Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2015/0449

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол дахь “М” уламжлалыг

хадгалах төвийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, нэхэмжлэгчийн орчуулагч Д.Х, хариуцагч Б.Б, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 266 дугаар шийдвэртэй, Монгол дахь “М” уламжлалыг хадгалах төвийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Ц.Б нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүү илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б болон Б.Б нарын ногдуулсан 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350002169 тоот актад “... 2009 оноос 2013 онуудад олсон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлогод албан татвар ногдуулж төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.4.4, 8.1.1 болон 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөнийг тэмдэглэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйл болон 43 дугаар зүйлийн 43.8 дахь заалтуудыг үндэслэн ... нийт 46 975 943.70 төгрөгийн хүү ногдуулахаар тогтоосон” гэсэн нь үндэслэлгүй байна. Уг төв нь шашны байгууллага бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т заасан шаардлагыг хангахгүй байхаас гадна нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх, улмаар татвар төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шашны байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаа нь шашны зан үйл, шашны хурал ном, шашны боловсролын ажил буюу шашны номын үйл ажиллагаа, түүнийг эрхлэн явуулахтай холбогдсон, ашиг олох зорилгогүй, ахуйн хэрэгцээгээ хангахтай холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас бүрдэж байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.11-д заасны дагуу тус байгууллагын үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна. Монгол дахь “М” уламжлалыг хадгалах төвийн барилгын түрээсийн үйл ажиллагаанаас олсон орлогын зохицуулалт нь зөвхөн дүрэмд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зорилготой буюу ашгийн төлөө бус байдаг тул дээрх орлогод нэмүү өртөг шингэдэггүй. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б болон Б.Б нарын ногдуулсан 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350002169 тоот актыг хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү”  гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ““М” уламжлалыг хадгалах төв” шашны байгууллагын 2009-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Нийслэлийн татварын газрын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4/719 тоот албан бичгийн дагуу хяналт шалгалт хийж, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350002169 дугаартай хяналт шалгалтын актаар 469,759,4 мянган төгрөгийн зөрчилд ногдох 46,975,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 140.9 мянган төгрөгийн хүү, 19,552.3 мянган төгрөгийн торгууль, нийт 66,669.1 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон. ““М” уламжлалыг хадгалах төв” шашны байгууллага нь 350002169 тоот актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Маргаан таслах зөвлөлөөс актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэвээр баталсан. 1. ““М” уламжлалыг хадгалах төв” шашны байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, ...татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж заасны дагуу татвар төлөгч болно. Мөн хуулийн 6 дугаар зүйл “татвар ногдох зүйл” 6.1-д “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ,...хамаарна”, 12.2-т “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно” гэж тус тус заасан бөгөөд тус байгууллага нь хуулийн этгээд мөн тул татвар төлөгч юм. Өөрөөр хэлбэл, ““М” уламжлалыг хадгалах төв” шашны байгууллага нь хуулиар тогтоосон албан татвар төлөгч мөн, түүний орлого, орлого олсон ажил үйлчилгээ нь татвар ногдох зүйлд хамаарч байна.     2. Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Сүм хийд нь шашин-номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулах, ахуйн хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардагдах аж ахуйг өмчийнхөө хүрээнд эрхэлж болно” гэсэн заалт нь сүм хийд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болохоор зааснаас биш албан татвар төлөхөөс чөлөөлсөн заалт биш байна. 11 дүгээр зүйл “Сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг зохицуулах”, 11.1-д “Сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна” гэж заасан нь түүнийг үүсгэн байгуулах бүртгүүлэхтэй холбоотой харилцаа нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой харилцаа нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулиар, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддагийн адил албан татварын харилцаа нь Монгол Улсын татварын багц хуулиар зохицуулагдахаар байна. 3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг 5 дугаар зүйл “Албан татвар төлөгч” 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна” гэж тус тус заасны дагуу ““М” уламжлалыг хадгалах төв” шашны байгууллага нь явуулж байгаа аж ахуйн үйл ажиллагааныхаа хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнах үүрэгтэй. Ийнхүү тайлагнах үүргээ биелүүлээгүй нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. 4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч” 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт...ажил гүйцэтгэсэн үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ”, 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 7.4-т Дор дурдсан үйл ажиллагааг “үйлчилгээ үзүүлсэн”-д хамааруулна: 7.4.4-т “байшин барилгад байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах” гэсэн заалтуудын дагуу ““М” уламжлалыг хадгалах төв” шашны байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бөгөөд түрээсийн үйлчилгээний орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох зүйлд хамаарч байна. 5. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлд “Татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх хэлбэр”, 9.1-д “Хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараах хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө” 9.1.3 тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх, 9.1.4 татвар төлөгчийг татвараас чөлөөлөх, 9.1.5 татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх гэж тус тус заасны дагуу татвар ногдох зүйл татвар төлөгч, эсхүл тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөхөөр зохицуулсан байна. Тиймээс тус байгууллагын 10 сая хүртэлх орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байна. Гэтэл маргаж байгаа орлого нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой үйлчилгээ тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах ёстой. 6. Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам”-ын 2.1-т “Татварын алба дараах үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэнэ”, 2.1.2 “Татварын хяналт шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая ба түүнээс дээш хэмжээнд хүрсэн нь нотлогдсон” гэж заасан байна. Татварын хяналт шалгалтаар уг байгууллагын орлого нь 10.0 сая төгрөгөөс дээш хэмжээнд хүрсэн нь нотлогдсон тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэл байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 266 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол дахь “М” уламжлалыг хадгалах төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төв нь сүсэгтэн олны хүсэлтийн дагуу Дээрхийн Г лам, Б нарын айлдвар зөвшөөрлөөр Т санаачлан зохион байгуулж, 1999 онд Судар тарнийн номлол бүтээлийг дэлгэрүүлэх Төгс баясгалант төв, “Б” ТББ-аар дамжуулан үйл ажиллагаагаа явуулах болсон билээ. Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төв нь иргэдэд бурхан багшийн сургаалийг сонсгож, түүнийгээ тунгаан шинжилж, бүтээл дадал болгох, улмаар сэтгэлийн өндөр төлөвшилд хүрэх боломжийг бий болгох замаар бурхны шашны Их хөлгөний уламжлалыг хадгалан уламжлуулах зорилготой юм. Их хөлгөний уламжлалыг хадгалах төв нь байгуулагдсан цаг үеэсээ эхлээд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Тийм ч учраас өөрсдийн мэдсэн татварыг сайн дураараа төлж байсныг татварын байгууллага өөрийн актад дурдсан байгаа. Тухайлбал, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвараар 2009 онд 5.445.100.00 төг, 2010 онд 6.411.100.00 төг, 2011  онд   7.655.000.00 төг, 2012 онд 8.161.600.00 төг, 2013 онд 13.815.279.00 төгрөгийн татвар тус тус төсөвт төлсөн байна.

Мөн үл хөдлөх хөрөнгийн татвараар дээрх хугацаанд 13.427.777.8 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлсэн байна. Татварын байцаагчийн актад цааш нь дурдахдаа “Хөндлөнгийн мэдээллээр, “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ХК-ийн борлуулалтын 39 ширхэг падаанд хамаарах 10.827.085.8 төгрөгийн дүн бүхий цахилгааны зардлыг санхүүгийн тайланд үнэн зөв тусгасан байна. Мөн 2009-2013 оны хооронд 20.075.556.3 төгрөгийн дүн бүхий автомашин, бусад бараа материалыг байгууллагын дотоод хэрэгцээнд зориулан хилээр оруулж, уг бараанд ногдуулсан онцгой, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж барагдуулсан байна” гэжээ. Энэ бүгд нь тус төв үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явуулж өөрсдийн мэдсэн, төлөх ёстой татварыг сайн дураараа төлж байсан, татвар төлөх нь үндэстэй, түүнийг төлөхөө мэдсэн л бол төлдөг найдвартай татвар төлөгч болохыг батлан харуулж байна.

Гэтэл Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 350002169 тоот акт гаргаж Их хөлгөний уламжлалыг хамгаалах санг 2009-2013 онуудад олсон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлогод албан татвар ногдуулж төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.4.4, 8 дугаар зүйлийн 8.1.1 болон 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж нийтдээ 66.669.1 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч анхан шатны шүүх татварын байцаагчдын актыг хэвээр баталж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул давж заалдах өргөдөл гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх шийдвэртээ заасан үндэслэлүүд нь татварын байгууллагын актыг аль болохоор хүчинтэй гэж үзэхийн тулд хийгдсэн байхаас гадна өнөөгийн дагаж мөрдөж байгаа бусад хуулийн заалтыг харж үзээгүй байна. Шүүх “М” уламжлалыг хадгалах төв нь “...Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж заасны дагуу татвар төлөгч мөн байна. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Сүм хийд нь шашин-номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулах, ахуйн хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардагдах аж ахуйг өмчийнхөө хүрээнд эрхэлж болно” гэсэн заалт нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болохоор хуульчилж өгснөөс биш албан татвар төлөх, хөнгөлөх, чөлөөлөхөөр заасан заалт биш юм” гэжээ. Шашны байгууллага нь татвар төлөгч мөн ч хөнгөлөх, чөлөөлөх хуулийн заалт байгааг шүүх анхаарсангүй. Шүүх Татварын ерөнхий хуулийн ерөнхий заалт, зарчмыг баримтлан татварын байцаагчдын актыг зөвтгөсөн боловч эдгээр хуулиудын заалтыг тодотгож нарийвчлан заасан бусад хуулиудыг харж үзээгүй нь буруу гэж үзэж байна. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны 06 дугаар сарын 29/-ийн 13 дугаар зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх”: “13.1. Дараах барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө: ...13.6.8. орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний тодорхой хэсгийг түрээслэх үйлчилгээ; ... 13.6.11. шашны байгууллагын үйлчилгээ;” гэсний дагуу татвараас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ гэж тайлбарлажээ. Монгол дахь “М” уламжлалыг хадгалах төв /FРМТ/-ийн дүрэмд төвийн зорилго, үйл ажиллагааны хамрах хүрээг тодорхойлохдоо 2.1. “Төв нь сүсэгтэн олны шашин-номын эрэлт хэрэгцээг хангах, Буддын шашны Их хөлгөний уламжлалыг Монголын ард түмэнд дахин дэлгэрүүлэх, монгол соёл, дүр төрхийг хамгаалан хадгалах зорилгоор дор дурдсан үйл ажиллагаа явуулна. Үүнд: а/ сүсэгтэн олонд Буддын бясалгал арга замыг заах, сургалт явуулах, зөвлөгөө өгөх; б/ шашны ном, судрыг монгол хэл дээр хэвлэх, сурталчлах зэргээр шашны боловсрол, мэдээллийн хэрэгцээг хангах; в/ архидан согтуурах донтой хүмүүст зориулсан хүмүүжил сургалтын ажил явуулах, зөвлөгөө өгөх; г/ гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хүмүүст зориулсан сургалт зөвлөгөө, буян номын ажил эрхлэх; д/ сүсэгтэн олонд зориулсан буян номын үйл ажиллагаа явуулах” 2.2. “Төв нь бурхан тахилын зүйлс, ном судар бүтээх, шашны зан үйл үйлдэх, хурал ном хурах зэргээр сүсэгтэн олонд зориулсан үйл ажиллагааг явуулна” гэсэн учраас Их хөлгөний уламжлалыг хадгалах төв дүрмийнхээ хүрээнд бурхны шашны үйлчилгээг үзүүлж байсан билээ.

Мөн дүрэмд “Төв нь шашин номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулах ахуйн хэрэгцээгээ хангахад шаардагдах аж ахуйг Монгол Улсын Иргэний хууль болон Төр сүм хийдийн харилцааны тухай хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу өмчийнхөө хүрээнд эрхэлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлж ажиллах боломжийг эрэлхийлнэ” гэж ил тодоор бичсэн, ийм ч зарчмаар ажиллахгүй бол Монгол Улсад явуулж байгаа дээр дурдсан 16 төрлийн үйлчилгээг хэвийн явуулах, санхүүжүүлэх ямар ч боломжгүй билээ. Их хөлгөний уламжлалыг хадгалах төв нь ашгийн төлөө ажилладаггүй, зөвхөн өөрийн явуулж байгаа буян номын болон шашны үйлчилгээгээ тасралтгүй явуулахын тулд байр, орон сууц түрээсэлсний бага хэмжээний мөнгөө зарцуулдаг боловч энэ мөнгө хаана ч хүрэлцдэггүй тул З багшаасаа байнга хандив туслалцаа авдгийг шүүхэд үнэн мөнөөр нь тайлбарласан билээ.

Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах сан нь Монголчуудын төлөө, сүсэгтэн олны сайн сайхны төлөө дараах үйлчилгээг үнэ төлбөргүй явуулж байна. Үүнд:

1. Дулмалин хийд, 2. Дүнчүүр маанийн бүтээл, 3. “Бурханы шашныг танин мэдэхүй” цуврал хичээл, 4. Номын сан /Дэлхийн бурхны шашны сонгодог бүтээлүүд болох 35 номыг орчуулж, хэдэн зуун хувиар хувилан хэвлүүлж сүсэгтэн олонд үнэгүй тарааж байна/, 5. Судар уншлага, 6. Дүйчэн өдрүүдийн хурал, 7. Усан тахил, 8. Йогийн хичээл, 9. “Их хөлгөний хүүхдүүд” хөтөлбөр, 10. Радио нэвтрүүлэг, 11. Англи хэлний сургалт, 12. Дулмалин халамжийн төв, 13. Ядуу зүдүү хүмүүст үйлчлэх халуун шөлний газар, 14. Үүдэн эмнэлэг /хөрөнгө мөнгөний гачигдалтай хүмүүст анхан шатны тусламж үзүүлэх/, 15. “Өвчтөний сэтгэлийг асрахуй” хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээний төсөл, 16. “Хүлээснээс гэтлэхүй” төсөл /хорих газруудад/. Энэ бүх үйлчилгээний зардал нь Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах сангаас гарч, Монголын сүсэгтэн олонд үнэгүй хүрч байдаг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шашин шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэхэд тусалж, асар их мөнгө хөрөнгө зарцуулж байгаа буяны үйл ажиллагаа, үйлчилгээ юм.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх “орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний тодорхой хэсгийг түрээслэх үйлчилгээ” гэсэн заалт нь манайд төвд хамаарч татвараас чөлөөлөгдөх ёстой болов уу гэж үзэж байна. Маргааны гол объект болоод байгаа Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрладаг “М” төвийн 2 дугаар байр гэдэг нь анхнаасаа түрээслэх зориулалтаар биш, орон сууц, конторын зориулалтаар баригдсан гэдэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын дэд бүтцийн улсын хяналтын албаны 2000 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 108 тоот техникийн дүгнэлтэд, “Одоогоор ашиглалтанд ороогүй байгаа энэ барилга нь 64 см-ийн тоосгон ханатай, угсармал төмөр бетон хавтан хучилттай, 4 давхар бөгөөд анхны төслөөр үйлчилгээ, конторын зориулалттай байсныг өөрчилж, сууц конторын зориулалттай болгосон байна...” гэжээ. Энэ ч зориулалтынхаа дагуу баригдаж өрөө тасалгаануудыг орон сууцны зориулалтаар иргэд, албан байгууллагад түрээсээр ашигладаг юм байна. Энэ тухай дараах нотолгоог дурдах нь зүйтэй гэж үзэв: 1. Доншен газрын тос /Монгол/ ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны 204/15 тоот албан бичигт “Танай төвийн 2 дугаар байрны түрээслэгч Доншен газрын тос /Монгол/ ХХК нь 2002 оны 04 дүгээр сарын 01-нээс 1.3 тоотыг, 2006 оны 10 дугаар сарын 14-нээс 1.4 тоотыг оффисын, 2009 оны 04 дүгээр сарын 01-нээс 3.3 тоотыг орон сууцны, 2009 оны 09 дүгээр сараас 01 тоотыг орон сууцны, 2015 оны 04 дүгээр сарын 08-наас 3.2 тоотыг орон сууцны зориулалтаар тус тус түрээсэлж байна. Ерөнхий захирал С” гэжээ. 2. “Х ХХК, E, О, М Н Т нар 3-ын 1, 4-ийн 2, 4-ийн 1, 2-ын 2 дугаар өрөөнүүдийг орон сууцны журмаар ашиглах түрээсийн гэрээг тус тус хийсэн тухай баримтуудыг шүүхэд өгсөн байгаа.

Монгол Улсын хуулиар тогтоосон албан татвараас санаатай зайлсхийж, Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гадаадын хэсэг иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлж, ногдуулсан татвараас чөлөөлж хүртэл байхад татвараас зайлсхийх ямар ч санаа зорилго байгаагүй, өөрсдийн мэдсэн татварыг сайн дураараа төлж байсан, тэгээд ч монголчуудад буян хийж бүхий л үйл ажиллагаа, сэтгэл зүрхээ сүсэгтэн олны төлөө зориулж байсан буяны байгууллага Их хөлгөний уламжлалыг хадгалах төвд хатуурхахын ихээр хатуурхаж, санаатайгаар зайлсхийсэн мэт хүндрүүлэн үзэж бүр хүү, торгууль, алдангийн хамт 66,0 сая төгрөг төлүүлэхээр зүтгээд байгаад үнэхээр гомдолтой байна.

Их хөлгөний уламжлалыг хадгалах төв нь өөрийн мэдэж ойлгосон татвараа сайн дураараа цаг хугацаанд нь төлж байсныг дахин дурдахын учир бол хэрэв акт тавигдсан татварыг төлөх нь зайлшгүй гэж үзэж байгаа бол хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг яагаад үзүүлж болдоггүй юм бэ? Заавал хүү, торгууль, алданги гээд улам хатуурхаж хандахын учир юунд байна вэ?

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйл /Татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх хэлбэр/-д, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол ногдуулсан татварыг хорогдуулах, татварын хувь хэмжээг бууруулах, татвараас чөлөөлөх, татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх тухай заасныг яагаад хэрэглэж болохгүй байна вэ? Буян номын ажил үйлчилгээ, бурхны шашны тусын тулд өршөөл үзүүлж хандахыг хүсч байна. 66,7 сая төгрөг төлнө гэдэг бол Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийн хувьд санхүүгийн асар хүндрэл үүсгэх бөгөөд бурхан, номын үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч, сүсэгтэн олонд үйлчлэх бүх үйлчилгээгээ зогсооход хүрнэ гэдгийг хэлэхэд хүрч байна.

Хоёр. Их хөлгөний уламжлалыг хадгалах төв нь байгуулагдсан цаг үеэсээ эхлээд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Тийм ч учраас өөрсдийн мэдсэн татварыг сайн дураараа төлж байсныг татварын байгууллага ч хүлээн зөвшөөрч өөрийн актад дурдсан байгаа. Энэ бол татварын хариуцлагыг хөнгөрүүлэх шалтгаан нөхцөл байгааг харуулж байна.

Гурав. Монгол Улсын татварын байгууллага татвар төлөгчдөд үйлчлэх өөрийн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, төр үүргээ биелүүлээгүй байж, татвар төлөгчдийг үүргээ биелүүлсэнгүй гэж албадлага хэрэглэн тулгах нь байж болшгүй явдал гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл /Татвар төлөгчид үйлчлэх/-д: “15.1. татварын алба, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид тусалж, дараах үйлчилгээг үзүүлнэ: 15.1.1. татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, 15.1.2. татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага маягтаар хангах, 15.1.3. татварын хууль тогтоомж, заавар аргачлалын талаар сургалт зохион байгуулах, 15.1.4. татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх, тийм зөвлөгөө өгөх” гэжээ.

Гэтэл Монголд буяны үйл ажиллагаа явуулах гэж төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байгаа, тэгээд ч Монголын хууль тогтоомжийг мэдэхгүй гадаадын иргэдэд манай улсын татварын байгууллага үйлчилж, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, татвар төлөхийн зайлшгүйг мэдрүүлсэн заавар зөвлөгөөг өгөх ёстой байтал тийм үйлчилгээг огт үзүүлээгүй байж, та нар татвар төлсөнгүй гэж гэнэт их хэмжээний төлбөрийн акт тогтоох нь үнэхээр боломжгүй юм. Татварын байцаагч Ц.Б, Б.Б нар Их хөлгөний уламжлалыг хадгалах төвд “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүндээ, “Татварын хяналт шалгалт нь дан ганц төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэгддэггүй, харин татвар төлөгч таныг эрсдэлээс хамгаалах, татварын асуудлаар сургах, зөвлөх, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд чиглэгддэг” гэсэн атал энэ талаар ямар ч ажил зохион байгуулаагүй, үүнээс нь болж маш эрсдэлд оруулсан нь манай улсын татварын байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Татвар төлөх талаар төрийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй байж, гэнэт акт тавьж, татвар төл гэж муйхарлан зүтгэх нь огт байж болохгүй зүйл гэж үзэж байна.

Дөрөв. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл /татварын байцаагчид хориглох зүйл/-ийн 30.1.6-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэх” гэжээ. Татварын байцаагчдын энэ актаар их хэмжээний мөнгө төлөх болж байгаагаас Их хөлгөний уламжлалыг хадгалах төв өөрийн дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч, сүсэгтэн олонд үйлчлэх буян номын үйл ажиллагаа тасалдах, Монголын бурхны шашинт сүсэгтнүүд ч Үндсэн хуульд заасан шүтэх бишрэх эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүйд хүрэх болно. Татварын байцаагчид Төвийн үйл ажиллагааг үл хүндэтгэхийн чацуу, үйл ажиллагаанд нь саад учруулах гэж хүчээр зүтгээд байгааг ойлгохгүй байна.

Тав. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжоор төрийн бус байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх нь маргаантай, эргэлзээтэй байгааг энд хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн бус байгууллага нь хуульд зааснаар өөрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн орлого бүрдүүлэх эрхтэй байдаг. Тэгвэл тухайн аж ахуйн үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх асуудал бүр төрийн хууль тогтоогч-Улсын их хурлын хэмжээнд хүртэл маргаантай, эргэлзээтэй байсаар байна. Учир нь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаас үзэхэд зарж борлуулсан, түрээсэлсэн, экспортолсон, импортолсон гэх мэт үйл ажиллагааны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар харагддаг ч тэдгээр нь бүгд төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл, нийгэмд үйлчлэх гэх мэт зорилгод зарцуулагддаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар бол төрийн бус байгууллага нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх субъект биш болсон. Хууль зүйн хүрээнд асуудал ийм маргаантай байхад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гэх нь учир дутагдалтай бөгөөд хэрвээ хууль хоёрдмол утга агуулгатай, эргэлзээтэй байгаа нөхцөлд хуулийг иргэн, аж ахуйн нэгжид ашигтайгаар тайлбарлаж хэрэглэх хуулийн зарчим үйлчлэх ёстойг мартаж болохгүй гэж үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төвд холбогдох 66.669.1 мянган төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Ц.Б нарын  2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 350002169 дүгээр актаар нэхэмжлэгч “Монгол дахь “М” Уламжлалыг хадгалах төв”-д 46,975,943.7 төгрөгийн нөхөн татвар, 19,552,250 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 140,927.8 төгрөгийн хүү, нийт 66,669,121.5 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа “... үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогод албан татвар ногдуулж төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4-т “байшин барилгад байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна: 8.1.1.бараа, ажил үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн нэгдсэн санд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг зөрчсөн ...” гэсэн үндэслэл зааж, нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын зорилго нь нэмүү өртөг бий болгоход чиглэсэн бөгөөд бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нь тухай бүрд бий болсон нэмүү өртгийн хэмжээгээр татвар төлөх үүрэгтэй.

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, мөн зүйлийн 7.4 дэх хэсэгт “Дор дурдсан үйл ажиллагааг “үйлчилгээ үзүүлсэн”-д хамааруулна:”, 7.4.4-д “байшин, барилгад байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн үйлчилгээнд татвар ногдуулахаар байна.

Нэхэмжлэгч “Шашны байгууллага нь татвар төлөгч мөн ч хөнгөлөх, чөлөөлөх хуулийн заалт байгааг шүүх анхаарсангүй. ... “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.8 дахь хэсэгт орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний тодорхой хэсгийг түрээслэх үйлчилгээ, 13.6.11 дэх хэсэгт шашны байгууллагын үйлчилгээ” гэсний дагуу татвараас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгө “түрээслүүлсэн” үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.8 дахь хэсэгт заасан “... түрээслэх үйлчилгээ”-нд хамаарахгүй, мөн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Сүм хийд нь шашин-номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулах, ахуйн хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардагдах аж ахуйг өмчийнхөө хүрээнд эрхэлж болно” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа боловч энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан “шашны үйлчилгээ”-нд хамаарахгүй тул уг үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсэн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйлчилгээ гэж үзэх боломжгүй юм.  

Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч нарыг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл зааж маргадаг хэдий ч Татварын байцаагч Ц.Б, Б.Б нар Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах төвд “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн байдгаас гадна татвар төлөхтэй холбогдуулан нэхэмжлэгч хуулийн этгээд нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;” 17.1.10 дахь хэсэгт заасан “татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах;”-аар хандаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль тогтоомжоор ногдсон татвар төлөх үүргээ биелүүлээгүй нь хариуцагч зөвлөгөө өгөөгүйгээс шалтгаалсан гэж үзэж актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар “татварын байцаагч нар маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал буюу нэхэмжлэгч хуулийн этгээдийг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэж хүндрүүлж тооцсон ...” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй, төлбөр ногдуулсан акт нь хуульд нийсэн байна.

Дээрх болон бусад үндэслэлээр дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ