Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 032

 

А.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, прокурор М.Отгонжаргал, шүүгдэгч А.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч хэлмэрч Ж.Ахмарал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нарыг оролцуулан, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолтой, А.Б-д холбогдох эрүүгийн 1813002420158 дугаартай 1 хавтаст хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ногооннуур сумын  дүгээр багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж  овогт А-ын Б /РД:00000/ нь хохирогч С.С-ийн нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиж духны ясыг нь цөмлөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч А.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ “...шүүхээс хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, мэдүүлгийг тус тус хянан үзээд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ...” гэж дүгнэсэн байна. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч С.С, гэрч Т.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд үйлчлүүлэгч А.Б нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 8 цагийн үед Баян-Өлгий аймгийн Н сумын 9 дүгээр баг “Х” гэх газар хөрш бөгөөд худ нь болох С.С-ийн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж С.С-ийн нүүрэн тус газар баруун гараар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Тодруулбал, хохирогч С.С-ийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Н-ийн 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус тус мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Б-ын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, сэжигтэн А.Б-ын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус тус мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, яллагдагч А.Б-ын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч С.С нь “Та нар яагаад малаа нийлүүлж байгаа юм, та нар ер нь энд яагаад зусаж байгаа юм бэ?" гэж хэрүүл маргаан гаргаж улмаар үйлчлүүлэгч А.Б-ын цамцны захаас зүүн гараараа заамдаж аваад, улмаар баруун гараараа шүүгдэгчийн нүүрний тус газар нэг удаа цохиж зүй бус авирласнаас А.Б нь санаа сэтгэлийн хүчтэй цочролд орж С.С-ийн хууль бус, зүй бус үйлдлийн хариу болгож түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж хүнд хохирол учруулсан. Хохирогч С.С шүүгдэгч А.Б-д хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлээс /асtus reus/ болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж бусдын эрүүл мэндэд шууд бус санаатай хэлбэрээр хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч А.Б санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ хохирогч С.С-ийг цохиж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн объектив талын шинж нь хохирогчийн зүгээс субъект, түүний ойр дотнын хүмүүст а/ хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, б/ нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, в/ эрхшээл дарамтад оруулсан, г/ бусад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас өөрт нь болон ойр дотнынх нь хүмүүст хүнд хохирол учирсан, учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчигдсан үедээ бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл, субьектив талын шинж нь субъект өөрийг нь болон ойр дотнынх нь хүмүүсийг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан, бусад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй нь холбогдуулан хохирол учруулахаар хийж буй халдлага, түүнээс учирч болох хор уршгийг ухамсарлаж, түүнийг учруулахыг хүссэн, эсхүл үйлдлээрээ зориуд бий болгосон шууд бус санаатай байна. Өөрөөр хэлбэл, эхлээд хохирогч С.С нь “Та нар яагаад малаа нийлүүлж байгаа юм, та нар ер нь энд яагаад зусаж байгаа юм бэ?" гэж хэрүүл маргаан гаргаж улмаар үйлчлүүлэгч А.Б-ын (1) цамцны захаас зүүн гараараа заамдаж авсан, (2) дараа нь баруун гараараа шүүгдэгчийн нүүрний тус газар нэг удаа цохисон үйлдэлд үйлчлүүлэгч А.Б нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн хариу болгож (3) түүний нүүрэн тус газарт нэг удаа цохисон үйлдэлд дээрх хуульд заасан объектив болон субьектив талын бүрэлдэхүүний шинж хангагдсан байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокуророос үйлчлүүлэгч А.Б-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж өгнө үү.

Хоёр. Үйлчлүүлэгч А.Б аргагүй хамгаалалт хийсэн байхад анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаараагүй явдалд гомдолтой байна. 

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт нь довтлогоон бүхий гэмт халдлагуудын эсрэг хийгддэг учир халдлага бодитой байхыг шаардана. Гэмт халдлага бодитой тулгарсан байна гэдэг нь халдлага хийгдэж эхэлсэн буюу тэр даруй эхлэх байсныг ойлгох бөгөөд довтолгооны аюул өнгөрөөгүй байх ёстой. Халдлага бодитой байх гэдэгт иргэд, нийгэм төрийн хууль ёсны эрх ашиг сонирхолд хор хохирол учирч байгаа, эсвэл тийм хор хохирол учруулах бодитой шууд аюул заналхийлэл бий болсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл аюул нь хамгаалалт хийж буй хүний төсөөлөлд биш, харин бодитой оршиж байх ёстой. Дээр дурдсанчлан, үйлчлүүлэгч А.Б нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “...С.С надад “чи яах гэж байгаа юм бэ?” гэж хэлээд миний цамцны захаас зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа миний нүүрний тус газар нэг удаа цохисон. Би баруун гараараа С.Сийн нүүрэн тус газарт нэг удаа цохиход газарт унасан юм...” гэж тогтвортой мэдүүлж байгаа бөгөөд түүний мэдүүлэг нь бусад байдлаар хэрэгт авагдсан хохирогч С.С, гэрч Т.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч К.Ө-ийн үйлдэл холбогдлын хувьд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байхад шүүх анхаараагүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б нь Баян-Өлгий аймгийн Н сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх газарт 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 08 цагийн орчимд “Хоттой хонь нийлсэн гэх” хэрүүл, маргааны улмаас саахалт зусаж байсан С.С-ийн нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиж шинэ гэмтэл буюу духны зүүн талын хэсэг, зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, духны яс ил цөмөрсөн хугарал, духны хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа зэрэг гэмтэл үүсгэж,  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлджээ.

 

Энэ үйл баримт нь хохирогч С.С, гэрч Т.Н, З.С нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 290 дугаар шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, прокурорын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаартай яллах дүгнэлт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар  сарын 29-ний өдрийн 152 дугаартай тэмдэглэл, эрүүгийн 1813002420158 дугаартай хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг алдагдуулж, хүний бие махбодид хууль бусаар хүнд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдийн бие махбодийн үйлчлэлээр илэрч байгаа хууль бус үйлдэл бөгөөд хохирогч С.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хохирогч С.С-т хүнд хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Е.Б-ны 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 290 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “1. Иргэн С.С-ийн биед духны зүүн талын хэсэгт мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, зүүн талын нүдний дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, тархины хүнд хэлбэрийн няцрал, духны ясны ил цөмөрсөн хугарал, духны хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа зэрэг гэмтэл тогтоогдлоо. 3. ...амь биед аюултай амь тэмцсэн байдалтай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж тогтоогджээ.

 

Гэмт хэргийн талаарх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, тухайн үйл явдал болсон цаг хугацаа, газар, хохирогчийн өвчтөний түүх, шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч А.Б-ын өгсөн мэдүүлгүүдтэй тохирсон, зөрүүгүй бөгөөд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь дангаараа бус бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул яллах үндэслэл болгосон нь зөв болжээ.

 

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ял нь торгох ялын хамгийн доод хэмжээ, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан нь давж заалдах гомдолдоо “А.Б санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ хохирогч С.С-ийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан”, “Б нь аргагүй хамгаалалт хийсэн байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаараагүй” тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч С.С-ийн “Б-д хандаж манай бог мал танай бог малтай нийлсэн юм уу? Чи хашаанд оруулаад хуваагаад авчихгүй яасан юм бэ? гэж хэлэхэд А.Б “би малаа хуваагаад авсан чи одоо яах гээд байгаа юм бэ? гэж хэлэхэд нь би А.Б-ын цамцны цахаас заамдаж авахад А.Б миний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход газарт унасан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг,

            Тухайн үед хохирогч С.С, шүүгдэгч А.Б хоёрын хажууд гэрч Т.Н байсан бөгөөд тэрээр “...би А.Б-ыг сэрээгээд “малаа хувааж, туугаад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд Б босож, өөрийн эзэмшлийн мотоциклтой явж малаа хувааж, мотоциклтой туугаад ирж байхад араас С.С ирж А.Б-д хандаж “та нар энд яах гэж зусаж байгаа юм бэ? яагаад бог малаа нийлүүлсэн юм бэ? гэж хэлсэн. А.Б “худ энд юу байх уу” би малаа хуваагаад авчихлаа гэж хэлсэн, С.С “чи яах гээд байгаа юм бэ?” гэж хэлээд А.Б-ын цамцны захаас заамдан авч баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа цохиход А.Б зөрүүлээд С.С-ийн нүүрэн тус газар гараар нэг удаа цохисон. С.С газар унасан. Тэгээд С.С газраас босож гартаа чулуу барьж А.Б руу дайрахад А.Б зугтсан ба би гүйж очоод С.С-ийг барьж авсан.” гэсэн мэдүүлэг,

            Шүүгдэгч, гэрчээр мэдүүлэг өгсөн А.Б-ын “Би С.С-ийг сайн танина. Бид хоёр худ ургийн холбоотой юм. Ямар нэгэн өс хонзон байхгүй. С.С эхлээд ирж намайг цохисон тийм учраас би С.С-ийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. С.С-ээс уучлалт гуйж байна, учирсан хохирлыг барагдуулж өгнө” гэсэн мэдүүлэг,

            Шүүгдэгч А.Б нь холбогдогчоор 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, 7 дугаар сарын 07-ны өдөр, яллагдагчаар 8 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлгүүдэд “Бид хоёр худ ургийн холбоотой. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, С.С-ээс уучлалт гуйж байна” гэж мэдүүлснээс дүгнэвэл, шүүгдэгч А.Б-ын гэрчээр, холбогдогчоор, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэгт санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан шинж тэмдэг нотлогдоогүй, шүүгдэгч А.Б нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур яаж автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдчилсан нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас гэмт үйлдэл хийхэд хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно.

Давж заалдах гомдолд “аргагүй хамгаалалт хийсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй” гэжээ. Аргагүй хамгаалалтын тухай ойлголт нь “өөрийн, ойр, дотнын хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг” ойлгохоор байна. Хохирогч С.С нь шүүгдэгч А.Б-ыг нэг удаа нүүрэн тус газар нь цохисон нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж заажээ. Иймээс шүүгдэгч А.Б-ын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй байна. 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гард

уулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                        Д.МӨНХӨӨ