Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001

 

        М.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, прокурор Х.Өрен, шүүгдэгч М.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолтой, М.С-д холбогдох эрүүгийн 1813002850192 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1975 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт М-н С /РД:000000/ нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Кристал” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад 6 настай хүүхэд Б.А-г мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

“1. Шүүгдэгч М.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч  М.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.С-д тэнссэн 3 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.” гэж  шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Айбек, шүүгдэгч М.С бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 164 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх ашгийг дордуулж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн асуудлыг болон шүүгдэгчийн байр суурийг анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Шүүгдэгч М.С-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр аймгийн прокурорын газарт хүсэлт гаргаж ялыг тохирсон байхад эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.С-д ял оногдуулахад саналын хүрээнд шийдвэрлээгүй.

Шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар М.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар эрхийг хасах ял шийтгэж, 3 жилийн хугацаагаар тэнссэн.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 164 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг болон тэнсэнгийн хугацааг 1 жил болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг, анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмыг тус тус зөрчсөн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаас гаргасан хүсэлтийн /хх-129/ дагуу прокурор мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж тогтоол /хх-131/ гарган, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гээд мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрлүүдийг хуульчилсан. Гэтэл прокуророос “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч М.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3.-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх ял оногдуулах...” гэсэн санал /хх-132/ гарган яллагдагч М.С-д танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3.-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” гэж хуульчилсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх байтал ялаас чөлөөлөх буюу тэнсэж үүрэг хүлээлгэх санал гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Прокуророос “тэнсэж үүрэг хүлээлгэх ял оногдуулах” гэх санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилснаас үзэхэд хорих ялаас чөлөөлөх, тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болохыг тэмдэглэж байна.

 

2. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй буюу яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар санал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.-т заасан нөхцөл байдлыг нягтлан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.-т зааснаар шүүх нь прокурорын сонсгосон ялыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн эсэхийг нягтлан шалгах бөгөөд прокуророос “...тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх ял оногдуулах...” гэсэн санал /хх-132/ гарган яллагдагч М.С-д танилцуулж, гарын үсэг зуруулсныг “прокуророос сонсгосон ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн” гэж үзэх үндэслэлгүй. Учир нь прокурорын дээрх саналыг “шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг” тодорхойлсон гэж үзэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй буюу хуульд заасан нөхцөл байдал хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмыг алдагдуулсан байна гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд сахих, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч М.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ