Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 7

 

 

 

 

 

 

 

  С.О-эд холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Алтанцэцэг,

            шүүгдэгч С.О- өмгөөлөгч Н.Жамъяандорж,

            хохирогч Д.А-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1471 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.А-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдуудыг үндэслэн шүүгдэгч С.О-эд холбогдох 1806026040711 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

........ овгийн С.О, 19.. оны ...дугаар сарын ..-ны өдөр ..... аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ....... дүүргийн .. дүгээр хороо, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:…........../;

С.О- нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн ногоо зардаг лангууны хэсэгт иргэн Д.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ......... овгийн С.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.О- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар С.О-ээс 576.175 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-т олгож, хохирогч Д.А- нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгч С.О-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие энэ хэргийн улмаас эрүүл мэнд, хэвийн ажиллах чадваргүй болон хохирч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган С.О-эд холбогдох хэргийг шалгуулан шийдвэрлүүлсэн.

Өөрийн гаргасан өргөдөл, гомдолдоо хэрэг болсны дараах гэмтлийн зураг, гэмтлийн зэрэг байдлыг тогтоосон шүүхийн дүгнэлт зэргийг хавсарган мөрдөн байцаагчид өгсөн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаас гарсан шийтгэх тогтоолд дурдсан шүүгдэгч С.О-ийн мэдүүлэг, мөн дараагийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаанаас гарсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан шүүгдэгч С.О-ийн өгсөн мэдүүлэг хэргийн газар болсон үйл явдлаас зөрж, мөн мэдүүлэг болгон хоорондоо зөрчилдөж, хоёр шатны хурал болгонд өөр өөр мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна.

Шүүгдэгч С.О- харанхуй агуулахад чирч оруулан, бүлэглэн хүч түрэмгийлэн тархи толгой руу нүүр нүдгүй цохиж, зодож танхайрчихаад худал мэдүүлэг өгч байна. Цаашид ч миний тархи толгойд гэмтлийн ул мөр, өвчин зовиур илрэн гарч ирэхийг хэлж мэдэхгүй байна. Хажуу талын ногоо зардаг эмэгтэй хүртэл “хүн аллаа шүү дээ” гэж орилж байхад болилгүй зодож, танхайрч /өөрийн ачаа зөөгч нартайгаа нийлж/ цагдаа дуудах гэж гаргаж ирсэн гар утсыг маань булаан авсан.

С.О-эд зодуулж тархи, нүүр, нүдэндээ гэмтэл авсан хүн яагаад тэрнээс уучлалт гуйж очих болж байна. Бүлэглэн зодож, танхайрсан хүн “бид 2 дээр, доороо ороод гарсан” гэж мэдүүлэг өгдөг юм бэ? Дээр, доороо орж зодолдсон бол шүүгдэгч С.О- ч гэсэн гэмтсэн байх ёстой. Сарын дараа ч гэсэн ажлаа хийж явахад араас ирээд “чамайг гүйцээх байсан юм, ална шүү” гэж заналхийлж байсан. Энэ тухайгаа ч тухайн үед мөрдөн байцааж байсан мөрдөгч Лувсанжанцанд өргөдөл гаргахад хүлээж аваагүй. Хууль, шүүхийг үл хүндэтгэн удаа дараа худал мэдүүлэг өгч “дээр доороо орж гар утас нь шидэгдсэн. Дараа нь олсон. Гар утсаа авах гэж, уучлалт гуйж орж ирнэ гэж бодсон” гэж ямар ч гэмшсэн шинжгүй хэрэгт хандаж торгууль төлсөн л бол болно. Хүн зодож гэмтэл бэртэл учруулан, хүний эд зүйлийг булаан дээрэмдэж болно, торгуулийг нь төлчихнө гэсэн маягаар хэрэгт хандаж одоо болтол үнэнээ хэлэхгүй байгаад мөн хэрэг болох үед хамт байсан хүмүүсийг шалгахгүй, үнэнийг тогтоохгүй байгаад гомдолтой байна.

Хүн зодож танхайрч, булаалт, дээрэм, худлаа яриад торгууль төлөөд, худлаа яриад болчихдог гэсэн хууль хаана байна. Монгол Улсын шүүх хэрэгтэн, шүүгдэгч худал, үнэн хэлж байгааг магадлан тогтоох, шийдвэрлэх, иргэдийг дахин гэмт үйлдэл хийхээс таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, шийдвэрийг гаргах ёстой гэдэгт эргэлзэж байна.

Хялбаршуулсан журмаар хэрэгт гоомой хандаж байгаад гомдолтой байна. Миний өргөдөл, гомдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.А-ын өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн бүрдэл хангагдаагүй, нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд буруу болсон.

Хамгийн ноцтой нь шүүгдэгч С.О- бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч Д.А-ын өмчлөлийн гар утсыг хууль бусаар авсан үйлдлийг бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж шийдвэрлэлгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх дахин эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг мөрдөн байцаалтын, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч Б.О-ийн үйлдэлд хүний биед хөнгөн хохирол учруулахаас гадна өөр гэмт хэргийн үйлдэл тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Урьд хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 685 дугаар магадлалын заалтыг хангаагүй, хэргийн хохирогч, яллагдагчаас дахин мэдүүлэг авсан төдийгөөр шалгах ажиллагааг хязгаарласнаа мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх хууль ёсны гэж үзсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 39.6 дугаар зүйлийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой, зөрүүтэй байвал” гэсэн үндэслэл бүрэн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1471 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү....” гэв.

Шүүгдэгч С.О- өмгөөлөгч Н.Жамъяандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1471 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч С.О- нь бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дурдсан асуудлыг бүрэн шалгасан гэж үзэж байна. Хохирогч Д.А болон шүүгдэгч С.О- нараас утасны талаар асууж тодруулахад шүүгдэгч С.О- “тухайн үед хохирогч гартаа ямар нэгэн зүйл барьж довтолсон. Уг довтолгооноос хамгаалахын тулд гарт байсан зүйлийг өөр газарт тавьсан. Сүүлд үзэхэд утас байсан” гэдэг. Шүүгдэгч С.О- нь хохирогчийн утсыг авъя гэсэн дээрмийн санаа зорилго байгаагүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1471 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогч Д.А-ын өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдолд “дээрмийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй” гэж байна. Шүүхээс энэ хэрэг нэг удаа мөрдөн байцаалтын шатанд буцаж хохирогч, шүүгдэгч  нараас дахин мэдүүлэг авсан. Шүүгдэгч С.О- мэдүүлэгтээ “1-2 минутын дотор үйл явдал болж өнгөрсөн бөгөөд хохирогч Д.А халааснаасаа ямар нэгэн эд зүйл гаргаж ирэхээр нь намайг цохих нь гэж бодоод гараас нь салгаж аваад шидсэн” гэдэг. Үүнээс дээрмийн гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа, зорилго тогтоогддоггүй. Өөрөөр тогтоох боломжгүй гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийн субъектив талын шинж нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй байхыг шаарддаг. Шүүгдэгч С.О- энэхүү гар утсыг зарж, ашиг олсон зүйл байдаггүй. Мөн шүүгдэгч С.О- мэдүүлэгтээ “хохирогч Д.А-ыг уучлалт гуйхад нь гар утсыг нь эрүүлж өгье гээд өөр дээрээ байлгаж байсан” гэдэг. Шүүгдэгч С.О-, хохирогч Д.А нар нь нэг байранд амьдардаг бөгөөд өмнө нь хувийн таарамжгүй харилцаатай байсан гэж хохирогч Д.А- мэдүүлдэг. Мөн хохирогч Д.А- өмнө нь шүүгдэгч С.О-ийн гэрт орж, хүүхдийг нь айлгасан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.О- нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” Худалдааны төвийн ногоо зардаг лангууны хэсэгт хохирогч Д.А-ыг зодож, биед нь тархи доргилт, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч  Д.А-ын “2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Нарантуул” захын өргөтгөл хэсэгт бараагаа борлуулж дуусаад тэнд байдаг танилуудын хамт 100 грамм архи уусан. Тэгээд 17 цаг 40 минутын үед зүс таних О гэгчтэй таараад цэргийн баярын мэнд гээд гар бариад мөрөн дээр нь гараа тавьсан чинь хойшоо оръё гээд агуулах руу намайг чирч оруулаад нүүр хэсэг рүү гараараа цохьсон. Намайг унасан чинь дээр гараад намайг гараараа цохиод байсан. Тэгтэл агуулахын хажууд байсан эмэгтэй “ О болиочээ хүн аллаа шүү дээ” гэсэн. Тэгээд би гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэсэн чинь гар утсыг минь булаагаад авсан” /хх8/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Д.А-ын биед тархи доргилт, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 3827 дугаартай дүгнэлт /хх 11/ болон С.О-ийн “Тухайн өдрийн 17-18 цагийн үед байх би 00 орчихоод ирэхэд манай цэргийн он жав А намайг хүлээгээд зогсч байсан. Би цэргийн баярын мэнд гэхэд ямарч үг урдаас хэлэлгүй, миний нүүрэн тус газар цохиод авсан. Тэгэхээр нь би мөн зөрүүлээд нүүр рүү нь цохиод, лангууны ард гараад дахиад цохилцоод зодолдсон. Тэгэхэд тэр хавиар явж байсан хүмүүс салгасан” гэсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 129/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч С.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.О-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.А-ын өмгөөлөгч З.Хүрэлсүхээс “хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй, С.О- нь бусдад хөнгөн гэмтэл учруулах үедээ хохирогч Д.А-ын өмчлөлийн гар утсыг хууль бусаар авсан үйлдлийг бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгалгүй орхигдуулсан” талаар давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.О-ийн үйлдэлд “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, эсхүл “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан” гэх гэмт хэргүүдийн шинжүүд тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч С.О-ийн “хүний биед хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргээс гадна өөр гэмт хэргийн шинжтэй эсэх, түүнтэй холбоотой гэм хорын хохирлыг шийдвэрлэх талаар дурьдсан давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хохирогч, яллагдагч нараас дахин мэдүүлэг авахад С.О- нь тухайн гар утсыг хохирогч Д.А-аас дээрэмдэх гэмт санаа зорилгогүйгээр авсан, дараа нь буцаан өгсөн болох нь нотлогджээ.

Иймд шүүгдэгч С.О-ийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинжтэй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг давж заалдах шатны шүүхэд хянах явцад шүүгдэгч С.О- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан 576.175 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1471 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.А-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН                              

                                    ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ