, нийт 92 хоног тус тус цагдан хоригдсон байна.
Шүүгдэгч нар нь хохирогч С.А-д төлөх төлбөргүй байна. Учир нь хохирогч С.А нь 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст “4 тооны эр хонины төлбөр гэж 4 тооны эр хонь авчирч өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, Би Т.Т, А.Т нарт гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд “4 хонио төлүүлж аваагүй ээ, гэхдээ төлүүлж авсан гэсэн бичиг хийж өгсөн” мөн ”Төлүүлж аваагүй. Одоо 4 хонио төлүүлж авахыг хүсэж байна, худлаа хэлснээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ. Удаа дараагийн мэдүүлгээр хохирогч С.А нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр мэдүүлгийг нь нотлох баримтаар тооцсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг зөрчиж хохирол хуваарилахдаа гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй “Б-д оногдох хэсгийг хасаж” прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Б” гэгчийг оруулж хохирогч Н.Ж, Ш.Х, Б сумын төрийн санд учирсан нийт хохирлыг таван хүнд тэнцүү хувааж “Б” гэгчийн хохирлыг үлдээж шийдвэрлэсэн нь гэм буруугийн зарчимд харшилжээ.
Анхан шатны шүүх “Б” гэгчид хохирол хувааж үлдсэн хохирлыг шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нарт тэнцүү хуваасан нь хохирлыг буруу тооцох шалтгаан болсон учир прокурорын дансанд байршуулсан шүүгдэгч Ө.Ж-ийн 840.000 төгрөг, шүүгдэгч Т.Т-ийн 1.800.000 төгрөг, шүүгдэгч Ж.Б-ы 1.787.000 төгрөг, нийт 4.427.000 төгрөгөөс эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээгээр хохирлыг тооцож олгох нь зүйтэй байна.
Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч С.А-ы 4 эр хонь, 80.000 төгрөгөөс 90.000 төгрөгийн хооронд үнэлсэн бөгөөд нийт 320.000 төгрөг, хохирогч А.Ж-ын нэг морь /Ж учирсан хохирлоо нэхэмжлэхээс татгалзсан/, хохирогч И.У-ы нэг морь тус бүр 600.000 төгрөгийн үнэтэй, хохирогч М.С-ын 4 тооны эм хонь тус бүр нь 80.000 төгрөгийн үнэтэй нийт 320.000 төгрөг, хохирогч Ж.М-ын хоёр морины үнэ нэг бүр нь 800.000 төгрөг нийт 1.600.000 төгрөг, хохирогч Н.Ж-ийн 1 азарга 1.500.000 төгрөг, хоёр гүү, 750.000 төгрөг, 650.000 төгрөг, нийт 2.900.000 төгрөг, хохирогч Ш.Х нэг гүү 650.000 төгрөг, эзэнгүй алаг гүү буюу Б сумын төрийн санд 650.000 төгрөг, хохирогч К.Е-ны 8 кг ноолуур 304.000 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгч нар учруулжээ.
Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэн 7.640.000 төгрөгийн хохирол, хохирогч К.Е-ны ноолуурын үнэ 304.000 төгрөг нэмэгдэж шүүгдэгч Т.Т, А.Т нар нь 7.944.000 төгрөгийн, шүүгдэгч Ө.Ж нь шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нартай бүлэглэж үйлдсэн үйлдэл дээр хохирогч Х.С-д хүрэн зүсмийн дааганы үнэ 650.000 төгрөгийн хохирол тус тус учируулжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Голомт банк дахь Прокурорын газрын 5805007969 дугаартай дансанд шүүгдэгч нарын хохиролд төлөхөөр байршуулсан нийт 4.427.000 төгрөгөөс хохирогч М.С-д учирсан хохиролд 320.000 төгрөг, хохирогч И.У-д учирсан хохиролд 600.000 төгрөг, хохирогч Е.Е-д учирсан хохиролд 304.000 төгрөг, хохирогч Ж.М-д учирсан хохиролд 1.600.000 төгрөг, хохирогч Ш.Х-д учирсан хохиролд 650.000 төгрөг, хохирогч Н.Ж-т учирсан хохиролд 953.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ж.Б, Т.Т, Ө.Ж, А.Т нараас 20.900 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Ж-т олгож, 162.500 төгрөг тус тус гаргуулж Баян-Өлгий аймгийн Б сумын Төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Бакений нэрийг бичихдээ “Бакенийг” гэхийг “Бакенийгд” гэж, “Харахас байым” гэж бичихийг “Харахас” гэж, “Санатбайн” гэхийг “Сантабайн” гэж үсэг, үгийн техникийн шинжтэй алдаа гаргаж буруу бичсэнийг залруулах нь зүйтэй байна.
Хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжаны “хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байхад тэнссэн нь буруу гэх” гомдлыг хүлээн авч, дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг буюу “шийтгэх тогтоолын 12 дахь заалтад Ж.Б, Т.Т, А.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга, тээврийн хэрэгслийг хураахдаа 2015 оны Эрүүгийн хуулийг баримталсан нь буруу, 15 дахь заалтад “ ...2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасныг баримтлах байсан” гэсэн хэсгийг хүлээж авах боломжгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс дээд шатны прокурорын эсэргүүцэлд “шийтгэх тогтоолын 12 дахь заалтад ... уналга, тээврийн хэрэгслийг хураахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг баримталсан нь буруу бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг баримтлах учиртай” гэж үзсэнийг, 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсгийг журамласныг анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй, мөн “шийтгэх тогтоолын 15 дахь заалтад ... 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт заасныг баримтлах байсан” гэж үзсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт заасныг журамлах боломжгүй бөгөөд “тэнсэгдсэн ялтан хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэснээр хэрэв шүүгдэгч тэнсэж хянан харгалзсан тохиолдолд дахин гэмт хэрэг үйлдвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийг журамлаж “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 14, 15, 16 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг :
“Шүүгдэгч Ж.Б-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,
шүүгдэгч А.Т-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,
шүүгдэгч Т.Т-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,
шүүгдэгч Ө.Ж-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,
шүүгдэгч С.А-ыг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
2 дахь заалтын “Бакенийгд” гэснийг “Бакенийг” гэж, “Харахас” гэдгийн дараа “байым” гэж нэмж,
4 дэх заалтын “Сантабайн” гэснийг “Санатбайн” гэж,
5 дахь заалтын “боломжит хэмжээгээр” гэснийг хасаж,
7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон 7 хоног, Т.Тийн цагдан хоригдсон 116 хоног, Ө.Ж-ийг цагдан хоригдсон 26 хоног, А.Т-ий цагдан хоригдсон 92 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.А нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүйг дурдсугай.” гэж,
10 дахь заалтын “Шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Голомт банк дахь Прокурорын газрын 5805007969 дугаартай дансанд шүүгдэгч нарын хохиролд төлөхөөр байршуулсан нийт 4.427.000 төгрөгөөс хохирогч М.С-д учирсан хохиролд 320.000 төгрөг, хохирогч И.У-д учирсан хохиролд 600.000 төгрөг, хохирогч Е.Е-д учирсан хохиролд 304.000 төгрөг, хохирогч Ж.М-д учирсан хохиролд 1.600.000 төгрөг, хохирогч Ш.Х-д учирсан хохиролд 650.000 төгрөг, хохирогч Н.Ж-т учирсан хохиролд 953.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ж.Б, Т.Т, Ө.Ж, А.Т нараас 20.900 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Ж-т олгож, 162.500 төгрөг тус тус гаргуулж Баян-Өлгий аймгийн Б сумын Төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж,
12 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4” гэсний дараа “,5” гэж нэмж,
13 дахь заалтын “зэргийг шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах С.Еркинд даалгаж” гэснийг хасаж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг бүхэлд нь, дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хязгаарлалт тогтоох тухай, Т.Т, Ө.Ж, А.Т нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч Ж.Б, Т.Т, Ө.Ж, А.Т нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ