| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 187/2018/0490/Э |
| Дугаар | 6 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 6
Б.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Баярхүү,
шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Б.Онолтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Г-д холбогдох 1810003110521 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
........... овгийн Б.Г, 19.... оны .... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт .......... дүүргийн ........ дугаар хороо, ...............тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ............ дүүргийн ... дугаар хороо, .................... тоотод оршин суух, /РД: ............/;
Б.Г- нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Про зоне” цахим тоглоомын газарт иргэн Б.Ө-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрийг маажиж биед нь дух, баруун хацар, уруул, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор салст, баруун нүдний доод зовхинд гүн олон тооны зулгаралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ........ овгийн Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 34.300 төгрөгийг шүүгдэгч Б.Г-аас гаргуулж хохирогч Б.Ө-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Б.Онолтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс уг хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй бөгөөд хэт нэг талыг барьж, бодит үнэн байдлыг тогтоогоогүй. Учир нь зөвхөн шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Өлзиймаагийн мэдүүлэг болон хэрэг болсон газар ажиллаж байсан тухайн үед юу болсныг хараагүй 2 гэрчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Энэ хүний хийсэн үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Хавтас хэрэгт хохирогч Б.Ө “би эхэлж Б.Г-ыг түлхсэн” гэж мэдүүлсэн байдаг. Харин Б.Г- ганцхан удаа түүнийг түлхсэн ба тухайн түлхэх үед түүний биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд гэмтэл учруулсан талаар маргахгүй. Б.Г- нь тухайн үеийн сэтгэл санаа давчидсан, өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлахгүй байдалтай байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.” гэж заасан. Бага насны хүүхдийн мөнгийг авч, өрөөнд цоожилж байгаа нь нийгэмд сөрөг үр дагавар үүсгэж байна. Б.Г-ын үйлдэл нь нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл биш юм. Иймд Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг”-ийн шинжийг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед намайг өшиглөж, мөн цохих гэж гараа далайхад нь би өөрийгөө хамгаалах гэж түлхсэн. Тэр хүний биед шарх, гэмтэл учруулах санаа байгаагүй. Би толгойдоо хүргэж болохгүй гэж бодоод өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Адилхан эмэгтэй хүн байж, хүний нүүрийг санаандгүй гэмтээсэндээ харамсаж байна. Тухайн үйл явдал болсноос хойш би цохиулаад зогсож байх ёстой байсан байна гэж бодож, маш их харамссан. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэрэг бүртгэгч болон бусад албан тушаалтан бүгд тоглоомын газар ажиллаж байсан гэрч М-ын болон бусад ажилтнуудын мэдүүлгийг үндэслэж шийдсэнд гомдолтой байна. Өөрийн насанд хүрээгүй хүүхэд болон олон айлын хүүхдийг дахин битгий ийм муухай газар хонуулаач гэж шаардлага тавьсан. Цагдаа дуудаад орхиж болох байсан ч эцэг эхчүүд шаардлага тавих юм бол дахин хүүхдүүд хонуулахгүй байх гэж бодсон. Үүний үр дүнд гэмт хэрэгтэн болоод зогсож байгаадаа харамсаж байна. Тэдгээр хүмүүс тухайн үед манай хүүхдийг хонуулсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан боловч дараа нь бүгд нийлж, намайг гүтгэсэн. Санаандгүй үйлдлээр түлхсэн болохоос биш үснээс нь зулгааж, зодсон зүйл байхгүй. ...” гэв.
Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзсэн. Хавтас хэрэгт гэрч М, Т нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1914 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, ял оногдуулсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Про зоне” цахим тоглоомын газар Б.Ө-тай маргалдан улмаар түүний нүүрийг маажиж, биед нь дух, баруун хацар, уруул, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор салст, баруун нүдний доод зовхинд гүн олон тооны зулгаралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Ө-ийн “2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагийн үед ажлаа хийгээд байж байтал 30-35 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд хэрүүл хийж байсан. Би хоёр давхараас буугаад очтол манай ажилтан залууг эмэгтэй нь загнаж байсан. Тэгэхээр нь би юу гэж хэлэхийг нь сонсож байтал тэр эмэгтэй “муусайн боловсролгүй юмнууд, та нар боловсролгүй болохоороо ийм хар ажил хийж байгаа юм” гэж хэлэхээр нь би “та нар өөрсдөө хүүхдээ зөв хүмүүжүүл, яагаад бид нар руу дайраад байгаа юм бэ” гэтэл тэр эмэгтэй “чи энэ газрын эзэн нь юм уу” гэхээр нь би “ажилтан нь байна” гэж хэлсэн чинь тэр эрэгтэй, эмэгтэй хоёр намайг буланд шахаад хэл амаар доромжлоод ойртоод байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд урдаасаа түлхтэл эмэгтэй нь миний нүүрийг нэг удаа маажсан. Тэгтэл миний нүүрэнд таван ширхэг хумсны сорви гарсан” /хх 10/,
гэрч С.Майнжаргалын “...коридорт хүмүүс орилохоор нь гараад иртэл нөгөө эмэгтэй нь ариун цэврийн өрөөний үүд орчимд Б.Ө-ийн үснээс зулгаагаад зогсч байх шиг байхаар нь би гүйж очоод салгатал нөгөө эмэгтэй Б.Ө-ийн нүүрийг самардчихсан. ...” /хх 19/,
гэрч Ж.Т-ын “...эрэгтэй, эмэгтэй хоёр нэгдүгээр давхарын ариун цэврийн өрөөний үүдэнд Б.Ө-г шахаад зогсчихсон, эмэгтэй нь Б.Ө-тай маргалдаж байгаад булан руу түлхээд, хий өшиглөж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг Б.Ө-аас холдуулах гэтэл нөгөө эмэгтэй миний урдуур баруун гараа сарвалзуулаад Б.Ө-ийн нүүрэнд хүрсэн. Тухайн үед би тэр эмэгтэйг Б.Ө-г алгадлаа л гэж бодтол нүүр нь энд тэндээ маажигдсан шархтай болоод шархнаас нь цус гарч байсан. ...” /хх 21/,
гэрч С.Д-ын “...тэр эмэгтэй эхнэр бид хоёрт “хүүхдээ маллаж байхад яадаг юм бэ, өөрсдөө хүүхдээ маллаж чадахгүй бол хохь чинь” гэтэл Б.Г- гарч явснаа болиод буцаж очоод тэр эмэгтэйтэй “урьд нь алга болж байгаагүй хүүхэд 24 цагаар алга болохоор хэн ч санаа зовж бухимдана шүү дээ, чи өөрөө үр хүүхэдгүй юу, чамд ямар хамаатай юм бэ” гээд маргалдсан. Энэ асуудал нэгдүгээр давхарын шатны болон ариун цэврийн өрөө хоёрын голд болсон. Ингээд Б.Ө, Б.Г-тай маргалдаж байснаа баруун хөлөөрөө зүүн шилбэ орчимд нь нэг удаа өшиглөхөд Б.Г- зүүн гараараа Б.Ө-ийн нүүр рүү нь нэг удаа түлхсэн” /хх 23/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “Б.Ө-ийн биед дух, баруун хацар, уруул, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор салст, баруун нүдний доод зовхинд гүн олон тооны зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 1914 дугаартай дүгнэлт /хх 26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Б.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяагаас “хохирогч Б.Ө-г өөрөөсөө холдуулах гэж түлхсэнээс болж нүүрэн тус газар нь маажигдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжийг хангаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар давж заалдах гомдол гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Г-ын үйлдэл нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж гэмтэл учруулсан тул хэргийг нь хэрэгсэхгүй болгох” талаар гомдлын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, энэ үйлдэл нь хохирогчид учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойн дээр өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Б.Онолтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ