Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,     

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч П.Дашдэлэг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ичинхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн П.Дашдэлэгт холбогдох эрүүгийн 201525031514 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 03-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Дашдэлэг: Монгол улсын иргэн, 1961 оны 09 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эгч нагац дүүгийн хамтаар Чингэлтэй дүүргийн 11 хороо, Нуурын 14-27 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй РД: /ХЕ61092310/

 

Шүүгдэгч П.Дашдэлэг /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 04 сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 хороо Нуурийн 14-27 тоотын шар зүсмийн банхар нохойг зохих хамгаалалтгүй байсны улмаас иргэн С.Гэрэлт-Одын /12 нас/ бэлэг эрхтэнээс хазаж биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Дашдэлэгээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 хороо Нуурын 14-271 тоотод буюу гэртээ байж байсан. Тэгтэл 15:00 цагийн орчимд хашааны гадна талд олон хүүхдүүд шуугилдаад байхаар нь би хашаанаас гартал 5-6 хүүхдүүд манай ангийн хүүхэд танай нохойд хазуулсан гээд зогсож байсан би хэн юм гэтэл нэг 6-р ангийн эрэгтэй нөгөө хүүхдүүд нь тойроод зогсчихсон тэр хүүхэд уйлчихсан зогсож байсан. Тэгээд би явцгаа гээд хэлээд гэрлүүгээ ороод 5 минутын дараа эргээд гараад хартал тэдгээр хүүхдүүд явцгаасан байсан. Тухайн үед манай хашаанд бөмбөг орчихсон би гэрээсээ гарахдаа бөмбөгийг нь хашаад давуулаад шидсэн. Миний ойлгосноор манай хашаанд бөмбөгөө оруулчихаад нэг хүүхэд нь орж авах гэж байгаад хашааны хаалга татах үед хаалганы завсараар манай шар зүсмийн “Жири” дуудлагатай нохой бэлэг эрхтэнээс нь хазсан юм байна лээ. Урьд нь нохойны хамгаалах хэрэгсэл болох гинжийг урт хэвээр байлгаснаас алдаа гаргасан байсан. Одоо бол богино хэмжээтэй болсон байгаа. Би гэм буруугаа ойлгож байна. /хх 25/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй. Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Гэмшиж байна. гэсэн мэдүүлэг.

 

Насанд хүрээгүй хохирогч С.Гэрэлт-Одоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын 09-ний өдөр сургуулийнхаа хөл бөмбөгийн талбай дээр ангийнхаа хүүхдүүдийн хамт тэмцээнд бэлдээд тоглож байсан өшиглөж байсан бөмбөг тус сургуулийн хажуу талын айлын хашаа даваад орохоор нь би бөмбөгөө авах гээд тухайн айлын хашааны хаалгыг тогшоод хүн гарч ирэхгүй байсан чинь хашааны хаалга жаахан нээгдээд Шар зүсмийн нохой гэнэт гарч ирээд миний бэлэг эрхтэнээс 1-2 удаа шууд хазсан. Тухайн үед миний өмсаж явсан өмдөний цаанаас цус нэвтэрээд байхаар нь би тэндээсээ шууд гэрлүүгээ харьсан. гэсэн мэдүүлэг /хх 13/.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ичинхорлоогоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би болсон явдлыг хараагүй. Нохой нь чөлөөтэй гардаг гинж нь урт юм билээ. Манай хүүхдийн гэм хор нь өнөөдрийг хүртэл арилаагүй. Энэ гэмтлийг хөнгөн гэсэн ч өнөөдрийг хүртэл зүгээр болоогүй байна. Бид нар нохойд хазуулсан гэдгийг нь мэдэлгүй шөнө 12 цаг хүргэсэн. Манай хүүгийн өмд цус болсон байсан. Шүүгдэгчтэй 2 сая төгрөгөөр тохирсон ч тохирсон мөнгөө өгөөгүй. Өнөөдрийг хүртэл хүндрэлтэй бие засаж байна. Давсаг нь өвчтэй байгаа. Явж чадахгүйгээ бодоход явж байгаа ч өвчтэй байгаа. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байна. 4 дүгээр сараас хойш хичээлдээ яваагүй. Бид нар хичээлийнх нь хоцрогдлыг нь арилгах гэж багш хөлслөх бодолтой байна. Бид гомдолтой байна. Шүүгдэгчийн өнөөдөр л харж байна гэсэн мэдүүлэг.

 

Гэрч П.Мөнхсүхээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би тухайн өдөр 2016 оны 04 сарын 09-ний өдөр би гэртээ байгаагүй манай дүү Дашдэлэг гэртээ байсан. Тухайн өдөр би гадуур дасгал гээд гараад явсан байсан. 17:00 цагийн орчимд гэртээ ирсэн Дашдэлэг манай нохойд нэг хүүхэд уруулсан гээд хэлж байсан. Манай энэ хаяг бол манай төрсөн дүү П.Дашдэлэгийн нэр дээр байдаг хашаа байсан. Тухайн Жири дуудлагатай нохойг Дашдэлэг маань хариуцан хоол унд өгч тэжээдэг. гэсэн мэдүүлэг /хх 15/

 

Гэрч Б.Насандэлгэрээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Тухайн өдөр сургуулийнхаа хүүхдүүдтэй тэмцээн болоод тоглож байсан бөмбөг тухайн айлын хашаа даваад хажуу талд байдаг айлын хашаа руу бөмбөг нь орчихсон. Тэгээд би Гэрэлт-Од, Нямгэрэл бид тухайн айлын хашааны гадна хэсэгт очоод хашааны хаалга хэсэг нилээн тогшоод хүн гарч иэрэхгүй байсан. Тэгсэн Гэрэлт-Од хашааны хаалганы доод буланг хөлөөрөө түлхэж байгаад завсар гарахаар нь бөмбөгөө хараад удаагүй зогсож байтал гэнэт хашааны хаалганы цаанаас төмөр гинжтэй “шар өнгийн том нохой” гарч ирээд Гэрэлт-Одын бэлэг эрхтэнээс хазсан. Тэгээд Гэрэлт-Од уйлах гээд хэлээ гаргаад хэсэг зогсож байсан чинь айлын хашааны эзэн гээд намхан бор царайтай хөгшин ах гарч ирэхээр нь бид хэд “ахаа танай нохой хүүхэд хазчихлаа гэсэн чинь хохь чинь Зайлцгаа новшнуудаа” гээд хөөгөөд байсан. Ингээд бид хэд Гэрэлт-Одыг дагуулаад Өрхийн эмнэлэг орж үзүүлэх гэсэн хаалттай байсан ахыг нь дуудах уу гэсэн хэрэггүй гээд өөрөө шууд гэрлүүгээ харьсан... гэсэн мэдүүлэг /хх 16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн ¹5091 дугаартай шинжээчийн дүгнэлт С.Гэрэлт-Одын биед хуухнагийн шарх, умдагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 117/

 

Шүүгдэгч П.Дашдэлэгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн ¹5091 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 16/, Шар зүсмийн нохойг харуулсан гэрэл зураг /хх 9-11/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, хохирлын баримт /хх 51-56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Дашдэлэг нь 2016 оны 04 сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 хороо Нуурийн 14-27 тоотын шар зүсмийн банхар нохойг зохих хамгаалалтгүй байсны улмаас иргэн С.Гэрэлт-Одын /12 нас/ бэлэг эрхтэнээс хазаж биед хуухнагийн шарх, умдагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрхи нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч П.Дашдэлэг нохойгоо гэр хашаагаа мануулахаар тэжээдэг, нохой нь гинжтэй байсан гэж мэдүүлэх боловч гинжтэй нохой нь хашааны гадна байгаа этгээдэд хор уршиг учруулсан нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ үйлдэл нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Дашдэлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Дашдэлэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч бусдад учруулсан гэм хорыг бүрэн арилгаагүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ичинхорлоогоос эмчилгээний зардалд гарсан баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бөгөөд баримтаар нотлогдсон 722.215 төгрөгийг шүүгдэгч П.Дашдэлэгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрвээгийн Дашдэлэгийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодыг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дашдэлэгийг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дашдэлэгт оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Дашдэлэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дашдэлэгээс 722.215 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ичинхорлоод олгосугай.

7. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР