Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 00903

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С-т холбогдох

10.000.000 төгрөг гаргуулах тухай,

 Хариуцагч Д.С-ын нэхэмжлэгч Б.Б-аад холбогдуулан 11.662.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Х.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагч Д.С, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Д.С-т 10 сая төгрөгийг шүүхэд дуудагдаад байна, өр төлбөрт өгөх хэрэгтэй байна гэж гуйхаар нь өөрийн 5026351624 тоот хувийн данснаас шилжүүлж өгсөн. Д.С нь уг 10 сая төгрөгт бодож Цагаан-Үүр суманд манай компанийн барьж байгаа сургуулийн барилгын дээврийн мод бэлдэж өгнө гэсэн боловч 2016 оны зун барилгын дээвэрийн ажлаа хийх гээд 10 сая төгрөгийн модоо авъя гэхэд өгөөгүй болно. Иймд Д.С-аас 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр болох Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.С-аас 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Д.С нь 2015 оны 9 сард хотод орж ирээд 10.000.000 төгрөг зээлдүүлээч, ах нь шүүхэд дуудагдаад мөнгө хэрэг болоод байна гэж хэлснийх нь дагуу дээрх 10.000.000 төгрөгийг ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулалгүйгээр итгэлцлийн үндсэн дээр өгсөн.  Д.С нь зээлж авсан мөнгөндөө Цагаан-Үүр суманд баригдаж байгаа сургуулийн дээврийн модыг бэлтгэж өгнө гэж хоорондоо тохиролцсоны дагуу мөнгийг Б.Б өөрийнхөө данс болох 0000000 дугаарын данснаас Д.С-ын данс руу шилжүүлж өгсөн. Ингээд 2016 оны зун сургуулийн барилгын ажил эхлээд модоо авъя гээд учирлаж зөндөө хэлсэн боловч өгөөгүй.  Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.С ах 13.500.000 төгрөгөөр надад КАМА маркийн автомашиныг зарсан ба бичиг баримтыг нь шилжүүлээд авах гэтэл “Баянцагаан” барилгын материалын дэлгүүрийн эзэн болох Төрөө гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй уулзахад Д.С надад 2.500.000 төгрөгийн мод өгөх ёстой, бидний дунд тооцоотой гээд уг машиныг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн ба би Д.С ахад уг автомашины үнэ 13.500.000 төгрөгийг бүрэн өгч барагдуулсан. Одоо дээрх машин хэний ч эзэмшлийн машин биш байдаг. 6.755.000 төгрөгийн тухайд “Норд бенз” маркийн автомашиныг Д.С нь хувьдаа буюу ачаа тээвэрт ашигласны түрээсийн мөнгө гэж ойлгож байгаа. Мөн Д.С нь 11.000.000 гаруй төгрөгөөр сэлбэг, засвар үйлчилгээ хийсэн гэж тайлбарлаж, ярьж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй. Дээрх машиныг хаана, яаж эвдэрсэн талаар хэн ч мэдэхгүй шүү дээ. Мөн 488.000 төгрөгийн үнэ бүхий банз, 180.000 төгрөгийн үнэ бүхий дүнз өгсөн гэж тайлбарлаж байх боловч би энэ талаар огт мэдэхгүй юм байна. 2.500.000 төгрөгийн тээврийн зардлыг миний хувьд Д.С-т түлшээр өгч барагдуулсан. Тухайн үед Д.С-аас банз, палк авч байсан. Мөнгийг барагдуулж явсаар байгаад төлж дууссан. Одоо Д.С ах бид хоёрын дунд энэ нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийн л тооцоо байгаа юм гэв. 

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт оршин суух Д.С би Б.Б-гийн шүүхэд гаргасан 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би Б.Б-гийн нөхөр Б.О-оос Норд бенз маркийн УНИ 12-12 улсын дагаартай автомашиныг 55 сая төгрөгөнд бодож авсан. Уг машины үнэнд палк, банз өгөхөөр тохирсон. Би машинд 11.369.000 төгрөгийн сэлбэг авч тавьсан. Мөн 13.600.000 мянган төгрөгийн банз палкыг О-ын дүү О-д Улаанбаатар хотод оруулж хүлээлгэж өгсөн. Автомашиныг хот руу ачаа аваад орсон байхад нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавигдсан автомашин байгаа юм гээд  манай хүүхдүүдээс тэр банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс ирээд аваад явсан. Би тэр машинд сар шахам засвар хийсэн. Уг машин нь мотор муутай, нум муутай, 2 далд төмөр нь тасарсан гэх мэт зөндөө гэмтэлтэй, засвар шаардсан машин байсан. Би Б.Баярмаагийн нэхэмжилсэн мөнгөн дүнг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй, өгөхгүй, харин ч сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Хариуцагч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цагаан-Үүр суманд хөрөө рам ажиллуулдаг ба Б.Б, Б.О нар нь тухайн үед дээврийн холбоос мод бэлтгүүлнэ гээд эхний ээлжинд 10.000.000 төгрөгийг надад өгсөн. Удалгүй машин тэрэг өгөлцөж авалцахаар тохиролцоод УНИ 03-98 гэх улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг 55 сая төгрөгөөр авч өгөлцөхөөр нэхэмжлэгч талтай аман хэлэлцээр хийж тохиролцсон байсан. Тэгээд болж өгвөл оноос өмнө 1 удаагийн явдлаар мод оруулж өгье гээд үлдсэнийг нь хавар барилгын ажил эхлэхээр би машинаар нь барилгын материал зөөгөөд буцахдаа мод, палк ачихаар тохиролцож дээрх машиныг авсан юм. Би тухайн үед машиныг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсныг мэдээгүй. Б.О-оос машиныг хүлээж авсныхаа дараахан Б.О-ын ачааг нь оруулж өгсөн. Буцаж ирэхдээ өөрийнх нь зардлаар ачааг нь ачиж ирсэн. Ингээд дараагийн ээлжинд би О-оос 3.000.000 төгрөгийг авсан. Энэ мөнгөндөө би палк, банз ачиж оруулж өгсөн. Дээрх машиныг олон хүн ээлжилж барьж байсан болохоор мотор нь муу, эд анги нь нэлээд муудсан байсан. Энэ талаар тухайн үед Б.О-д өөрт нь ч хэлж л байсан. Ингээд би машиныг нэгэнт унаж байгаа юм чинь сайхан янзлаад уная гэж бодоод 11.000.000 гаруй төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Б.О-д 6.755.000 төгрөгийн банз, палк ачиж оруулж өгөөд удаагүй байж байтал банк бус санхүүгийн байгууллага машиныг хураагаад аваад явсан. Б.О-д банз, палк өгөөд дээр нь машинд нь 11.000.000 гаруй төгрөгийн мотор, холбогдох сэлбэгүүдийг авч тавьсан байгаа юм. Ингээд л би үндсэндээ 20.000.000 гаруй төгрөгөөр хохирчихоод байж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж оролцож байна. Би Б.Б, Б.О нараас Норд бенз маркийн автомашиныг 55.000.000 төгрөгт бодож худалдаж авсан. Аваад уг машинд 11.739.000 төгрөгийн засвар, сэлбэг авч тавьсан. Мод аваачиж өгсөн мөнгө 6.755.000 төгрөг, 3 сантиметрийн банз 185 ширхэг 488.000 төгрөг, 8 метрийн дүнз 6 ширхэг 180.000 төгрөг, хотоос цемент, хөөс ачиж ирсний зардал 2.500.000 төгрөг болсон. Уг худалдаж авсан машиныг 1 сард хотод засварлаж байхад банк бус санхүүгийн байгууллага ирээд барьцаанд хурааж авч байна гээд аваад явсан. Тухайн үед бас л 2.000.000 гаруй төгрөгийн засвар хийж байсан. Б.Б нь уг машиныг барьцаанд байгаа гэж надад хэлээгүй, би сүүлд нь мэдсэн. Гэтэл намайг худалдаж авах үедээ мэдэж байсан мэтээр гүтгэсэн байна. Банз, палк, машины үнэнд нь өгөх, оноос өмнө 1-2 машиныг ачиж оруулж өгөх, он гараад барилгын ажил эхлэнгүүт би хотоос барилгын ажлын материалыг машинаар ачих, машины өртгөнд хот руу банз, палк өгөхөөр харилцан тохиролцсон байсан. Тухайн үед гэрээ энэ тэр байгуулаагүй, таньдаг мэддэг манайхаас л бүх юмаа авч ажлаа хийдэг байсан тул би итгэсэн юм. Би Б.Б-аас 10.000.000 төгрөг авсан нь үнэн. Уг баригдаж буй барилгын дээврийн банз, палкыг ачиж өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл гэнэт мөнгө нэхээд шүүхэд хандаж байгаад гомдож иргэн намайг хохироочихоод ингэж мушгисан хариу тайлбар ирүүлээд байгаа тул би 21.662.000 төгрөг нэхэмжлэхээс Б.Б-аад өгөх 10.000.000 төгрөгийг хасаад нийт 11.662.000 төгрөг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.С-т холбогдуулан 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Б.Б-гаас 11.662.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. 

Нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 09 сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн хувийн данснаас Д.С-т шилжүүлж өгсөн ба уг зээлсэн мөнгөндөө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд баригдах сургуулийн барилгын дээврийн модыг бэлтгүүлэхээр тохиролцсон боловч модыг бэлтгэж өгөөгүй тул зээлсэн 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Д.С нь Б.Б-аас 10.000.000 төгрөгийг авсан нь үнэн боловч би нэхэмжлэгч Б.Б-гийн нөхөр Б.О-оос “Норд бенз” маркийн УНИ 12-12 улсын дугаартай автомашиныг 55.000.000 төгрөгөөр худалдаж авсан, уг машиныг банк бус санхүүгийн байгууллага хураагаад аваад явсан. Би дээрх машинд 11.739.000 төгрөгийн сэлбэг, засвар үйлчилгээ хийсэн мөнгө болон уг автомашинаар банз, палк, дүнз аваачиж өгсөн мөнгө болох 6.755.000 төгрөг, 3 сантиметрийн 185 ширхэг банзны үнэ 488.000 төгрөг, 8 метрийн урттай 6 ширхэг дүнзний үнэ 180.000 төгрөг, Улаанбаатар хотоос цемент, хөөс ачиж ирсний зардал 2.500.000 төгрөг нийт 21.662.000 төгрөгийг Б.О, Б.Б нараас авах ёстойгоос Б.Б-аад өгөх 10.000.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх мөнгө 11.662.000 төгрөгийг гаргуулж авна гэж сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.С-т 2015 оны 09 сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг өгсөн болох нь Хаан банкны 2016 оны 12 сарын 14-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтын талаар маргахгүй байна.

Зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүсдэг гэрээ бөгөөд зээлдүүлэгч нь мөнгө болоод төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг гэрээ ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан ба дээрх үйл баримтаар тул зохигчийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Д.С-аас 10.000.000 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.С-ын нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан 11.662.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар нь Норд бенз маркын УНИ 12-12 улсын дугаартай автомашиныг Д.С нь Б.Б надтай биш миний нөхөр Б.О-той ярилцаж тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан, миний нэхэмжилсэн 10.000.000 төгрөгтэй ямар ч хамааралгүй юм. Мод борлуулсны орлого буюу банз палкны үнэ 6.755.000 төгрөгийг уг автомашиныг Д.С нь ашигласны түрээсийн төлбөрт суутгаж авна. 3 сантиметрийн 185 ширхэг банзны үнэ 488.000 төгрөг, 8 метрийн урттай 6 ширхэг дүнзний үнэ 180.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, энэ банз, дүнзний талаар огт мэдэхгүй. Улаанбаатар хотоос цемент, хөөс ачиж ирсний зардал 2.500.000 төгрөг нэхэмжилж байгааг мөн зөвшөөрөхгүй, уг мөнгөнд Д.С-т түлш өгч тооцоо дууссан. Дээр нь норд бенз маркийн автомашинаас гадна бас нэг автомашины асуудал бидний дунд бий учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган мэтгэлцэж байна.

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдаж ба шүүх хуралдаанаар  шинжлэн судлагдсан нотлох баримтаар хариуцагч Д.С-ын Норд бенз маркын УНИ 12-12 улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээ хийсэн болон сэлбэг авч тавьсан зардал 11.739.000 төгрөг, 3 сантиметрийн 185 ширхэг банзны үнэ 488.000 төгрөг, 8 метрийн урттай 6 ширхэг дүнзний үнэ 180.000 төгрөг, нийт 668.000 төгрөг, Улаанбаатар хотоос цемент, хөөс ачиж ирсний тээврийн зардал 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагч Д.С-ын мод борлуулсны орлого буюу банз палкны үнэ 6.755.000 төгрөг нь нэхэмжлэгч Б.Б-гийн нөхөр Б.О-той Норд бенз маркын УНИ 12-12 улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлөгдсөн үнэ гэх тайлбарыг зохигч гаргаж байх ба хэрэгт авагдсан баримтаар Б.Б-д өгөх зээлийн төлбөрт төлөгдөх төлбөр болох нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Д.С-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90.125 төгрөгийг, хариуцагч Д.С-ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 201.542 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 84.825 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Д.Сайнбаяраас 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-т зааснаар хариуцагч Д.Сайнбаяраас 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч Д.С-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.125 төгрөг, хариуцагч Д.С-ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 201.542 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 84.825 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Д.С-аас 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БЯМБАСҮРЭН