Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00278

 

Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00310 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар магадлалтай,

Х-ийн нэхэмжлэлтэй,

А.Дд холбогдох,

Гэм хорын хохиролд 7 597 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаахүү, өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.07.06-ны өдрийн 18 цагийн үед А.Д нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж Замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргаж, Хаан банкны өмчлөлийн RAV4 маркийн 25-52 ОРА улсын дугаартай автомашинд 5 480 000 төгрөгийн хохирол, гэмтэл учруулсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа.

Мөн автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоолгоход 317 000 төгрөг “Бан Хас” ХХК үнэлгээний компанид төлсөн төлбөр, автомашиныг засуулсан хөлс болох 1 800 000 төгрөгийг нэхэмжилж байна.

 Иймд А.Дгээс 7 597 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2017.07.06-ны өдөр болсон ослын хэрэгт миний бие буруугүй. Учир нь тухайн осол гарах болсон шалтгаан нь 2552 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь өөрийн зорчих хэсэгт байгаа замын саадыг тойрч урсгал сөрсөн тул осол гарсан. Ийнхүү миний бие буруугүй тул уг нэхэмжилж буй 7 597 000 төгрөгийг хариуцахгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00310 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч А.Дгээс 5 317 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 279 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 502 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Дгээс 100 036 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаахүү, өмгөөлөгч Р.Цэрэнханд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Х Хүрэнбулаг тооцооны төв А.Дгээс гэм хорын хохиролд 7 597 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 03 дугаар сарын  13-ны өдрийн 142/ШШ2019/00310 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2 279 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 5 317 900 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Харин Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай магадлалаараа хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь магадлалын Хянавал хэсэгт “..нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн ...анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж дүгнэжээ.  

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны гүйцэтгэх захирлаас хууль зүйн хэлтсийн захирал Э.Хосбаярт, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хууль зүйн хэлтсийн захирал Э.Хосбаяраас Хаан банкны салбарын захирал Б.Норовсамбууд тус тус итгэмжлэл олгосон бөгөөд Хаан банкны салбарын захирал Б.Норовсамбуу нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Бямбаахүүг томилсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Д.Бямбаахүүг итгэмжилсэн төлөөлөгчөөрөө томилсон тул нэхэмжлэл гаргах эрхгүй  этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х Хүрэнбулаг тооцооны төв нь А.Дд холбогдуулан гэм хорын хохиролд 7 597 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч А.Д нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хаан банкны өмчлөлийн П.Нарангэрэлийн жолоодож явсан Тоёото Рав-4 маркийн 2552 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зөрчил гаргасан, зөрчлийн улмаас осолд өртсөн автомашинд 5 480 000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарны 20-ны өдрийн 387 дугаартай Шийтгэвэр, “Далай ван аудит” ХХК-ийн Үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Хаан банк өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 5 317 900 төгрөгийг гаргуулан, үлдэх 2 279 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо осолд өртсөн Тоёото Рав-4 маркийн 2552 ОРА улсын дугаартай автомашины өмчлөгч нь “Хаан банк” ХХК-ийн Хүрэнбулаг тооцооны төв байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхгүй этгээдийг томилж, Д.Бямбаахүүгээр шүүхэд нэхэмжлэл гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ.

Иргэн Д.Бямбаахүү, Х.Нарангэрэл нар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Тоёото Рав-4 маркийн 2552 ОРА улсын дугаар бүхий суудлын автомашиныг худалдан авахдаа Хаан банктай №ЗГ20174301963 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан авто машиныг Хаан банкны өмчлөлд шилжүүлж,  фидуцийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д зааснаар фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээнэ.

Зээлийн гэрээний хугацаанд хөдлөх эд хөрөнгө үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байх ба өмчлөх эрх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоход дуусах учиртай, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна гэж зохицуулсан бөгөөд Хаан банк өөрийн өмчлөлийн автомашинд хохирол учирсантай холбоотой хохирол нэхэмжлэх иргэний хэрэгт тус автомашины эзэмшигч Д.Бямбаахүүг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, томилогдсон этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй гэж үзэв.

Фидуцийн гэрээний хугацаанд эд хөрөнгө үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байсан бөгөөд эд хөрөнгөд учирсан хохирол эзэмшигчид учирсан болохыг банк хүлээн зөвшөөрч, энэ үндэслэлээр өмчлөгчийг төлөөлөх итгэмжлэлийг эд хөрөнгийг эзэмшигчид  олгосон нь хууль зөрчөөгүй, итгэмжлэлийн дагуу Д.Бямбаахүү нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр хариуцагчийн гэм буруу тогтоогдсон боловч осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэн, хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 514 дүгээр зүйлийн 514.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаахүү, өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаахүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД