Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0527/З |
Дугаар | 128/ШШ2020/0353 |
Огноо | 2020-05-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2020/0353
2020 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 128/ШШ2020/0353 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “УБХБ” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “УБХБ” ХХК-ийн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамж /цаашид “Маргаан бүхий акт” гэх/-аар УБХБ-ны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна.
Нэг. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/208 тоот захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороонд Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 10800 м2 газрыг 2 жилийн хугацаагаар УБХБ-д эзэмшүүлсэн.
Нэхэмжлэгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн тохижилт, өнгө үзэмжид хувь нэмэр оруулах, зам талбай, зогсоолын хүрэлцээний асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг газрыг “орчны тохижилттой олон давхар гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн”-ийн төсөл хэрэгжүүлэх зориулалтаар эзэмшиж байсан. Тухайн ажил буюу “газар доорхи олон давхар гараж”-ийн барилгын ажил Монгол Улсад урьд өмнө нь хийгдэж байгаагүй, барилгын төслийн инженерийн шийдэл, нарийн судалгаа, тооцоолол шаардлагатай нүсэр хэмжээтэй ажил бөгөөд их хэмжээний, удаан хугацаатай санхүүжилтийн шийдэл шаардлагатай тул үүнийг 2 жилийн хугацаанд хийх боломжгүй. Энэ шалтгааны хүрээнд уг газрын эзэмших эрхийг 2016 онд сунгуулахдаа 15 жилээр сунгуулсан ба Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж, Газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байдаг.
Дээрх газрыг Нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэх үндэслэлээ бүрдүүлэх хүрээнд эзэмшиж байгаа бөгөөд уг газар нийтийн зориулалтаар ашиглагдсан хэвээр байгаа. Үүний хүрээнд ч уг газарт аливаа хашаа, хайс бариагүй, нийтийг ашиглах боломжоор хангах хүрээнд хөрш залгаа газар эзэмшигчтэй хамтран газар дээрх авто зогсоол болгон тохижуулж, газрын арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж ирсэн. Мөн газар доорхи байгууламж баригдсаны дараа ч газар, түүний гадарга нь цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр нийтийн ашиглалтад байх юм. Эндээс үзвэл газар нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн нь аливаа хууль тогтоомжийг зөрчөөгүй, нийтийн аливаа ашиг сонирхол хөндөгдөөгүй, харин газар энэ хугацаанд арчлалт хамгаалалттай, тохижилттой, хариуцан хамгаалах эзэнтэй, Нийслэлийн төсөвт төлбөр хуримтлагдсаар байх бөгөөд тодорхой хугацааны дараа Нийслэлийн төвд иргэдийн амрах зугаалах хэрэгцээг хангах болон авто замын ачаалал, түгжрэл, зогсоолын хүрэлцээний асуудлыг шийдсэн авто зогсоолын байгууламжтай болох юм.
Ийнхүү, газрыг хууль ёсоор эзэмших хугацаанд Газрын тухай хууль болон хариуцагчтай байгуулсан гэрээгээр газар эзэмшигчийн хүлээсэн үүргийн хүрээнд 9,504,000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн /2018 оны 4-р улирлын байдлаар/.
Гэтэл хариуцагч бодит нөхцөл байдал, мэдээллийг үл хайхран шийдвэр гаргах ажиллагааны журам, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин маргаан бүхий актыг гаргаснаар нэхэмжлэгчийн “хууль ёсны ашиг сонирхол” ноцтой зөрчигдсөн.
Хоёр. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл бүрдээгүй тухай:
Маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэж гаргажээ.
Уг газрыг эзэмшүүлсэн зориулалт нь “орчны тохижилттой газар доорхи олон давхар гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн” байгаа нь ердийн “аж ахуйн”, “орон сууц” гэх мэт зориулалтаас илэрхий ялгаатай. Уг зориулалт нь “зөвхөн газар доорхи байгууламж барьж ашиглах бөгөөд гадарга дээр нийтэд зориулан цэцэрлэгт хүрээлэн, тохижилтын ажил хийнэ” гэсэн тухайн төслийн онцлог болон Нийслэлийн хэрэгцээг харгалзан тодорхойлсон зориулалт юм. Бас газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь газар дээр барилга байгууламж барих, газрын гадаргын ашиглах төлөвлөгөө бөгөөд харин газрын гадаргыг нийтийн эзэмшилд байх тохиолдолд уг төлөвлөгөө зөрчигдөхгүй гэдгийг захиргааны байгууллага тухайлан харгалзаж газрын зориулалтыг тодорхойлсон учир “хориглосон газарт газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон” гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэж 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй байх нөхцөл 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөр бүрдэхээр байна. Тодруулбал, Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 тоот захирамжид үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн 000321495 дугаартай гэрчилгээг эзэмшсэн бөгөөд цаг хугацааны хувьд үндэслэл болгож буй 2 жилийн хугацаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө үүсэх боломжгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Гурав. Маргаан бүхий актыг гаргах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй тухайд: Хариуцагч Маргаан бүхий актдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, .... өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус үндэслэсэн.
Гэвч дээрх зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл болох газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон захирамж хууль тогтоомжид нийцээгүй, хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл бүрдээгүй байна. Учир нь маргаан бүхий актад “...газрыг эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон...” гэжээ. Гэтэл Газрын тухай хуульд заасан ямар зүйл, заалтыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах ...хууль зүйн үндэслэлийг заах” гэсэнтэй нийцэхгүй байна.
Дөрөв. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахдаа захиргааны шийдвэр гаргах журмыг зөрчсөн тухайд: Захиргааны ерөнхий хуулиар аливаа захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа баримтлах журмыг тогтоосон. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 11-36 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны нийтлэг журмуудыг зөрчсөн. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 -т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно ” гэж тус тус заасныг үндэслэн шийдвэр гаргана. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй.
Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж...” гэж заасан байхад “зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал бий эсэх”, “хэрэв ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх” зэрэг нь тогтоогдоогүй байхад яаравчлан улс төрийн зорилгоор шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон.
Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Маргаан бүхий акт нь шийдвэр гаргах ажиллагааны журам, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, хууль бус захиргааны акт болжээ.
Шүүхэд хандах эрх нээгдсэн тухайд: Хариуцагч нь Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээд болох манай банканд хуульд заасан журмаар мэдэгдээгүй, захирамжийг гардуулаагүй. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч ... нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан эрхийн хүрээнд маргаан бүхий актыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр www.ulaanbaatar.mn хаягт байршуулсантай танилцаад эс зөвшөөрч, бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд шууд гаргаж байгаа болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Нэмэгдүүлсэн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэр газарт хамааруулан тогтоохдоо нэхэмжлэгчийн маргаж буй газар орсон байх магадлалтай гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Давхцаж байгаа давхцалын баримт байхгүй хэдий ч гэсэн энэ газрын байршлыг ерөнхийд нь авч үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 10800 м.кв талбайтай тодорхой хэмжээнд давхцаж байна гэж үзсэн. Энэ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь яаж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа вэ гэвэл энэхүү тогтоолыг газрыг нийтийн эдэлбэрт авахдаа Улаанбаатар хотын банкад мэдэгдээгүй. Урьдчилан ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй гаргасан учир энэ нь газар эзэмших эрх зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Тодруулбал Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын А/572 тоот захирамж нь хууль ёсны дагуу гаргасан юм уу гэдгийг хянуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад энэ газрыг хэн нэгний эзэмшилд байхгүй гэж үзээд нийтийн эдэлбэрт авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 болон 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасныг зөрчсөн. Учир нь сонсгох ажиллагаа хийлгэх тухай хуульчилсан байхад энэ ажиллагааг хийгээгүй тогтоол гаргаж тухайн үед нэхэмжлэгчийн газартай холбоотой маргаан шүүхэд эцэслэн шийдэгдээгүй байхад газрыг хэн нэгний газар гэж үзэхгүйгээр нийтийн эдэлбэр газар болгож шийдсэн нь үндэслэлгүй.
Мөн Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж заасан байна. Гэтэл хариуцагч нь энэ маргаан бүхий актыг гаргахдаа газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцолгүйгээр , нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газар болгон өөрчилсөн нь хуульд нийцэхгүй байна. Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө Улаанбаатар зочид буудал, “Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнд байршилтай 12604.1 м.кв газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 10800 м.кв талбайтай газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Г.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын А/493 дугаар захирамжаар Улаанбаатар хотын банканд 10800м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэн барих төслийн дагуу 5 жил эзэмших эрхийг олгосон байдаг. Үүнийг Барилга хот төлөвлөлтийн газартай хамтран эзэмших байдлаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт буюу төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлж дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн байдаг.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/307 дугаар захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхгүйгээр эзэмшүүлсэн газруудад дуудлага худалдааны анхны үнийн дүнг төлүүлж эзэмшүүлэх тухай захирамж гаргасан. Энэ арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/208 дугаар захирамжаар маргаан бүхий газрын дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлүүлж 2 жилээр олгосон байдаг. Улмаар 2017 оны А/436 дугаар захирамжаар газрыг эзэмших эрхийг нь сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл анх Улаанбаатар хотын банкад энэ газрыг эзэмших эрх нь 2012 онд үүссэн боловч 2017 оны байдлаар харахад газраа зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшээгүй. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгийн хүрээнд баримтаар авагдсан.
Тус компанид газар эзэмших эрх олгосон шийдвэрүүд Газрын тухай хуулийг зөрчиж байгаа тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэж газар эзэмших эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгон шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь тухайн газрыг анх олгохдоо нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий зам талбайг “орчны тохижилт бүхий олон давхар газар доорхи гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3-т заасныг болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн бөгөөд энэхүү нөхцөл байдлыг газар эзэмшигч мэдэж байсан, түүнийг хүлээн зөвшөөрч байгаа учраас газар эзэмших эрх олгосноос хойш буюу 2012 оноос хойш эзэмшил газраа бусдын эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх талаар гомдол санал гаргаж байгаагүй болно.
Уг газрыг сүүлийн 40 жил /түүнээс ч илүү байж мэдэхийн/ цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар бүх нийтээрээ ашиглаж байгаа бөгөөд үүнийг газар эзэмшигч болон тухайн үед шийдвэр гаргасан албан тушаалтнууд мэдэж байсан, тухайн газрыг газар эзэмшигч эзэмшиж, ашиглаж байгаагүй, цаашид ч эзэмшиж, ашиглах боломжгүй болох нь нийтэд илэрхий үйл баримт юм. Ийм ч учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан газрын төлбөрөө төлж байсан талаар дурьдаж бусад үүргээ хэрхэн хэрэгжүүлж, эрхээ хэрхэн эдэлж байсан талаар дурдаагүй, нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид ямар нэг хохирол учраагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна.
Тухайн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор тогтоосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, ашиглуулахыг болон барилга, байгууламжийг барихыг хориглосон байршилд хамаарч байгаа ба уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа ба маргаан бүхий газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тоггоолоор нийтийн эдэлбэрийн газарт хамаарагдаж байна.
Мөн тухайн газрыг нийтээр ашиглаж байгаа нь нийтэд илэрхий баримт бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэл бүрдсэн учир газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэхдээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 01-06/3137 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Хүргүүлсэн боловч тухайн байгууллага нь зориулалтын дагуу 2 жил эзэмшиж ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн талаар холбогдох тайлбар, нотлох баримт ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл тухайн газар нь анхнаасаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 119 дүгээр тогтоолоор нийтийн эдэлбэр гэдгийг тогтоосон. Нийтийн эдэлбэр гэж тогтоосон байна гэдгийг нэхэмжлэгчээс мэдэж байсан учир ямар нэгэн гомдол санал гаргаагүй байдаг. Иймд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий холбогдох баримтад үндэслэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л: Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт нэхэмжлэгч нь бидний эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэр болгосон гэж маргадаг. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг Нийслэлийн Засаг даргын А/572 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Энэ нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт .газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон гэж заасан байдаг. Тухайн тогтоол гарах үед нэхэмжлэгч нь газар эзэмших эрхгүй болсон байсан. Одоо ч эрхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” 46.2 дахь хэсэгт Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан байдаг. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тийм учир тогтоол нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 126 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийгээгүй гэж маргадаг. Тухайн сонсгох ажиллагааг Тодорхой этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд хийхээр зохицуулсан байдаг. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөх үндэслэл байхгүй тул тогтоол гаргахдаа сонсгох ажиллагаа хийгээгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий биш тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “УБХБ” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал А.Э тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах”-аар нэмэгдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “УБХБ” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/493 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар зочид буудлын урд талын Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн бүхий 1,08 га газрыг 5 жилийн хугацаатай, төсөл хэрэгжүүлэхээр эзэмших эрх олгосон, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн засаг даргын захирамжаар “дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлсөн 7 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсны дотор Улаанбаатар хотын банзны эзэмшлийн 10800 м2 бүхий дээрхи газар багтсан, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар тус байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатай сунгасан, 2017 оны 6 сарын 22-ны өдрөөс 15 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулсан үйл баримтууд тогтоогдож байна.
Нэг. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалтууд болоон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудлын урд талд байрлах нийтийн эдэлбэрийн цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий 10800 м2, эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон, газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул УБХБ ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож...10800 м2 газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, нийтийн эдэлбэрийн талбайг тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох этгээдүүдэд үүрэг болгосон байна.
Нэхэмжлэгч уг захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшсэн, уг төсөл нь цаг хугацаа шаардсан нүсэр ажил тул 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломж байгаагүй...” гэж тодорхойлсныг хариуцагч “...тухайн байршил нь иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, ашиглуулах, барилга барихыг хориглосон байршилд хамаарч байгаа, хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу эзэмшээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон тайлбар ирүүлээгүй”, “...нийтээр ашиглах нийтийн зориулалттай газар тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэж тус тус маргаж байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/493 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар анх газар эзэмших эрхтэй болсон, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус компанийн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулснаас үзвэл анхнаасаа “Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн”-гийн зориулалтаар газар эзэмших эрх олж авсан боловч тухайн газраа хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, ийнхүү ашиглаагүй шалтгаанаа хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн бол энэ талаархи баримтаа захиргааны байгууллагад болон шүүхэд гаргаж өгөөгүй тул Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Нийслэлийн газрын албаны дарга Э.Б-с нэхэмжлэгч байгууллагад 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01-06/4137 дугаар албан бичгээр хандаж “...тухайн газраа 2 жилээс дээш хугацаанд гэрэнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан нөхцөл болж байгаа тул...тайлбар, санал, тодруулга ирүүлэх”-ийг мэдэгдсэн, үүний хариуд нэхэмжлэгчээс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2/5020 дугаар албан бичгээр тайлбар ирүүлэхдээ “...төсөл хэрэгжүүлэх зорилгоор дизайн гаргах, архитектурын зураг төсөл хийх зэрэг их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна, орчны түр тохижилтын ажлыг өөрсдийн зардлаар гүйцэтгэх санал хүргүүлж байна” гэжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн газраа 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдлаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох баримтаа хариуцагчид хүргүүлээгүй, шүүхэд ч ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр “Эзэмшил ашиглалтанд олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын баршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолоор Улаанбаатар хотод эзэмшил ашиглалтанд олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоосон, уг тогтоолын хавсралтын 7-д Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай /1,2 га/ багтсан, нэхэмжлэгч уг тогтоолтой маргаагүй.
Иймд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэрүүд нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гаргасан нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр байх бөгөөд уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэхэмжлэгч байгууллагын эзэмшил бүхий 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолоор Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25.1, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4.1.2, 6.2.2, 12.2, 56.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/19 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоож хавсралтаар баталж, тогтоолын 2 дахь заалтаар зориулалтын дагуу тохижуулах, шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох ажлыг зохион байгуулж ажиллахыг НЗД бөгөөд УБХын захирагч С.А-д даалгажээ.
Түүнчлэн уг тогтоолын хавсралтаар нийтийн эдэлбэр газраар тогтоосон газрын байршил, талбайн хэмжээ, хил заагийн солбицлын цэгүүдийг заасан, хавсралтын 18-д “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газар гэж тогтоож өгсөн байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг заасан бөгөөд 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 6.2.2-т хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар, 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна”, 56 дугаар зүйлийн 56.3-д “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч уг тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад маргаан бүхий актаар манай эзэмшиж байсан 10800 м2 газрыг нийтийн эдэлбэр газарт хамааруулсан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, сонсох ажиллагаа хийгээгүй, газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцоогүй...” гэж тодорхойлон маргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг шүүх нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар байна гэж үзэж хэрэгсэхгүй болгосон, энэ хугацаанаас хойш тухайн байршил бүхий газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн тул тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор заасан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын талаар явуулсан сонсох ажиллагаанд оролцуулах шаардлагагүй, энэ талаархи хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
Нөгөө талаар Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг уг газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй тул нэхэмжлэгч байгууллагатай урьдчилан тохиролцох, гэрээ байгуулах үүргийг хариуцагч захиргааны байгууллага хүлээхгүй бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоол гарах үед тухайн байршил бүхий газар нь бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй байна.
Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэх шатанд өмгөөлөгч авах, энэ үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Учир нь шүүх нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн эрх үүрэгтэй танилцуулж, өмгөөлөгч авах эрхээр хангасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх хугацаанд өмгөөлөгч авах эрх нээлттэй байсан хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд ирж амжаагүй тул өмгөөлөгч авах” гэх шалтгаан дурдаж хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш, нөгөө талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь нэхэмжлэгч байгууллагын хуульч зэргийг харгалзан үзэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “УБХБ” ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал А.Э-с гаргасан, “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас УБХБ-ны эзэмшлийн 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН