Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1351

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо Сөүлийн гудамж 25 тоотод байрлах, “Хаан банк” ХХК /УБД:9016001011, РД:2693321/

     Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж өөрийн байр, “Эрэл” ХХК /УБД:9011115021, РД:2027194/

     Хариуцагч: Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 101-901 тоотод оршин суух, Эрдэнэбат овогт Бадарчийн Эрдэнэбат /РД:ХП59091771/

 

       Нэхэмжлэгч “Хаан банк ” ХХК нь “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нарт холбогдуулан 2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 9 693 633 830 төгрөг, 2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 5 067 223 794 төгрөг, 2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 17 386 020 045 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 161 208 148 төгрөг нийт 32 308 085 871 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад хөрөнгүүдээр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээ, 2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээ,  2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 зээлийн гэрээнүүдийн тус тус хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээнүүдийг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосбаяр, Ж.Хосбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвням, Г.Орхон, хариуцагч “Эрэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Эрэл” ХХК болон тус компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нар нь 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-тай 11/163 тоот зээлийн гэрээ байгуулан 12 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатайгаар жилийн 13,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Уг зээлийг хариуцагчийн хүсэлтээр “Эрэл” ХХК-д хүнд машин механизмын парк шинэчлэл хийх, Эрэл цементийн үйлдвэрийн урсгал засвар хийх, бетон зуурмагийн үйлдвэрт итали, солонгос улсаас үзель, хайрга бутлаж, ангилах, угаах тоног төхөөрөмж худалдан авах, Асфальтын үйлдвэр барих зэрэг ажлуудыг дахин санхүүжүүлэх буюу дээрх зориулалтаар ашиглагдсан Улаанбаатар хотын банкин дахь “Эрэл” ХХК-ийн зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах зорилгоор олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь “Эрэл” ХХК болон иргэн Д.Сэргэлэн нартай 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 11/163-1 тоот “барьцаат гэрээ” болон 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11/163-2 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ зэргийг байгуулан тус гэрээнүүдэд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эрхийн бүртгэлийн газар болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус бүртгүүлж баталгаажуулсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар 1 дүгээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж 6,676,721,447 төгрөгийн үндсэн зээлийн, 1,883,384,524 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн, 183,360,193 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн нийт 8,743,466,164 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчид 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй, зээлийн буцаан төлөлтийн хуваарийг зөрчөөд нийт 780 хоног өнгөрсөн ба Хаан банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн хэвээр байгаа тул 1 дүгээр зээлийн гэрээний 7.1.1 болон 8.2-т заасны дагуу 1 дүгээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11/163-1 тоот “барьцааны гэрээ” болон 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11/163-2 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээнүүдэд заагдсан барьцааны хөрөнгүүд болон зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулахаар шаардаж байна.

2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11/165 тоот зээлийн гэрээний үүргийн тухайд:

Хариуцагч “Эрэл” ХХК болон тус компанийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нар нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-тай 11/165 тоот зээлийн гэрээ байгуулан 5 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатайгаар жилийн 13,2 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Тухайн зээлийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдах оффисийн барилга болон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд баригдаж банкны барилга угсралтын ажлын санхүүжилтэнд ашиглах зорилгоор олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь “Эрэл” ХХК болон иргэн Д.Сэргэлэн нартай 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11/165-1 тоот “Барьцааны гэрээ” байгуулан тус барьцааны гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эрхийн бүртгэлийн газар болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж баталгаажуулсан байдаг. “Эрэл” ХХК нь барилгуудын санхүүжилтэнд зориулан авсан 5 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын дагуу ашигласан бол банкны барилга бүрэн баригдсан, эсвэл оффисийн барилга 85 буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй байх боломжтой байсан авч одоогоор зээл олгосноос хойш 4-5 жилийн дараа оффисийн барилга 50 орчим хувийн гүйцэтгэлтэй, банкны барилгын хувьд ямар нэг нэмэлт ажил хийгдээгүй байдалтай байна. Мөн өнөөдрийн байдлаар 2 дугаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж 3,499,669,630 төгрөгийн үндсэн зээлийн, 987,194,480 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн, 91,572,737 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн нийт 4,578,436,847 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчид 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй, зээлийн буцаан төлөлтийн  хуваарийг зөрчөөд нийт 749 хоног өнгөрсөн ба хийгээгүй, зээлийн буцаан төлөтийн хуваарийг зөрчөөд нийт 749 хоног өнгөрсөн ба Хаан банкны  зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн хэвээр байгаа тул 2 дугаар зээлийн гэрээний 7.1.1 болон 8.2-т заасны дагуу 2 дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11/165-1 тоот “Барьцааны гэрээ”-нд заагдсан барьцааны хөрөнгүүд болон зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулахаар шаардаж байна.

2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн тухайд:

Хариуцагч “Эрэл” ХХК болон тус компанийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нар нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-тай ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээ байгуулан 15 тэрбум төгрөгийг 12 сарын хугацаатай 7 жилийн хүүтэйгээр зээлдэн авсан. Мөн талууд 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 13/109-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн шугамын гэрээний хугацааг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг 5,5 хувь болгож өөрчилсөн байдаг. Тухайн зээлийг Эрэл ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 194 тоот хүсэлтийг үндэслэн тухайн үед Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол банкны эх үүсвэртэйгээр цементийн үйлдвэрийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон. Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь Эрэл ХХК болон иргэн Б.Эрдэнэбат нартай 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр БГ-13/109 тоот барьцааны гэрээ байгуулан тус барьцааны гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртүүлж баталгаажуулсан. Зээлийн шугамын гэрээний үүрэг мөн л зөрчигдөж одоогоор 15,000,000,000 төгрөгийн үндсэн зээлийн, 1,505,499,763 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн, нийт 16,505,499,763 төгрөгийн үндсэн зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчид 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, зээлийн буцаан төлөлтийн хуваарийг зөрчөөд нийт 627 хоног өнгөрсөн ба Хаан банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн хэвээр байгаа тул зээлийн шугамын гэрээний 7.1.1 болон 8.2-т заасны дагуу 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр БГ-13/109 тоот “Барьцааны гэрээ”-нд заагдсан барьцааны хөрөнгүүд болон зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулахаар шаардаж байна. Дээрх зээлүүдийг “Эрэл” ХХК-ийн цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн шинэчлэл хийх, бетон зуурмагийн үйлдвэр, асфальтийн үйлдвэр байгуулах, хайрга дайрганы иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авах, автомашины парк шинэчлэлт хийх зэрэгт зарцуулснаар “Эрэл” ХХК нь бодит  орлогын хэмжээгээ өсгөсөн, үйл ажиллагааны цар хүрээ тэлж, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлсэн. Хариуцагч энэхүү хөрөнгө оруулалт хийж өргөжсөн үйл ажилалгааны орлогоос Хаан банкны зээлүүдийн төлбөрийг төлж барагдуулах үүрэг гэрээгээр хүлээсэн боловч 2014 оны 5 дугаар сарын 5-наас хойш Хаан банкин дахь харилцах дансаараа аливаа орлого дамжуулахгүй, зээлийн зориулалт, ашиглалтанд хяналт тавих боломжийг үгүй хийж зээлийн төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж байна. “Эрэл” ХХК-д олгосон зээлүүд нь хугацааны үзүүлэлтээр муу чанарын үзүүлэлтээр ангилагдаж эрсдлийн сан байгуулагдсан буюу Хаан банк нь хариуцагчийн төлөөгүй байгаа гэрээний үүрэгтэй дүйцүүлэн 17,6 тэрбум төгрөгийг Монгол банкинд эрсдлийн сан хэлбэрээр ямар ч хүүгүй хөдөлгөөнгүй байршуулж уг мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжоо алдан давхар хохирч байна. Иймд 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11/163 тоот зээлийн гэрээг цуцалж, 6,676,721,447 төгрөгийн үндсэн зээлийн, 1,883,384,524 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн, 183,360,193 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн нийт 8,743,466,164 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11/163-1 тоот Барьцааны гэрээ болон 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11/163-1 тоот барьцааны гэрээ болон 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11/163-2 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээнүүдэд заагдсан барьцааны хөрөнгүүд болон зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулахаар шаардаж байна. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11/165 тоот зээлийн гэрээг цуцалж, 3,499,669,630 төгрөгийн үндсэн зээлийн, 987,194,480 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн, 91,572,737 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн нийт 4,578,436,847 төгрөгийн үлдэгдэлийг 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11/165-1 тоот барьцааны гэрээнд заагдсан барьцааны хөрөнгүүд болон зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулахаар шаардаж байна.

2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээг цуцалж, 15,000,000,000 төгрөгийн үндсэн зээл, 1,505,499,763 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн нийт 16,505,499,763 төгрөгийн үлдэгдэлийг 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр БГ-13/109 тоот “Барьцааны гэрээ”-нд заагдсан барьцааны хөрөнгүүд болон зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016  оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэлийн үнийн дүнг дараах байдлаар нэмэгдүүлсэн.

1. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны байдлаар 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11/163 тоот 1 дүгээр зээлийн гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг нэмж гаргуулах- зээлийн хүүгийн төлбөр 449,114,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 89,605,953 төгрөг нийт 538,720,652 төгрөг,

2. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны байдлаар 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11/165 тоот 2 дугаар зээлийн гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг нэмж гаргуулах- зээлийн хүүгийн төлбөр 235,407,914 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 44,904,487 төгрөг нийт 280,312,401 төгрөг

3. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны байдлаар 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗШГ-13/109 тоот 3 дугаар зээлийн шугамын гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг нэмж гаргуулах- зээлийн хүүгийн төлбөр 426,250,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 64,643,836 төгрөг нийт 490,893,836 төгрөг дээрх 3 зээлийн хүүгийн төлбөр 1,110,772,613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 199,154,276 төгрөг нийт 1,309,926,889 төгрөгийг нийт 31,137,329,663 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн.

Мөн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 11/163 тоот 12 тэрбум төгрөгйин зээлийн гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гаргуулах, -үндсэн зээлийн төлбөр 6,676,721,447 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,675,371,735 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 341,540,648 төгрөг нийт 9,693,633,830 төгрөг,

2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11/165 тоот 5,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах – үндсэн зээлийн төлбөр 3,499,669,630 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,402,322,415 төгрөг, нэмэгдүүлснэ хүүгийн төлбөр 165,231,749 төгрөг нийт 5,067,233,794 төгрөг

2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ЗШГ-13/109 тоот 15,000,000,000 төгрөгийн зээлийн шугамын гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах- үндсэн зээлийн төлбөр 15,000,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,257,166,429 төгрөг, нэмэгдүүлснэ хүүгийн төлбөр 128,835,616 төгрөг нийт 17,386,002,045 төгрөг 3 гэрээний дагуу нийт 32,146,859,669 төгрөгийг хариуцагч “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нараас гаргуулж өгнө үү  гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ..................................

 

Хариуцагч “Эрэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. “Хаан банк” ХХК-иас “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдуулан 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 11/163 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцалж, 6,676,721,447 төгрөгийн үндсэн зээлийн, 1,883,384,524 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн 183,360,193 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 8,743,466,164 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Эрэл” ХХК нь “Хаан банк” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11/163 тоот зээлийн гэрээний дагуу 12 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатайгаар зээлдэн авсан бөгөөд, уг зээлийн барьцаанд өөрсдийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, холбогдох байгууллагаар баталгаажуулсан. Мөн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11/165 тоот зээлийн гэрээгээр 5 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 13,2 хувиар тус тус зээлдэн авсан болно. Харин дээрх гэрээнүүдийн хугацааг тооцож үзвэл “Хаан банк” ХХК-иас 11/163 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэн авсан 12 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний дуусах хугацаа нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болох боловч нэхэмжлэгчээс 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж мөн дээрх 11/163 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэн авсан 12 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 780 хоногоор хэтэрсэн гэх тайлбарын үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага үнэн зөв, үндэслэл бүхий ойлгомжтой байх шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх 11/163 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэн авсан 12 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 60 сар гэдгээ нэхэмжлэлд дурдсан байдаг. “Эрэл” ХХК-иас гэрээний үүргээ зөрчөөгүй бөгөөд мөн уг гэрээний үйлчлэлийн хугацааг 24 сараар сунгасан “Хаан банк” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/9233- тоот шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах, шаардлага бүхий нэхэмжлэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 11/163 зээлийн гэрээний үйлчлэл, гэрээний хугацааг цаашид сунгах гэх зэрэг асуудал нь өөр шүүхээр хянагдаж байгаа бөгөөд шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа тул хариуцагчийг 11/163 зээлийн гэрээг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх үндэслэлээр зээлдэгч дангаар гэрээг цуцлах шаардлага гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрээг цуцалж байгаа үндэслэл нь зээлийн гэрээний 7.1.1, 8.2-ийг үндэслэсэн байдаг гэтэл уг гэрээний хугацаа дуусаагүй харин ч 24 сараар сунгасан тухайгаа нэхэмжлэгч бичгээр шийдвэр хариуцагчид хүргүүлсэн байдаг өөрөөр хэлбэл Хаан банкны 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/9233 тоот шийдвэрээр 3 зээлийг 24 сараар сунгаж өгсөн тухай:

Зээлийн эргэн төлөлт хийгээгүй тухай нэхэмжлэгч ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайлбал 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833А тоот зээлийн хорооны шийдвэрээр Эрэл ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэр гарсан энэхүү шийдвэрийн тохиролцоо нь тухайн үед энэхүү зээлийн эргэн төлөлтийг хэвийн болгох нөхцөлтэйгээр нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцсон байдаг зээлийн хорооны шийдвэртээ ч тусгасан байдаг. Гэтэл Хаан банк ХХК нь зах зээлд хэт давамгай зүй ёсны монополь байдлаа ашиглан дээрх 13 тэрбум төгрөгийн зээлээ олгохгүй харин ч эсрэгээр барьцаа хөрөнгүүдийг зарж борлуулах үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоож зээл олгох шийдвэрээ хэрэгжүүлэхгүй улаан цайм дээрэм хийж байгаа хууль бус үйлдэл гаргасан тул “Эрэл” ХХК нь “Хаан банк” ХХК-ийг шүүхэд өгч 5 шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаа явагдаж байна. Энэ бүхэн банкны харилцагчийг дорд үзсэн өөрт таалагдсан барьцаа хөрөнгийг ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох гэсэн хууль бус үйлдлээс үүдэн дээрх хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл зээлийн эргэн төлөлт зогссон бөгөөд Хаан банкны буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс үүдэн гарсан нөхцөл байдал тул хариуцагчийн зүгээс буруутай үйлдэл эс үйлдэхүй байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд одоогоор энэхүү хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

2. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11/165 тоот зээлийн гэрээг цуцалж, 3,499,669,630 төгрөгийн үндсэн зээлийн 987,194,480 төгрөгийн хуримттлагдсан хүүгийн 91,572,737 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 4,578,436,847 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Эрэл ХХК нь өөрийн эзэмшлийн 0232350, 0348975 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудад үйлчилгээний зориулалтаар барилга барихаар төлөвлөж Хаан банкнаас уг ажилд шаардлагатай 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зээлэх хүсэлт тавьсаныг Хаан банк хүлээн зөвшөөрч эхний ээлжийн санхүүжилтийг 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 11/165 дугаар зээлийн гэрээг байгуулан 5 тэрбум төгрөгийн зээлийг авч барилга барих ажлыг эхлүүлсэн бөгөөд Хаан банкнаас олгосон эхний санхүүжилтээр суурийн ажлыг цутгаж улмаар гүйцэтгэсэн ажлын болон зээлийн зарцуулалтын тооцоог гарган өгч тохирсон ёсоор дараагийн шатны санхүүжилтийн үлдсэн 10 тэрбум төгрөгийн зээлийг олгохыг Хаан банкны санхүүжилтийн үлдсэн 10 тэрбум төгрөгийн зээлийг олгохыг Хаан банкны байгууллагын банкны дарга Мөнхтуяад 2014 оны 3 дугаар сард хандаж уулзахад банкны зүгээс үл хөдлөх хөрөнгөд зээл олгохоо больсон гэх шалтгаанаар зээл олгохоос татгалзаж, гэрээний үүргээ тохиролцсон тохиролцооноосоо санаатайгаар зайлсхийж уг төслийн барилгын ажлын санхүүжилтийг санаатайгаар зогсоож нийтдээ 5 жил уг Оффисийн болон банкны үйлчилгээний барилгыг царцааж “Эрэл” ХХК-д маш их хохирол учруулсаар ирсэн тул “Эрэл”  ХХК-ийн зүгээс дээрх зээлээс учирсан хохирол 7,047,612,000 төгрөгийн хохирол шаардан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад: 2011 оны 7-р сарын 18-ны өдрийн 11/163 тоот зээлийн гэрээгээр 12.0 тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-ийн хүнд машин механизмын парк шинэчлэл хийх, Эрэл Цементийн үйлдвэрийн урсгал засвар хийх, бетон зуурмагийн үйлдвэрт Итали, Солонгос улсаас узель, хайрга бутлаж ангилах, угаах тоног төхөөрөмж худалдан авах, Асфальтын үйлдвэр барих зэрэг ажпуудыг дахин санхүүжүүлэх буюу дээрх зориулалтаар ашиглагдсан Улаанбаатар хотын банкин дахь “Эрэл” ХХК-ийн зээлийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор олгосон гэжээ...

“Эрэл” ХХК нь 2011 оны 7-р сарын 18-ны 11/163 тоот зээлийн гэрээгээр 12.0 тэрбум төгрөгийн зээл авахдаа “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийн дагалдах үйлдвэрүүдийг парк шинэчлэлт хийж цаашид “байшин үйлдвэрлэх-1”комбинатыг иж бүрнээр нь Олон улсын стандарт чанарын шаардлага хангасан үйлдвэр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллахаар гэрээ байгуулахаас 3 сарын өмнө “Хаан банк” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар05/2238 тоот “Эрэл” ХХК-д “Хамтран ажиллах санал хүргүүлэх тухай” албан бичигтээ томоохон харилцагчдад тусгайлсан уян хатан нөхцөл бүхий банкны үйлчилгээг санал болгодог. Уг уян хатан саналыг Хаан банкнаас зээл олгох саналыг “Эрэл” ХХК нь бүрэн хүлээн авч цаашид үйлдвэрийг 100 хувь шинэчлэлд зээл олгох нөхцөлд санал нэгдэж улмаар Улаабаатар банкин дахь зээлийг дарж, БҮК-1 төслийг бүрэн шинэчлэх санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөөр тохиролцож улмаар 12.0 тэрбум төгрөгийн зээлийг Эрэл ХХК-д олгосон байдаг.Зээлийн гэрээ байгуулагдан улмаар гэрээний дагуу шинэчлэгдэх салбар үйлдвэрүүд бүгд шинэчлэгдэж, ашиглалтад орсон зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж улмаар Хаан банк ХХК-тай тохирсон ёсоор Байшин үйлдвэрлэх комбинатыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас Хаан банк ХХК-иар дамжуулан зээл авч “БҮК-1” төслийн ажлыг дуусгаж ашиглалтад оруулах, мөн 12.0 тэрбум төгрөгийн үлдэгдэл зээлийн эргэн төлөлтийг хийхээр тохиролцсон. “Эрэл” ХХК болон Хаан банкны хооронд байгуулагдах зээлийн гэрээний гол нөхцөлийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195,3-д заасны дагуу тохиролцож улмаар Хаан банк нь хүсэл зоригийг баталгаажуулж 2014 оны 10 дугаар сарын 22 өдрийн №833а тоот Төв банкны зээлийн хорооны шийдвэр гарсан. Хаан банк санаатайгаар Улсын Их хурал болон Засгийн газар, Хөгжпийн банк Эрэл ХХК-ийг хууран мэхлэж, Монгол 888 төслийн хүрээнд зээл олгох 2014 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн №833а тоот төв банкны зээлийн хорооны шийдвэрээ өөрчилж зохион байгуулалттайгаар залилж стратегийн ач холбогдол бүхий үндэсний үйлдвэрлэлийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн.  Хаан банк нь 2014 оны 10 сарын 22 -ны өдрийн Төв банкны зээлийн хорооны 833а тоот шийдвэрээр зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон тохиролцооноос ямар ч үндэслэлгүйгээр татгалзаж, “Эрэл” ХХК-ийг хууран мэхлэж улмаар БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмж худалдан авах 13.0 тэрбум төгрөгийн Зээлийн зориулалтыг “Эрэл” ХХК-ийн хугацаа нь дуусаагүй хөрөнгө оруулалтын 11/163 тоот гэрээний зээлийн гэрээний үлдэгдэл бүх төлбөрийг төлүүлж хаахаар санаатай өөрчилсөн үйлдэл нь Банкнаас зээлийн мөнгийг өөр зээлийн өрөнд бүхэлд нь суутгахаар шийдвэрлэсэн нь банкны зээлийн үйл ажиллагааны зорилгод нийцэхгүй зээлдэгч “Эрэл” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж улмаар зээл олгохоос татгалзаж, мөн зээл төлөх хэвийн нөхцөл байдлыг Хаан банк санаатай алдагдуулсан нь 2014 оны 10 сарын 22 өдрийн 833а тоот зээлийн хорооны шийдвэр гарсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хүү нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч төлөх хууль зүйн үндэслэлгүй тул хүү 2.332.499.223 нэмэгдүүлсэн хүү 272,966,146 төгрөг нийт 2,605,465,369 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн төлбөр нь Иргэний хуулийн 216.4-д “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” императив хэлбэрээр зохицуулсан хэм хэмжээг зөрчиж хийсэн гэрээний заалтыг дагаж мөрдөхгүй эрх зүйн хүчин чадал эрэмбийн хувьд ч хуулийн заалтыг дагаж мөрдөх юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд төлбөр төлөх дарааллын талаар тодорхой зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн ерөнхий ангийн үүргийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх ёстой юм. Манай компанийн зүгээс 12.0 тэрбум төгрөгийн үндсэн зээл авч нийт 9.025.163.043 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлсөн өнөөдрийн байдлаар 2.974.836.956 төгрөгийн үндсэн зээл төлөх ёстой тул нэхэмжпэгч үндэслэлгүйгээр үндсэн зээлийн төлбөрт 3.701.884.491 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжпэгч нэхэмжпэлдээ: "2013 оны 06-р сарын 27-ны өдрийн ЗШГ-13/109 тоот зээлийн гэрээний дагуу авсан 15 тэрбум төгрөгийн зээлийг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй, зээлийн буцаан төлөлтийн хуваарийг зөрчөөд нийт 627 хоног хэтрүүлсэн үндсэн нэхэмжлэл 15 тэрбум, хүү 1.931.749.763, нэмэгдүүлсэн хүү 64.643.836 төгрөг нийт 16.996.393.599 ” гэжээ....Нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 1.996.393.599 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Зээл төлөх боломжгүй болгосон буруутай үйлдэлийг товчилвол: Хаан банк анх Эрэл ХХК-ийн зээлийн 11/163 тоот, 11/165 тоот, ЗШГ- 13/109 тоот гэрээний эргэн төлөх хугацааг 24 хүртэл сараар буюу 2 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн 2014.11,25-ны өдрийн 11/9233 дугаартай шийдвэр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээгүй хуурч мэхэлсэн Засгийн газрын шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас Хаан банкаар дамжуулан БҮК-1 төслийн 13,0 тэрбум төгрөгийн зээл авах хүсэл зоригийг Хаан банкинд илэрхийлснийг Хаан банк 2014 оны 10 дугаар сарын 22 өдрийн №833а тоот төв банкны зээлийн хорооны шийдвэрээр “Эрэл” ХХК-д 13,0 тэрбум төгрөгийн зээлийг “БҮК-1” төслийн үндсэн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж олгохыг зөвшөөрч, 11/163, 11/165, ЗШГ-13/109 тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүүг төлж зээлийг хэвийн үргэлжлүүлэх тохиролцооноосоо ухарч хуурч мэхэлж хожим 2015.02.04 өдрийн зээлийн хорооны 19/1004 тоот зээлийн хорооны шийдвэрээр хугацаа нь дуусаагүй бүх зээлийг хааж, хууль бус тулган шаардалт тавьсан “Хаан банк” ХХК нь “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн санхүүжилтийг гүйцэд олгох 2014.10.22 өдрийн 833а тоот Зээлийн хорооны шийдвэрийн дагуу 13 тэрбум төгрөгийн БҮК-1 тоног төхөөрөмжийн угсралтын зээл олгох шийдвэрээ хэрэгжүүлээгүй хууль бусаар өөрчилснөөс үүдэн дээрх гурван төрлийн зээлийн эргэн төлөлт хэвийн явагдах боломжгүй болгосон, БҮК-1 үйлдвэрийн ашиглалтад орох хугацааг 2 жилээр хойшлуулж, үйлдвэрийн үйл ажиллагаа явагдаж ашиг олох боломжийг хааж боогдуулж, 12 орчим тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан Хөрөнгө оруулалт хийж дуусгах үүрэг хүлээсэн төслүүд болох Банкны үйлчилгээний зориулалттай, Оффисийн зориулалттай барилгын үлдэгдэл хөрөнгө оруулалтыг олгоогүй, төслийн ажпыг үргэлжлүүлэх боломжгүй болгож 4 жил гаран царцаасан Зэрэг нь Эрэл ХХК-ийн буруутай үйлдлээс болоогүй гагцхүү зээлдэгч Хаан банкнаас шууд шалтгаалсан тул дээрх гурван гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай компанийн зүгээс 15.0 тэрбум төгрөгийн үндсэн зээл авч нийт 988,588,006 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлсөн өнөөдрийн байдлаар 14,080,161,994 төгрөгийн үндсэн зээл төлөх ёстой тул нэхэмжлэгч үндэслэлгүйгээр 988.588.006 үндсэн зээлийн төлбөрт төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2016 оны 12 сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжпэлийн шаардлага болох 1,309,926,889 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 06-р сарын 23-ны өдөр Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь Эрэл ХХК-тай байгуулсан гурван зээлийн гэрээг цуцалсан гэрээ цуцалж Иргэний хуулийн 225.1-д заасны дагуу гэрээний эрх зүйн харилцаа зогсож, цаашид гэрээний аль нэг заалтыг хэрэглэх боломжгүй болж үүрэг шаардах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй юм гэтэл гэрээний эрх зүйн харилцаа зогссон өдрөөс хойш гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэлийг нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Зээлдэгчид 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгуй зээлийн буцаан төлөлтийн хуваарийг зөрчөөд нийт 780 хоног өнгөрсөн ба Хаан банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн хэвээр багаа тул Зээлийн гэрээний 7.1.1 болон 8.2-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан” гэжээ .Хаан банк ХХК нь 2014 оны 05 сарын 02 өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй гэж шүүхэд худал мэдүүлсэн гэтэл “Эрэл” ХХК-ийн зүгээс 2014.05.05 өдөр 37.969.018 төгрөг, 2014.05.05 өдөр 144.038.345 төгрөг, 2014.09.30 өдөр 282.000.000 төгрөг төлсөн төдийгүй зээлийн гэрээний ноцтой зөрчил үүсгээгүй зээлийг төлж байсан нь баримтаар үгүйсгэгдэх юм. “Хаан банк” ХХК нь 780 хоног зээлийн буцаан төлөлтийг хэтрүүлсэн гэх боловч хугацаа хэтрүүлсэн нөхцөл нь Эрэл ХХК-ийн буруутай үйлдэлээс шалтгаалаагүй тул ИХ-ийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан 2014.10.22 өдөр Хаан банк ХХК-ийн 833А тоот зээлийн хорооны шийдвэрээр Эрэл ХХК-д 13.0 тэрбум төгрөг зээл олгохоор шийдвэрлэж уг шийдвэрийн угтвар нөхцөл нь 2014.10.22 өдрийн байдлаар хуримтлагдсан зээл, зээлийн хүү нийт 1.7 тэрбум төгрөгийг төлж үлдэх 11.3 тэрбум төгрөгийг олгохоор тохиролцсон байсан тул “Хаан банк” ХХК нь “Эрэл” ХХК-ийг 2015.05.17 өдөр хүртэл зээлийн хэтрэлтгүй, зээлийн мэдээллийн ангилалыг бууруулж бүртгээгүй зээл хэвийн үргэлжилж байсан үйл баримтаар батлагдах юм. Гэтэл “Хаан банк” ХХК нь 2015.01.29 өдөр Хөгжпийн банкнаас “Хаан банк” ХХК-иар дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж зээл олгох эцсийн шийдвэр гарсан тул “Хаан банк” ХХК-ийг зээлийн гэрээг Эрэл ХХК-тай гэрээ байгуулж ирэхийг мэдэгдэхэд Хаан банк ХХК нь 2015.02.04 өдөр Зээлийн хороогоор хуралдуулж 833А тоот зээлийн шийдвэрийг өөрчилж 2016 оны 08 сард хугацаа нь дуусах зээлүүдийг хаах хууль бус шийдвэр гаргасан юм.

       Дээрх банкны зээлийн хорооны шийдвэрийг хулээн зөвшөөрөхгүй, тохиролцсон тохиролцооноосоо буцсан тул талууд маргаан үргэлжилсээр 2015.07.07 өдөр Эрэл ХХК-ийн зүгээс Хаан банк ХХК-ийг гэрээний үүрэг зөрчсөн, зөрчсөнөөс үүдэн зээлдэгчийн буруутай үйлдэл байхгүй талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан уг нэхэмжпэл өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нь зээлдэгчийн буруутай үйлдэл үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэдэг нь нотлогдох юм. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй үүнээс үзэхэд үүрэг гүйцэтгэгчийн буруугүй байдал нь хугацаа хэтрэлтийн урьдчилсан нөхцөл байдал болохгүй харин эсрэгээр буюу тэрээр буруугүй учир хугацаа хэтэрсэн асуудал яригдахгүй гэсэн дүгнэлтэнд хүрч болохоор байна. Иймч учраас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь өөрийн буруугаас болоогүй түүнийг хариуцахгүй гэдгээ нотлох нь үүрэг гүйцэтгэгчийн хэрэг байдаг бөгөөд Эрэл ХХК нь үүнийгээ нотлох үүрэгтэй юм.  Хаан банк ХХК нь шүүхэд 2016.06.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэтэл Эрэл ХХК-д гэрээг цуцлаж байгаа тухай мэдэгдээгүй, мэдэгдэл нэг ч удаа ирээгүй болно. Талуудын байгуулсан зээлийн гэрээнүүдэд гэрээнээс татгалзах журмыг хэн хэзээ мэдэгдэл хүргүүлэх, мэдэгдэлийг хүргүүлсэнээс хойш хүлээн авсан тал гэрээ цуцлах хугацааг тогтоож өгөөгүй иймд Иргэний хуулийн ерөнхий ангийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зохицуулсан зохицуулалтыг “Хаан банк” ХХК хэрэглэж “Эрэл” ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлэх ёстой байхад нэхэмжпэгч талаас нэг ч удаа гэрээ цуцлах тухай бичгээр болон амаар мэдэгдээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж гэрээний үүрэг шаардах эрхийг “Хаан банк” ХХК-д гэрээгээр болон хуулиар олгоогүй байна. Гэрээнээс татгалзах дээрх мэдэгдэл өгөх хуулийн зохицуулалтын зорилго нь; гэрээнээс татгалзах эрхийг гэрээний нэг тал нөгөөдөө мэдэгдсэнээр хэрэгжүүлнэ, татгалзал нь гэрээг дуусгах эцсийн шинж чанартай бөгөөд гэрээг цуцлаж байгаа үндэслэл нөхцөлийг зааж, нөгөө тал нь гэрээнээс үүссэн эрх зүйн нөхцөл байдлын талаар мэдэх боломжийг олгож байдаг юм. Гэрээг цуцлах тухай санал гаргасан даруй гэрээ цуцлах санал гаргаагүй тал гэрээг цуцлах хугацааг тогтоох эрхийг хуулийн 204.2-д хуульчилж өгсөн байдаг. Энэхүү зохицуулалт нь гэрээний талууд цуцлах хугацааны талаар тохиролцоогүй тохиолдолд үйлчлэх тул Нэхэмжлэгч, Хариуцагч талуудын хооронд энэхүү хугацааг тогтоож өгөөгүй тул Хариуцагч талаас гэрээг цуцлах хугацааг тогтоож өгөх эрхтэй байтал Нэхэмжпэгч талаас хуульд заасан журмыг зөрчиж гэрээг цуцласан гэж үзэхгүй тул нэхэмжпэл гаргах урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж үзнэ. Иргэний хуулийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэх өөрчлөгдөх дуусгавар болгох системчилсэн зохицуулалт нь бие биентэйгээ харилцан уялдаж иш татсан хэлбэрээр зохицуулсан байдаг. Гэрээг цуцлах санал гарсан талын мэдэгдэлийг нөгөө тал хүлээн авч, гэрээг цуцлах санал гаргаагүй тал гэрээг цуцлах боломжит хугацаа тогтоож өгч гэрээг цуцалдаг зорилго нь гэрээг цуцлах хугацаа тогтоож өгсөн тал гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн ямар аргаар хангаж биелүүлэх боломжит нөхцөл олгодогт оршино. Энэхүү зохицуулалтын гол шалгуур нь талууд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө талууд эвийн журмаар урьдчилсан нөхцөлд шийдвэрлэхээр оролдлого хийх ёстой байдагт оршино. Гэтэл Хаан банк ХХК нь гэрээг цуцлах мэдэгдэл Эрэл ХХК-д ирүүлж байгаагүй мөн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх санал санаачлага гаргаагүй гэв гэнэтхэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ИХШХШТХ-ийн 65.1.3-д “Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг (ИХ-ийн 204.1, 204.2) нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” заасан нөхцөл байдал бүрдсэн төдийгүй хуульд заасан журмын дагуу гэрээг хугацаа нь дуусаагүй байхад цуцалсан тул “Хаан банк” ХХК-ийг №11/165 тоот, №11/163 тоот, №ЗШГ-13/109 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг цуцласан хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “Хаан банк ” ХХК нь “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нарт холбогдуулан 2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 9 693 633 830 төгрөг, 2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 5 067 223 794 төгрөг, 2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 17 386 020 045 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 161 208 148 төгрөг нийт 32 308 085 871 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад хөрөнгүүдээр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээ, 2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээ,  2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 зээлийн гэрээнүүдийн тус тус хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээнүүдийг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          

           Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар  2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээний зүйл болсон 12 000 000 000 төгрөг, 2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээний зүйл болсон 5 000 000 000 төгрөг, 2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 дугаартай зээлийн гэрээний зүйл болсон 15 000 000 000 төгрөг нийт 32 000 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна. /хх-1 хавтас 14-26 хуудас/

    

         Хариуцагч “Эрэл” ХХК тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар төлөх хугацаа нь болсон зээлийг төлөхөд үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, алданги гэсэн дарааллыг баримтлах ёстой, мөн зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад гэрээ цуцалж, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцсэн.

 

        Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч этгээд хууль болон гэрээнд заасан үүргээ тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв үүргийг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд түүний төлөх төлбөр үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй байх тохиолдолд тэрээр үүргийг дээр дурьдсан дарааллын дагуу гүйцэтгэж болох эсэх талаар санал гаргах эрхтэй юм.

 

         Гэвч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацаа буюу зээлийг ашиглах хугацаа 2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээ 2016.07.05-ны өдөр,  2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээ 2016.08.05-ны өдөр, 2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 дугаартай зээлийн гэрээ 2016.07.05-ны өдөр тус тус

дуусах тул зээлдэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

 

        Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдэд зааснаар зээлийг ашиглах хугацаа 2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээ 2011.08.05 өдрөөс - 2016.07.05-ны өдөр хүртэл буюу 60 сар, 2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээ 2011.09.05 өдрөөс - 2016.08.05-ны өдөр хүртэл буюу 60 сар, 2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 дугаартай зээлийн гэрээ 2013.06.27-ны өдрөөс 2016.07.05-ны өдөр хүртэл  буюу 36 сар байх, түүнчлэн үүрэг гүйцэтгэх тусгай хугацааг гэрээнүүдэд зааснаар сар бүрийн 5-ны өдөр зээл, зээлийн хүүг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

        Тодруулбал, зохигчид зээлийн гэрээний ерөнхий хугацааг 60 болон 36 сар, үндсэн зээл, зээлийн хүүг төлөх тусгай хугацааг сар бүрийн 5-ны өдөр байхаар тохирч, хэрэв зээлдэгчид зээлийг дээр дурьдсан тусгай хугацаандаа зохих ёсоор төлсөн тохиолдолд ерөнхий хугацаанд үүрэг дуусгавар болох ажээ.

       

        Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Энэ нь, гагцхүү зээлийн ерөнхий хугацаа дууссан өдрөөс хойш төлөгдөөгүй зээлд хамаарах хариуцлагын заалт биш бөгөөд зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх тусгай хугацааг хэтрүүлсэн тохиолдолд мөн адил үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, зээлдэгч тал сар бүрийн 5-ны өдөр гэрээнд тохирсон үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан алдангийг төлөх үүрэг үүснэ.

 

        Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан ба талууд зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, уг тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай нийцэж байна.

    

       Иймээс хариуцагч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй хэмээх тайлбар үндэслэлгүй тул хариуцагчид үндсэн зээлээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

         Хэрэгт хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11/163-1 дугаартай, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11/163-2 дугаартай, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11/165-1 дугаартай тус тус байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус зааснаар зохигчид төрийн эрх бүхий байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлж, баталгаажуулсан байна. /хх-1 хавтас 27, 29, 31, 32/

 

        Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан. Нэгэнт үүрэг гүйцэтгэгч “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-иас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна. Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

        Харин 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5-2 дугаартай, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13/109 дугаартай тус тус барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус зааснаар зохигчид төрийн эрх бүхий байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлж, баталгаажуулаагүй учраас Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар   уг хоёр барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх тул барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна./хх-1 хавтас 30, 33, 34/

 

        Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчдаас үндсэн зээлийн үлдэгдэлд 2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6 676 721 447 төгрөг, зээлийн хүү 2 675 371 735 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 341 540 648 төгрөг, нийт 9 693 633 830 төгрөг,  2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3 499 669 630 төгрөг, зээлийн хүү 1 402 322 415 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165 231 749 төгрөг нийт 5 067 223 794 төгрөг, 2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 000 төгрөг, зээлийн хүү 2 257 166 429 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128 835 616 төгрөг нийт 17 386 020 045 төгрөг дээрх зээлийн гэрээнүүдийн нийт үүрэг 32 146 877 669 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  161 208 148 төгрөг,зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулах шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         Хариуцагч “Эрэл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээний дагуу 780 хоног,  2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээний дагуу 749 хоног,  2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 дугаартай зээлийн гэрээний дагуу 627 хоног тус тус гэрээгээр тохиролцсон зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугайр зүйлийн 8.2-т тус тус зааснаар гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хуульд нийцэж байх тул 2011.07.18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээ, 2011.07.27-ны өдрийн 11/165 дугаартай зээлийн гэрээ,  2013.06.27-ны өдрийн ЗШГ-13/109 зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээнүүдийг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нараас  зээлийн гэрээний үүрэгт нийт 32 146 877 669 /гучин хоёр тэрбум нэг зуун дөчин зургаан сая найман зуун далан долоон мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  161 208 148 төгрөг, зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааҮ-2204024626 улсын бүртгэлийн дугаартай, 000066658 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 27 тоот хаягт байрлах 4462.9 м.кв талбайтай 7 давхар орон сууцны барилга,  0229601 эзэмших эрхийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 3011/0097 тоот нэгж талбарын 9008 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар, 0229664 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 3002/0002 нэгж талбарын 1155 м.кв талбайтай банкны үйлчилгээний зориулалттай газар, 0328426 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар, Ү-2003006601 улсын бүртгэлийн дугаартай, 00006495 гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг үйлдвэрийн районд байрлах Эрэл цементийн үйлдвэрийн зориулалттай байгууламжууд тоног төхөөрөмжийн хамт, 0153759 гэрчилгээний дугаартай, Дархан Уул аймгийн Дархан сумын 080100360 нэгж талбарын 141954,06 м.кв талбайтай цементийн үйлдвэрийн зориулалттай газар, Ү-2204024376 улсын бүртгэлийн дугаартай, 000066348 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол токиогийн гудамж 89 хаягт орших 8192,67 м.кв талбайтай сургуулийн зориулалттай барилга, 0228420 гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүрэг 3010/0071 тоот нэгж талбарын 26,853 м.кв талбай, Ү-2003006601 улсын бүртгэлийн дугаартай, 00006495 гэрчилгээний дугаартай, Дархан Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг үйлдвэрийн районд байрлах эрэл цементийн үйлдвэрийн зориулалттай байгууламжууд, тоног төхөөрөмжийн хамт, 0153759 гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 080100360 тоот нэгж талбарын 141954,06 м.кв талбайтай цементийн үйлдвэрийн зориулалттай газар, Ү-2204024376 улсын бүртгэлийн дугаартай, 000066348 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол токиогийн гудамж 89 хаягт орших 8192,67 м.кв талбайтай сургуулийн зориулалттай барилга, 0228420 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 3010/0071 тоот нэгж талбарын 26,853 м.кв талбай, Ү-2204024626 улсын бүртгэлийн дугаартай, 000066658 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол энхтайваны өргөн чөлөө 27 тоот хаягт байрлах 4462,9 м.кв талбайтай 7 давхар орон сууцны барилга, 0229601 гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 3011/0097 тоот нэгж талбарын 9008 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар, 0229664 гэрчилгээний дугаартай, сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 3002/0002 нэгж талбарын 1155 м.кв талбайтай банкны үйлчилгээний зориулалттай газар, 0328426 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар  2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5-2 дугаартай, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13/109 дугаартай тус тус барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхисугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161 208 148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 161 208 148 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ