Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 142/2019/00259/И |
Дугаар | 001/ХТ2020/00280 |
Огноо | 2020-06-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2020/00280
“Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00355 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар магадлалтай,
“Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Д.Эд холбогдох,
2015-2019 оны дундын өмчийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Д.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баттуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Д.Э нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл Ө хорооллын 101 дүгээр байрны 30 тоот орон сууцанд оршин сууж байна. Ө хорооллын оршин суугчдын хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу харуулын албаны хөлс нь 1 сард 7 500 төгрөг байхаар тогтоосон байдаг. Д.Э нь 101 дүгээр байрны 30 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа буюу нийт 4 жилийн хугацааны харуул хамгаалалтын хөлс 360 000 төгрөг болно. Уг 360 000 төгрөгийг задалж үзвэл 2015 онд 90 000 төгрөг, 2016 онд 90 000 төгрөг, 2017 онд 90 000 төгрөг, 2018 онд 90 000 төгрөг, нийт 360 000 төгрөг төлөх ёстойгоос огт төлөлт хийгээгүй. Энэхүү үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм.
Иймээс Д.Ээс Ө хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс болох 360 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие дээрх нэхэмжлэлийг эсэргүүцэн тайлбар гаргаж байна. 2013 оны 03 сард 101-р байрны гадаа СӨХ байгуулах тухай хурал болсон. Би тэр хурал гэх жүжгийг тавцан дээрээсээ харсан. Номингийн өөрийн байгуулсан тоглоомын СӨХ-ны дарга Баттуяаг даргаар нь сонгосон. Хуралд 21 хүн оролцсон. Дараа нь харуулын мөнгө гэх 7 500 төгрөгийг бүх оршин суугчдаас нэхэх болсон. Би хуулийн дагуу СӨХ-ны мөнгө 8 600 төгрөгийг сар бүр төлдөг. Эхнэр бид 2 группт байдаг. Группийн мөнгө тун бага, ийм учраас хууль бус зүйлийг дэмжиж чадахгүй. Би бүх гишүүдийн хуралд нэг удаа суусан. Эхний удаад бол болконоороо хурал хийж байхыг нь харсан.
Энэ СӨХ бол оршин суугчдын дундаас томилогдсон СӨХ ерөөсөө биш юм. Эхний ээлжинд 24 хүн гадаа хурал хийсэн. Тэр хурал дээр Баттуяаг даргаар тавиулъя гэж байсан. Би 2013 онд энэ байранд орсон. Тэр хурал дээр тиймэрхүү юм яригдаад харуул хамгаалалттай байя гэсэн санал тавьсан. Гагцхүү тэр надаас гарч байгаа 8 700 төгрөгтөө энэ харуулын зардлаа багтаамаар байна. Бид шинэ байранд орсон оршин суугчид. Нэг ширхэг хадаас ч хадах, нэг ширхэг будаг түрхэх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ мөнгийг биднээс илүү аваад байна. СӨХ-ны хүмүүс харуул асар их юм харж байгаа гэдэг юм. Хамгийн гол нь Монгол улсын ерөнхийлөгчөөсөө эхлээд СӨХ-ны дарга хүртэл хулгайн зүйл хийж байгаад харамсаж байна. Шударга бус байгаа зүйлийг үзэж чадахгүй байна. Манай СӨХ-ны дарга Баттуяа намайг сайн танихаас гадна хүндэлдэг. Үнэхээр харуул хэрэгтэй бол машинтай хүмүүсээс нь тэр төлбөрөө ав гэж хэлсэн. Машингүй хүмүүсээс битгий ав гэсэн. Би 80 айлын санал авсан. Дээрх 80 айл харуулын мөнгө авч байгаа дээр нь СӨХ-ны мөнгө авч байгаа нь 2 давхар юм болоод байна гэж үзсэн. Өнөөдөр 189 айлын эрх ашгийг тэр үеийн 20, 30 хүний санал хангах боломжгүй юм. Энэ байрны зарим айлууд олон гомдол хэлдэг. Хуульд нийт өрхийн 50 хувь нь оролцсон тохиолдолд бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00355 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00355 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар нэхэмжлэгч Ө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3., 148.3., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3., 13.2.9.,-д зааснаар хариуцагч Д.Ээс харуул хамгаалалтын хөлс 180 000 төгрөг гаргуулж “Ө” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 180 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
Шийдвэрийн 2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй” гэсний дараа “Д.Ээс Улсын тэмдэгтийн хураамж 6 050 төгрөг гаргуулж “Ө” СӨХ-д олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 450 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй хэргийг илтэд хууль зөрчин нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Даргалагч шүүгч Б.Оюунцэцэг, Б.Баттөр, С.Уранчимэг нар нь хариуцагч Д.Э миний эрхийг хааж, үг хэлүүлээгүй бөгөөд хэрэгтэн мэтээр дээрэнгүй, зандрангуй харьцаж байсанд гомдолтой байна. Асуудлын гол нь мөнгө төлөх тухай биш, мөнгө хураах шийдвэр нь хууль ёсны байгаа юу гэдэгт байгаа юм.
СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 8 дугаар зүйлийн 8.8.-д бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна, 9 дүгээр зүйлийн 9.2.-т бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэсэн хуулийг ер тоож үзсэнгүй.
Анх “Ө” СӨХ яаж байгуулагдсан, хэрхэн харуулын мөнгө авах болсон тухай би урд хурлуудад баримтаар хэлсэн боловч тусыг эс олов. Би сар бүр СӨХ-ны мөнгө гэж байрныхаа хөлсөн дээр нэмж 8 700 төгрөг тогтмол төлдөг. Харуулын мөнгө болох 7 500 төгрөгийг хууль бус гэж үздэг бөгөөд энэ талаар надтай санал нэгтэй олон айлын хүсэлтийг орхиж байгааг ойлгохгүй бас эсэргүүцэж байна.
“Ө” СӨХ-ны байгуулсан харуул нь ямар ч ажил хийдэггүй бас хариуцлага хүлээдэггүй. Надтай нэгдсэн олон айл машинаа мөргүүлж, орцноосоо эд зүйлээ алдсан гээд маш олон гомдол хэлдэг боловч харуул энэ бүхнийг хариуцахгүй гэж СӨХ-ны дарга Баттуяа хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ө” СӨХ нь Д.Эд холбогдуулан 2015-2019 оны дундын өмчийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хамгаалалтын төлбөр авах тухай гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй, сар бүр СӨХ-ны мөнгө 8 700 төгрөг төлдөг байхад харуулын мөнгө гэж 7 500 төгрөгийг авч байгаа нь хууль бус гэж үзэж байна. Энэ талаар оршин суугчид ч эсэргүүцэж байгаа гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 180 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлд өөрчлөлт оруулжээ.
Магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Д.Э хяналтын журмаар гомдол гаргасан гомдолдоо: “...Харуул хамгаалалтын төлбөрийн хэмжээг тогтоосон СӨХ-ны хурал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь илтэд нэг талыг барьсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4.-т сууц өмчлөгч нь өөрийн сууцны доторх засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй гэж, 16 дугаар зүйлийн 16.5.-д дундын өмчлөлийн эл хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.
Анхан шатны шүүх бодит байдал, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлолгүйгээр дан ганц СӨХ-ны хурлын шийдвэр хуульд нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч “Ө” СӨХ нь хариуцагчаас харуул хамгаалалтын хөлс нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж 2013 оны СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол, 2013, 2016 оны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг хавсаргаснаас өөр баримт хэрэгт авагдаагүй байна.
“Ө” СӨХ нь харуул хамгаалалтын хөлсийг тогтоохдоо ямар баримтыг үндэслэл болгосон нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзнэ.
Тухайлбал харуул хамгаалалтын ямар байгууллагатай хамтарч ажиллаж байгаа болох, гэрээ байгуулсан эсэх, гэрээний хугацаа, төлбөрийг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байх тул сууц өмчлөгчөөс авахаар шийдвэрлэсэн харуул хамгаалалтын хөлс үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагчийн эрх, үүргийг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 166 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэстэй байна.
Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00355 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Эийн гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД